Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/08

 

 

 

 

 

 2026        02        25                                         2026/ДШМ/....

 

   С.Цэд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Оюун-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтооолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Оюун-Эрдэнийн эсэргүүцлээр С.Цэд холбогдох 2438000000513 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Барнууд овогт Сийн Ц, 1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Ө сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй /регистрийн дугаар 0000/.

С.Ц нь 2024 оны 7 дугаар сарын 19-ний орой Хөвсгөл аймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг А гэх газар, иргэн Д.Чын эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун загварын мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, бусдын өмчлөх эрхэд 2,800,000 төгрөгийн хохирол, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын Тээл 3 дугаар баг Агэх газарт өвөлжөөн дээр барьсан байсан иргэн Т.Нн монгол гэрийн хаалгыг сүхээр цохиж, цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 5,445,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Т сумын Тээл 0 дугаар баг Агэх газар оршин суух иргэн Б.Өын монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж орчин үеийн тоногтой гараар ширж оёсон ясан хяртай эмээл, дунд гарын мөнгөн хөөрөг, хөөрөгний даалин, суран бугуйл, суран хазаар, даруулга олом даруулга олом, хормойн шуулт, цагаан өнгийн торног эмэгтэй дээл зэргийг хулгайлж 4,340,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Асумын 0 дүгээр баг Хгэх газар оршин суух иргэн Д.Угийн монгол гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн орж Дархан нэхий дээл 1 ширхэг, эрэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй дээл 2 ширхэг, эмэгтэй гоёлын дээл 1 ширхэг, эмэгтэй хантааз 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй булган малгай 1 ширхэг зэргийг хулгайлж 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Асумын 0 дүгээр баг УХхудаг гэх газарт байх иргэн С.Зын монгол гэрийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, эд зүйлсүүдийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдын өмчлөх эрхэд 989,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Асумын Хөх толгой гэх газраас иргэн Р.Пн 4 тооны хонийг хулгайлж 700,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлсан,

2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Асумын 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ан Орра 000загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Ц, Б.Б нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Асумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Эыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар 0000ХӨН улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Асумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Эын 0000маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтооолоор шүүгдэгч Барнууд овогт Сийн Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Сийн Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч С.Цэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хзсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 (дөрөв) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цэд оногдуулсан 4 (дөрөв) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цийн цагдан хоригдсон 99 (ерэн ес) хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цээс 1,825,000 (нэг сая найман зуун хорин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Нд, 4,520,000 (дөрвөн сая таван зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Өт, 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Уд, 989,000 (есөн зуун наян есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч С.Зад, 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Р.Пд, үнэлгээний зардал 50,000 (тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Чад, 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Энхбаярт тус тус олгож, шүүгдэгч нь хохирогч Д.Ч, Г.А нарт төлөх төлбөргүй, хохирогч У.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Цээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Цэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлийн хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн обьектив талын хэд хэдэн шинжийг хангасан үйлдлүүдэд тухайн зүйл хэсгийн аль хүнд зүйл хэсгээр зүйлчлэх нь зүйтэй бөгөөд үндсэн болон хүндрүүлэн бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргүүдийг нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан буюу нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн тухайн зүйл доторх аль хүнд зүйлчлэлд нь багтаан зүйлчлэх нь хууль зүйн хувьд зөв тодорхойлолт болно.

Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хүндрүүлэх шинж хангагдсан тохиолдолд тухайн шинжид хамаатуулан хамгийн хүнд шинжээр нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг...үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов” гэж нэг төрлийн гэмт хэрэгт 2 зүйлчлэлээр гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн хувьд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тогтоох хэсэгт гэм буруутайд тооцсон, зүйлчлэл тус бүртээ ял оногдуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх хоёр зүйлчлэлүүдийг нэгтгэж нэг эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулхйн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хзсгийн 1.1 -т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол ял шийтгүүлсэн зүйл хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана...” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан ‘Хулгайлах” гэмт хэргийн үндсэн  болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг аль алийг нь хангасан шүүгдэгчийн үйлдсэн 5 үйлдэл бүхий хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн аль хүнд зүйлчлэлд нь багтаан зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхийн тогтоолд шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийнх нь хувьд ямар зүйл хэсэг, заалтад гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд ...шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх, түүнийг хэрэгжүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэхгүй байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлзэр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.Цэд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч С.Ц нь 0000-нөөс 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө, мал хулгайлж бусдад 14,624,000 төгрөгийн хохирол  учруулсан,

2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Асумын 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Ан Орра 000загварын гар утсыг илээр хүч, хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Бтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Асумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” дэлгүүрийн эсрэг талын гудамжинд У.Эыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар 0000ХӨН улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Асумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” дэлгүүрийн эсрэг талын гудамжинд У.Эын 0000маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Прокуророос яллагдагчид яллах дүгнэлт үйлдэхэд болон анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Тодруулбал:

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-д заасан гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх бөгөөд шүүгдэгчийн бусадтай “бүлэглэсэн” үйлдэл дээрх байдалд хамаарахаар байна. 

Гэтэл прокуророос яллагдагч С.Цийг  2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Бтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Асумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” дэлгүүрийн эсрэг талын гудамжинд У.Эыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар 0000ХӨН улсын дугаартай цагаан өнгийн Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг буруу зүйлчлэн ирүүлжээ.

Анхан шатны шүүх дээрх зөрчлийг засуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 

Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөсний дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх ба дээрх  зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Прокуророос яллагдагчид холбогдох хэргийг буруу зүйлчилсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтооолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.Цэд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

                             ШҮҮГЧИД                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                               Б.СОСОРБАРАМ