Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 169

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн Б.Мад холбогдох 1830000000156 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг Эрх чөлөөний гудамжинд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 76 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 1 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 39 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан  Б.М.

 

Холбогдсон хэргийн талаар/Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.Мнь 2018 оны 08 дугаар сарын 04-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С баарны үүдэнд иргэн Д.П, С.О нарыг зодож Д.Пын эрүүл мэндэд “дээд эрүүнд баруун 1-р шүдний хугарал, баруун нүдний алимны цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд баруун зүүн шилбэний цус хуралт, баруун хацрын, баруун зүүн өвдөгний дор зулгаралт, баруун нүдний эргэн тойрон, хацрын зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол, С.Оын эрүүл мэндэд “тархи доргилт духны баруун дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний эргэн тойронд баруун нүдний эргэн тойронд, зүүн хацар шанаанд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний эргэн тойрон, зүүн хацар шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би найзуудтайгаа 3 шил архи уусан. Хохирогч нарыг зодсоноо санаж байна. Хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. С.Оын гар утасны оронд гар утас өгсөн. Түрийвчээ нэхэмжлэхгүй гэсэн. Д.Пд 400.000 төгрөгөөр шүд хийлгэж өгсөн. Өөр зүйл нэхэмжлэхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв. 

- Б.Мын яллагдагчаар өгсөн:Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би С.О, Д.П нартай юунаас болж зодолдсон талаараа санахгүй байна. Би тэр хоёр залууг С бааранд байхыг хараагүй. Гадаа гараад зодолдож байснаа санаж байна. Би С бааранд 3 шил пиво уусан. Дараа нь Ою надад 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи авч өгсөн. Нэрийг нь мэдэхгүй зүс таних ахтай хамт хувааж уусан. Би С.О, Д.П нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх- 25/,

 

- Хохирогч С.Оын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 04-ний орой “С” бааранд найз Пүүжээгийн хамт орсон юм. Тэгсэн чинь манай найз надаас түрүүлээд гарсан байсан чинь нэг хар хувцастай хүн манай найзыг зодож байсан. Тэгээд би очоод салгах гэсэн чинь намайг мөн зодсон. Манай найз Пүүжээг яагаад зодож байгаа талаар мэдэхгүй. Намайг найзыгаа зодож байгааг хараад очоод салгах гэсэн чинь зодсон ямар нэг шалтгаангүй. Тэр хүнтэй Пүүжээ бид хоёр маргалдаагүй. Би тэр хүнийг хараад бол танина. Манай найз Пүүжээгийн нүд, нүүр нь хөхөрсөн байсан. Миний зүүн нүд хөхөрч дух халцарсан. Мөн цээж хөндүүр байна. Тэр хүн гараараа цохиод байсан. Миний цээж рүү өшиглөсөн. Намайг гадаа зодож байхад С баарны үйлчлэгч эмэгтэй харсан байх, өөр хүн бол байгаагүй. Тэр намайг зодож байх үед хар өнгийн Самсунг жи-7 маркийн гар утас, түрүүвч зэргээ хаясан. Би тэр гар утсыг Улаанбаатар хотоос 2018 оны 06 дугаар сард авсан хуучин утас юм. Түрүүвчинд ямар нэг мөнгө байгаагүй. Виза карт байсан... гэх мэдүүлэг /хх- 3, 7/, 

 

- Хохирогч Д.Пын хэрэг бүртгэлтэд өгсөн:Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би С баарны зөөгч Шүрэнцэцэгтэй уулзаж намайг ямар хүн зодсон талаар асуухад “Б.М чамайг зодсон шүү дээ” гэж хэлсэн. Б.М нь надад 400.000 төгрөгөөр шүд хийлгэж өгсөн. Би одоо Б.Маас нэхэмжлэх зүйл байхгүй. Хоорондоо эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх- 05/,

 

  - Гэрч Х.Шийн өгсөн:Би “С” бааранд түр хүний оронд зөөгчөөр нь ажиллаж байгаа юм. 2018 оны 08 дугаар сарын 04-ний орой С бааранд 20-21 цагийн хооронд Б.М нь хамгийн эхэнд орж ирсэн. Тэгээд араас нь хүмүүс орж ирсэн. Тэгээд шөнө 00 цаг 10 минутын орчим ажлынхаа Жтай цуг ажлынхаа арын хаалгаар гараад төв зам руу ортол Б.М нь П өөр нэг танихгүй хүнтэй хоорондоо зодолдож байсан. Ж нь тэр гурвыг зодолдож байхыг харсан. Өөр болсон асуудлын талаар би мэдэхгүй. Бааран дотор бол хоорондоо муудаж байгаа харагдаагүй. Харин баар хаасны дараа урд талын зогсоол дээр хоорондоо муудаж зодолдсон. Тэгэхдээ би хэн хэнтэйгээ зодолдсон талаар нь мэдэхгүй. Б.М Пыг түлхэж газар унагаж толгой руу нь өшиглөж байгаа харагдсан. Өөр зүйл хараагүй. Эмэгтэй хүний ягаан өнгөтэй цамц бүсэлхийгээрээ ороочихсон байсан. Хүрэн өнгийн ботинк, жинсэн өмдтэй явж байсан. Яг юу уусан талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан өөр хүмүүсийн ширээн дээр очоод архи ууж байгаа харагдаж байсан. Б.М нь Жтай уулзана гээд байхаар нь бид зугтах зорилгоор арын хаалгаар гарсан юм. Сая цагдаагийн газрын үүдэнд Б.Мтай тааралдахад намайг хараагүй гэж хэлээрэй гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх- 10/,

 

 - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 443 дугаартай дүгнэлтэд: Д.Пын биед дээд эрүүнд баруун 1-р шүдний хугарал, баруун нүдний алимны цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд, баруун зүүн шилбэний цус хуралт, баруун хацрын, баруун зүүн өвдөгний дор зулгаралт, баруун нүдний эргэн тойрон, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-13/, 

 

  - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 440 дугаартай дүгнэлтэд: С.Оын биед тархи доргилт, духны баруун дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний эргэн тойронд, баруун нүдний эргэн тойронд, зүүн хацар шанаанд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний эргэн тойрон зүүн хацар шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд ньхатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-16/, 

 

  - Б.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/,

 

  - Б.Мын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/,

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-44-45/,

 

- Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-43/,

 

  - Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 76 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх- 32-33/, 

 

  - Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх- 34-36/, 

 

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 39 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-37-42 /,

 

 - Хохирогч С.Оын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-54/,

 

 - Хохирогч Д.Пын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-55/,

 

  - Б.Мын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-53/,

 

  - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/36 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-56/,

 

  - Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 88 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-57/ зэрэг болно. 

 

  Шүүгдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах С баарны үүдэнд иргэн Д.П, С.О нарыг зодож Д.Пын эрүүл мэндэд “ дээд эрүүнд баруун 1-р шүдний хугарал, баруун нүдний алимны цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд баруун зүүн шилбэний цус хуралт, баруун хацрын, баруун зүүн өвдөгний дор зулгаралт, баруун нүдний эргэн тойрон, хацрын зөөлөн эдийн няцрал ” бүхий  хөнгөн хохирол,

С.Оын эрүүл мэндэд “ тархи доргилт духны баруун дээд хэсэгт зулгаралт, зүүн нүдний эргэн тойронд баруун нүдний эргэн тойронд, зүүн хацар шанаанд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун нүдний эргэн тойронд, зүүн нүдний эргэн тойрон, зүүн хацар шанаа, хамрын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсанболох нь шүүгдэгч Б.М, хохирогч Д.П С.О, гэрч Х.Ш нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.08.08-ны өдрийн 440, 443 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ хохирогч Д.П, С.О нарыг ямарч шалтгаангүйгээр зодож, гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тодруулбал, тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хохирогч нарыг нүүрэнд гараараа цохих, биед өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

 Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би найзуудтайгаа 3 шил архи уусан. Хохирогч нарыг зодсоноо санаж байна. Хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ” гэж мэдүүлж хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

 Б.Мын хохирогч Д.П, С.О нарыг зодсон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг ” гэж тодорхойлсон хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Б.Мыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Пын эрүүл мэндэд шүд хугарал болон бусад хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Б.М 400.000 төгрөгөөр уг хугарсан шүдийг хийлгэж, хохирол, хор уршгийг арилгасан, мөн тэрээр хохирогч С.От учирсан гар утас, түрийвчний хохирол төлж эдийн хохирлыг барагдуулсан байх бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно. 

 

 Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж дүгнэв. 

 Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Мын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч С.О, Д.П нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн, шүүгдэгч нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялын талаар маргаагүй байна. 

 Шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

  Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Мыг хоёр түүнээс дээш хүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Ялтан Б.Мад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Мад оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.М дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  6. Ялтан Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН