| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2538000000306 |
| Дугаар | 2026/ДШМ/10 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Д |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/10
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Даваахүү,
Яллагдагч: А.Г,
Яллагдагчийн өмгөөлөгч: Д.Буяндалай, Б.Манлайбаяр,
Нарийн бичгийн дарга: М.Хулан нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЗ/107 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан
яллагдагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлоор А.Гд холбогдох 2538000000306 эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ховогт Аын Г, 000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Х суманд төрсөн, 000 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймагт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЮ000/.
А.Г нь Монгол Улсын Их Сургуулийн 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 000дугаартай, “Орчуулагч, багш” мэргэжлийн бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Х сумын Ерөнхий боловсролын Лсургууль, Хөвсгөл аймгийн Рсумын Ерөнхий боловсролын сургууль, Хөвсгөл аймгийн Боловсрол шинжпэх ухааны газарт “Англи хэлний багш”, “Тэнхимийн эрхлэгч”, “Гадаад хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүйч” зэргээр ажилласан, мөн дээрх бакалаврын хуурамч дипломыг ашиглан 2007 оноос 2009 оны хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд элсэн суралцаж 0000 дугаартай “Магистр” зэргийн диплом авч “Хуурамч баримт бичиг ашигласан” гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЗ/107 дугаар захирамжаар яллагдагч А.Гд холбогдох эрүүгийн 2538000000306 дугаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, Б.Манлайбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгч бидний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн буюу “...энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5-д заасан нөхцөл байдал бий болсонтой холбоотой хүсэлт...”-ийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан.
Гэвч анхан шатны шүүх нь мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...талуудын гаргасан хүсэлт, гомдлыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана...” гэх зохицуулалтыг үл хайхарч, өмгөөлөгч нарын урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж байгаа шалтгаан нөхцлийг сонссон боловч, тус хүсэлтийг хэрхэн, яаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, аливаа байдлаар тус хүсэлтэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцааж, хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчлөө.
Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан үйл баримтын хэмжээнд яллагдагч А.Ггийн холбогдсон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байгааг анхан шатны шүүх анзаарсангүй.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЗ/107 дугаартай “Прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн 2538000000306 дугаартай хэргийн яллагдагч А.Гд холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргаж буй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна” гэв.
Яллагдагч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартай санал нэг байна.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан нөхцөл байдал байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...өмгөөлөгч Д.Буяндалайгийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Яллагдагч А.Г нь Монгол Улсын Их Сургуулийн 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 000дугаартай, “Орчуулагч, багш” мэргэжлийн бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Х сумын Ерөнхий боловсролын Лсургууль, Хөвсгөл аймгийн Рсумын Ерөнхий боловсролын сургууль, Хөвсгөл аймгийн Боловсрол шинжпэх ухааны газарт “Англи хэлний багш”, “Тэнхимийн эрхлэгч”, “Гадаад хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүйч” зэргээр ажилласан, мөн дээрх бакалаврын хуурамч дипломыг ашиглан 2007 оноос 2009 оны хооронд гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх “...мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” үндэслэлээр яллагдагч А.Гд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаасан байна.
Шүүгчийн захирамжид дурдсан зөрчил нь дахин засуулахаас өөрөөр тогтоох боломжгүй буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд хамаарах тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Тодруулбал:
1.Мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.5 -д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг байдлыг нотлоогүй. Өөрөөр хэлбэл яллагдагч хэзээнээс эхлэн хуурамч диплом ашигласан, ямар хугацаанд нэр бүхий сургуулиудад ажилласан болох, дээрх үйлдлийн улмаас хэдий хэмжээний хохирол учруулсан нь тодорхойгүй.
2.Прокуророос А.Гд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд ...“ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн талаар тусгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг,
яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирлын талаар яллах дүгнэлтэд тодорхой тусгаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг тус тус зөрчжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын тухайд:
1.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх; хэргийг прокурорт буцаах; хэргийг түдгэлзүүлэх; хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх” шийдвэрийн аль нэгийг гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.
Анхан шатны шүүх дээрх зохицуулалтын хүрээнд шийдвэр гаргаж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.
2.Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор эсхүл шүүхийн өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр 6 дахь хэсэгт заасан асуудлыг хэлэлцэх бөгөөд уг хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг шүүхээр шийдвэрлэх шаардлага хангасан гэж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудал шийдвэрлэх шүүх хуралдааны тов тогтоох эсхүл хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдсон гэж дүгнэвэл нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
3.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхийг тогтоож, шүүхийн цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргах бөгөөд дээрх асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхгүй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” тул анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээгүй асуудал буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа А.Гд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эсэх асуудалд тус шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлээр яллагдагчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан “...яллагдагч А.Гд холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Яллагдагчийн өмгөөлөгч Д.Буяндалай, Б.Манлайбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026/ШЗ/107 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Б.СОСОРБАРАМ