Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/275

 

 2026           03             11                                                                      2026/ДШМ/275

 

 

З.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч З.Б- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/2761 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлоор З.Б-д холбогдох 2502003240387 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө- овогт З-ын Б-, ......, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:УЗ-).

Шүүгдэгч З.Б- нь “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас илгээж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь боомтоор улсын хилээр нэвтэрсэн, нийлмэл байдлаараа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан, донтуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй Каннабидиол (Cannabidiol), Дельта-8 тетрагидроканнабинол (Delta- 8 tetrahydrocannabinol), Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol), Каннабинол (Cannabinol), Каннибифуран (Cannabifuran)-ийн агууламжтай, хуванцар савны хамт 275.2 грамм хэмжээтэй хориглосон бодисыг 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан, илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг “Монгол Шуудан” ХК-ийн салбараас хүлээн авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тухайн цаг хугацаанд өөрийн биедээ хадгалсан, энэ гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ө- овогт З-ын Б-г НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан, донтуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй Каннабидиол (Cannabidiol), Дельта-8 тетрагидроканнабинол (Delta- 8 tetrahydrocannabinol), Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol), Каннабинол (Cannabinol), Каннибифуран (Cannabifuran)-ийн агууламжтай,  хуванцар савны хамт 275.2 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Монгол Улсын хилээр нэвтрүүлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Б-д 8 /найм/ жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Улаанбаатар хотоос гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг, шүүгдэгчийн эзэмшлийн Ай Фоне /Iphone/ загварын 1 ширхэг гар утсыг түүнд буцаан олгохыг тус тус дурдаж, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан цагаан өнгийн уут бүхий “Shampoo Sensitive Hair & Scarp (men)” гэсэн бичиглэлтэй хар ангийн савны хамт 275.2 грамм хэмжээтэй хориглосон бодисыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч З.Б-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д Шийтгэх тогтоолын шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгана гэж заасан ба Шийтгэх тогтоолын 8-р талд шүүхээс миний үйлчлүүлэгч З.Б-д Эрүүгийн хуульд заасан 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиас 8 жилийн хорих ял оногдуулсан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс хөнгөрүүлэх байр суурьтай өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, мөн өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Прокурорын шатад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын хэсэгт прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан талаар дурдсан. Прокуророос тухайн үед хүсэлтийг хэрэгт хавсаргаагүй, мартсан талаар тайлбарлаж байсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Иймд шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4-д зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг дурдахыг хүсэж байна. Мөн прокурорын зүгээс 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан. Миний үйлчлүүлэгчийн аав нь дипломатч ажилладаг гэх яриа гарахад “...чи дипломатчийн хүүхэд байж яахаараа ийм асуудал гаргадаг юм ...” гэх зэргээр шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгчид субъектив хандсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд өндөр боловсролтой. Хар тамхи сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын талаар 461 дүгээр хорих ангид хоригдож байх хугацаандаа яд эдэлж буй хүмүүст сэтгэцэд нөлөөт бодисын хор нөлөөг ухуулан, таниулсан гэдгийг хэлмээр байна. Мөн өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг бөгөөд өөрийн эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Цөсний хүүдийн чулуу гэх оноштой, мөн идээт үрэвслээс болж олон удаа хагалгаанд орж байсан. Энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаж өгсөн. Цөсний хүүдийн чулуутай гэх хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргаж өгч байна” гэв.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ц.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байгаа. Шүүхээс энэхүү нөхцөл байдлыг дүгнэж шийтгэх тогтоолд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Гэм буруутай холбоотой хууль зүйн дүгнэлтийг тодорхой хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн үндсэн шинж, нийгмийн аюулын чанар, хэм хэмжээ, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчид 6 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан. Шийтгэх тогтоолын 7 дахь тал буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдаад буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг би хэлээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхтэй холбоотой миний хэлсэн тайлбар, дүгнэлт дурдагдсан. Шүүгдэгч З.Б-гийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй нөхцөл байдлыг прокурор дүгнэж хэлсэн. Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хүлээн зөвшөөрч буй эсэх нь эргэлзээ үүссэн гэж шийтгэх тогтоолд дурдсан. Шийтгэх тогтоолын энэ хэсэг ойлгомжгүй санагдаж байгаа. Дан ганц энэхүү үгнээс шалтгаалан прокуророос шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж эсэргүүцэл бичих хууль зүйн үндэслэл байхгүй тул шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичээгүй. Эцэст нь, нэгэнт шүүх эрх хэмжээний хүрээнд хорих ял оногдуулсан талаар хууль зүйн дүгнэлтээ хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд З.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

  Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх газрын 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11/55 дугаартай албан бичиг (1хх 4),

Иргэн З.Б-гийн биед үзлэг хийсэн “... хар өнгийн цүнхтэй байв. Уг хар өнгийн цүнхийг онгойлгож доторх эд зүйлсийг үзэхэд... цагаан өнгийн гялгар ууттай “З-” Б- дугаарын утсыг тэмдэглэсэн илгээмж мэт зүйл 1 ширхэг байв... Уг илгээмжийг задалж үзэхэд... хар өнгийн “shampoo” гэх бичиглэлтэй... ногоон өнгийн өтгөн зүйл бага зэрэг гарч асгарсан байв. Уг саванд өмхий үнэртэй өтгөн зүйл дүүрэн байв... анхан шатанд тодорхойлогч Таrget-ID төхөөрөмжөөр шалгахад “Delta-9-THC" гэх бодисын үзүүлэлт илэрсэн...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 7-19),

З.Б-гийн биеэс биологийн дээж авч, шалгасан “...ТНС түвшинд 1 зураас буюу эерэг... LSD түвшинд 1 зураас буюу эерэг... GАВ түвшинд 2 зураас буюу эерэг...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 21-25),

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол Шуудан” ХК-ийн салбарын хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “...2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бичлэгийг гүйлгэж үзэхэд 09 цаг 30 минутад Монгол шуудангийн иргэд хүлээн авах хаалгаар саарал өнгийн цамц, өмдтэй хар өнгийн үүргэвчтэй цүнхтэй эрэгтэй хүн буюу З.Б- гаднаас орж ирэв. Улмаар Монгол шуудангийн ажилтанд бичиг баримтаа үзүүлж, цагаан өнгийн хавтгай хэлбэртэй илгээмжийг авч 09 цаг 32 минутад гарч явав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 31- 35),

З.Б-гийн эзэмшлийн Ай Фоне (iPhone) загварын гар утсанд үзлэг хийсэн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх 38-39),

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Гэрэлт” хотхон, Зайсангийн гудамж, 25/2 дугаар байрны 16 тоот хаягтай З.Б-гийн орон байранд нэгжпэг хийсэн 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 42-52),

Нэгжлэгийн явцад хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн 2025 оны 8 дугаар сарын 12- ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 56-64);

Гэрч Д.М-ийн “...2025 оны 4 дугаар сарын 27-ны өдөр Монгол шуудан гэх ажлын байр нь дээрээ ажиллаж байх үед ойролцоогоор 10 цаг өнгөрч байхад гаднаас илгээмж авахаар З.Б- гэх хүн ирсэн. Би иргэний үнэмлэхийг нь шалгаад... тухайн хүний нэр дээр ирүүлсэн илгээмжийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Цагаан өнгийн хавтгайдуу хэлбэртэй илгээмж байсан бөгөөд Америк улсаас ирүүлсэн илгээмж байсан. Тухайн илгээмжийн илгээгчийн талаарх мэдээлэл огт байхгүй байсан. Мөн буцах хаяг байхгүй байсан. Харин З.Б- гэх нэр болон утасны дугаар, гэрийн хаягийн талаарх мэдээлэл бичсэн байсан. Тухайн хүн нь надтай ямар нэгэн яриа өрнүүлээгүй, чимээгүй дуугүй байж байгаад илгээмжээ аваад явсан...” гэсэн мэдүүлэг (1хх 68-69);

Гэрч Б.Б-гийн “...Би 2025 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 2- р хорооны үйлчилгээний төвд байрлах “Монгол шуудан” ХК болох ажил дээрээ 09 цаг өнгөрөөгөөд очсон. Манай байгууллагын ажилтан нь шуудан илгээмжээр ирсэн барааг хүлээн авагч руу нь утсаар залгаад хэлж байсан... 80-аар эхэлсэн дугаар руу залгаад танд илгээмж ирсэн байна, манайх 15 цаг хүртэл ажиллана тэрнээс өмнө ирж аваарай гэж хэлээд утсаа салгасан. Тухайн дугаар нь эргээд залгахаар нь би утас авсан бөгөөд танайх аль салбар билээ хаана байдаг билээ гэж эрэгтэй хүн асуухаар нь би Хан-Уул дүүргийн 2-р хороо үйлчилгээний төв дээр байдаг Монгол шуудангийн салбар байна гэж хэлсэн. Удалгүй тамирын өмд цамцтай залуу орж ирээд надад иргэний үнэмлэхээ өгөөд илгээмж авъя Б- гэж өөрийгөө хэлсэн. Тэгэхээр нь би хаяг нь хаана билээ гэж асуухад Гэрэлт хотхон гэж хариулсан. Би иргэний үнэмлэхийг нь аваад илгээмж хүлээлгэн өгөгч ажилтан М- эгчид өгсөн, М- эгч илгээмжийг тухайн залууд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Тухайн залуу илгээмжээ аваад шууд гарсан. Манай ажлын өрөөнд бол илгээмжээ үзэж хараагүй. Манай ажилтан утсаар илгээмж ирсэн талаар хэлэхэд манай ажилтнаас илгээмжийн талаар тодруулж асуусан зүйл огт байгаагүй. Харин дахиж өөрөө залгаад танайх аль салбар билээ гэж асууж байсан. Түүний дараа З.Б- нь манай ажил дээр ирээд уулзахдаа илгээмжийг хаанаас хэн явуулсан талаар огт асуугаагүй, Б- байна илгээмж авах гэсэн юм гээд өөртөө итгэлтэй байдлаар асуусан. Илгээмж ирэх ёстой байсан юм шиг итгэлтэй асууж байсан. Түүнээс илгээмжийн талаар мэдэхгүй хүн шиг гайхаж асууж тодруулсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1хх 72-73),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/3426 дугаартай “...Шинжилгээнд “Цагаан өнгийн гялгар ууттай хар өнгийн хуванцар савтай өтгөн зүйл. З.Б-” гэж хаягласан цагаан өнгийн өнгийн зиплок уутанд ирүүлсэн “Shampoo Sensitive Hair & Scalp (man)” гэсэн шошготой хар өнгийн хуванцар савтай шаргал өнгийн өтгөн зүйл, цагаан өнгийн зиплок гялгар уут тус бүрээс каннабидиол (cannabidiol), дельта-8 тетрагидроканнабинол (delta-8 tetrahydrocannabinol), дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol), каннабинол (cannabinol), каннибифуран (cannabifuran) илэрсэн. Илэрсэн бодисууд нь НҮБ- ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын I жагсаалтад багтдаг болно... хар өнгийн хуванцар савтай шаргал өнгийн өтгөн зүйлийн савны хамт жин нь 275.2 грамм байна.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, итгэмжпэгдсэн лабораторийн сорилтын дүн (1хх 105-109),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын шинжилгээний лабораторийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ЕГО325/5909 дугаартай “...ЕГ0325/3426 дугаартай дүгнэлтэд ирүүлсэн дээжид батлагдсан стандартын заавар (ШШГЕГ-ХЛ-В-САЗ-З, ШШГЕГ-ХЛ-В-САЗ- 4, ШШГЕГ-ХЛ-В-САЗ-5, ШШГЕГ-ХЛ-В-САЗ-38)-н дагуу шинжилгээг хийсэн болно. Илэрсэн дельта-8 тетрагидроканнабинол (delta-8 tetrahydrocannabinol) нь дангаараа илэрсэн тохиолдолд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. Каннабис, каннабисын давирхай, ханд, хандмалын найрлагад каннабидиол (cannabidiol), каннабинол (cannabinol), каннибифуран (cannabifuran), дельта-8 тетрагидроканнабинол (delta-8 tetrahydrocannabinol), дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) гэх бодисууд нь нийлмэл байдлаар агуулдаг. Шинжилгээгээр илэрсэн бодисууд нь нийлмэл байдлаар илэрсэн тул НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын I жагсаалтад багтана.” гэсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт (1 хх 115-116),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Химийн шинжилгээний лабораторийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0325/3425 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “З.Б-” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 120-122),

Шинжээч эмч Б.Соёлмаагийн “...Ямар бодис хэрэглэсэн, хэр хэмжээгээр хэрэглэсэн, хэдий хугацаагаар хэрэглэсэн, мөн тухай бодис хүний нас, хүйс, бодисын солилцооноос хамаарч харилцан адилгүй байна. Хэрэглэсэн давтамжаас хамаарч нэг удаа хэрэглэсэн үед 1-3 хоног, дундаж хэрэглээтэй буюу 7 хоногт 2, 3 удаа хэрэглэхэд 3-7 хоног, байнга хэрэглэдэг хүнд бол сүүлд хэрэглэснээс хойш 30 хүртэл хоног дунджаар хадгалагдана, илэрч болно... эмнэлгийн баримтуудыг харлаа тухайн бичиг дээрх эмүүд сэтгэцэд нөлөөт бодис агуулаагүй эм байна...” гэсэн мэдүүлэг (1 хх 80-82),

Тагнуулын ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 14-25/010313 дугаартай дүгнэлт (1 хх 168-169),

 Яллагдагч З.Б-гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Засаг даргын тодорхойлолт (1 хх 207, 213);

Зөөврийн компьютероос сэргээгдсэн файлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 171-173);

“Монгол Шуудан” ХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10/298 дугаартай албан бичиг, хавсаргасан мэдээлэл (1 хх 219-221);

Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 01/116, 01/117 дугаартай албан бичгүүд, хавсаргасан мэдээлэл (1 хх 223, 225-226);

“Монгол Шуудан” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18/252 дугаартай албан бичиг (1 хх 228);

Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/170 дугаартай албан бичиг, хавсаргасан мэдээлэл (1хх 230-232);

Гадаад харилцааны яамны 2025 оны 9 дүгээр сарын 01 -ний өдрийн 11 /4213 дугаартай албан бичиг (1 хх 234);

“Монгол Шуудан” ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 18/417 дугаартай албан бичиг (1 хх 236);

“Дабль Эл” (DOUBLE-L) ХХК-ийн орчуулгын албаны баримтууд (1 хх 237-249);

 “Грандмед”, “Интермед”, “Улсын Нэгдүгээр төв эмнэлэг”, “Сайн Хөрш” эмнэлгээс ирүүлсэн албан бичиг, хавсаргасан баримтууд болон З.Б-гээс гаргасан өгсөн эмчийн үзлэг, эмнэлгийн магадалгаа, энгийн эмийн жорын маягт, эмийн сангийн баримтууд (2 хх 2-29);

Мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, зургийн үзүүлэлт (2 хх 114-116) зэргийг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч З.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 20 минутын үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан, илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг “Монгол Шуудан” ХК-ийн салбараас 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас илгээж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь боомтоор улсын хилээр нэвтэрсэн, нийлмэл байдлаараа Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан, донтуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй Каннабидиол (Cannabidiol), Дельта-8 тетрагидроканнабинол (Delta- 8 tetrahydrocannabinol), Дельта-9 тетрагидроканнабинол (Delta-9 tetrahydrocannabinol), Каннабинол (Cannabinol), Каннибифуран (Cannabifuran)-ийн агууламжтай, хуванцар савны хамт 275.2 грамм хэмжээтэй хориглосон бодисыг хүлээн авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тухайн цаг хугацаанд өөрийн биедээ хадгалсан үйл баримт тогтоогдсон  байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч З.Б-гийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

           Шүүгдэгч З.Б-гийн улс хоорондын шуудан, илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг “Монгол Шуудан” ХК-ийн салбараас “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь боомтоор улсын хилээр нэвтэрсэн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан, донтуулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй хуванцар савны хамт 275.2 грамм хэмжээтэй хориглосон бодисыг хүлээн авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тухайн цаг хугацаанд өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн шинжийг хангаж байна. 

          Шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар нь “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

          Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.

            Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт болно.

            Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн тогтворгүй байдал, улмаар сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт “.... хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө...” гэжээ. Ийм боломж хуулиар олгосон байхад шүүгдэгч З.Б- утасны кодоо хэлэхгүй, мөрдөн байцаалтын шатанд туслалцаа үзүүлэхгүй байгаа нөхцөл байдал нь тогтоогдсон, мөн анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын хор аюул, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

         Иймд шүүгдэгч З.Б- болон түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас гаргасан “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан, шүүгдэгч З.Б-д оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин шүүгдэгч З.Б-гийн биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримт болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дурдсан өндөр настай эцэг эхийн хамт амьдардаг, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул анхан шатны шүүхээс оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг, зургаан жил болгон хөнгөрүүлэн өөрчилж ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч З.Б- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 90 (ер) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/2761 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Б-д 8 /найм/ жилийн хорих ял оногдуулсугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Б-д 6 /зургаа/ жилийн хорих ял оногдуулсугай.” гэж өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-гийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 90 (ер) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                                  П.ГАНДОЛГОР