Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 208/Ма2022/00015

 

 

Н.*******ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай шийдвэртэй

                        Хүсэлт гаргагч Н.*******

            Хүсэлтийн үндэслэл: “Ажилласан байдал тогтоолгох” тухай

            Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Хүсэлт гаргагч Н.******* хүсэлтдээ:

Миний бие 1964 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн 1980 онд Тэс сумын дунд сургуульд 3-р анги төгсөөд илгээлтээр тэс сумандаа 1981 онд 1 жил малчнаар ажиллаад, 1982-1985 он хүртэл Улаанбаатар хотод Барилгын 012 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1985-1994 он хүртэл Увс аймгийн Тэс сумандаа ажиллаж амьдарч байгаад, 1995-2001 он хүртэл Дархан-Уул аймгийн Хонгор суманд малчин, 2002 оноос өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд малчнаар ажиллаж амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд малчнаар ажиллаж амьдарч байх хугацаандаа 2005 онд Хүдэр сумын Аварга малчин, 2015 онд Сэлэнгэ аймгийн Аварга малчин, 2016 онд Сэлэнгэ аймгийн Манлай малчин, 2019 онд Монгол Улсын Аварга малчин зэрэг гавьяа шагналуудыг улс, аймаг, орон нутгаасаа малчин хүний хөдөлмөрөө үнэлүүлж шагнагдаж байсан. Төр засгийн зүгээс олгож буй тэтгэвэр тогтоолгохоор хөөцөлдсөн боловч 1995-2001 оныг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор суманд малчнаар ажиллаж байсан малын А" дансны мэдээлэл архивт байхгүй гэх үндэслэлээр гарахгүй байх тул хийсэн хөдөлмөр, малчнаар ажиллаж байсан тухайн жилээ тогтоолгохоор ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Намайг тухайн он жилүүдэд малчнаар ажиллаж, амьдарч байсан болохыг нотлох олон гэрчүүд Дархан-Уул аймгийн Хонгор сум, Зулзагын гол гэх газар ажиллаж, амьдарч, нутаглаж байгаа болно. Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч 1995-2001 он хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор суманд малчнаар ажиллаж амьдарч байсан болохыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн 230 дугаартай шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 2000 онд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995-1999, 2001 он хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдол болон тайлбартаа:  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 230 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд 3 үндэслэлээр гомдол гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар “...хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой тал бүрээс  нь эргэлзээгүй үнэн зөв дүгнэнэ...” гэж заасныг бүхэлд нь зөрчсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа малчинаар ажиллаж байсныг тогтоолгохоор шаардлагатай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг дүгнэхдээ 1995-2001 онд мал маллаж байсныг нь нотлохгүй байна гэж дүгнэсэн. 1995-2001 онд мал маллаж байгаагүй юм байна, тухайн жилүүдийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтуудыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. 

Анхан шатны шүүх гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй. Яагаад үнэлээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хууль сануулж авсан гэрч нарын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар нотлох баримтад тооцогддог. Мөн хуулийн 37.2-д зааснаар нотолгооны ач холбогдолтой зүйл, мөн хуулийн 43.1-д зааснаар “...тухайн нөхцөл байдлын талаар мэдэж байгаа хүнийг гэрч...” гэж тодорхойлно гэж заасан байхад дээрх гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

Шүүх гэдэг бол маргаангүй зүйлийг хүлээж аваад шийддэг байгууллага биш.  Иргэн, байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээдэг үндсэн чиг үүрэгтэй байгууллага юм. Гэтэл анхан шатны шүүх ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Уг дүгнэлт нь “... таны А данс байхгүй тул тогтоох боломжгүй, 2000 оны А данс нь байх тул тогтоож өгье...” гэсэн байр сууринаас хандсан. 1995-2001 оны А дансны тодорхойлолтоо авах гээд орон нутгийн байгууллагад хандахад “...байхгүй...” гэж тайлбарласан. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө “...2000 оны А данс гарч ирлээ...” гэж хэлэхэд нь түүнийг нь шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл 1995-2001 оны дундах 2000 оны А данс гарч ирсэн болохоор шүүхэд өгтөл, шүүх А данс гарсан тухайн жилийг л тогтооно гэж үзсэн. Бид 1995-2001 оны мал маллаж байсан үеийн А дансны тодорхойлолт гарч ирсэн бол шүүхэд хандах шаардлагагүй. А данс байхгүй болсон нь нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалаагүй. Гэрч нарын мэдүүлэг болон Засаг даргын тодорхойлолт дурдсанаар “...тухайн үеийн багийн Засаг дарга нь малчдын А дансыг авч төрөөс малын нөхөн олговор олгодог энэ зүйл дээр хувийн байдлаар ашигладаг эрүүгийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байхад тухайн онуудын хэд хэдэн хүний А данс алга болсон талаар...” мэдүүлдэг. Хэрэв А данс гарч ирсэн бол бид шүүхэд хандахгүй, шүүх А данс гарч ирсэн оныг тогтооно гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үндсэн чиг үүргээсээ хазайж байна Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэмэлт тайлбарыг хэлсэн. Миний хувьд бага насандаа Н.*******ийн хурдан морийг унаж байсан талаар тайлбарласан. 2019 онд Монгол Улсын Засгийн газраас Н.*******ийг “Монгол улсын аварга малчин”-аар шагнасан. Сэлэнгэ аймгийн анхны аварга малчин болж орон нутаг даяр алдар, нэрээ мандуулсан. Монгол улсын аварга малчин гэх цол тэмдгээр шагнуулахад бүх насаараа мал маллаж, мал ахуйд өөрийгөө бүрэн дайчилсан нь тодорхой харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч Н.******* нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч улмаар түүний хүсэлтийн заримыг нь хангаж шийдвэрлэжээ.

 

 Анхан шатны  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хүсэлт гаргагч Н.******* болон түүний өмнөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байх ба  гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарласан байна.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлт гаргагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хүсэлт гаргагчийн шүүхэд хүсэлт гаргах болсон үндэслэлээ  1995-2000 онд мал тооллогын “А” нь данс нь сумын архивт хадгалагдаагүй үрэгдсэн гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхээс  хүсэлт гаргагчаас ирүүлсэн нотлох баримтаас  зөвхөн  2000 онд мал тоолуулсан тухай баримт болох  “А” дансны хуулгыг үндэслэн хүсэлтийн заримыг хангасан нь  шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Мал маллаж байсныг тодорхойлох баримт нь тухайн хүний мал тоолсон тухай “А” данс бөгөөд энэхүү баримт нь шууд нотлох баримт болдог гэтэл тухайн баримт нь үрэгдсэн гэж шүүхэд хүсэлт гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухай үндэслэлээ  зөвхөн  мал тооллогын “А” дансаар  мал маллаж  байсныг тогтооно гэж тайлбарлан хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлээгүй талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

 

Шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоохдоо хүсэлт гаргагчаас ирүүлсэн болон  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг дараах байдлаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Хонгор сумын  2-р багийн засаг дарга Н.Нордогийн  шүүхэд гаргасан “ Н.*******ийг тухайн багт мал маллаж байсан тухай тодорхойлсон” 2022 оны 01 сарын 11-ны өдрийн 6/39 өдрийн албан бичиг, Дархан-Уул аймгийн архивын 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 47 дугаартай архивын лавлагаа, Мал тооллогын 2000 оны “А” маягтын хуулбар, гэрч Б.Лхайжавын “... Хонгор сумд мал малладаг байсан энэ үед Н.******* нь мал маллаж байгаад 2001 оноос Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу нүүсэн. ... нэг нутагт мал маллаж амьдарч байсан болохоор түүнийг мал малласан талаар сайн мэднэ. Н.******* нь одоо аймаг, улсын аварга малчнаар удаа дараа шалгарсан сайн малчин....” гэх мэдүүлэг, гэрч ”С.Ондоогийн “...Н.*******ийг 1994 оноос мэднэ. Хонгор сумд мал маллаж байгаад 2002 оноос Хүдэр сум руу нүүсэн. Хөрш зэргэлдээ мал маллаж байсан тул сайн мэднэ. Тухайн үед Хонгор сумын 2 дугаар багийн засаг даргаар ажиллаж байсан Мөнхпүрэв гэдэг хүн малчдын малын “А” дансыг хувийн хэрэгцээндээ ашигласны улмаас малчид их хохирсон гэж ярьдаг юм. Би 2003 оноос Хүдэр сум руу нүүж одоо *******тэй мал маллаж байгаа...” гэсэн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн мал малладаг байдлыг тодорхойлох баримтууд болох өргөмжлөлүүд, аварга малчин өргөмжлөл, улсын сайн малчны батламж, улсын аварга малчин цолны үнэмлэх зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Намсрайгийн ******* нь 1995-2001 онуудад  Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дунд худаг“ хэмээх газар мал маллаж байсан болох нь  тогтоогдож байна гэж үзлээ.

Тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн С.Ондоо нь 1995-2002 онд Дархан-Уул аймгийн  Хонгор сумын “Тариа хоолой” хэмээх газар мал маллаж амьдардаг байсан , Б.Лхайжав өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймгийн  Хонгор сумын “Тариа хоолой” хэмээх газар мал маллаж амьдарч байгаа болох нь Дархан-Уул аймаг Хонгор сумын 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 6/123,6/124, 6/125 дугаартай тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул тухайн гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлсэн болно.

Иймд хүсэлт гаргагч Н.*******ийг 1995 оноос 2001 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь дээрхи баримтуудаар тогтоогдсон гэж үзэн түүний давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******ийг 1995-2001 он хүртэл хугацаанд  малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай“ гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хүсэлт гаргагчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

        

 

                            ДАРГАЛАГЧ

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.БУЯНЖАРГАЛ 

 

                                ШҮҮГЧИД                                          Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                                                 Г.ДАВААРЕНЧИН