Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2026/ДШМ/264

 

2026          03            06                                                                             2026/ДШМ/264

 

Б.Х-, Э.Э-, Н.М-,

А.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Я.Батханд,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Х-, Э.Э-, Н.М-, А.М- нарт холбогдох 2502005100365 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. У- овгийн Б-ын Х-, ........., ял шийтгэлгүй, /РД:ДБ-/.

2. Х- овгийн Э-ийн Э-, ........, ял шийтгэлгүй, /РД:УЭ-/.

3. Ш- овгийн Н-гийн М-, ........, ял шийтгэлгүй, /РД:Н-/.

4. Б- овгийн А-ын М-, ......., ял шийтгэлгүй, /РД:ХА-/.

1. Шүүгдэгч Б.Х- нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7,1 дэх хэсгийн 7.1.5-т “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1-7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.5-д “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д заасан “...албан тушаалын тодорхойлолтод чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...” гэж заасныг тус тус зөрчиж, “Манай хүүхэд насанд хүрээгүй, хүүхдэд маань гэмтлийн эмнэлгийн СU архи, пиво худалдсан байна” гэх иргэний мэдээллийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А-" салбарт очиж, албан тушаалын тодорхойлолтод заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчлийн шинжтэй буюу “...21 насанд хүрээгүй иргэн А.Ө-т А-” салбарын худалдааны зөвлөх согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан...” үйлдлийг илрүүлсэн боловч тус салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг, хахууль өгөгч А.М-ын “хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй байх, тус зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс: Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах журамд заасны дагуу зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх гэсэн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер Н.М-, Э.Э- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хахууль өгөгч А.М-аас 2,500,000 төгрөгийг бэлнээр авч, үүнээс өөртөө 840,000 төгрөгийг авч, Э.Э-т 830,000 төгрөгийг, Н.М-д 830,000 төгрөгийг тус тус өгч нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

2. Шүүгдэгч Э.Э- нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицероор буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-т “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “албан тушаалтан нь Хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.5-д “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, IV мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д заасан “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...” гэж заасныг тус тус зөрчиж, “Манай хүүхэд насанд хүрээгүй, хүүхдэд маань гэмтлийн эмнэлгийн СИ ЮУ архи, пиво худалдсан байна” гэх иргэний мэдээллийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А-” салбарт очиж, албан тушаалын тодорхойлолт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчлийн шинжтэй буюу “...21 насанд хүрээгүй иргэн А.Ө-т “А-” салбарын худалдааны зөвлөх согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан...” үйлдлийг илрүүлсэн боловч тус салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг, хахууль өгөгч А.М-ын “хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй байх, тус зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах журамд заасны дагуу зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх гэсэн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.Х-, эргүүлийн офицер Н.М- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хахууль өгөгч А.М-аас 2,500,000 төгрөгийг бэлнээр авч, үүнээс өөртөө 830,000 төгрөгийг авч, Б.Х-д 840,000 төгрөгийг, Н.М-д 830,000 төгрөгийг тус тус өгч нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

3. Шүүгдэгч Н.М- нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицероор буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1,1-т заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, мөн гарааны амралттай байх хугацаандаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-т “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.5-д “албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биөлүүлэх” мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхол захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-д заасан “...албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах...” гэж заасныг тус тус зөрчиж, “Манай хүүхэд насанд хүрээгүй, хүүхдэд маань гэмтлийн эмнэлгийн CU архи, пиво худалдсан байна” гэх иргэний мэдээллийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23- аас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “А-” салбарт очиж, албан тушаалын тодорхойлолт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлж байсан Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.Х-, эргүүлийн офицер Э.Э- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн зөрчлийн шинжтэй буюу “...21 насанд хүрээгүй иргэн А.Ө-т “А-” салбарын худалдааны зөвлөх согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан...” үйлдлийг илрүүлсэн боловч тус салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг, хахууль өгөгч А.М-ын “хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй байх, тус зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс: Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.Х-, эргүүлийн офицер Э.Э- нарын Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах журамд заасны дагуу зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх гэсэн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хахууль өгөгч А.М-аас 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан үйлдэлд хамтран оролцож, тус мөнгөнөөс өөртөө 830,000 төгрөгийг авч, Б.Х-д 840,000 төгрөгийг, Э.Э-т 830,000 төгрөгийг тус тус өгч нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон,

4. Шүүгдэгч А.М- нь Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “А-” салбарыг хариуцан үйл ажиллагаа явуулахдаа, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хориглосон газарт, эсхүл хуулиар хориглосон хугацаанд, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчлийн шинжтэй буюу “...21 насанд хурээгүй иргэн А.Ө-т “А-” салбарын худалдааны зөвлөх согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан...” үйлдлийг илрүүлсэн Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.Х-, эргүүлийн офицер Н.М-, Э.Э- нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, “Хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй байх, тус зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх, иргэний хувиар торгуулах” гэсэн ашиг сонирхлын үүднээс буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2,500,000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Х-, Э.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Х-, Э.Э-, Н.М- нарыг “Нийтийн албан тушаалтан нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.М-ыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-, Э.Э- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-, Э.Э- нарт оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Н.М-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч А.М-т оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-, Э.Э-, А.М- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан ялыг, шүүгдэгч Н.М-ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-, Э.Э-, Н.М- нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай Тэмцэх газрын 100900033401 тоот дансанд XXIV байршуулсан 2,500,000 төгрөгийг зохих журмын дагуу гаргуулж улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М- давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гаргасан тайлбартаа болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн ба буруу зүйл хийсэн хийсэн болохоо ухамсарлан ойлгосон. Би эхнэр, 4 хүүхдүүдийн хамт амьдардаг, хадам аав С.Б- нь 4 жил хэвтрийн байдалтай байгаа, миний асрамжид байдаг. Хорих ял эдэлхэд хүүхэд, гэр бүлийнхэнд маань маш хүндээр туссан. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй, биеэ зохистой авч явахаа амалж байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдолдоо: “...Хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” /1хх, 198 дах тал/, 1.2 дахь заалтад “Бусдад төлөх төлбөргүй” /шийтгэх тогтоолын 21 дэх тал, 1.5 дахь заалтад “өөрийгөө илчилсэн” мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маргадаггүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд тайлбар, мэдүүлэг 3 удаа өгсөн байдаг ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд дэмжлэг үзүүлж оролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй буюу хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамласан гэх боловч нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй буюу шударга ёсны зарчимд нийцэхгүй, үйлдсэн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүндэдсэн байх тул А.М-ын хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5 дахь заалтуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн, “Хахууль авах” болон “Хахууль өгөх” гэмт хэрэгт хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийсэн гэж үзэж байна. Хахууль авсан Б.Х-, Э.Э-, Н.М- нарын хувьд хэн аль нь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ…” гэх хуулийн зохицуулалт болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна…” гэх зохицуулалтыг хэрэглэхээр хуульчлан зохицуулсан. Шүүгдэгч А.М-ын үйлдсэн гэмт хэрэгт төрийн байгууллагад хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч нийгэмд шударга бус байдлыг бий болгосон, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх шударга ёсны зарчмыг алдагдуулж, албан тушаалтанд хууль бусаар нөлөөлж, өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс үйлдэгддэг гэмт хэрэг. Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд хахууль өгч А.М- нь хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгуулахгүй байх, архи худалдан борлуулах зөвшөөрлийг цуглуулахгүй байх, үүнтэй холбоотой Зөрчлийн хуулиар ямар нэгэн арга хэмжээ авахуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс үйлдэгдсэн. Шүүгдэгч А.М- нь тухайн албан хаагч нарт өөрийн ажлын үнэмлэх болох Онцгой байдлын ерөнхий газрын үнэмлэхийг үзүүлэн, “...адилхан мөрдөстэй хүмүүс байна, ах нь өр зээл ихтэй байгаа учир аргалаад өнгөрчихөө...” гэж хэлсэн байдаг. Шүүгдэгч А.М-ын дээрх үйлдлийг уг хэрэгт яллагдагчаар татагдсан бусад шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ илэрхийлдэг.  “Хахууль өгөх” болон “Хахууль авах” гэмт хэрэг нь харилцан уялдаа, холбоотой гэмт хэрэг, тодруулбал хахууль өгсөн нь тогтоогдвол “Хахууль авах” гэмт хэргийн үйлдэл илэрхий болдог. Шүүгдэгч А.М- нь өөрийн ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх зорилготой идэвхтэй үйлдэл гаргаж, гэмт хэргийг санаачилсан байна. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан “хахууль авах” талаар санаачлаагүй байхад А.М- нь “аргалуулъя” гэдэг байдлаар санаачилга гаргасан, мөн өөрт нь байхгүй мөнгийг бусдаас зээлэх, кассан дээр байсан мөнгөө цуглуулах, АТМ-ээс мөнгө авах гэх мэт идэвхтэй үйлдэл хийсэн, үйлдлийн арга зэрэгт нь тохирсон эрүүгийн хариуцлагыг анхан шатны шүүхээс хүлээлгэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч А.М-ын хувийн байдалтай холбоотой тодруулбал, хадам аавынхан өвчтэй зэрэг нөхцөл байдлуудад тусгайлан гаргах тайлбаргүй байна. Мөн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх асуудал нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс түүнийг хэргээ илчилсэн гэх агуулгыг гомдолдоо тайлбарлалаа. Прокурорын зүгээс түүнийг хэргээ илчилсэн гэж үзэхгүй байна. Учир нь шүүгдэгч А.М- нь эрх бүхий албан хаагч нарт 2,500,000 төгрөг өгснийхөө дараа цагдаагийн байгууллагад хандаж “танай алба хаагчид надаас мөнгө авсан” гэж гомдол гаргасан. Тухайн цагдаагийн байгууллага дотоод хяналт, шалгалт явуулж, албан тушаалтнуудад өгсөн 2,500,000 төгрөгийг шүүгдэгч А.М-т буцааж олгож, Авлигатай тэмцэх газарт хандсан байдаг. Үүнээс дүгнэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэнээ илчилсэн гэж үзэхгүй боломжгүй гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн үйл баримтын дүгнэлтийг хийж, шүүгдэгч Б.Х-, Э.Э-, Н.М-, А.М- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:

гэрч О.С-н “...23-24-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд манай Си Юу-д гаднаас үл таних өмнө нь харж байгаагүй 3 эрэгтэй хүн орж ирсэн. 2 нь цагдаагийн хувцастай, 1 нь энгийн хар өнгийн хувцастай байсан. Тухайн цагдаа нар “манай Си Юу-ийн хяналтын камерыг шүүж үзмээр байна” гэсэн, би шалтгааныг нь асуухад “танай Си Юу насанд хүрээгүй хүнд архи худалдсан байна” гэж хэлээд “менежерээ дууд, мөн худалдсан ажилтнаа дууд” гэж хэлсэн. ...Цагдаа нар надад манай салбараас 2 ширхэг лаазтай пиво, лаазтай кола 2025 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цагт худалдсан НӨАТ-ийн баримтыг үзүүлсэн. ...НӨАТ-ийн баримт дээрх хугацаагаар хяналтын камерыг шүүж үзэхэд худалдагч А- үл таних эрэгтэй хүнд пиво худалдаад иргэний үнэмлэхийг нь шалгаагүй байсан. ...Менежер цагдаа нартай уулзаж байгаад захирал А.М-ыг дуудуулсан. ...Удалгүй гаднаас өмнө нь орж ирсэн 3 цагдаагаас 2 нь орж ирсэн. Энгийн хувцастай цагдаа орж ирээгүй. Цагдаагийн хувцастай 2 цагдаа захиралтай уулзаад манай архи пивыг лацдаад “торгуулийн бичиг өгнө” гэж байсан. Захирал 2 цагдаатай гарж яваад буцаад 30-40 минутын дараа орж ирсэн. Захирлаас цагдаа нар 3,000,000 төгрөг нэхсэн гэж хэлсэн. Тэгээд “дансаар авахгүй, бэлнээр авна” гэж цагдаа нар хэлсэн гэж захирал хэлж байсан. Тэгээд захирал “бэлэн мөнгө өгөөд тусгай зөвшөөрлөө хураалгаагүй саллаа” гэж байсан. ...” гэсэн /1хх 74-75/,

гэрч Э.Э-ын “...Маргааш нь миний утас руу тус салбарын менежер н.О- залгаад “манай салбарын худалдагч насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундааны зүйл худалдсан байна, цагдаа нар 3,000,000 төгрөг нэхээд өгөхгүй бол тусгай зөвшөөрлийг чинь хураана гэсэн” гэж хэлсэн тул захирал М- 3,000,000 төгрөг цагдаа нарт өгсөн гэж хэлсэн. Менежер н.О- надад мөн “А-” салбараас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтыг шүүгээд өг, тухайн согтууруулах ундаа худалдан авсан хүн насанд хүрсэн эсэхийг нь “Си Юу” аллликейшнээр нь хайж болох уу гэхээр нь би дуудлагын төвөөс “А-” салбараас согтууруулах ундаа худалдан авсан хүний утасны дугаарыг шүүлгүүлсэн. “О-” ХК-ийн дуудлага хяналтын төвөөс хэрэглэгчийн мэдээллийг авахад утасны дугаар, бүртгүүлсэн нэр нь байсан. ...” гэсэн /1хх 79/,

гэрч Б.О-ийн “...Захирал М- 3 цагдаагийн алба хаагчидтай гадаа гарч уулзсан. Цагдаагийн алба хаагч нар манай “А-” салбарыг насанд хүрээгүй иргэнд архи зарсан гэж бүх архи дарсыг хураана, торгоно гээд байсан. Захирал М- 3 цагдаатай гадаа 20 минут уулзаад ганцаараа орж ирсэн. “А-” салбарын сейфээс бэлэн 500,000-аас 600,000 орчим мянган төгрөг надаар тоолуулаад авсан. Цагдаа нарт өгсөн. Тухайн цагдаа нарт нийт 3,000,000 төгрөг өгсөн гэж надад эмэгтэй захирал хэлж байсан. Захирал сейфт байсан бэлэн мөнгөн дээр нэмж хүн рүү утасдаж мөнгө авч байсан. Торгуулийн хуудасгүй орж ирсэн. “А-” салбар нь торгуулийн арга хэмжээ авагдаагүй харин захирал л мөнгө өгч байж торгуулаагүй. ...” гэсэн /1хх 86-88/,

гэрч Б.Д-

гийн “...Өглөөний ээлжид А- ажилласан гэж санаж байна. Цагдаагийн алба хаагч нар торгуул шийтгэврийн хуудас өгсөн зүйл байхгүй. Манай нөхөр А.М- цагдаагийн алба хаагч нарт 2,500,000 төгрөг өгсөн талаар хэлсэн. Цагдаагийн алба хаагч нар бэлнээр авна гээд байсан тул бэлэн 2,500,000 төгрөг өгсөн гэж надад хэлсэн. Си-Юу-ийн кассаас 1,000,000 төгрөг, үлдэгдэл мөнгийг найз Төгсөөгөөс авсан гэж хэлсэн. Цагдаа нар тусгай зөвшөөрлийг хураана гээд байсан цагдаа нарын нэхсэн мөнгийг өгсөн гэж хэлж байсан. Манай нөхрийг Баянгол дүүргийн цагдаагаас дуудаж 3 цагдаад өгсөн 2,500,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. ...” гэсэн /1хх 99 /,

Н.М-ы яллагдагчаар өгсөн “...Удалгүй Э.Э-, Б.Х- нар “дуудлага гарчихлаа хамт яваад ирэх үү” гэж асуухаар нь би зөвшөөрөөд хамт явсан. Бид 3 эргүүлийн машинтай Баянгол X! 046 дүүргийн 31 дүгээр хороонд байрлах Гэмтлийн эмнэлгийн урд талын “Си Юу” дээр очсон. Э.Э-, Б.Х- бид 3 “Си Юу” орсон. Б.Э-, Х- хоёр “Си Юу”-ийн ажилтанд хандаж “танайх насанд хүрээгүй иргэнд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан байна, хяналтын камерыг чинь үзье” гэж хэлсэн. ...Э.Э-, Б.Х- хоёр “Си Юу”-ийн захиралтай “Си Юу” дотор орж уулзаад машиндаа орж ирээд суусан. Удалгүй “Си Юу”-ийн захирал манай эргүүлийн машинд орж ирээд “манай аж ахуйн нэгжийг аргалаад өгөөч, зөрчлөөр бүртгэж авалгүй, хэдэн төгрөг өгөөд шийдчихье, хэдэн төгрөг өгөх вэ” гээд байсан. “Си Юу”-ийн захирал Б.Х-д бэлнээр 2,500,000 төгрөг эргүүлийн алаг машинд сууж байгаад өгөөд буусан. Бид нар “Си Юу”-ийн захирлаас мөнгө авчхаад явсан. Тухайн “Си Юу”-д арга хэмжээ тооцоогүй, зөрчлийн акт үйлдээгүй, Баянгол дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид мэдэгдээгүй. “Си Юу”-ийн захирлаас авсан 2,500,000 төгрөгөөс 830,000 төгрөг Э.Э-т бэлнээр өгсөн, Б.Х- 840,000 төгрөг, би 830,000 төгрөг авсан. ...Энэ үйл явдал өнгөрснөөс 4-5 хоногийн дараа Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс албаны шалгалт хийсэн. Бид гурав авсан мөнгөнүүдээ албаны шалгалт хийсэн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Хосбаярт хүлээлгэн өгсөн. Албаны шалгалт хийсэн алба хаагч нар “Си Юу”-ийн захиралд мөнгийг буцаан өгсөн. ...Би мөнгийг авч хувийн хэрэгцээндээ /хоол, хүнсэнд/ зарцуулсан. Бид гурвын гаргасан үйлдэл хууль бус гэдгийг мэдэж байна. ...” гэсэн /2хх 13-14/,

Б.Х-ийн яллагдагчаар өгсөн “...Захирал гэх эрэгтэйг ирэхээр нь очиж уулзахад “ах нь онцгой байдлын ажилтан байгаа юм, гээд үнэмлэх үзүүлээд надад хандан “500,000 төгрөг өгье торгохгүй явчих” гэсэн. Б.Э- зөрчлийн тэмдэглэл бичих гээд байж байтал намайг захирал нь дуудаад “юм харуулъя” гэхээр нь очтол “500,000 төгрөг өгчихье, ах нь түрээсийн байранд амьдарч байгаа, өр зээл ихтэй” гэхэд нь “тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Бид нар машиндаа сууж байтал “ах нь асуудал гаргахгүй, асуудлаа энд нь шийдчихмээр байна” гээд амьдралаа яриад гуйгаад байсан. Тэгээд манай машинд орж суугаад “бэлэн 2,500,000 төгрөг өгчихье” гээд зогсоо зайгүй гуйгаад байхаар нь бид гурав мөнгийг нь аваад явсан. ...Би тухайн мөнгийг хувьдаа зарцуулаагүй. Хэлтсээс албаны шалгалт явуулсан тул 830,000 төгрөгийг Н.М-д өгсөн. Захирлаас 2,500,000 төгрөг авсан тул торгуулийн арга хэмжээ аваагүй, хэлтсийн жижүүрт ч мэдэгдээгүй. ...” гэсэн /2хх 30-31/,

Э.Э-ын яллагдагчаар өгсөн “...Захирал гэх 40 орчим насны эрэгтэй хүнтэй уулзахад “ах нь Онцгой байдалд ажилладаг юм, зохицуулах арга чарга байна уу” гээд байсан. Би зөрчлийн тэмдэглэл бичих гэж байтал Б.Х- намайг дуудаад “захиралтай нь гадаа уулзахад ах нь хэдийг өгөх вэ хамаг юм аа зараад мөнгөгүй байгаа юм, хэдийг өгөх вэ торгуулахгүй өнгөрчихмөөр байна” гээд байсан. Би “үгүй ээ тийм зүйл байхгүй” гээд машиндаа суусан. Манай дуудлагын машин дотор Н.М-, Б.Х- бид гурав сууж байтал захирал эрэгтэй машины хойно суучхаад Б.Х-д 2,500,000 төгрөг бэлнээр өгсөн. Бид гурав мөнгийг нь аваад зөрчлийн тэмдэглэл үйлдэлгүй мөнгөө хувааж аваад явсан. Тухайн цаг хугацаанд бид нар захирлаас мөнгө авах ёсгүй байсан, зөрчлийн тэмдэглэл үйлдэж жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгөх ёстой байсан. Жижүүрийн ахлах мөрлөгч хариуцсан дарга, ахлахаар цохолт хийлгэн эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна. ...” гэсэн /2хх 46-47/,

А.М-ын яллагдагчаар өгсөн “...Манай Си-Юу-г ахлагч нь 3,000,000 төгрөгөөр торгож, архи согтууруулах ундааны зүйлүүдийг хураана гэж хэлсэн. Би “торгуулж болно 5,000,000-аас доошоо торгож болохгүй юм уу” гэхэд “боломжгүй” гэхээр нь би эхнэртэйгээ уулзаад “2,500,000 төгрөг байна дансаар өгчих үү” гэхэд “үгүй” гэсэн юм. Тэгээд би гадаа гарч тухайн 2 алба хаагчтай уулзахаар цагдаагийн хар өнгийн  машинд нь суусан. Би “нийт 2.500.000 төгрөг байна дансаар шилжүүлчих үү” гэхэд ахлагч цолтой алба хаагч “дансаар авахгүй бэлнээр авна” гэсэн тул би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Х- тоот дугаарын дансанд байсан 1,500,000 төгрөгийг Си Юу-ийн дотор байх Голомт банкны АТМ-ээс авч нийт цагдаагийн машин дотор нь 2,500,000 төгрөгийг ахлагч цолтой алба хаагчид өгсөн. Би цагдаа нарт мөнгө өгөхдөө утсан дээрээ дуу хураагуур асаагаад орсон. Тухайн дуу хураагуур дээрх бичлэгийн дуу нь сул байсан тул би устгачихсан юм. Цагдаагийн алба хаагч нар манай архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг хураана гээд байсан тул тусгай зөвшөөрлөө хураалгахгүйн тул алба хаагч нарт 2,500,000 төгрөг өгсөн юм. Цагдаагийн алба хаагч нар надад болон манай ажилтнуудад торгуулийн хуудас өгөөгүй. Дараа нь ч өгөөгүй. Би ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Миний хувьд цагдаагийн алба хаагч нарын надаас мөнгө авсан үйлдлийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж дахин ийм үйлдэл гаргуулахгүйн үүднээс мэдэгдэж, сайн дураар цагдаагийн байгууллагад гомдол өгсөн. ...” гэсэн /2хх 157-158/ мэдүүлгүүд,

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30г2-1/3683 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Албаны шалгалтын танилцуулга”-ын хуулбар /1хх 5-9/, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 12е/6353 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Н.М-, Б.Х-, Э.Э-, А.М- нарын шалгалтын явцад өгсөн тайлбарын хуулбар /1хх 10-20/, Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 56/7577 дугаартай албан бичиг, хавсралт баримт болох Э.Э-, Н.М- нарыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал, ажлын байдлын тодорхойлолтын хуулбар /1хх 49-67/, Мөрдөгчийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Э.Э-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 79-85/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 30г/1286 дугаартай албан бичиг, хавсралт баримт болох Б.Х-ийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, албан тушаалын тодорхойлолт /1хх 156-178/, Авлигатай тэмцэх газрын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 06/15453 дугаартай “...А- салбар нь 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 21 насанд хүрээгүй А.Ө- РД:Х--д согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч хариуг ирүүлнэ үү...” гэсэн албан бичиг /2хх 81/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 30г/5237 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтууд /2хх 82-155/ зэрэг нотлох баримтуудаар:

шүүгдэгч Б.Х-, Э.Э- нарыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.Х-, эргүүлийн офицер Н.М- нартай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хахууль өгөгч А.М-аас 2,500,000 төгрөгийг бэлнээр авч, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Н.М-ыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.Х-, эргүүлийн офицер Э.Э- нарын Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах журамд заасны дагуу зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх гэсэн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хахууль өгөгч А.М-аас 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан үйлдэлд хамтран оролцож, нийтийн албан тушаалтан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч А.М-ыг өөрийн ашиг сонирхлын үүднээс буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2025 оны 04 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2,500,000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн тус тус гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

“Авлигын эсрэг” Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн а-д зааснаар, төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг ойлгодог.

Тус конвенцод нэгдэн орсон Монгол Улс дотоодын хууль тогтоомждоо ямар этгээдийг нийтийн албан тушаалтан гэж үзэх талаар дараах байдлаар хуульчилжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заасан.

Төрийн албаны тухай хуулийн 6, 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлийг тодорхойлсон бол мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төрийн тусгай албан тушаалд хамааруулахыг хуульчлан тогтоосон.

Дээрх зохицуулалтууд болон албан байгууллагын тушаал, албан тушаалын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч Б.Х-, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер Б.Э-, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн офицер Н.М- нарыг төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй ба тэдгээр нь нийтийн албан тушаалтан байна.

Нийтийн албан тушаалтан Б.Х-, Э.Э-, Н.М- нар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2,500,000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч А.М- өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,500,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын төрийн үйл ажиллагааны хууль ёсны болоод шударга ёсны зарчимд хор уршиг учруулж, хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр, хахуул  өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчихөөс гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршигтай.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан ял оногдуулдаг.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Х-, Э.Э- нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2-5 хүртэл хугацаагаар хасаж, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар шүүгдэгч А.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь дээрх зарчим, зорилтод нийцжээ.

Нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдаг хор уршиг ихтэй гэмт хэрэг ба А.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга зэрэг бүхий л нөхцөл байдалд дүгнэлт хийж, түүнд оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг өөрчлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Дээрх үндэслэлүүдээр шүүх шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан “хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарсан 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 57 хоног тус тус цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-, Э.Э-, Н.М-, А.М- нарын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 (тавин долоо) хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                       Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ