Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 04

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би ........................ ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******д холбогдох 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/267 дугаар захирамжийг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК нь аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/138 дугаар захирамжаар ******* сумын Жинст багийн Нутгийн удирдлагын ордны хойд талд орон сууцны зориулалтаар 2000 м2 газрыг төсөл сонгон шалгаруулалт зарласны дагуу 2016 оны 7 дугаар сарын 25-нд уг шалгаруулалтанд компаний ЖАРГАЛЫН БУЛАГ 40 айлын орон сууц барих төслийг өгч 2016 оны 07 дугаар сарын 28-ны өглөө аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 244 дугаар албан тоот ирж танай төсөл шаардлага хангасан тул газар эзэмших гэрчилгээ олгосон, аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх А/183 дугаар захирамж гарсныг мэдэгдэж үүний дагуу тухайн газраа 2016 оны 8 дугаар сарын 9-нд актаар хүлээн авсан билээ. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны А/267 дугаар захирамжаар уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Үүнийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн мэдэгдэлд уг газрын төсөл сонгон шалгаруулалт нь хүчингүй болсон тогтоолыг үндэслэсэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн 2 шалтгаанаар уг газрын эзэмших эрхийг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн байна. Манай компани нь аймгийн барилгын компаниудаас анх удаа өөрийн нөөц хүчин чадалд тулгуурлан 40 айлын орон сууц барьж өнөөгийн эдийн засаг, айл өрхийн амжиргааны түвшин муу үед 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр м2-ийн үнэлгээг тогтоож аймаг, орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх зорилго тавин ажиллаж 2014 онд Зураг төслийн ******* компаниар 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгч барилгын эскиз зураг боловсруулсан, мөн бэлэн болсон эскиз зурган дээрээ үндэслэн зураг төслийн ******* ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 40 айлын орон сууц барих ажлын зургийг 60.000.000 /жаран сая/ төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ хийж урьдчилгаа 20.000.000 /хорин сая/ төгрөгийг тус компаний зураг, төсвийн инженер Д.*******ийн данс руу 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн болно. Манай байгууллагын зүгээс тухайн газартай холбоотой ямар нэг бичиг баримтын зөрчил байхгүй бөгөөд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон 2 заалт нь төрийн байгууллагаас хамаарч байгаа тул аймгийн Засаг даргын А/267 дугаар захирамжаар хүчингүй болгосон тус газрын эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/267 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн ******* ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч доорх тайлбарыг хүргүүлж байна.

1. Аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/138 дугаар Сонгон шалгаруулалт явуулах тухай захирамж гарч, 5 нэгж талбарыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарсан байсан. Уг захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 / 33.1.2 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны ******* дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журмыг үндэслэсэн байгаа нь эрх зүйн зөрчилтөй гэж үзэж байна.

1.1 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлаагүй бөгөөд ******* сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Нутгийн захиргааны ордны хойд талд орон сууцны зориулалтаар 2000 м2 газрыг эзэмшүүлэхээр төлөвлөгдөөгүй байна. Энэ нь Газрын тухай хуулийн 33.4 / Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно./ гэсэн заалтыг зөрчиж байна.

1.2 Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам батлагдсан боловч 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолоор хүчингүй болсон тул хүчингүй болсон эрхийн актыг үндэслэсэн байна.

2. Төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлэх тухай зар мэдээг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс /хуучин журмаар/ 45аас доошгүй, одоо мөрдөгдөж байгаа журмаар 60-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар нийтэд мэдээлэх ёстой боловч уг талбарын зарыг олон нийтэд мэдээлээгүй байна. Олон нийтэд мэдээлээгүйгээс ямар ч төсөл Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт шийдвэр гаргах хугацаанд ирээгүй бөгөөд Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/178 дугаар захирамжаар томилогдсон комисс тухайн 5 нэгж талбарын сонгон шалгаруулалтыг явуулаагүй байна.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах комиссын гишүүдийн санал, үнэлгээний оноо, тодорхойлолт байхгүй, дүгнэлт гаргаагүй байгаа бөгөөд комиссын гишүүдээс сонгон шалгаруулалт явуулаагүй гэж байгаа болно. Энэ нь газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж, илт хууль бус материал бүрдүүлэн газар эзэмшүүлсэн гэж үзэж байгаа болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах заалтын дагуу хүчингүй болсон журмыг үндэслэсэн, 47 дугаар зүйлийн 47.3 дах заалтын дагуу илт хууль бус акт гэж үзэж Аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/183 дугаар захирамжийг хүчингүй болгосон болно. Захирамжийг хүчингүй болгохдоо эрх нь зөрчигдөж байгаа оролцогчийн саналыг сонсох зорилгоор мэдэгдэл хүргүүлж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын асуудал хариуцсан албан хаагчдаас тодруулга авсан гэжээ.

Нэхэмжлэгч 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан Нэхэмжлэл эргүүлэн татах тухай хүсэлтдээ: Манай компаний аймгийн ******* Д.******* хариуцагчтай ******* сумын Жинст багийн нутаг дэвсгэр Нутгийн удирдлагын ордны хойд талд байрлах 2000м2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/267 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг эргүүлэн татах хүсэлтэй байгаа тул уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн *******д холбогдох 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/267 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээ эргүүлэн татах хүсэлт ирүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ний Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/267 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР