Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2022/00018

 

 

О.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэртэй

              Нэхэмжлэгч О.Гэрэлмаа,

            Хариуцагч М.Золжаргалд холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 6,000,000 төгрөг гаргуулах” үндсэн шаардлагатай “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1,135,000 төгрөг гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1,955,000 төгрөг гаргуулах” тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай

            Хэргийг хариуцагч М.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч,  шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар /цахимаар/, хариуцагч М.Золжаргал /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзиймаа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч О.Гэрэлмаа нэхэмжлэлдээ:

1.Хариуцагч М.Золжаргалаас хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хувь хэмжээгээр, 2017.10.20-д нэхэмжлэгч миний хариуцагчид зээлдүүлсэн 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулах

           “...М.Золжаргалаас урьд нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6.000.000 төгрөг дээр нэмээд машины сэлбэг бензин гэж 1.135.000 төгрөг буюу нийт 7.135.000 төгрөгийг хариуцагч М.Золжаргалаас гаргуулж өгнө үү гэж нэмэгдүүлсэн. Үүний дараа М.Золжаргал 2.700.000 төгрөгийг эргүүлж өгсөн гэдэг хариу тайлбар өгсөнд үндэслэж дахин 1.955.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ нь ямар учраас вэ гэхээр 2017 онь 05 дугаар сарын 27-ны өдөр банкнаас би бас 2.500.000 төгрөгийн зээл аваад 1.955.000 төгрөгийг М.Золжаргалд өгсөн байдаг. Энэ мөнгө нь надаас гаралтай автомашиныг засна гэж авсан. Тэрийг надаас авчихаад засуулаад бараг шинэ машин шиг болгоно гэж авсан боловч тэр машинаа янзалсан юм байхгүй. Нөгөө автомашин нь М.Золжаргалын гараар тэгээд дууссан байдаг. Энэнээс үндэслэн 9.090.000 төгрөгийг хариуцагч М.Золжаргалаас гаргуулж өгнө үү гэсэн гэж нэхэмжилж байна.

Миний бие хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байсан. Энэ нь шүүх шинжилгээний хариу М.Золжаргал хүүхдийн биологийн эцэг биш гэж гарсан. Энэ биологийн эцэг биш гэсэн үндэслэл нь ямар байдлаар яаж хариу гарсныг мэдэхгүй байна. Мэдээж би энэ хүнтэй 4 жил хамт амьдарсан учраас өөр ямар нэгэн завсраар нь ямар нэгэн юм байхгүй болоод л нэхэмжлэл анхнаасаа гаргасан. Үнэхээр энэ хүн өөрийнхөө хүүхэд гэдгээс татгалзаж байгаа бол дахиж надад шинжилгээ өгөөд байх шаардлага байхгүй. Өөрөө угаасаа энэ хүүхдийг тэжээгээд аваад явчих чадвартай учраас энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч М.Золжаргал хариу тайлбартаа:

“...Би тухайн үед хамт амьдарч байсан. Сүүлд 1.955.000 төгрөгийн машин авсан гэж байна. Тухайн үед сум хооронд явдаг. Явган, нүцгэн машин тэргээр явдаг байсан. Тухайн үед би тэр жижиг тэргийг авсан. Ер нь бол портер машиныг авсан нь үнэн. Зөвшөөрч байгаа. Угаасаа хэн хэндээ ч мөнгө өгч байсан нь тодорхой. Тэгээд байхад надаас мөнгө авч байгаагүй юм шиг нэхэмжлэл дээрээ бичсэн байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 6.000.000 төгрөгийг авсан. 2017 оны 10 дугаар сарын 23-аас хойш төлж байсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр О.Гэрэлмаагийн дансанд 100.000 төгрөг хийсэн. 2018 оны 01, 02, 03 сард 100.000 төгрөг тус тус хийсэн. Дансанд нь мөнгө хийж байгаагүй юм биш хийж байсан. Данс руу нь 2.700.000 төгрөг хийсэн. Дээрээс нь нэмээд миний данснаас 329.900 төгрөгийг татан авч байсан. Нийтдээ 3.000.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж татгалзаж байна” гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар хариуцагч М.Золжаргалаас 6.055.680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Гэрэлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188.970 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар 111.681 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Золжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

1. Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрийг хариуцагч М.Золжаргал миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.

“...Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг үндэслэн 6.000.000 төгрөгтэй холбоотой зээлийг буцаан шаардсан 2017 оны 10 сарын 23-ны өдрөөс хэрэгжүүлсэн гэж үзэхэд 2021 оны 07 сарын 27-нд нэхэмжлэл гаргасан өдөр шаардах эрх дууссан байсан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж хуульд зааснаар татгалзаж байна.

Харин О.Гэрэлмаагийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж шаардсан 1.135.000 төгрөг гаргуулах тухай, 1.955.000 төгрөг гаргуулах тухай гэсэн шаардлагууд дээр бид хоёрын хооронд иргэний эрх зүйн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, дээрхи мөнгийг би зээлж аваагүй.

Бид хоёр 2015-2019 оны хооронд хамтран амьдарч гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд дундаасаа үр хүүхэдтэй боллоо гэж баярлаж хөөрч явсан хэн хэндээ амьдрал ахуйн хэрэгцээнд мөнгө шилжүүлж зарцуулж байсан.

Би хөдөө ажлаад ажлаасаа буух үед харилаа гээд ярихад О.Гэрэлмаа цалин буугаагүй үед гэртээ, өөртөө юм авахуулахаар захиж авахуулдаг. Би цалингаа аваад О.Гэрэлмаад өгдөг байсан. Энэ мөнгөний асуудал бол 6.000.000 төгрөг Портер авахад авсан шиг буцааж өгөх талаар ямар ч яриа тохироо байгаагүй. Өөрөөр хэлбэл уг мөнгөний тал дээр бид хоёрын хооронд Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн асуудал огт байхгүй.

О.Гэрэлмаа 1.955.000 төгрөг, 1.135.000 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагуудтай холбогдуулж зээлийн гэрээний харилцаа үүссэн, буцааж төлөх үүрэг хүлээсэн байсан гэдгийг нотлоогүй, энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж маргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь...мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т “хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан 1.955.000 төгрөг болон 1.135.000 төгрөгийг ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар буцаан авах нөхцөлтэй байсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй байхад хангаж шийдсэнд гомдолтой байна.

О.Гэрэлмаа бид хоёр хамтран амьдарч байсан тогтоогдсон, бидний дундаас хүүхэд төрсөн гэж бодож байсан боловч тэрээр бусдын хүүхдийг төрүүлж миний хүүхэд гэж итгүүлж надаас зөндөө мөнгө авч байсан, О.Гэрэлмаа миний сэтгэл санаагаар тоглосон, улмаар надаас хүүхдийн тэтгэлэг шаардаж байсныг дурьдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар М.Золжаргал надаас 6.055.680 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Гэрэлмаад олгож гэж шийдвэрлэснийг өөрчилж, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 6.000.000 төгрөгт О.Гэрэлмаа цалингийн зээл авсан. Энэ цалингийн зээлээс 6.000.000 төгрөгийн машин авахаар тохирч машин авсан. Машин авснаас хойш 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлээд төлөөд явж байсан. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас 2.705.000 төгрөг, Хушаат сумын салбараас 329.320 төгрөг нийт 3.034.000 төгрөгийг 6.000.000 төгрөгөөс буцааж төлсөн байна гэж анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн.

Харин үлдэх хэсэг 2.966.000 төгрөгийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг харгалзан үзээд гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. ...Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн 2 шаардлагыг зээлийн гэрээний харилцаа гэдгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. 6.000.000 төгрөгийн хувьд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн үү гэвэл үүссэн. Өөрөөр хэлбэл хүсэл зоригийн үндсэнд хариуцагчийн дансанд нэхэмжлэгч мөнгө шилжүүлдэг байсан. Хариуцагч мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. 1.135.000, 1.955.000 төгрөгийг хамт амьдарч байх хугацаандаа зарцуулсан гэдэг тайлбарыг хэлдэг. 6.000.000 төгрөгөөс өмнөх бага багаар шилжүүлээд байгаа мөнгийг нэхэмжлэгч цалингийн зээл аваад Золжаргал руу шилжүүлж байсан. ...Анх зээл авахад нь Золжаргал хамтран зээлдэгчээр оролцож байсан. Цалингийн зээл авсан 2 гэрээ байна. Золжаргал энэ мөнгийг хэрэглэх зорилготой байсан гэдэг нь үүнээс харагдаж байна. Хариуцагчийн тайлбар нотлох баримтаар нотлогддоггүй. Хийсвэр байдлаар ярьдаг. Нэхэмжлэгчийн шаардлага бол нотлох баримттай яригддаг. Хариуцагч бөөн орж ирсэн мөнгөө хүлээн зөвшөөрөөд, цувж орсон мөнгөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч О.Гэрэлмаа нь хариуцагч М.Золжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 6,000,000 төгрөг гаргуулах үндсэн шаардлага, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1,135,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 1,955,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, М.Золжаргалаас 9.090.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх М.Золжаргалаас 6.055.680 төгрөг гаргуулан М.Гэрэлмаад олгохоор шийдвэрлэж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч М.Золжаргал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч М.Золжаргалаас “...Би портер машин авахаар 6.000.000 төгрөг бол авсан нь үнэн, үүнээс 3.000.000 төгрөгийг төлсөн, үлдсэн мөнгийг надаас нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн бид хоёр хамтын амьдралтай байхдаа бие биедээ мөнгө төгрөг өгч авалцаж байсан. Энэ бол зээлийн харилцаа биш байхад надаас 6.055.680 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч О.Гэрэлмаа, хариуцагч М.Золжаргал нар нь 2015 оноос 2019 он хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан ба 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүү Насанбат төрсөн байна.

Зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкнаас машин авах зорилгоор хоёулаа хамтран зээлдэгчээр оролцож  7.500.000 төгрөгийн зээл авч 6.000.000 төгрөгийг М.Золжаргалд шилжүүлснээ нэхэмжлэгч О.Гэрэлмаа буцаан авахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сараас 2019 он хүртэлх хугацаанд цалингийн зээлээ нэмэгдүүлэн авч М.Золжаргалд 1.1350.000 болон 1.955.000 төгрөг нийт 3.090.000 төгрөг цувуулан шилжүүлж өгснөө буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн ба дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банканд эзэмшдэг 5684071147 дугаар бүхий дансны дэлгэрэнгүй хуулга болон зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Зохигчид нь хамтын амьдралтай байх хугацаандаа өөрсдийн ахуй хэрэглээндээ зориулж зээл авч хэрэглэсэн байх ба  зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар тэдний ХААН банкнаас авсан зээлээ буцаан төлөх үүрэг  тэнцүү байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг хуулийн хүрээнд шинжлэн судалж, үйл баримтуудыг зөв тогтоож, үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг өгсөн ба 6.055.680  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг буруутгах боломжгүй боловч зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа хоорондоо харилцан өгч авалцаж байсан мөнгөн хөрөнгийг 100 хувь хариуцагчаар гаргуулах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд 50 хувийг нэхэмжлэгчид хариуцуулах нь зүйтэй гэж үзэж, М.Золжаргалын ХААН банкны 6.000.000 төгрөгийн зээлэнд төлсөн 3.034.320 төгрөгийг хасч 2.965.680 төгрөг дээр, нэмэгдүүлсэн шаардлагын 3.090.000 төгрөгийн 50 хувь 1.545.000 төгрөгийг нэмж нийт 4.510.680 төгрөгийг хариуцагч М.Золжаргалаас гаргуулан О.Гэрэлмаад олгож, нийт 9.090.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.579.320 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан боловч нэхэмжлэгч О.Гэрэлмаагийн Хаан банкнаас авсан цалингийн зээл нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш үлдэгдэл зээл дээр нэмж авах байдлаар үргэлжилж явагдсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрөө сайн дураар татгалзсан байхад нэхэмжлэгчийн татгалзлыг батлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн алдаатай дүгнэлт болсон тул түүнийг зөвтгөж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийдвэрийн

1 дүгээр заалтыг:

“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О.Гэрэлмаагаас хариуцагч М.Золжаргалд холбогдуулан гаргасан хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар хариуцагч М.Золжаргалаас 4.510.680 төгрөг гаргуулан О.Гэрэлмаад олгож, 4.579.320 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дугаар заалтыг:

 “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188.970 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  4.510.680 төгрөгт тохирох 87.121 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дугаар зүйлийн 59.3-д хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.900 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээгээр тооцон 20.146 төгрөгийг  шүүгчийн захирамжаар хариуцагч М.Золжаргалд буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.                

    ДАРГАЛАГЧ                                  Д.БУЯНЖАРГАЛ 

    ШҮҮГЧИД                                   Г.ДАВААРЕНЧИН

     Б.ЭРДЭНЭХИШИГ