| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 186/2019/0334/Э |
| Дугаар | 317 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.2., 11.7.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 317
Ц.Б, Ц.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Данзанноров, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 926 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр магадлалтай Ц.Б, Ц.М нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ц.Б, Ц.М болон тэдний өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Вэлс-Мон” компанид борлуулагч ажилтай, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 21 дүгээр гудамжны 184 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Цын Б,
2. Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан депод машинчин, ээлжийн ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Улиастайн 7-36 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Цын М.
Ц.Б нь 2014 оны 02-03 дугаар сард, 2016 оны 11 дүгээр сард, 2017 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 05 цагийн орчим, 2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 05 цагийн орчим тус тус Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр гудамжны 184 тоотод байрлах өөрийн гэртээ, 2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-57 тоотод иргэн З.Мийн байшин дотор болон хашааны гадна өөрийн эхнэр Б.Х хувийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулан байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлаасан,
2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнийн 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-507 тоотод хадам эх болох ахмад настай С.Эийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, уг зодооныг таслан зогсоох гэсэн эхнэр Б.Хийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан,
2018 оны 08 дугаар сарын 07-ны шөнийн 06 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо, Яргайтын 33 дугаар гудамжны 507 тоотод хадам ах Б.Баяртөрийг гэртээ унтаж байхад нь хувийн таарамжгүй харилцааны улмаас заазуураар толгойд нь 1 удаа, зүүн даланд 2 удаа зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Ц.Б, Ц.М нар бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 21 дүгээр судамжны 184 тоот хашааны үүдэнд хохирогч Т.Жыг “таксины мөнгө нэмж авах гэлээ” гэх шалтгаанаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, тээврийн хэрэгслийн түлхүүрээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ц.Б 2014 оны 02-03 дугаар сард эхнэр Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой руу нь гар утсаар цохиж, эрүүл мэндэд “баруун чамархайн урд хэсэгт 6 оёдол бүхий сорив” хөнгөн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сард эхнэр Б.Хийг хардалтын улмаас зодож, бие махбодид нь зовиур шаналгаа үүсгэсэн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,
Прокуророос шүүгдэгч Ц.Б, Ц.М нарт Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял сонсгож ирүүлсэн хэргээс шүүгдэгч Ц.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, Ц.Б холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, мөн шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж,
Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, тарчлаасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мен хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүхэд шүүгдэгч Ц.М гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.М би Ц.Бийн төрсөн ах бөгөөд Т.Жын хууль бус үйлдлээс дүүгээ хамгаалсан юм. тухайн үед Т.Жыг огт цохиогүй, бусад байдлаар гэмтэл учруулсан үйлдэл огт хийгээгүй, харин түүний зүгээс миний дүүг зодсон, гэмт үйлдлийг зогсоосон бодит байдалд ийм үйл явдал болсон. Т.Жын биед гэмтэл учирсан үйлдэлд миний үйлдэл оролцоо байхгүй, тэр тусмаа дүүтэйгээ бүлэглэсэн үйлдэл байхгүй.
Т.Жаас мөрдөн байцаалтын шатанд олон удаа мэдүүлэг авсан байдаг. Тэрээр 1 жил гаран бодсоны эцэст мэдүүлгээрээ Ц.Б өөрт нь гэмтэл учруулсан, намайг цохиогүй гэсэн агуулгатай мэдүүлдэг. Түүний ийнхүү өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж надад холбогдох үйлдлэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцсэн шударга шийдвэр болсон гэж үзэж байна.
Тухайн хэрэг маргааны талаар би болон миний дүү Ц.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Эдгээр мэдүүлэг болон гэрч Эын мэдүүлгүүдийг яг ямар үндэслэлээр үгүйсгэснийг ойлгоогүй. Т.Ж таксины мөнгө илүү нэхсэнээс үүдэн маргаан эхэлж, тэрээр уурлан, дургүйцлээ илэрхийлж Ц.Бийн хоолойг боосон, километрийн заалтаа хар гэж машины хүрд мөргүүлсэн. Үүнээс болж дүү өөрийн амь насаа хамгаалан тэмцэлдсэнээс түүнд хүнд гэмтэл учруулсан бөгөөд түүний биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч түүнээс мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед уучлалт гуйсан.
Яг энэ гайтай хэргээс шалтгаалж манай гэр бүлд нөхөж баршгүй маш хүнд байдалд орсон. Ээж минь элэгний хавдар өвчний улмаас хэвтэрт байсан бөгөөд Т.Жын танхайрсан энэ үйлдлээс болж тэрээр сандарч боссон, сэтгэл санаа нь гүн хямарснаас эмчилгээний дэглэм алдагдаж, тухайн үедээ цусаар бөөлжиж, улмаар тэнхрэхгүй байсаар мөнх бусыг үзүүлсэн. Өндөр настай аав минь хийж бүтээсэн зүйлтэй, олонд хүндлэгдсэн Монгол Улсын гавъяат зүтгэлтэн хүн байсан энэ хэргийн үнэн зөвийг олох гэж цаг наргүй зүтгэсээр мөн бурхан болсон. Аав минь бидний өмгөөлөгч нартай маань 400-500 орчим удаа уулзаж, хууль хяналтын байгууллагын үүд сахиж, гомдол тэмцэл хийсэн ч нас, бие нь дийлээгүй. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмгэгтэй дүүг минь харж хандан асардаг байсан. Сэтгэцийн эмгэгтэй дүү маань одоо гэртээ олигтой харж хандах хүнгүй байгаа. Ц.Б дүү маань энэ хэрэгт холбогдсоноос хойш 2 жил гаруй хугацаанд хоригдож байгаа.
Миний бие Дархан-Уул аймагт цусны өвчтэй эхнэрээ асран халамжилж амьдарч байна. Үнэхээр харамсалтай байна. Энэ хэрэгт Ц.М би огт холбогдолгүй гэдгээ гомдлоороо уламжилж байна. Шүүгч та бүхэн шударга ёсны үүднээс хэргийн болсон бодит байдлыг нягтлан шалгаж, ялгаж, салган өгнө гэдэгт итгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгч Ц.Б гаргасан гомдолдоо “...Ц.Б би Т.Жын машинаар үйлчлүүлж өөрийн гэртээ хүргүүлээд мөнгө илүү нэхэхээр нь тайлбарлан хэлж ойлгуулах гэтэл үгийн зөрүүгүй харааж, намайг 3-4 удаа нүүр рүү цохисон, ...машин дотор нь зодуулсан. ...Миний эд зүйл машин дотор нь байсан тул би машиных нь түлхүүрийг авсан. Түлхүүрээ авая гэхээр нь эд зүйлээ авая гээд бид 2 дээр, доороо орж зодолдсон. Би болие гэсэн боловч Ж болихгүй байсан учир би тусламж гуйж хашаагаа онгойлгож туслаарай гэхэл ах М дотуур хувцас, тавчиктайгаа гарч ирээд юу болж байна, өвчтэй, зовлонтой хүмүүс байгаа хашаанаас гар гэж жолоочид хэлэхэд ахыг нүүр рүү цохиж унагаасан. Энэ үед би жолоочтой дахин зодолдсон. Аав Ц гарч ирэн цагдаа дуудна гэхэд Ж цагдаа дуудах хэрэггүй гээд машинаа орхиод зугтаагаад явсан.
Үүний дараа цагдаа нар ирсэн. Болсон хэргийн талаар тайлбарлаад машинаас нь эд зүйлээ авсан. Миний өмсөж явсан саарал ноосон цамц урагдаж, цус болсон учир машинд нь орхисон үүнийг ахмад Пүрэвдорж харсан ба мэдүүлэгтээ хэлсэн. Хэргийн бодит байдал ийм л зүйл болсон. Үүнээс хойш асуудал өөрөөр эргэж эргэлзээ бүүхий олон асуудал үүссэн. Дурдвал, Цагдаагийн хэлтэс дээр тухайн өдөр Жын нурууд 2 ширхэг шарх байсан. Нэгдэх шарх нь уушигны харалдаа, хуучин тав тогтсон шарх, доод талын бөөрний харалдаах шарх нь шинэ бөгөөд жаахан цус хурсан байсан. Ж хавтаст хэрэгт тухайн үеийн шархнаа шал өөр шархтай, өөр хүний шархны зураг өгсөн. Өөрийнх нь гэж танихааргүй нүүр болон нуруун дээрх шивээс нь гараагүй зураг байдаг. Тухайн үеийн хоёр шархнаас шал өөр том шархны зураг хэрэгт хийсэн байдаг. Мөн хэрэгт мөнгөний баримт гэх Мөнхийн тун эмийн сангаас шарх идээлхээс сэргийлдэг, хурдан эдгээдэг 3 ширхэг тариа авсан баримт нь хэрэг учрал болохоос өмнөх баримт байдаг.
Хэрэг болсон өдөр түргэн тусламжийн эмч Жыг үзээд хэвийн гэсэн. 2016.02.13-нд мөрдөгч түүний бие хүнд эмнэлэгт хэвтсэн гэхээр нь гэмтлийн эмнэлэгт очиход эмч нь зүгээр, өмнөх хүнд хүнээ яая гэж байхад ороо суллаж өг гэж хэлээд гаргасан гэж хэлж байсан. Шинжээчийн дүгнэлтээр түүнийг уушгиндаа хийтэй, хуучин сүрьеэ өвчний соривжилттой, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх байхгүй гэж гарсан. Түүний ах Содномдорж нь өмнө нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад өмгөөлөгч болсон байсан. Содномдорж өмгөөлөгч нь хэрэг болсон орой Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирчихсэн байсан. Мөн хэргийн газрын нөхөн үзлэг хийхээр мөрдөгч ирсэн байхад өмнүүр нь орж, зааж зааварлан хөтөлж үзлэг хийсэн. Нөхөн үзлэг хийсэн өдөр Содномдорж өмгөөлөгч нь аав болон надад хэргийг хөнгөрүүлж ч чадна хүндрүүлж ч чадна гэж дарамталж байсан. Машин доторх үзлэгийг тухайн үед хийгээгүй 3 хоногийн дараа хийсэн. Хэрэг болсон өдөр машинд маш их цус болсон байсан. Үүнийг дуудлагаар ирсэн цагдаа Пүрэвдорж мэдэж байгаа. Мөн машинд үзлэг хийхдээ миний өмсөж явсан саарал ноосон цустай цамцыг өгөөгүй, үзлэгийг хугацаа алдаж хийсэн нь хэргийн ул мөр бодит байдлыг тогтооход саад учруулсан. Бодит байдал тогтоогдоогүй. Цустай цамцыг Пүрэвдорж ахмад мэдүүлэгтээ хэлсэн байдаг.
Ж нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд удаа дараа худал мэдүүлэг өгч, мэдүүлгээ өөрчилж, цаашлаад хэрэг болсон өдрөөс 1 жилийн дараа би гэнэт саналаа дүү нь намайг зодож гэмтээсэн гэж мэдүүлээд байдаг. Тэрээр мөрдөн байцаалтад чиний нурууны шархыг хэн юугаар учруулсан бэ гэхэд Буянзаяа пивоны шилээр, хутгаар, автиркаар, хэн учруулсныг мэдэхгүй байна гэж өөр өөрөөр мэдүүлгээ өөрчилдөг. Сүхбаатар дүүргийн шүүхээс Буянзаяа, Мягмаржав нарын хэргийг хавтгайруулан шалгасан нь буруу. Жамъяангаравын шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бүрэлдэхүүнтэй дүгнэлт дахин гаргуулахаар даалгасан байхад Жамъяангарав ирэхгүй хүндрэл учруулж мөрдөгчөөр дуудуулж ирсэн байсан. Миний толгойн томографикийн зургийг Батцэнгэл эмч алга болгосон. Хэрэг Сүхбаатар дүүргээс Чингэлтэй дүүрэг рүү шилжихэд Жтай холбоотой 3 хавтас хэрэг байсныг прокурор Батбямба задалж дугаарыг нь өөрчилж, гэр бүлийн маргааны хэрэгтэй хольж боосон, хавтас хэргийн материалыг дутаасан, 2 ширхэг сиди бичлэг байсныг 1 нь авч үлдсэн, 1 нь шүүх рүү шилжүүлсэн.
Ийм олон эргэлзээтэй асуудал байсаар байтал Буянзаяа би Жыг хүн ёсоор хандан эмнэлэгт үзүүлье гэхэд тэр болон түүний аав машины лизинг өгчихвөл гомдол, саналгүй гэж хэлж болно гэсэн. Үүний дагуу миний өмгөөлөгчөөр ажиллаж байсан Сарангэрэл, прокурор Цэцэгмаа нь нэхээд байгаа мөнгийг нь өгчихөөд гомдол, саналгүй гэвэл зүйл заалтыг чинь хөнгөрүүлж, бүлэг биш болж ах чинь хамааралгүй болно гэж хэлсэн. 5.5 сая төгрөг өгч гомдол, саналгүй гэдэг бичиг бичих үед өмгөөлөгч Содномдорж, Сарангэрэл нар байсан. Энэ бичиг хавтаст хэрэгт байгаа. Тухайн үед би болон миний ах гэмтэл авч бэртсэн. Үүнээс болж ах 3 цагийн бүтэн норкозтой маш хүнд хагалгаанд орсон, энэ талаарх 2 ширхэг сиди хэрэгт байсан боловч 1 болсон. Үүнийг прокурор Батбямба мэдэж байгаа. Би энэ хагалгаа, эмчилгээний зардлыг нэг ч удаа энэ хүнээс нэхэж байгаагүй, эр хүний хувьд хүн чанар гаргасан. Гэтэл хүнд гэмтэл учруулчихаад хэргээ хүлээдэггүй, хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна.
2003 онд Хтэй гэр бүл болж 14 жил сайхан амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй, элэг бүтэн амьдарч байсан. Би 14 жилийн хугацаанд Х болон хадам ээж Эрдэнэцэцэг, гэрч Цолмонцэцэг нарын хүний тэр тусмаа эх хүний санаанд оромгүй мэдүүлээд байгаа шиг зодож, хүчирхийлж байсан бол Х нь 3 хүүхэд гаргаад өдий болтол амьдрах байсан болов уу. Прокуророос гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 7 үйлдлээр буруутгаж байгаад тайлбар гаргаж байна.
1. 2016 оны 11 сард Хийн найз Оюунцацралын нөхөр Бэхболд нь надад хандан Дорнод руу идшиндээ явсан хойгуур чинь эхнэртэй чинь унтсан гэж хэлснээс болж эхнэртэй хэрэлдсэн. Зодож, зовоосон зүйл огт болоогүй.
2. 2017.03.15-17-ны хооронд Х Оюунцацралтай гэрийн гадаа уулзаж байгаад тэр чигтээ явсан. Түүн рүү залгахад утсаа аваагүй, найз руу залгахад эхнэр чинь цагаар буудалд орсон цаг нь дуусаагүй байна гэсэн. Эхнэрээс асуусан маргалдсан, намайг цагдаад өгсөн.
3. 2017.08.08-ны өдөр буруу харж хэвтлээ гэсэн шалтгаанаар зодсон гэдэг боловч ийм зүйл болоогүй, энэ өдөр эхнэр гэртээ хоноогүй. Ийм зүйл болсон бол намайг цагдаад өгөх байсан. 87-13 УНВ сонота 6 машинд суугаад явсан. Түүнээс хаана хоносон бэ гэхэд эгч Батдолгорынд хоносон гэдэг. Энэ өдрийн шинжээчийн дүгнэлт байдаггүй. Намайг гүтгээд байна.
4. 2017.08.15-нд хадмын гэрт очсон боловч ээж Эрдэнэцэцэгт гэмтэл учруулаагүй. Энэ нь шинжээчийн 10448 дугаартай дүгнэлтээр нотлогддог. Энэ дүгнэлт гарахаас өмнө мөрдөн байцаагчид хадам ээж яаж өөрийгөө орилж, хашгирч гэмтээснийг мэдүүлсэн. Мэдүүлэг, дүгнэлт 2 таардаг. Тухайн үеийн үйлдлийг гэрчлээд байгаа Цолмонцэцэг нь хадам аавын ахынх нь төрсөн охин бөгөөд тэдний гэр хадмын хашаанаас 3 хашааны цаана байдаг. Тэгэхээр болсон үйл явдлыг гэрчлэх боломжгүй. Хэргийн газрын үзлэг хийгээгүй. Ү.Цолмонцэцэг нь маш зэрлэг гэрчийн мэдүүлэг өгсөн. Түүний мэдүүлэг нь тухайн үед дуудлагаар ирсэн 2 цагдаагийн мэдүүлэгтэй таардаггүй. Цагдаа нар Хашцэцэгийг өмдөндөө шээсэн гэж мэдүүлээгүй. Хадам ээж Эрдэнэцэцэг нь зориудаар өөрийгөө гэмтээсэн биедээ юм түрхэж, шарх сорив мэт харагдуулж зураг авч түүнийгээ хэрэгт хавсаргасан. Харин тухайн өдөр Х, Э нарт зодуулж хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоолгож, эмчлүүлсэн боловч гомдол, санал гаргаагүй хэргийг хаалгасан.
5. 2018.08.07-нд Х араас дагаж айлын цонхоор орж хэрүүл маргаан өдүүлсэн учир бухамдсандаа 2 удаа нүүр рүү цохисон. Энэ өдөр учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.
6. 2018.08.07-нд хадам ах Бтэй амдралд оролцлоо гэж муудалцсан. Миний буруу. Хадмын талынхнаас хамгийн сайн залуу уучлал гуйж байна.
Дээрх бүх гэр бүлийн асуудлын үндэс суурь нь эхнэр Хээс болж, гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаатай болж, удаа дараа нөхөр, үр хүүхдээ доромжилсноос үүдэлтэй юм. Эдгээр байдлыг Хтэй ярилцаж, ойлголцож, үр хүүхэд, амьдралаа бодон уучилсан боловч тэрээр өөрийн занг засахгүйгээр барахгүй, миний болон хадмын гэр бүл, хуулийн байгууллагад намайг зодож, дарамталдаг мэтээр буруу ойлгуулж өөрийнхөө үйлдлийг хаацайлсан. Үүнээс болж хадмын тал надад дүргүй болсон. Өмнө энэ хүмүүстэй муудалцдаггүй байсан, харин ч амьдрал ахуйд нь тус нэмэр болж амьдарсаар ирсэн.
Хадмын талын хүмүүсээс товч дурдвал, Хадам ээж Эрдэнэцэг, аав Батбаяр нар малчин. Ү.Цолмонцэцэг нь гэр бүлээс гадуур харилцааны улмаас нөхөртэйгээ муудалцаж нөхөр нь арга буюу гэрээслэл бичээд хоолойгоо боож нас барсан. Түүний төрсөн эгч Мөнгөнцэцэг нөхөр Ш.Сумъяасүрэн нь 2008 онд гэр бүлийн хардалт, маргааны улмаас хутгалуулж нас барсан. Хэргийг нь өөрийгөө хутгалсан гээд хаалгасан. Хадам ээж Эрдэнэцэцэгийн төрсөн ах, эгч 2-н хүүхдүүд хоорондоо муудаж нэгнийгээ хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. Хадмын тал Чингэлтэй дүүрэгт бие биентэйгээ ойрхон амьдардаг, энэ олон нөхөргүй хүүхнүүд бие биенийхээ амьдралд ордог.
Өөрийн гэр бүлийн талаар товч бичвэл, Аав Цэрэн-Очир Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сонины эрхлэгч, радио телевизод захирал, сурвалжлагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж Нямсүрэн боловсролын салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ах Мягмаржав Монголын төмөр замд 20 гаруй жил өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Б би велсмон. “Марал Маргад Мичид” ХХК-нд борлуулагч, жолоочоор тогтвор суурьшилтай ажиллаж, удирдлагын зүгээс шагнагдаж байсан. Би дээрх хэрэгт холбогдсоноос хойш цагдаа, прокурор, шүүх хуулийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, 4 жил гарангийн нүүр үзлээ. Энэ хугацаанд 2016.06.13-нд ээжийгээ, 2019.10.16-нд аавыгаа цаг бусаар алдсан. Ингэж ээж, аавыгаа харамсалтайгаар алдан, энэ насыг хамт туулна гэж итгэж явсан эхнэр Хашцэцэг салж миний амьдрал орвонгоороо эргэсэн.
Миний цаашдын амьдралын гэрэл, гэгээ зорилго болсон 3 хүүхэд минь маш хүнд байдалтай байгаа би хүүхдүүдийнхээ ирээдүйд маш их санаа зовж байгааг минь ойлгоно уу. Мөн энэ хэрэгт намайг болон ахыг минь хэрэгт татан худал мэдүүлэг өгч яллуулах гээд байгаа Ж, яллах гээд байгаа прокурорыг гайхаж байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс Мыг холбогдуулан /хавтгайруулан/ шалгасан нь буруу гэж үзсэн. Гэтэл прокурор хэргийг тал бүрээс нь нягтлахын оронд зөвхөн нэг талыг буюу яллах талыг баримтлан өргөсөн тангарагтаа үнэнч биш байна гэж үзэхээр байна. Ж хамгийн сүүлд хийсэн 7 шинжээчийн бүрэлдэхүнтэй дүгнэлтээр цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй хэвийн гэж дүгнэсэн байдаг. Энэ олон эмч нар дүгнэлт гаргахдаа нуруунд нь байсан хуучин шархийг тодорхой тогтоогоогүй. Хэрэг болсон өдөр буюу 2016.02.12-нд Ж нь ар нуруундаа буюу уушигны харалдаа хуучин тав тогтсон шархтай, хуучин гэмтэлтэй явсныг тодорхой тогтоогоогүй дүгнэлт гаргасан. Прокурорын байгууллага Жыг өмнө нь гэмтэлтэй явсныг мэдсээр байж намайг энэ олон жил шалгаж, амьдарлаар минь тоглож, хохироож байгаад маш их гомдолтой байна. Мөн хэргийг анхнаас нь завааруулж нөлөөлж чадсан, мөрдөн байцаагч байж байгаад өмгөөлөгч болсон гэх Ж ах Содномдорж гэдэг хүнд маш их гомдолтой байна. Би таксигаар үйлчлүүлж гэртээ харьсныхаа төлөө жолоочид зодуулж, хагалгаанд орсон. Тусламж гуйж хашаандаа орсноос болж би болон ах М нь Ж чулуугаар цохиулж толгойндоо гэмтэл авсан. Энэ хүнээс болж хайртай аав, ээжийгээ цаг бусаар маш харамсалтай алдсан. Мөн эхнэр хүүхдээсээ салсан. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Энэ хүнд маш их гомдолтой байна. Миний 3 хүүхэд намайг хэзээ ирэх бол гэж хүлээж, уйлж, бэтгэрч суугаа. 3 хүүхэд минь яг одоо хаана, юу хийж, яаж амьдарч, сурч боловсорч байгаа бол гэж маш их санаа зовж байна. Миний өссөн орчин, багийн хүмүүжил зөв сайн учраас цаашдын амьдралын гэрэл гэрээ амьд явах, амьдрах зорилго минь болсон 3 хүүхэд минь байгаа учраас маш их тэвчиж хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Магадгүй амиа бодсон, хүмүүжил муутай, ухаангүй хүн байсан бол дээр дурдсан хүргэнчүүдийн адил амиа хорлох байсан байх.
Иймд эрхэм шүүгч, шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний дээр дурдсан үндэслэл бүхий шалтгаант нөхцөл бүрийг сайтар хянан үзэж, Т.Жыг 2016.02.12-ны өдрөөс өмнө гэмтсэн байсан эсэхийг маш сайн шүүж өгнө үү. Мөн энэ хэргийн эхлэл буюу хохирогчийн зүй бус үйлдлийг харахийг хүсэж байна. Хуулийн зүйл, заалт, үндэслэл нь байдаг бол Ц.Б миний хоригдсон 2 жил гарангийн хугацаанд дүйцүүлэн хэргийг хааж эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийи хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн' гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүхийн шатанд хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгосон байгаа болно.
Мөн буруу журамласан гэх хэсэгт давж заалдах шатны шүүх зохих өөрчлөлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд оруулан, хэргийг заавал анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэлгүйгээр тогтоолд зохих өөрчлөлт оруулан залруулж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.
Мөн магадлалд ... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Ц.М холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Ц.М нь өөрийн төрсөн дүү Ц.Бтай бүлэглээгүй, мөн Т.Ж биед гэмтэл учруулаагүй болохыг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдсан. Тухайлбал, /1 хх-ийн 182-184/ Л.Цэрэн-Очирын гэрчээр өгсөн, /1 хх-ийн 235-237/ Ц.Б яллагдагчаар өгсөн, /3 хх-ийн 98-101/ А.Энхжаргалын гэрчээр өгсөн, /3 хх-ийн 130-132/ Т.Жамъянгарвын хохирогчоор дахин өгсөн ...мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байгаа.
Гэтэл давж заалдах шатны шүүх чухам ямар нотолгоогоор дээрх мэдүүлгүүд үгүйсгэгдэж байгаа талаар тодорхой дүгнэлт хийлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хохирогчийн удаа дараа зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг үнэлэн Ц.Мыг хамтран оролцсон гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэгт хамтран оролцох, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ..гэмт хэргийг ..бүлэглэн гүйцэтгэх талаар тодорхойлсон. Энэхүү зохицуулалтаар гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилгоор санаатайгаар хамтарсан тохиолдолд гэмт хэрэг бүлэглэж хамтран оролцсон гэж буруутгах үндэслэл болдог. Гэтэл Ц.М нь тухайн үед зодоон цохион болж байгааг мэдээгүй, хаалга, цонх нүдэж тусламж хүсэхээр гэрээс гарч харин ч өөрөө зодуулсан, харилцан зодолдсон гэх үйлдэлд санаатай нэгдсэн зүйлгүй юм. Энэ нь дээрх гэрчүүд болон яллагдагч Ц.Б, хохирогч Т.Ж нарын мэдүүлгүүд, мөн түүний удаа дараагийн мэдүүлгүүдээр нотлогдох юм.
Ц.Б ч мөрдөн байцаалтын шатанд Т.Жыг цохиж гэмтээсэн байх боломжтой гэдгээ ч хангалттай мэдүүлдэг, Ц.Мын үйлдэл оролцоог эрс үгүйсгэдэг.
Хохирогчийн мэдүүлэг гэрчүүдийн мэдүүлгээс илт зөрүүтэй, худал байгаад давж заалдах щатны шүүх ач холбогдол өгсөнгүй.
Өмнө нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа шйлгэхээр буцаасан шүүгчийн 96 дугаартай захирамжид “... шүүгдэгч тус бүрийн гэм буруу, оролцоог нарийн тогтоолгүйгээр Ц.Б, Ц.М нарыг хавтгайруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна” гэж дүгнэж байсан.
Дээрх бүгдээс дүгнэхэд давж заалдах шатны шүүх Ц.Мын үйлдэл оролцоог үгүйсгэсэн нотлох баримтуудыг хэрхэн няцаагдаж байгаа үндэслэлийг тодорхой заагаагүйгээр Ц.Мыг тухайн үйлдэлд хамтран оролцсон нь тогтоогдсон гэж шууд буруутгаж, чиглэл болгосон шинжтэйгээр магадлалд тусгасан нь анхан шатны шүүхийн эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна.
Магадлалд “Шүүгдэгч Ц.Б, Ц.М нарын хохирогч Т.Жын биед хүнд хохирол учруулсан гэх үйлдэл нь 2016.02.12-ны буюу 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед үйлдэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчид ашигтай талаар дүгнэлт өгөлгүйгээр прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэр гаргасан” гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буруутгажээ.
Ц.Б холбогдох, Т.Ж биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн заалтыг хэрэглэсэн нь хууль буцаан хэрэглэх журам зөрчөөгүй болно. Харин “анхан шатны шүүх дээрх үйлдэлд аль хуульд зааснаар ял шийтгэх нь ашигтай талаар дүгнээгүй” гэх давж заалдах шатны шүүхийн буруутгал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан аль ч үндэслэлд хамаарахгүй, тэр тусмаа давж заалдах шатны шүүхээс удирдлага болгосон 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасанд бүр ч хамааралгүй билээ.
Анхан шатны шүүхийг 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэх болсоноо тогтоолд дэлгэрэнгүй тусгаагүй гэж буруутгасан нь тухайн тогтоолын бичилтийн чанар, агуулга талаас л хийж буй дүгнэлт гэхээр байна. Тогтоол ойлгомжтой, тодорхой байх нь зөв ч түүнийг дэлгэрэнгүй бичээгүй нь хэргийг буруу шийдвэрлэсэн, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд шууд хамаарахгүй тул шийтгэх тогтоол хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлүүдийн нэг нь “шүүгдэгч Ц.Б зарим үйлдлүүдийг хуульд заасан ямар үндэслэлээр зүйлчлэлийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож байгаа талаар шийтгэх тогтоолд хуульд заагдсан тодорхой шаардлагын дагуу дүгнээгүй” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн.
Энэ нь мөн л үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолд харин ч энэ талаар дэлгэрэнгүйгээр, үйлдэл тус бүрээр нь бүрээр нь тодорхой дүгнэсэн.
Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан “тодорхой шаардлага” гэх зүйл нь чухам юуг хэлж байгаа нь тодорхойгүй байна.
Магадлалын талаарх бусад асуудал. Магадлалын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлдэг ба энэ нь бүхэлдээ процессын ажиллагаа болно.
Гэтэл магадлалын тодорхойлох хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнтэй холбоотой зүйл үндсэндээ тусгагдаагүй, энэ талаар дүгнээгүй атлаа ийм үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан нь хууль бус байна. Тодорхойлох хэсэгтээ давж заалдах шатны шүүх хэргийг “бүлэглэн гүйцэтгэсэн эсэх”, “хууль буцаан хэрэглэсэн үндэслэл” зэрэг Эрүүгийн хуульд заасан ойлголт ухагдахуун, түүний хэрэглээтэй холбоотой дүгнэлтүүд хийсэн атлаа процессын журам зөрчсөн гэсэн үндэслэл заан хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... тодорхой, ойлгомжтой, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэсэн шаардлагад нийцэхгүй байна.
Магадлалын тодорхойлох хэсгийн төгсгөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан хүчингүй болгосон гэж дурдсанаас гадна “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв” гэж тусгасан нь тогтоох хэсэгт удирдлага болгосон заалттай зөрчилдөж байна.
Дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно уу” гэв.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Данзанноров хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүхийн шатанд хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгосон байгаа. Мөн буруу журамласан гэх хэсэгт давж заалдах шатны шүүх зохих өөрчлөлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд оруулан, хэргийг заавал анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэлгүйгээр тогтоолд зохих өөрчлөлт оруулан залруулж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.
Мөн магадлалд нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Ц.М холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тодорхой, дэлгэрэнгүй байдлаар дүгнэсэн байгаа. Ц.М гэмт хэрэгт оролцоогүйг нотолсон баримтуудыг анхан шатны шүүх тодорхой дурдсан. Мөн шүүхээс төрсөн ах дүү хоёрыг гэмт хэрэгт татсан яллах дүгнэлтийг буруу гэж дүгнэсэн нөхцөл бий. Магадлалаас үзэхэд хууль буцаан хэрэглэсэн нь буруу бус харин дэлгэрэнгүй тайлбарлаагүй гэх агуулга харагдаж байна. Шүүх 2002 оны Эрүүгийн хууль, 2015 оны Эрүүгийн хуульд заасан ялыг харьцуулж хууль буцаан хэрэглэхдээ алдаа гаргаагүй.
Анхан шатны шүүх Ц.Мын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл тус бүрийг дэлгэрэнгүй тайлбарласан. Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зүйл заалтыг удирдлага болгосон. Гэтэл тодорхойлох хэсэгтээ давж заалдах шатны шүүх хэргийг “бүлэглэн гүйцэтгэсэн эсэх”, “хууль буцаан хэрэглэсэн үндэслэл” зэрэг Эрүүгийн хуульд заасан ойлголт ухагдахуун, түүний хэрэглээтэй холбоотой үндэслэл заасан нь хоорондоо зөрчилтэй байдал харагдаж байна. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нарын ээж нас барсан. Мөн аав нь хэргийн араас тууштай хөөцөлдөж явсан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан. Ганц үлдсэн сэтгэцийн өвчтэй ахыг нь Дорнод аймгаас дүү нь ирж асарч буй нөхцөл байдал бий. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Б, Ц.М нар нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар буюу хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй буюу хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, Ц.М холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.
Мөн Ц.Б холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо ямар нотлох баримтыг үндэслэл болгосон талаар хангалттай дүгнэлт хийгээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б, Ц.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, мөн шүүгдэгч Ц.Б холбогдох хэргийн зарим үйлдлүүдийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож буй талаараа үндэслэл бүхий дүгнээгүй, хэргийн үйл баримтын талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Гэтэл шүүгдэгч нар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримтын талаар авагдсан баримтат мэдээллүүд буюу “..шүүгдэгч нар нийлж хохирогчийг зодож” эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаарх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудад үндэслэл бүхий няцаалт хийгээгүй атлаа Ц.Мын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон, мөн шүүгдэгч Ц.Б холбогдох зарим үйлдлүүдийг хөнгөрүүлж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нөхцөл байдлуудыг шүүх няцаах эсхүл нотлох байдлаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн “...хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хянаж, үнэн зөвийг тогтоон, эцэслэн шийдвэрлүүлэх”, шүүгдэгч Ц.Мын “...хэргийн бодит байдлыг нягтлан шалгаж, намайг энэ хэрэгт хамтран оролцоогүй болохыг үнэн зөвөөр тогтоож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх”, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа нарын “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгох” агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 926 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, Ц.М болон тэдний өмгөөлөгч Л.Данзанноров, С.Дэлгэрмаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН