Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2022/00019

 

 

Ж.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.*******,

 Хариуцагч О.*******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, төрөөс олгож буй тэтгэмжийн мөнгийг О.*******д олгох эрхийг цуцлах тухай

 Хэргийг хариуцагч О.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахимаар/, хариуцагч О.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлдээ:

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, төрөөс хүүхдэд олгож буй тэтгэмжийн мөнгийг О.*******д олгох эрхийг цуцлуулах

...О.******* бид 2 2015 онд гэр бүл болсон. 2016 онд ******* гэх охинтой болж 2017 оноос тусдаа амьдрах болсон. ******* явахдаа охиноо надад үлдээж явчихаад 10 хоногийн дараа буцаж ирж охиныг авсан. Тэр хугацаанд харж байгаад буцааж авч ирж надад өгсөн. Түүнээс хойш охин одоо хүртэл над дээр байгаа. Одоо 5 настай. 2021 онд хүүхдийн мөнгө 100,000 төгрөг болоход О.******* өөрийнхөө нэр дээр хүүхдийн мөнгийг авдаг болсон. 20,000 төгрөгийг дэвтэр нээлгээд банканд хадгаламж нээлгэсэн байсан бас авсан. Одоо би тусдаа гэр бүлтэй болсон. О.******* ч гэсэн гэр бүлтэй болсон. Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөрийнхөө асрамжинд байлгах хүсэлттэй байна. Сар бүр төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ дансанд ордог болгомоор байна гэжээ.

Хариуцагч О.******* хариу тайлбартаа: ... Гэр бүлээ цуцлуулж хүүхдээ авмаар байна. Хүүхдийн мөнгийг хадгаламжид хийж байгаа. Одоо ч гэсэн хадгаламжид нь 700.000 төгрөг байгаа. Хүүхэддээ зарцуулна гэж бодоод хадгалж байгаа. Надтай байхдаа Ж.******* архи ууж орж ирээд агсам тавиад зодож байсан. Шөвөг барьж чамайг би ална шүү гэдэг байсан. Тэгээд би ээж, аав дээрээ очсон. Дүүдээ хэлээд 108 руу залгаад хүүхдээ аваад байж байхдаа хүнтэй суухад над дээр ирж агсам тавиад миний араас хутга шидсэн. Би бултсандаа өнөөдөр ингэж зогсож байгаа, хэрвээ бултаагүй бол ингээд зогсож байхгүй. Тийм учраас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэсэн байр суурьтай байгаа гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 05-р сарын 03-нд төрсөн охин Т.******* эцэг Ж.*******ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2016 оны 05-р сарын 03-нд төрсөн охин Т.******* 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эх О.*******аар сар бүр тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эцэг Ж.*******д даалган,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар О.*******ыг үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг Ж.*******д даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг эцэг Ж.*******, эх О.******* нарт харилцан тэнцүү хүлээлгэхээр тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэгт зааснаар эцэг Ж.*******, эх О.******* нарын хүүхдээ хүмүүжүүлэх үүргийн хэрэгжилтэд Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг дарга, тус сумын хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавихыг мэдэгдэж, шийдвэрийн хувийг хүргүүлж,

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц 2016 оны 05-р сарын 03-нд төрсөн охин Т.*******д асран хамгаалагч Ж.*******аар дамжуулан Засгийн газраас хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг олгохыг Сэлэнгэ аймгийн ******* сумын хүүхдийн тэтгэмж олгох эрх бүхий банк, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнд даалган,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д нэхэмжпэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан Ж.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 5-д зааснаар хариуцагч О.*******аас нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37.913 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч О.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Гомдлын шаардлага: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байна.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасангүй.

Нэхэмжлэгч Ж.******* нь надад холбогдуулж гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, төрөөс хүүхдэд олгож буй тэтгэмжийн мөнгийг надад олгох эрхийг цуцлуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч харин охин Анар-Эрдэнийг би өөрийнхөө асрамжинд авахаар маргасан.

Гэр бүлийн хуулинд үр хүүхдээ асрамжлах ээж аавын үүрэг гэж байхаас эмээ өвөөгийн үүрэг гэж байхгүй атал шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... хүүхэд Ж.*******ын эцэг эхэд ээнэгшин дассан, ёс суртахууны байдал, хүүхэд өсгөх боломж зэргийг харгалзаж үзэж охин Т.Анар-Эрдэнийг нь эцэг Ж.*******ын асрамжинд үлдээж гэсэн нь бодит байдалд нийцэхгүй хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо гэж үзэж байна.

Нэхэмжлэгч малтай гэж амаараа л яриад байсан болохоос үүнийг нотолсон баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байхад хүүхэд өсгөх амьдралын боломжтой, надаас илүү амьжиргаатай гэдгийг ямар баримтаар тогтоож үнэлснийг би мөн л ойлгосонгүй. Шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтгүй хэлж ярьсан зүйлд хэт автан түүний амьдрал хөрөнгийг урд нь мэддэг байсан мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хөндлөнгийн нөлөөнд автсан байх гэсэн хардлагыг ч надад төрүүлж байна. Би өөрийн охиноо ах дүү аав ээжийн дэмжлэгтэйгээр өсгөөд аваад явж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа тул охиноо авах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж охин Т.Анар-Эрдэнийг миний асрамжинд үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд 2016 онд төрсөн охин Ж.Анар-Эрдэнийг эцгийнх асран хамгаалалтанд өгсөн асуудал нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн мэдүүлэгт хөтлөгдөн Ж.*******ыг надаас илүү амьжиргааны түвшинтэй гэж үзсэнийг ойлгосонгүй гэж тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Сэлэнгэ аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар нь тэдний аж амьдралыг судалсан байдаг бөгөөд Ж.*******ын ахуй амьдралын байдал, хүүхэд аав ээжийнхээ хэн дээрээ өсөж хүмүүжихэд ээлтэй орчин хаанаа байгааг шинжлэн судалж тогтоосон учир шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх Ж.*******, О.******* нарын гэрлэлтийг цуцалж хүүхдийг эцэг Ж.*******ынх нь асрамжид үлдээж, хүүхдийг эрүүл саруул өсөж бойжих, сурч боловсроход нь зориулж төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэлэг, хүүхдийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн шийдвэр нь хүүхдэд Гэр бүлийн болон Хүүхэд хамгааллын хуулиар олгосон эрхийг нь хангаж өгсөн шийдвэр гэж үзэж байна

Иймд ИХШХШТХуулийн 167-р зүйлийн 167.1.1-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ж.*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг Хонгор овоо гэх газарт оршин суух Ж.******* нь мөн аймгийн ******* сумын ******* 2 дугаар багт оршин суух О.*******д холбогдуулан Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, төрөөс хүүхдэд олгож буй тэтгэмжийн мөнгийг О.*******д олгох эрхийг цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг хариуцагч О.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч О.*******аас ... Гэр бүлийн хуулинд үр хүүхдээ асрамжлах ээж аавын үүрэг гэж байхаас эмээ өвөөгийн үүрэг гэж байхгүй атал шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... хүүхэд Ж.*******ын эцэг эхэд ээнэгшин дассан, ёс суртахууны байдал, хүүхэд өсгөх боломж зэргийг харгалзаж үзэж охин Т.Анар-Эрдэнийг нь эцэг Ж.*******ын асрамжинд үлдээж гэсэн нь бодит байдалд нийцэхгүй хэт нэг талыг барьсан шийдвэр боллоо гэж үзэж байна. ... Шүүх нэхэмжлэгчийн нотлох баримтгүй хэлж ярьсан зүйлд хэт автан түүний амьдрал хөрөнгийг урд нь мэддэг байсан мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хөндлөнгийн нөлөөнд автсан байх гэсэн хардлагыг ч надад төрүүлж байна. Би өөрийн охиноо ах дүү аав ээжийн дэмжлэгтэйгээр өсгөөд аваад явж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа тул охиноо авах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж охин Т.******* миний асрамжинд үлдээж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар: - Гэрлэгчид нь 2015 онд гэр бүл болж хамтын амьдралтай болсон бөгөөд охин Т.******* 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрж 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн 4328000005 тоот гэрчилгээ авснаар албан ёсны гэр бүл болсон байна.

Гэрлэгсэд нь таарамжгүй харилцаатай болсны улмаас 2017 оноос тус тусдаа амьдарч ирсэн ба охин Т.******* эцэг Ж.*******ын асрамжид байдаг болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар ...гэрлэгсэд эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасныг үндэслэн гэрлэгсдийн хэн аль нь цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх санаачлагагүй, дахин өөр гэр бүл зохиож үр хүүхэдтэй болцгоосон, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа амжилтгүй болсон, гэрлэгсдийн хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнээд гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын хувьд:

Зохигчдын зүгээс асрамжийн талаар хэн аль нь охин Т.******* өөрийн асрамжид авах хүсэлтэй талаар маргасан.

Гэрлэгсэд нь 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Т.Анар-Эрдэнэ нь 1 настайгаас хойш өнөөдрийг хүртэл эцэг Ж.*******ын асрамжид байдаг болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба хүүхдийн асрамжийн талаар талууд харилцан тохиролцоогүй тул анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн асрамжийг шийдвэрлэхийн тулд шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт болон хүүхдийн насны байдал, амьдрах ахуй нөхцөл, хүүхдэд тавих эцгийн халамж зэрэг байдлуудыг харгалзан зохих дүгнэлт хийж шүүхээс охин Т.******* эцэг Ж.*******ын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн нь нотлох баримтанд үндэслэсэн хууль ёсны шийдвэр гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Бага насны хүүхдээс өөрийнх нь саналыг харгалзан үзэх боломжгүй нөхцөлд шинжээчдийн гаргасан дүгнэлтийг баримтлах нь зохистой бөгөөд гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхэд эцэг,эхийн хэн алиных нь асрамжинд байхаас үл хамааран эцэг, эх хүүхдийн хүмүүжил, боловсрол, эрүүл мэнд өсөн бойжиход ижил оролцоотой байх,, түүнчлэн хэн аль нь үүргээ хэрэгжүүлэхэд харилцан ямар нэгэн саад учруулахгүйгээр бололцоо олгохыг ч шүүх шийдвэртээ тусгасан байгааг анхаарвал зохино.

Төрөөс хүүхдэд олгож буй тэтгэмжийн мөнгийг О.*******д олгох эрхийг цуцлуулах тухай шаардлагын хувьд:

Гэрлэгсэд нь 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд Охин Т.******* нь эцэг Ж.*******ын асрамжид байгаа бөгөөд хүүхдэд улсаас сар бүр олгогддог 100.000 төгрөгний мөнгөн тэтгэмжийг эх О.******* нь 2021 оноос хойш авч байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогджээ.

Төрөөс хүүхдийн хэрэгцээнд зарцуулахаар сар бүр олгож буй 100.000 төгрөгний мөнгөн тэтгэмж хүүхэд хэний асрамжинд байгаагаас хамаарч тухайн этгээд авч тухайн хүүхдийн хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй тул охин Т.******* эцэг Ж.*******ын асрамжинд байгаа нөхцөлд эцгээр нь дамжуулан охин Т.*******д олгогдох учиртай тул тухайн шаардлагад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн 75 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.*******ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ