| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/03523/И |
| Дугаар | 191/ШШ2026/03030 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/03030
2026 03 02 191/ШШ2026/03030
Нэхэмжлэгч: .... хаягт оршин байх ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 61,392,574 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Н.*******, гэрч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ... дугаар бүхий Лизингийн зээлийн болон фидуцийн гэрээ , ФГ-21 /10/2/01 байгуулж, жилийн 42%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд үлсын дугаартай, арлын дугаартай, VOLVO.FH12 маркийн зүтгүүр, улсын дугаартай арлын дугаартай Krone.SDP27 маркийн хагас чиргүүл барьцаалсан. Гэтэл зээлдэгч Н.******* нь зээл авснаасаа хойш нэг сарын хүү төлөөд түүнээс хойш зээлээ төлөхгүй явсаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар 268 хоног хугацаа хэтэрч байсан ба 2022 оны 02 сарын 18-ны өдөр манай ББСБ-д барьцаа машиныг чанарын муутгаж манайд хүлээлгэн өгч өдий хүрсэн. Манай байгууллагын зүгээс харилцагчид хангалттай хугацаа боломж өгч байсан ч зээлээ төлөөгүй мөн барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангах гэсэн боловч зээлийн төлбөрт хүрэхгүй байсан тул зээлдэгчид өөрт нь мэдэгдэж барьцаа болох машин чиргүүл хоёрыг 60,000,000 төгрөгөөр зарж борлуулж 5,000,000 төгрөгийг зээлийн х******* төлж 55,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцон үндсэн зээлийн үлдэгдэл болох 25,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон хэдий ч зээл төлөх талаар ямар ч идэвх санаачилга гаргахгүй, утсаа ч авахгүй, холбогдохоор удахгүй төлнө мэдэж байгаа гэж өдий хүрсэн. Иймээс Зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8 заалтуудыг үндэслэн нэг талын санаачлаагаар гэрээг цуцалж Зээлдэгч Н.*******аас төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг нийт 61,392,574 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Автомашиныг үнэлсэн үнэлгээтэй санал нийлэхгүй. Тухайн үеийн авто тээврийн хэрэгслийн үнэлгээ зөрүүтэй байгаа. Зээлийн тооцоолол дээр маргаантай. Би барьцаалагдсан байгаа машиныг хөдөлгөж, ашиглах хүсэлтэй байсан ч ажилд явуулаагүй хураалгасан. Уг машин нь анх барьцаалагдсан үеэр л байсан. Дараа нь үнэлгээ хийхэд зах зээлийн ханшаас хамаагүй бага үнээр үнэлсэн байсан. Үүнд нь би хохироод байгаа. Нийт 80,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргахгүй, зээл авч уг машиныг тээвэр хийх зорилгоор худалдаж авсан боловч бараг ашиглаж чадаагүй, хураалгасан, тухайн үед дөнгөж орж ирсэн шинэ машин байсан. Одоо төлөх гэж байгаа үнэ нь бараг машины үнэтэй дүйцэхүйц болсон болохоор гомдолтой. Хүү, алданги гээд байгаа үнийн дүнг ашигтай ч бай, ашиггүй ч бай өөрсдийн эд хөрөнгийг борлуулаад дуусгах боломжтой. Эд хөрөнгийг хүлээлгээд өгчихсөн байгаа байдлаас хойш хүү, алданги хуримтлагдаад миний дааж чадахгүй хэмжээнд хүрчихсэн. Тухайн машиныг аваагүй, хэрэглээгүй мөртөө буцаагаад машины үнэ төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн 2024.03.06-ний 3-2/1062 дугаартай Эрэн сурвалжлах зогсоосон албан бичиг, Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, автомашиний гэрчилгээ, зээл хүсэгчийн анкет, өргөдөл, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Н.*******ын гараар бичсэн хүсэлт, 2023.02.16-ны өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлан, 2023.02.17-ны өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/05541 дугаар шийдвэр, итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Шүүгчийн захирамжаар: 2025.10.30 өдрийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг зэрэг баримтыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 61,392,574 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
а/ Зээлдэгч Н.******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ... дугаар бүхий Лизингийн зээлийн болон фидуцийн гэрээ-г байгуулж, жилийн 42%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд .... маркийн автомашин, улсын дугаартай чиргүүл барьцаалсан. Н.******* нь зээл авснаасаа хойш нэг сарын хүү төлсөн, үүнээс хойш зээлээ төлөхгүй явсаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 268 хоног хугацаа хэтэрсэн, 2022 оны 02 сарын 18-ны өдөр барьцаа машиныг чанарыг муутгаж хүлээлгэн өгсөн. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн боловч зээлийн төлбөрт хүрэхгүй байсан тул зээлдэгчид өөрт нь мэдэгдэж барьцаа болох машиныг чиргүүлийн хамт 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 5,000,000 төгрөгийг зээлийн хүүнд, 55,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Улмаар үндсэн зээлийн үлдэгдэл 25,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон хэдий ч зээлийн үүргийг биелүүлээгүй. Иймд Зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8-т заасныг үндэслэн нэг талын санаачлаагаар гэрээг цуцалж төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Н.******* нь автомашин худалдан авах зорилгоор зээлийн гэрээг байгуулж, машин болон чиргүүлийг ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн, барьцаалагдсан машиныг тээвэрт явж, ашиглах хүсэлтэй байсан ч явуулаагүй хураалгасан. Дундын зогсоолд байршуулсан. Уг машин нь анх барьцаалагдсан үеийн байдлаар байхад зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр худалдаж, зээлийн төлбөрөөс суутгасныг зөвшөөрөхгүй, нийт 80,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргахгүй, зээл авч уг машиныг тээвэр хийх зорилгоор худалдаж авсан боловч бараг ашиглаж чадаагүй, хураалгасан, тухайн үед дөнгөж орж ирсэн шинэ машин байсан. Одоо нэхэмжилж байгаа төлбөр нь машины үнэтэй дүйцэхүйц болсон тул зөвшөөрөхгүй. Эд хөрөнгийг хүлээлгээд өгчихсөн байхад хүү, алданги хуримтлагдсаныг зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №... дугаартай Лизингийн зээлийн болон зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-г байгуулжээ.
6. Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлөөр, 80,000,000 төгрөгийг жилийн 42 хувь, 1 сарын 3,5 хувийн хүүтэй, нийт 2 сарын хугацаатай зээлэх, улмаар 2021.11.02-нд зээлийн хүүнд 2,853,699 төгрөг, 2021.11.02-ны өдөр зээлийн хүүнд 2,763,498 төгрөгийн хүү, нийт 85,617,196 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 80,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн асуудлаар зохигч маргаагүй байна. /хх-16-22/
7. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд гэрээгээр харилцан тохирсон зээлийн үүргийг буцаан төлөх үүргээ зээлдэгч гүйцэтгээгүй буюу зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч байгууллагад 2022.02.18-ны өдөр фидуцийн зүйл болох 2194 УБО улсын дугаартай, .... маркийн зүтгүүр, Krone.SDP27 маркийн чиргүүл зэргийг Н.******* хүлээлгэж өгчээ. /хх-14/
8. Ийнхүү нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг бодитоор гаргуулан авсан үйл баримт тогтоогджээ.
9. Зохигчийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №... дугаартай Лизингийн зээлийн болон зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-гээр ******* ******* ******* ББСБ ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Н.******* нь гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл, хүү төлөх үүргийг хүлээсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн, түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ/Фидуци/-ний харилцаа үүссэн, эдгээр гэрээн******* нь хуулиар тогтоосон хэлбэрийн болон хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогджээ.
10. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8-т заасныг үндэслэн нэг талын санаачлаагаар гэрээг цуцалж, машиныг 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, машины үнэлгээ нь зээлдэгчийн төлбөл зохих үүргийг хангахад хүрэлцээгүй тул төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөг буюу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсныг хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.
11. Учир нь нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу фидуцийн гэрээний зүйл болох 2194 УБО улсын дугаартай, .... маркийн зүтгүүр, Krone.SDP27 маркийн чиргүүлийг өөрийн өмчлөл, эзэмшилд бодитойгоор хариуцагчаас гаргуулан авсан үйл баримтын хувьд маргаагүй, мөн хариуцагчтай фидуцийн гэрээг байгуулсан талаар хуралдаанд тайлбарлажээ.
12. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг тодорхойлжээ.
13. Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар фидуцийн зүйлийг зээлдэгчийн эзэмших, ашиглах эрхтэйгээр ББСБ-ийн өмчлөлд шилжүүлэх, төлбөр төлөгч нь зээлийн үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд ББСБ хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан өгөх, гэрээний 4.1.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд уг гэрээнд заасан төлбөр төлөх хугацаа дууссан өдрөөс эхлэн хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэхээр тохирсон зэргээс дүгнэхэд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг бодитоор гаргуулж авах, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох тухай Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний шинжийг бүрэн агуулжээ.
14. Тодруулбал, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 235 дугар зүйлийн 235.4-т зааснаар Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж хуульчилжээ.
15. Иймд, 2022.02.18-ны өдөр фидуцийн зүйл болох машиныг зээлдүүлэгч бодитойгоор зээлдэгчээс гаргуулан авснаар зээлийн гэрээний үүрэг болон фидуцийн гэрээний үүрэг хуульд зааснаар дуусгавар болно.
16. Гэтэл энэ хугацаанаас хойш буюу зээлийн гэрээний дагуу өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авсан хугацаанаас хойш автомашиныг чиргүүлийн хамтаар 60,000,000 төгрөгөөр худалдсан гэж, 2 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүргээс 55,000,000 төгрөгийг, төлөх ёстой хүүгээс 5,000,000 төгрөгийг хасч тооцон, үндсэн үүргээс 25,000,000 төгрөг тооцсон, улмаар 2 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээ нь 2021.12.02-ны өдөр нэгэнт дуусгавар болсон байхад зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан гэх үндэслэлээр, зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8 заалтуудыг үндэслэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөгийг гаргуулахаар шаардсан, зээлийн гэрээний үүрэг болон фидуцийн гэрээний үүрэг хуульд зааснаар дуусгавар болсон байхад Зэлийн гэрээний 2.2.9-т Зээлээр худалдан авсан болон барьцаалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд дээрх хөрөнгө үрэгдэх, дутах, гэмтэх, чанар өнгө үзэмжээ алдсанаас анхны барьцаалагдсан үнэлгээнд тохирохгүй болсон, зах зээлийн үнэлгээ буурсантай холбогдон гарах хариуцлагыг хүлээх, мөн гэрээний 4.2.1-т Зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, мөн гэрээний 4.2.8-д барьцаа хөрөнгийн чанар үнэлгээ доройтсон ББСБ-д үл мэдэгдэн барьцаа хөрөнгийг өөрчилсөн захиран зарцуулсан устсан үрэгдүүлсэн тохиолдолд ББСБ гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэсэн хэм хэмжээг үндэслэн/зээлдэгч хөрөнгийг муутгасан гэмтээсэн бол хариуцлагыг хариуцах, нэг талын санаачилгаар гэрээг цуцлах/ хэдийнэ дуусгавар болсон зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг шаардсан нь эрх зүйн үндэслэлгүй юм.
17. Түүнчлэн, Зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н.******* зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан, улмаар фидуцийн зүйлийг хураан авч 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн боловч автомашиныг 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан болохоо баримтаар нотлоогүй, мөн фидуцийн гэрээнд 80,000,000 төгрөг гэж фидуцийн зүйлийн үнэлгээг талууд гэрээнд тогтоосон байхад 2021.10.02-ны өдрийн зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш 2022.02.18-ны өдрийн хооронд буюу 4 сарын дараа автомашины үнэлгээг тогтоолгоход зүтгүүр болон чиргүүл нь нийт 60 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэсэн тайлбар гаргаж, улмаар фидуцийн зүйлийг хураан авсан атлаа уг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн дуусгавар болсон зээлийн гэрээнд дахин үүрэг ногдуулан хариуцагчаас шаардсан нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэв.
18. Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг фидуцийн гэрээгээр бодитоор хангуулснаар зээлийн гэрээг дуусгавар болгосон гэж үзнэ.
а/ Тодруулбал, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх ёстой мөнгөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй боловч энэ эрхийг бус зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох зорилгоор фидуцийн зүйлийг шилжүүлэн авах эрхийг сонгон хэрэгжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
19. Иймд, хариуцагч Н.*******аас дуусгавар болсон зээлийн гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй гэж дүгнэв.
20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан баримтаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй болох нь нотлогдоогүй, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
21. Дээрх үндэслэл*******ээр хариуцагч Н.*******ад холбогдох, Зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8 заалтуудыг үндэслэн нэг талын санаачлаагаар гэрээг цуцалж, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөгийг гаргуулах тухай ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл*******эд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар хариуцагч Н.*******ад холбогдох, Зээлийн гэрээний 2.2.9, 4.2.1, 4.2.8 заалтуудыг үндэслэн нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 30,003,972 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6,388,602 төгрөг, нийт 61,392,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 464,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД