Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0988/з |
Дугаар | 313 |
Огноо | 2020-07-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 313
“А-Ө” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Монголын хөрөнгийн бирж ТӨХК-д
холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: М.Батсуурь
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нэхэмжлэлийн шаардлага: “...”А-Ө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0222 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 369 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0222 дугаар шийдвэрээр: Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10, 85 дугаар зүйлийн 85.1.3-д заасныг тус тус баримтлан “”А-Ө” ХК-ийн Төлөөлөн удирдах эөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 2019 оны 12 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд шийдвэрлээгүй, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “А-Ө” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 369 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 222 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10, 85 дугаар зүйлийн 85.1.3-д заасныг баримтлан “А-Ө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн” гэснийг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.5, 63 дугаар зүйлийн 63.1.10, 85 дугаар зүйлийн 85.1.3-д заасныг баримтлан “А-Ө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг хууль зүйн үүднээс хянаагүйн дээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал: нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “...Үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих”, 49.2-т “Хөрөнгийн Бирж энэ хуулийн 49.1.5-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор үнэт цаасны арилжаанд оролцогч, үнэт цаас өмчлөгч болон үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг шаардах эрхтэй” гэж заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, тэрчлэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд ямар ч хариу өгөлгүй эс үйлдэл гаргасан бөгөөд гагцхүү шүүхэд маргаан үүссэний дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 01/718 дугаартай хариу ирүүлсэн зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.
4. Дээрх хуулийн заалтын зорилго нь “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь үнэт цаасны арилжаанд хяналт тавих үүрэгтэй, цаашлаад тухайн зарлагдсан хувьцааны арилжаатай холбоотой гомдол, санал ирсэн тохиолдолд хуульд заасны дагуу холбогдох этгээдүүдээс уг асуудлаар тодруулга, баримт гаргуулахаар хуульчилсан бөгөөд энэ үүргээ мөн л биелүүлээгүй байна.
5. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь хувьцааны арилжаатай холбоотой асуудлаар цаашлаад арилжааг түр зогсоох, хойшлуулахар Санхүүгийн зохицуулах хороонд хандах боломжтой юм.
6. Өөрөөр хэлбэл, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зарлагдсан хувьцааны арилжаатай холбоотой асуудлаар шүүхэд маргаан үүссэн тухай шүүгчийн захирамжийг албан ёсоор хүргүүлсээр байтал тухайн хувьцааны арилжаанд оролцогч болон бусад этгээдээс энэ талаар тодруулах, шаардлагатай мэдээллийг гаргуулахаар шаардах ажиллагааг огт явуулаагүй.
7. Хувьцааны арилжааг түдгэлзүүлэх урьдчилсан арга хэмжээг авч хувьцааны арилжааг түдгэлзүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж ажиллаагүй эс үйлдлийг тогтоолгохоор шүүхэд хандсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх үүсээд байгаа маргаантай асуудалд бодитой хандаж үндэслэл бүхий хуулийн дүгнэлт хийж чадахгүй байна.
8. Мөн шат шатны шүүхүүд хариуцагчийн дээр дурдсан хуульд заасан үүргээ биелүүлээгүй болохыг мэдсэн атлаа уг асуудалд дүгнэлт өгөхгүй байгаа нь мөн л ойлгомжгүй байна.
9. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүхүүд хэрэглэвэл зохих Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.
11. “Т и” ХХК-иас “А-Ө” ХК-ийн 174,136 ширхэг энгийн хувьцаа буюу нийт энгийн хувьцааг худалдан авах тендер саналыг “А-Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан, “А-Ө” ХК-ийн Төлөөлөх удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, “... “Т и” ХХК-ийн ... сайн дурын үндсэн дээр хувьцаа худалдан авах тухай ... санал гаргасныг /манай хувьцаа эзэмшигч нар/ хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... хувьцаа эзэмшигч “Бэрэн групп” ХХК-иас шүүхэд хандаж “Т и” ХХК хувьцаа худалдаж авах санал гаргах эрхгүй болохыг, мөн ... /уг/ саналыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний маргаан шүүхэд хянагдаж байгаа ... /тул/ маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл “Т и” ХХК-иас гаргасан хувьцаа худалдан авах саналтай холбоотой ажиллагааг түдгэлзүүлж, хувьцааны арилжаа хийгдэх өдрийг тодорхой бус хугацаагаар хойшлуулж /өгнө үү/” гэх хүсэлт гаргаж, албан бичгийн хувийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д хүргүүлсэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9/3729 дугаартай албан бичгээр “... шүүхийн эцсийн шийдвэр гараагүй учир Хорооноос аливаа шийдвэр гаргах боломжгүй” гэх хариу өгсөн, нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хорооны уг албан бичигт холбогдуулж маргаагүй, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д холбогдуулж, "...хүсэлт шийдвэрлэхгүй байгаа, хүсэлтийн дагуу тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүсэлт шийдвэрлэж захиргааны акт гаргахыг даалгах“ нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан байна.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/718 дугаартай албан бичгээр “А-Ө” ХК-ийн Төлөөлөх удирдах зөвлөлийн даргад “... иргэний хэргийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос “Т и” ХХК нь “А-Ө” ХК-ийн хяналтын багц болон түүнээс дээш хэмжээний хувьцааг худалдан авах саналтай холбоотой үйл ажиллагааг түдгэлзүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй тул манайх тус компанийн хувьцааны арилжааг түдгэлзүүлэх боломжгүй” гэх хариу өгсөн, нэхэмжлэгчээс уг албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ “... 2 сар орчмын дараа хариу өгсөн,... хууль зүйн болон утга агуулгын хувьд илтэд үндэслэлгүй” гэж маргажээ.
13. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “хөрөнгийн бирж гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг /ойлгох/”-оор, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан үйл ажиллагаа... /-г санхүүгийн үйлчилгээнд хамааруулах/”-аар, 6 дугаар зүйлийн 6.1.3-т “... /Санхүүгийн зохицуулах хороо нь/ санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих /эрхтэй/” гэж тус тус зааснаас үзэхэд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үнэт цаасны арилжаа эрхлэх үндсэн чиг үүрэгтэй хуулийн этгээд бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг нийтэд санал болгон худалдах, худалдан авахтай холбоотой гэрээ, хэлцэл байгуулах нөхцөлийг бүрдүүлж, үнэт цаасны арилжааг зохион байгуулахыг үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа гэнэ” гэж зааснаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь үнэт цаасны зах зээл дээр арилжаанд оролцогч нарын үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, арилжааг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй, харин аливаа этгээдийг үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцох эрхийг тодорхойлох, үнэт цаасны арилжааг түдгэлзүүлэх талаар бие даан шийдвэрлэх эрхийг хуулиар олгоогүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд зөв байна.
14. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “… /хөрөнгийн бирж нь/ үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих /үүрэгтэй/”, 49.2-т “хөрөнгийн бирж энэ хуулийн 49.1.5-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор үнэт цаасны арилжаанд оролцогч, үнэт цаас өмчлөгч болон үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан нь “хөрөнгийн бирж дээр үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэх”-д хамааралтай, харин аливаа этгээд хувьцаа худалдаж авах тендер санал гаргах эрхтэй эсэх, уг санал нь хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих эрх, түүнчлэн, үнэт цаасны арилжааг түдгэлзүүлэх, хувьцааны арилжаа хийгдэх өдрийг тодорхой бус хугацаагаар хойшлуулах эрхийг “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д олгосон гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “...Үнэт цаасны арилжаа зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих”, 49.2-т “Хөрөнгийн Бирж энэ хуулийн 49.1.5-д заасан үүргээ биелүүлэх зорилгоор үнэт цаасны арилжаанд оролцогч, үнэт цаас өмчлөгч болон үнэт цаас гаргагчаас шаардлагатай мэдээллийг шаардах эрхтэй” гэж заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авахгүй.
15. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.10-т “... нийтэд санал болгон арилжих ... үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэх, тэдгээрийг зах зээлд арилжих зөвшөөрөл олгох, арилжааг түр зогсоох, тухайн үнэт цаастай холбоотой гүйлгээг зогсоох, хүчингүй болгох, үнэт цаасыг бүртгэлээс хасах” эрхийг Санхүүгийн зохицуулах хороо эдлэхээр тусгайлан заасан, нэхэмжлэгч “А-Ө” ХК нь шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэрт буюу Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 9/3729 дугаартай албан бичгээр “... шүүхийн эцсийн шийдвэр гараагүй учир Хорооноос аливаа шийдвэр гаргах боломжгүй” гэх хариу өгсөн шийдвэрт маргаагүй атлаа хуулиар эрх олгогдоогүй этгээд болох “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-д холбогдуулж “үнэт цаасны арилжааг түдгэлзүүлэх, хувьцааны арилжаа хийгдэх өдрийг тодорхой бус хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж маргасан нь үндэслэлгүй, шүүхүүд энэ талаарүндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан болон давж заалдах шатны шүүх үүсээд байгаа маргаантай асуудалд бодитой хандаж үндэслэл бүхий хуулийн дүгнэлт хийж чадаагүй” гэх гомдлыг хангах боломжгүй.
16. Эдгээр үндэслэлээр, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгйү орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 369 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А-Ө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А-Ө” ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА