Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

 2026         03        11                                        2026/ДШМ/......

 

 

Н.Сд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч: Н.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлоор Н.Сд холбогдох 2438000000023 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Зовогт Нийн С, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Нсуманд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, Н сумын Г сургуульд англи хэлний багш ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 0000 /.

Н.С нь Хөвсгөл аймгийн Н сум 0 дугаар баг 00 тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.БНг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, толгойн тус газарт нь өшиглөж, улмаар биед нь дагз ясны хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Зовогт Нийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нийн Сг 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Сд оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Н.Сгаас 1,540,000 /нэг сая таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд олгож, шүүгдэгч Н.Сгаас хохирогч Г.БН нь эм эмчилгээнд зарцуулсан 5,000,000 /таван сая/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг Сидиг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: “...тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн нь

2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 351 дугаартай шүүгчийн захирамж, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 281 дугаартай шүүгчийн захирамжаар тус, тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.БНгийн өгсөн: “.. надад өөр хүн гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан байх боловч СД бичлэгт хохирогч Г.БН нь өөр хүнд зодуулж байгаа, толгой руу нь цохиж байгаа, үсдэж дарж байгаа үйл баримт бичлэгт бичигдсэн байгаа нь түүний мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай...” гэж хэргийн эргэлзээ бүхий үйл баримтын талаар тодорхой дурдаж байсан атлаа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэхдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байх боловч хохирогч Г.БН, гэрч Б.Б, Б.Г, Б.Цнарын өгсөн мэдүүлэгт Б.Ж нь шүүгдэгч Н.Сг хохирогч Г.БНг зодсон гэж хэлсэн талаар ярьсан гэж мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалж нь Б.Жын өгсөн мэдүүлэг бус харин тухайн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдэхэд цуг байсан, болсон үйл баримтыг гэрчилсэн мэдүүлэг гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн, ойлгомжгүй шийдвэрийг гаргажээ.

... Хохирогч Г.БьН нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлэхдээ “Асуулт: Таны биед тэр эмэгтэйгээс өөр хэн нэгэн гэмтэл учруулсан уу? Хариулт: Үгүй өөр хүн гэмтэл учруулаагүй ээ ..” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан "хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” хохирогчийн үүргийг зөрчиж, Б.Жд зодуулсан талаараа нуун дарагдуулж, зориуд худал мэдүүлэг өгөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан,

Гэрч Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ “...Г Ж хоёр маргалдсан зүйл байхгүй ээ...зүгээр хоол хийгээд сууж байсан хүнийг орж ирээд цохиж зодоод явсан болохоор гайхаад байгаа юм...” гэж,

2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин мэдүүлэхдээ “Сг би салгасан. Чи болиоч дээ танай нөхөртэй ямар ч хамаагүй ш дээ, наадах чинь миний найз ш дээ гэж хэлэхэд С шууд гэрээс гарснаа утасныхаа камерийг асаагаад бичлэг хийгээд байсан. Тэр бичлэгт Г зодоон болохоор сэрээд та нар чинь яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд Ж очиж зууралдаж аваад газар хэвтэж байсан БНгийн хөл хэсэг дээр уначихсан, тэрнээс тархи, толгой руу бол унаагүй. Угаасаа тэр бичлэгийг нь харахад хөл хавьцаа нь унаж байгаа нь харагдаж байна лээ...” гэж тус тус Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй...” гэх гэрчийн үүргээ мөн зөрчиж, Б.Жын зүгээс гэрт байсан хүмүүстэй үүсгэсэн таарамжгүй харилцаа болон түүний гэрт байсан хүмүүсийг алгадаж, үсдэж цохих, өшиглөх зэргээр танхайрж буй үйлдлийг нууцлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах нөхцөл байдлыг бий болгох мэдүүлгийг өгсөн.

Гэрч Б.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлэхдээ “...Б орж ирээд БНг С зодсон гэхээр нь би Бод хандаж чи харж байсан юм бол яагаад салгадаггүй юм гэсэн чинь салгах завдалгуй орж ирээд л зодчоод гараад явсан гээд байгаа юм... гэж, гэрч Б.Бын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн “...Сг би салгасан...” гэх мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

Мөн “...Ж, Б, БН бид нарын дунд хэрүүл маргаан болоогүй...” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “...хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй...” гэх гэрчийн үүргээ мөн зөрчиж, Б.Жын бусдыг зодож танхайрж буй үйлдлийг нуун дарагдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан.

Гэрч Б.Ж нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны мэдүүлэхдээ “Асуулт: Та БНг гэрт газар хэвтэж байхад өшиглөж байгаа бичлэг байна энэ талаар ярина уу ? Хариулт: Би нэг найзаасаа БНг цуг архи уусан хүмүүсийнхээ эд зүйлийг хулгай хийгээд байдаг гэж сонссон тэгэхээр нь би БНд манай эхнэр ирнэ эртхэн шиг яв гэжхэлсэн чинь явахгүй гээд надад очих газар байхгүй гээд байсан...” гэж мэдүүлэхээс гадна мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн бие махбодид халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

Тодруулбал, Б.Ж нь тус өдрийн орой 21:21 цагт хохирогчийн толгойноос үсдэж дарах, удаа дараа нүүр лүү нь хүчтэй алгадах зэрэг үйлдлийг гаргаж байгаа нь хавтаст хэргийн материалд авагдсан СД дээр бичигдсэн дүрс бичлэгт, мөн 21:53 цагт хохирогчийг өшиглөж байгаа зэрэг нь мөн дүрс бичлэгт тус, тус баталгаажин үлдсэн байна.

Тус үйл баримтыг баталгаажуулж, гэрч З.П мэдүүлэхдээ .“...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10-200 тоотод байрлах Их тахилт хүнсний дэлгүүртээ сууж байтал 22 цагийн үед гаднаас нүд нь хавдсан цус нөжтэйгээ холилдсон эмэгтэй уйлсан орж ирээд цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гээд байхаар нь цагдаа дуудаж өсгөн. Нүүр хэсгийн зүүн тал нь хавдсан гар хөл нь цус болсон байсан... ” гэж мэдүүлсэн байтал,

Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ “...шүүгдэгч Н.Сг 2023 оны 12 дугаар сарын 21 цаг 24 минутаас 21 цаг 55 минутын хооронд хохирогч Г.БНгийн бие эрх чөлөөнд халдсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ...” гэж дүгнэсэн байх боловч дээрх үйл баримтаар тус дүгнэлт нь үгүйсгэгдэх учиртай бөгөөд анхан шатны шүүхээс хохирогч Г.БНг удаа дараа тогтвортой мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл, хохирогч Г.БНгийн эрүүл мэндэд тус хэрэгт гэрчээр тогтоогдсон Б.Ж шууд холбоотой.!!!

Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ж гэгчийн хууль бус үйлдлийн талаар огт шалгаагүй нь миний үйллүүлэгч Н.Сгийн эрх зүйн байдал дордох нөхцлийг бүрэлдүүлжээ..

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудад үндэслэн ...анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Н.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Н.С давж заалдах гомдолдоо: “...Н.С би огт үйлдээгүй хэргийнхээ төлөө, архины хамаарал бүхий бүлэг этгээдүүдийн гүтгэлгийн золиос болж, ялтан болсондоо маш их харамсаж байна.

Намайг уг хэрэгт холбоогүй болохыг, хохирогч эмэгтэйн эрүүл мэндэд өөр хүн хохирол учруулсан байж болохуйц үйл баримтууд хэргийн материалд хангалттай авагдсан байтал анхан шатны шүүх анзаарсангүй...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Нийн С нь Хөвсгөл аймгийн Н сум 0 дугаар баг00 тоотод 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г.БНг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж, толгойн тус газарт нь өшиглөж, улмаар биед нь дагз ясны хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Н.Сгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, эсхүл хүсээгүй боловч үйлдлээрээ зориуд хүргэсэн байх шинжийг агуулна.

Н.С нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай “Г.БНгийн биед дагз ясанд хугарал, хуйхан дор цус хуралт, баруун, зүүн зовхи, духны зөөлөн эдэд цус хуралт, няцралт, зүүн хацарт зулгаралт, эрүү болон дээд уруулд шарх бүхий тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. Г.БьНгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 46-р тал/,

Шинжээч М.Бийн өгсөн: “...Бичлэгт БНгийн толгойд хүрсэн зүйл алга байна. Толгойд хүрлээ гэж үзэхэд дээрх гэмтлийг авах хэмжээнд байгаа үйл явдал байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 53-р тал/,

Шинжээч М.Бийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... Энэ бичлэгт эмэгтэйн үснээс нь хальт татсан, хальт хацар руу нь алгадсан л байна. Гавал тархинд хүнд зэргийн гэмтэл учрах үйлдэл болоогүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 189-р тал/,

Хохирогч Г.БНгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...гэрийн баруун талаар тойроод гарах гэтэл миний урдаас нэг эмэгтэй хүн орж ирээд цохиж унагаагаад толгойруу өшиглөөд байсан би тэгээд нэг хэсэг ухаан алдсан хэсэг хэвтэж байгаад гэрээс гарч гүйгээд нэг дэлгүүр дээр очиж цагдаа эмнэлэг дуудаад өг гэж гуйсан тэгээд цагдаа ирхээр нь намйг эмнэлгийн оруулаад өг гэж гуйж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-н 13-р тал/,

гэрч З.Пын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10-200 тоотод байрлах “Их тахилт” хүнсний дэлгүүртээ сууж байтал 22 цагийн үед гаднаас нүд нь хавдсан цус нөжтэйгээ холилдсон эмэгтэй уйлсан орж ирээд цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гээд байхаар нь цагдаа дуудаж өгсөн..” гэх мэдүүлэг /хх-н 24-р тал/,

гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... ..Ж ахын утас руу залгаад ярьсан. Юу болсныг асуухад С гэрт ирээд хамт байсан эмэгтэй гаднаас орж ирээд цохьчихсон гэж хэлсэн. Тэгээд нөгөө цохиулсан эмэгтэй эмнэлэгт байгаа. Би Сдаа хайртай юм чинь өмнөөс нь хэргийг нь хүлээнэ гэж хэлэхээр нь юу солиороод байгаа юм гэж хэлж загнаж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 191-р тал/,

гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...21 цагийн үед БН бид нарт бууз жигнэж өгсөн, тэгээд байж байтал С орж ирээд БНг найз залуу болох Жтай хардаад БНг цохиж унагаагаад нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөөд байсан, бид нар салгаад Сг гэрээс гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р тал/,

гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өглөө Б ирээд БНг С зодсон гэхээр нь би Бод хандаж чи харж байсан юм бол яагаад салгадаггүй юм гэсэн чинь салгах завдалгүй орж ирээд л зодчихоод гараад явсан гээд байгаа юм үйл явдал хурдан болсон юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-н 35-р тал/,

гэрч Б.Гын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С орж ирээд зодчихоод гараад явсан. Тэгээд та хоёр салгадаггүй юм уу гэсэн чинь Б салгахын завдалгүй С зодчихоод явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 170-р тал/,

гэрч Б.Бын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед БНг зодход С байна гэдгийг бол мэдэж байсан. Би Сг таниад чи яагаад наад хүнээ зодоод байгаа юм бэ, бид хоёр одоо явах гэж байна ш дээ гэж хэлэхэд дуугүй гарч яваад буцаж ирээд гар утсаараа хаалга онгойгоод бичлэг хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 173-р тал/,

гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ямар ч байсан эмэгтэй хүн зодож байсныг санаж байна гэсэн. Тэгээд тэндээсээ гарч гүйгээд л дэлгүүрт очиж дуудлага өгүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 32-р тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-н 181-187-р тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотдогдон тогтоогдсан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүгдэгч Н.С нарын гаргасан анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ “...дээрх үйл баримтаар анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэх учиртай бөгөөд шүүхээс хохирогч Г.БНг удаа дараа тогтвортой мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл, хохирогч Г.БНгийн эрүүл мэндэд тус хэрэгт гэрчээр тогтоогдсон Б.Ж шууд холбоотой.!!!

Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ж гэгчийн хууль бус үйлдлийн талаар огт шалгаагүй нь миний үйллүүлэгч Н.Сгийн эрх зүйн байдал дордох нөхцлийг бүрэлдүүлсэн. ...огт үйлдээгүй хэргийнхээ төлөө, архины хамаарал бүхий бүлэг этгээдүүдийн гүтгэлгийн золиос болж, ялтан болсондоо маш их харамсаж байна. ...шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Н.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалтай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт,  хохирогч, гэрч, шинжээчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба эдгээр баримтууд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Түүнчлэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэх учиртай бөгөөд гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт, хэрэгт хавсарган өгсөн 2 ширхэг СД бичлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч М.Бийн өгсөн: “... Энэ бичлэгт эмэгтэйн үснээс нь хальт татсан, хальт хацар руу нь алгадсан л байна. Гавал тархинд хүнд зэргийн гэмтэл учрах үйлдэл болоогүй байна...” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд шүүх дээрх баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоож шийдвэрлэсэн байх тул “...мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ж гэгчийн хууль бус үйлдлийн талаар огт шалгаагүй...” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/14 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,       2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                      ШҮҮГЧИД                                 Б.СОСОРБАРАМ

                                                                                     Н.БАЯРХҮҮ