| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0122/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/120 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, хохирогч Ц.Пүрэвдорж, шүүгдэгч Н.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Чинбатад холбогдох эрүүгийн 1836000400067 дугаартай, 178/2018/0122/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 06 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс-захчин, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 13-03 тоотод оршин суух, Боржигон овогт Наранцогтын Чинбат
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Чинбат нь 2017 оны 08 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр 2 дугаар сургуулийн багш нарын байрны гадна талд Ц.Пүрэвдоржтой маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө дотуур байранд сангийн ажил хийсэн. Би Дашцэрэн, Даваацэрэн нартай ажлаа хийж дуусаад гадна талд нь траншейны нүх ухсан байсныг гараар ухаж дуусгаад цай уугаад сууж байтал хохирогч Пүрэвдорж нар согтуу ирээд яриа өдөж эхэлсэн. Мөн миний үс ургасан байна, бөө болсон юм уу? гэх мэтээр яриа өдөөд байсан. Мөн намайг Улааанбаатар хотод Н.Энхбаярыг дагаад хамт явж байсан, бөгсийг нь долоодог юм уу? аль намынх вэ? Галсандондогийг яагаад дагахаа больсон гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь ууж байсан савтай цайгаа шидээд маргаан үүссэн. Би босоод 2 өшиглөхөд над руу газу аваад шидэхээр нь би буцаагаад өөрийг нь цохисон. Мөн над руу чулуу аваад шидэхээр нь бултаад, эргүүлээд чулуу аваад шидэхэд нүүрэн тус газар нь оносон. Би цагдаад согтуу хүн агсам тавиад байгаа талаар хэлээд явсан. Намайг хуулийн байгууллагад хандахад хохирогч талд шийдэгдээд байдаг. Хохирогч намайг хутга барьж хөөсөн мэтээр худлаа хэлсэн байсан. Намайг хэргийн материалтай танилцуулалгүй байж байгаад шүүх дээр ирэхэд танилцуулсан. Би тухайн асуудлыг Галсандондогтой холбоотой явуулга гэж ойлгож байгаа. Мөн цагдаа нарт үүрэг өгсөн гэж ойлгож байгаа. Хутганы асуудлыг яагаад шалгаагүйг гайхаад байгаа учраас асуудлыг үнэн мөнөөр нь шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Н.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 07 сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд зах дээр зогсож байхад манай ээжийн ногоо зарж байсан газар дээр хүн хүрч ирээд ногоо худалдан авах гэтэл Х.Алтангүл нь ирээд худал хэлээд дуудаад дагуулаад явсан юм. Тэгэхээр нь би Х.Алтангүлийг чи надаас ногоо авах гэж байсан хүнийг худал хэлээд замаас нь дагуулаад яваад өглөө боль гэтэл битгий хуцаад бай чи эрт бууж шоудах гээд байна гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би Х.Алтангүльд юу ч хэлэлгүй зогсож байтал Х.Алтангүл нь би чамайг цагдаагийн газарт дуудлага дуудаж мөнгө салгаж авна гэж хэлээд аман дотороо үглээд хараал хэлээд байсан юм. Тэгээд би сүүдрэвчний уяагаа тайлах гэтэл тайлуулахгүй байхаар нь би нүүрлүү нь нэг удаа алгадсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан. Би Х.Алтангүлийг цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, / хх-08-09 хуудас/
Хохирогч Ц.Пүрэвдорж нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би хажуу талд нь байдаг найзындаа ороход манай найз архи уусан байсан. Би гараад явж байгаад Дашнямыг таньдаг байсан бөгөөд Н.Чинбатыг хас тэмдэг зүүсэн мэтээр хэлсэн нь үнэн. Харин хошного долоох гэсэн үгийг хэлээгүй. Над руу хутга бариад дайрахаар нь газу авч дайрсан. Миний зүгээс гомдолтой байгаа. Харин ямар намын хүн гэдгийг асууж байсан. Миний өрөөсөн нүд хаагдсан бөгөөд сургуулиасаа жилийн чөлөө аваад эмчилгээнд явсан. Энэ хугацаанд Н.Чинбат надтай нэг ч удаа утсаар холбогдоогүй. Би өмнө нь Н.Чинбаттай маргаж байгаагүй гэв.
Хохирогч Ц.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдөр би тэд нар дээр очоод сонин юу байцгаана гээд очоод мэндэлсэн тэгэхэд тэд нар намын тухай яриад сууж байсан. Тэгээд би Н.Чинбатаас чи яг аль нам юм бэ нэг бол Ардчилсан нам гээд, нэг бол Ардын нам гээд байх юм ямар учиртай юм бэ гэж асуухад миний зүүн шанаа руу нэг удаа хүчтэй гараараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь чамайг ална гээд өмдний кармаанаасаа тонгорог гаргаж ирээд дэлгэсэн ишийг нь харж чадаагүй. Хажууд байсан залуучууд Н.Чинбатыг барьж аваад хориглосон тэгээд хутгаа далд хийгээд замын хар лактай холилдсон цемент хоёр атгыг аваад шидсэн тэгэхээр нь би зугтаасан. Зугтаж байх хугацаанд дахиад аваад шидсэн тэгэхэд миний нүдний дээд талд оносон. Тухайн үед би газар унахад Чинбат миний дээрээс цементээр цохиод байхаар нь би хажууд байсан хүмүүсийг наад хүнээ аваач аллаа шүү дээ гэхэд салгасан тэгэхээр нь би цусаа гоожуулаад цагдаа дээр ирсэн гэх мэдүүлэг / хх-54-55 хуудас/
Гэрч Б.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдөр Пүрэвдорж бид нар дээр ирж мэнд мэдээд бид нарын хажууд сууж байсан. Тэгээд Н.Чинбатыг хэл амаар доромжлоод чи урт үстэй, эсгий малгай тавьчихсан хүзүүндээ гинж зүүчихсэн бөө болчихсон юмуу гэж асуухаар нь Н.Чинбат би бөө болчихсон гэж хэлэхэд Пүрэвдорж чамайг зурагтаар харахад чи ерөнхийлөгч Н.Энхбаярыг дагаад дальжигнаад явж байна лээ. Чи аль нам юм бэ Ганданповрон та хоёр Галсандондогийг дагаад далдагнаад байсан одоо яагаад байгаа юм гэхэд Н.Чинбат ер нь би хүн дагаад далдагнаад байдаг хүн биш би Ховдын төлөө явдаг хүн гэж хэлсэн. Тухайн үед Н.Чинбат нь ууж байсан цайгаа Пүрэвдорж руу цацаад лалар минь гээд нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд бид нар салгаад хоёр талд суулгаж байтал Чинбат цемент аваад шидэхэд Пүрэвдоржийн толгой хагарсан гэх мэдүүлэг /хх 5-6 дугаар хуудас/
Гэрч Ч.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Н.Чинбат нь ууж байсан савтай цайгаа Пүрэвдорж руу цацаад чи яах гээд байгаа пиздаа вэ гэж хэлээд нүүрлүү нь 2-3 удаа цохисон. Пүрэвдорж нь газарт уначихаад босоод улаан өнгийн гаазуу аваад шидэхэд нь Чинбат бултаад бид нар салгасан. Тэгтэл Чинбат нь газраас чулуу аваад Пүрэвдорж руу шидтэл оноод толгой нь хагарсан гэх мэдүүлэг... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
2017 оны 09 сарын 01-ний өдрийн 444 дугаартай шинжээчийн: Ц.Пүрэвдоржийн биед гэмтэл учирсан байна.
Ц.Пүрэвдоржийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн нүд хаван хавдар, зулайн баруун хэсэгт 2.6х06 см зулгаралт, зүүн нүдний дээд хэсэгт 1.7х0.6 см шарх, зүүн нүдний дээд хэсэгт 6х0.8 см зулгаралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт 1.5х0.6 см зулгаралт, баруун тохой хэсэгт 0.8х0.5 см зулгаралт, баруун тохой хэсгийн хаван хавдар, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт олон тооны зулгаралтууд, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт 6х4 см захаараа шаргал туяа орсон цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Ц.Пүрэвдоржийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
Ц.Пүрэвдоржийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид эрүүл мэнд болон болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх 10 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Чинбат нь 2017 оны 08 сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр 2 дугаар сургуулийн багш нарын байрны гадна талд Ц.Пүрэвдоржтой маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 18 тоот 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй Шүүх сэтгэцийн дүгнэлтэнд: Н.Чинбат нь мэдрэл сэтгэцийн хувьд тархины гэмтлийн дараах үлдэц өөрчлөлт, уналт, таталт, бие хүний зан төрхийн өөрчлөлт духны хам шинж өвчтэй,
Н.Чинбат нь тархины гэмтлийн дараахь үлдэц өөрчлөлт, духны хам шинж,
Н.Чинбатын энэ өвчин нь 1980 онд тархинд гэмтэл авсаны дараа үеэс өвчин эхэлсэн,
Н.Чинбат нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай,
Н.Чинбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй,
Н.Чинбатын энэ өвчин нь эдгэрэх боломжгүй, тухайн үеийн таагүй нөхцөлд сэтгэл нь цочирдон бухимдаж өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй, энэ үед 2-р шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэх боломжтой гэжээ.
Иймд шүүгдэгч Н.Чинбатад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Чинбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх 20 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1.2-т“гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.”
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэснээс хойш нэг жил” өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон холбогдуулж шүүгдэгч Н.Чинбатад улсын яллагчын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9-д зааснаар сэтгэц наркологийн тасагт 6 сарын хугацаатай сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй болно.
Шүүгдэгч Н.Чинбат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Наранцогтын Чинбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Наранцогтын Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Наранцогтын Чинбат нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч Ц.Пүрэвдорж нь эрүүл мэнд, эд хөрөнгийн хохиролын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Чинбатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС