Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2022/00041

 

Ш.Еын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00137 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ****оршин суух ** овогт Ш.Еын /РД:** нэхэмжлэлтэй, хариуцагч Т банкны Баян-Өлгий салбар /захирал Д.Р/-т холбогдох,  

“Т банкны Баян-Өлгий салбарын У тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагчийн төлөөлөгч С.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие Т банкны Баян-Өлгий салбарын У тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн.

1.2. Ажил олгогчоос намайг ийнхүү ажлаас чөлөөлсөн шалтгаанаа тайлбарлахдаа "2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Н Ш Х”-ны тушаасан 5000 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагадсан, мөн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Гаас тушаасан 2500 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагдсан ба эдгээр алдааг маргааш нь залруулсан байна. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “ЦШС У” ХХК-ийн тушаасан 39500 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагадсан, теллер Б.А харилцагч А.Жээс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тушаасан 7500 төгрөгийг гүйлгээний төрөл зөрүүлж зарлагадсан буюу ТСБЖ-ын 9.2.4. 9.2.5-д заасныг зөрчсөн” гэжээ.

1.3. Гэтэл эдгээр хүмүүсийн аль аль нь энэ тухай гомдол гаргаагүй, хохироогүй.  Миний бие тухайн үед эдгээр жижиг сажиг кассын зөрүүг маргааш өдөр нь дор нь засаж залруулах арга хэмжээ авч ажилласан.

1.4. Үүнийг тооцооны төвийн захирал болон бусад ажилтнууд бүгд мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл надад банкны хөрөнгө мөнгө завших, ашиглах ямар нэгэн муу санаа огт байхгүй, байгаагүй. Миний бие ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй байхад ажил олгогчоос намайг ажлаас халсан нь шударга бус байна. Иймд Т банкны Баян-Өлгий салбарын У тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүулэн тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Т банкны Баян-Өлгий салбарын харьяа У тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан Ш.Е нь ажиллаж байх хугацаандаа Т банктай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №54 тоот Хөдөлмөрийн гэрээ болон Т банкны Хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бүхий ноцтой зөрчлүүд гаргасан.

2.2. Тухайн зөрчлүүдтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.16.3 "Орон нутгийн ажилтны асуудлыг салбарын захирлын зөвлөл шийдвэрлэх ба салбарын захирлын тушаалаар баталгаажуулна. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдох тушаалын төсөл болон ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тушаалын эрх зүйн үндэслэлийг Хуулийн асуудал эрхэлсэн газар. хэлтсээр хянуулна.", мөн Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28 заалтад "Дараах зөрчлийг "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилтэй адилтган үзэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно. Үүнд: 5.28.44 Данс бүртгэл будлиантуулсан, дансны мэдээллийг зөрүүлсэн, нүүн дарагдуулсан, устгасан, 5.28.45 Харилцагчийн албан ёсны бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр, амаар, утсаар, и-мэйл, мессежээр ирсэн хүсэлтийг үндэслэж орлого, зарлагын гүйлгээ хийх, дансанд холболт хийх, 5.28.47 Нэгжийн захирал болон ахлах теллер нь өдрийн гүйлгээг хянаж, баталгаажуулаагүйгээс зөрчил гарсан, 5.28.48 Орлого, зарлагын гүйлгээг нүүн дарагдуулсан, өөрийнхөө буруутай үйлдлийг нүүх зорилгоор хуурамч баримт бүрдүүлсэн, мөн зорилгоор харилцагчийн данс ашиглах, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан, хуйвалдсан, 5.28.51 Удаа дараа орлого, зарлагын гүйлгээг зөрүүлсэн, 5.28.54 Кассын үлдэгдлийг хуурамчаар тааруулсан,         5.28.55 Тооллогоор кассын илүүдэл, дутагдал гаргаж, гарсан зөрүүг мөнгөний дүн харгалзахгүйгээр холбогдох албан тушаалтанд цаг тухайд нь мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан гэж заасныг болон Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж. ажлаас чөлөөлсөн.

2.3. 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр "Улсын бүртгэлийн газар”-ын ** тоот харилцах дансанд харилцагч Н.Г нь гэрчилгээний үнэ болох 2,500 төгрөгийн орлого тушаасан байхад тус байгууллагын данснаас 2,500 төгрөг зарлагадаж. данс тооцоо будлиантуулж эсрэг гүйлгээ хийсэн. Улмаар касс 2,500 төгрөгөөр илүүдэх ёстой байтал. тухайн өдөр кассын илүүдлийн дансанд огт бүртгэлгүй нуун дарагдуулсан, маргааш нь залруулсан. Энэ зөрчил нь Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.44, 5.28.45, 5.28.54, 5.28.55, Хөдөлмөрийн гэрээний 7.4.44, 7.4.45. 7.4.54, 7.4.55 заалтыг зөрчсөн.

2.4.2020.12.17-ны өдөр 10.000 төгрөгийн кассын илүүдэл, 2021.04.20-ны өдөр 5,000 төгрөгийн кассын илүүдэл, 2021.09.29-ний өдөр 1,500 төгрөгийн кассын илүүдэл, 2021.10.06-ны өдөр 5.000 төгрөгийн кассын илүүдлийг тус тус кассын илүүдлийн дансанд "бүртгээгүй нуун дарагдуулсан, улмаар хувьдаа авч ашигласан нь тогтоогдсон. Энэ зөрчил нь Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.54, Хөдөлмөрийн гэрээний 7.4.54-р заалтыг, зөрчсөн.

2.5. 2021.09.30-ны өдөр 1.500 төгрөгийн кассын дутагдал, 2021.10.01-ний өдөр 3,500 төгрөгийн кассын дутагдал, 2021.10.01-ний өдөр 2,000 төгрөгийн кассын дутагдлыг тус тус кассын дутагдлын дансанд бүртгээгүй, нуун дарагдуулсан нь тогтоогдсон. Улмаар кармагаасаа мөнгө гарган төлж, кассын үйл ажиллагааны журмыг алдагдуулсан. Энэ зөрчил нь Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.54, 5.28.55, Хөдөлмөрийн гэрээний 7.4.54. 7.4.55 дугаар заалтуудыг зөрчсөн.

2.6. 2021.05.19-ний өдөр харилцагч М.Ж /**/-ийн ** тоот данснаас нийт 818.000 төгрөгийг хүчинтэй хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн зарлагадаж, харилцагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд олгосон. Энэ зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.45, Хөдөлмөрийн гэрээний 7.4.45 дугаар заалтыг зөрчсөн.

2.7. Удирдлагад нь ажиллаж буй теллер нь кассын илүүдэл, дутагдал гаргасныг мэдсэн боловч журмын дагуу бүртгүүлдэггүй, хяналт тавьдаггүй, зөрчлийг таслан зогсоож арилгуулдаггүй, мэдсээр байж нуун дарагдуулдаг. Энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 5.28.47, Хөдөлмөрийн гэрээний 7.4.47  дугаар заалтыг зөрчсөн. Үүнд: Түр теллерээр ажиллаж байсан С.Ж нь 2021.09.27-ны өдөр 50 төгрөгийн илүүдлийг нуун дарагдуулж авч ашигласан, 2021.09.14-ний өдөр 2 удаа /500 төгрөг, 1,500 төгрөг/ 2.000 төгрөгийн кассын дутагдлыг нуун дарагдуулж, касс руу хийсэн. Теллерээр ажиллаж байсан Б.А нь 2020.11.27-ны өдөр 15.000 төгрөгийн кассын илүүдэл гарах ёстой байтал кассын илүүдэлд бүртгээгүй, нуун дарагдуулж авч ашигласан, 2021.10.05-ны өдөр 400 төгрөгийн кассын дутагдал, 2021.10.13-ны өдөр 1,000 төгрөгийн кассын дутагдал, 2021.10.15-ны өдөр 100 төгрөгийн кассын дутагдлыг тус тус нуун дарагдуулж, касс руу хийсэн зэрэг зөрчлүүд гарсан.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00137 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Еын Т банкны Баян-Өлгий салбарын У тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Ш.Е нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй.

4.2. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах санал хуудас"-аар У тооцооны төвийн ахлах теллер Ш.Е нь 2020.12.17-ны өдөр “Н Ш Х”-ны тушаасан 5000 төгрөгийг орлогын гүйлгээ хийх атал гүйлгээний төрөл зөрүүлсэн, мөн 2021.04.20-ны өдөр харилцагч Н.Гын тушаасан 2500 төгрөг төгрөгийн орлогын гүйлгээ хийх атал гүйлгээний төрөл зөрүүлсэн бөгөөд маргааш өдөр нь залруулсан, 2020.11.27-ны өдөр “ЦШС” ХХК У компанийн тушаасан 39,500 төгрөгийг орлогын гүйлгээ хийх атал гүйлгээний төрөл зөрүүлсэн бөгөөд 2 удаа 39.500 төгрөгөөр бэлэн орлогын гүйлгээ хийж касс тааруулсан, теллер Б.А нь 2020.11.27-ны өдөр тушаасан 7500 төгрөгийг орлогын гүйлгээ хийх атал гүйлгээний төрөл зөрүүлж зарлагадсаныг нуун дарагдуулсан зэрэг зөрчил гаргасан гэж үзэж 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4.3. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн нотлох баримт шинжлэн судлах шатанд хавтаст хэрэгт авагдсан “Т банк Баян-Өлгий" салбарын захирлын зөвлөлийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 50 дугаар тэмдэглэлийг шинжлэн судлуулж, тухайн өдөр нэхэмжлэгч Ш.Ед "Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах санал хуудас”-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн эсэхийг хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жаас асууж тодруулахад тэрээр ингэж шийдвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн.

4.4. Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар хэсгийн 13.3-д “Ажилтан анх удаа алдаа дутагдал гаргасан, Банканд учруулсан хохиролгүй алдаа дутагдлаа залруулах боломжтой эсэхийг харгалзан шууд удирдлага, харьяалах дээд шатны удирдлага, шат дараалсан хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий банкны төвийн газар, хэлтэс, албад, удирдлага "Зөрчлийн акт” буюу бичгээр сануулах арга хэмжээ авна. Энэ арга хэмжээ нь тушаалаар авах сахилгын шийтгэлийн төрөлд хамаарахгүй мөн журмын 13.5-д “Ажилтны гаргасан зөрчил нь санаатай болон санамсаргүй, үйлдэл нь ноцтой эсэх. бусдад учруулсан хор хохирлын хэмжээ, давтан зөрчил гаргасан эсэхээс хамааран энэхүү журмын 5.16.1, 5.16.3-д заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр дараах сахилгын шийтгэлийг ногдуулна...” гэжээ.

4.5.Журмын 5.16.1-д зааснаас үзвэл ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох эрх хэмжээ Т банкны гүйцэтгэх захиралд хадгалагдсан гэж үзэхээр байна. Энэ тохиолдолд У тооцооны төвийн ахлах теллер Ш.Еын гаргасан зөрчилд хоёр удаа хариуцлага хүлээлгэснээс гадна шийдвэр гаргах эрхгүй этгээд хариуцлага хүлээлгэх тухай тушаал гаргасан гэж дүгнэхээр байна.

4.6. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.            4.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн давж заалдах шатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Ш.Еын нэхэмжлэлтэй холбоотой бүх тайлбараа анхан шатны шүүх хуралдаанд гаргаж байсан. Бүх процесс Хөдөлмөрийн тухай хууль болох Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын дагуу явагдсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна.

5.2. Өмгөөлөгчийн зүгээс Т банкны Хөдөлмөрийн дотоод журмыг бүхэлд нь уншиж танилцаагүй юм шиг байна. Төв банкны шийдвэрлэх асуудал болон салбар нэгжийн шийдвэрлэх асуудал гэж тус тусдаа байдаг. Хөдөлмөрийн дотоод журамд зохицуулсан зохицуулалтын дагуу салбарын харьяа ажилтнуудын хүний нөөцийн асуудлыг манайх шийдвэрлэх боломжтой байдаг. Өмгөөлөгчийн ярьж байгаа төв банкны асуудал нь зөвхөн төв банкны оффист ажилладаг ажилтнуудын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой заалт байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Еын Т банкны Баян-Өлгий салбарт холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоор авч хэлэлцэх хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

8. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ш.Еын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангажээ.

9. Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/94 дугаартай “Ш.Етой байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.3, 5.28.44, 5.28.45, 5.28.47, 5.28.48, 5.28.51, 5.28.54, 5.28.55 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.44, 7.4.45, 7.4.47, 7.4.48, 7.4.51, 7.4.54, 7.4.55 дахь заалтууд, Салбарын захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 50 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Баян-Өлгий салбарын харьяа “У” тооцооны төвийн ахлах теллер Ш.Е нь ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллаагүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарь болон “Теллерийн системийн багц журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.24 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.2. 9.2.3, 9.2.4. 9.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчин 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Улсын бүртгэлийн газар”-ын ** тоот харилцах дансанд харилцагч Н.Г нь гэрчилгээний үнэ болох 2500 төгрөг тушаасан байхад тус данснаас 2500 төгрөгийн зарлага гаргасан ба касс илүүдэх байтал кассын илүүдлийн дансанд бүртгээгүй, кассын илүүдлийг нуун дарагдуулсан, маргааш нь залруулсан, удаа дараа буюу 4 удаагийн кассын илүүдлийг санаатайгаар нуун дарагдуулж, өөртөө авч ашигласан, 3 удаагийн кассын дутагдлыг холбогдох дансанд бүртгэлгүй өөрөөсөө төлсөн, орлогын гүйлгээг зарлагын гүйлгээгээр хийсэн, кассын илүүдлийг нуун дарагдуулсан, 3 харилцагчийн гүйлгээг хийхдээ гүйлгээний баримтад харилцагч гарын үсэг зураагүй байхад гүйлгээг хийсэн, “2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зарлагын гүйлгээ хийхдээ итгэмжлэлийн хугацаа дууссан байхад хугацааг засварлан хүчин төгөлдөр бус итгэмжлэлд үндэслэн гүйлгээг хийсэн”, удирдлагад нь ажиллаж буй теллер нь кассын илүүдэл дутагдал гаргасныг мэдсэн боловч журмын дагуу бүртгэдэггүй, теллертэй хуйвалдаж нуун дарагдуулсан зэрэг ноцтой зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон тул Ш.Етай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /Хавтаст хэргийн 3 дахь тал/

Ажил олгогч Т банкны Баян-Өлгий салбарын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/94 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.44, 7.4.45, 7.4.47, 7.4.48, 7.4.51, 7.4.54, 7.4.55 дахь заалтуудыг тус тус үндэслэнноцтой, сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэх үндэслэлээр Ш.Етой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтүүдийг үгүйсгэх нөхцөл байдал хэргээс тогтоогдсонгүй.

            10. Ажилтан Ш.Е нь Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.44, 5.28.45, 5.28.47, 5.28.48, 5.28.51, 5.28.54, 5.28.55 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.44, 7.4.45, 7.4.47, 7.4.48, 7.4.51, 7.4.54, 7.4.55 дахь заалтууд,  ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийн хуваарь болон “Теллерийн системийн багц журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.24 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3, 9.2.4, 9.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчин 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Улсын бүртгэлийн газар”-ын 291400037305 тоот харилцах дансанд харилцагч Н.Г нь гэрчилгээний үнэ болох 2500 төгрөгийн орлого тушаасан байхад тус байгууллагын данснаас 2500 төгрөг зарлагадаж, данс тооцоо эсрэг гүйлгээ хийж, касс 2500 төгрөгөөр илүүдэх ёстой байтал, тухайн өдөр кассын илүүдлийг дансанд огт бүртгэлгүй нуун дарагдуулсан, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 5000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1500 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5000 төгрөгийн кассын илүүдлийг тус тус кассын илүүдлийн дансанд бүртгээгүй, нуун дарагдуулсан, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1500 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3500 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2000 төгрөгийн кассын дутагдлыг тус тус кассын дутагдлын дансанд бүртгээгүй, нуун дарагдуулж, улмаар өөрөөсөө мөнгө гарган төлж, кассын үйл ажиллагааны журмыг алдагдуулсан, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр У сумын Засаг даргын Тамгын газраас М.Жгийн сар бүрийн тэтгэврийн мөнгийг, Засгийн газрын нэг удаагийн тусламжийн мөнгийг тус тус авахыг Баян-Өлгий аймгийн У сумын 3 дугаар багт оршин суух Ж.Кт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр харилцагч М.Жгийн ** тоот данснаас нийт 818000 төгрөгийг хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн зарлагадаж, харилцагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд олгосон, 3 харилцагчийн гүйлгээ хийхдээ гүйлгээний баримтад харилцагч гарын үсэг зураагүй байхад гүйлгээ хийсэн, удирдлагад нь ажиллаж буй теллер нь кассын илүүдэл, дутагдал гаргасныг мэдсэн боловч журмын дагуу бүртгүүлдэггүй, хяналт тавьдаггүй, зөрчлийг таслан зогсоож арилгуулдаггүй, мэдсээр байж нуун дарагдуулсан зэрэг ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь Салбарын захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 50 тоот хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/, кассын илүүдэл болон дутагдлыг нуун дарагдуулсан талаар CD бичлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/, орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, зарлагын мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/, бэлэн бус орлогын баримт /хавтаст хэргийн 41 дэх тал/, дотоод хяналт, шалгалтын газрын тайлан зэрэг баримтуудаар тогтоогджээ.

11. Анхан шатны шүүх “Т банкны дотоод хяналт шалгалтын газраас Т банкны Баян-Өлгий салбарын У тооцооны төвд төлөвлөгөөт шалгалтыг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны хоорондын бүх хугацааг хамруулж, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны хооронд 3 хүний бүрэлдэхүүнтэй хийхэд тус төвийн ахлах теллер Ш.Еын зөрчил гаргасныг тогтоож, хариуцагчаас түүнд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас хүргүүлж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/94 дугаартай тушаалаар Ш.Етой байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь тухайн үед мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т мөн Т банкны Хөдөлмөрийн дотоод журмын 13.8-т тус тус зааснаар илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт нийцжээ.

 

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, тухайлбал 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн М.Жгийн данснаас 818.000 төгрөгийг бэлэн мөнгөөр иргэн Ж.Кт өгч зарлага хийсэн тухай баримт, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн харилцагч М.Жгаас иргэн Ж.Кт “сар бүрийн тэтгэврийн мөнгө болон Засгийн газраас олгох нэг удаагийн тусламжийн мөнгө”-ийг банкнаас авч байх 1 жилийн хугацаатай /хугацаа нь 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон/ байгуулсан итгэмжлэл, Т банкны дотоод хяналт, шалгалтын газрын тайлан, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл: Ажилтан Ш.Е нь харилцагч М.Жгийн банкнаас мөнгө авах эрхээ бусдад шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байхад түүний данснаас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ж.Кт бэлэн мөнгө олгож, зарлага хийсэн бөгөөд түүний энэхүү үйлдэл талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.45 дахь заалтад заасанчлан ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хэмжээний хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил мөн байна. Ажилтны гаргасан уг зөрчлийг ажил олгогчоос 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр илрүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр сахилгын шийтгэл оногдуулахдаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хоёр төрлийн хугацааг тус тус хэтрүүлээгүй нь бүрэн тогтоогджээ.

 

            13. “Ажилтны нэг удаагийн үйлдэл, зөрчилд хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Сы давж заалдах гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, хэрэгт авагдсан “ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах саналын хуудас” гэх ажил олгогчийн дотоод ажлын зохион байгуулалттай холбоотой баримтуудыг эрх зүйн үр дагаврын хувьд дангаараа ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан эрх зүйн акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Сы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК