| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0134/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/131 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Төрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Төрмөнх холбогдох эрүүгийн 1836001110116 дугаартай, 178/2018/0134/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 08 сарын 23-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй тодорхой эрхлэсэн ажилгүй , Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 23-05 тоотод оршин суух, хаягтай, Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ял, Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 8 сарын хугацаагаар хорих ял, Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Цорос овогт Цэдэвсүрэнгийн Төрмөнх
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Төрмөнх нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлрх “Оюу мандал” орон сууцны гадна байсан 91-99 ХОҮ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт холбогдожээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Төрмөнх 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлрх “Оюу мандал” орон сууцны гадна байсан 91-99ХОҮ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоож болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.Олонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... миний бие 2018 оны 07 сарын 01-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт байрлах “Оюу мандал ягаан 30-н айлын” байрны гадна өөрийн 91-99 хоа улсын дугаартай ногоон өнгийн Истана маркийн тээврийн хэрэгслээ тавиад маргааш нь буюу 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад хүнд дайвар өгөх гээд байрны гадна гараад ирэхэд машин хулгайлагдсан байсан гэх мэдүүлэг... /хх 25-27 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.Төрмөнх нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн эсба 9-н давхарын хажуу талын 5-н давхар байрны гадна байсан ногоон өнгийн Истана маркийн машин луу орж урд хайрцагийг онгойлгоход түлхүүр нь байхаар нь аваад асаагаад үзхэд машин нь асаж байсан тэгэхээр нь унаад 52-ын уулзвараар дээш эргээд чигээрээ явж байгаад паркын доод талын 4 замаар урагшаа эргээд явсан. / хх-ийн 29-30 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12/
Эд зүйлс үнэлсэн тухай тайлан: эсба 9-н давхарын хажуу талын 5-н давхар байрны гадна байсан ногоон өнгийн истана маркийн машин хулгайлаж унаж явсан 421.500 төгрөг нэхэмжилсэн гэх үнэлгээ /хх -11/
Кримналистикийн шинжээчийн 12 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-43 дүгээр хуудас/,
Хураан авсан ногоон өнгийн Истана маркийн машин гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-43 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Төрмөнх нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлрх “Оюу мандал” орон сууцны гадна байсан 91-99 ХОҮ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэлийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дахь хэсгийн зааснаар бусдын эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Төрмөнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд 17.7 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Олонбаатар автомашинд учирсан хохиролын тооцоогоо гаргаж өгөөгүй атлаа шинжээч ямар баримтанд үндэслэн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг тооцож хохирол гаргасан нь эргэлзээтэй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй болно. Хохирогч З.Олонбаатар санал гомдолгүй гэсэн хэдий ч тээврийн хэрэгсэлд учирсан хохиролын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Төрмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цорос овогт Цэдэвсүрэнгийн Төрмөнхийг Автотээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Төрмөнхөд 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Төрмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч З.Олонбаатар нь тээврийн хэрэгсэлд учирсан хохиролын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Төрмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС