Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00591

 

Ж.Цолмон, Ж.Сувд нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01115 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 382 дугаар магадлалтай,

         Ж.Цолмон, Ж.Сувд нарын нэхэмжлэлтэй,

         “Голомт банк” ХХК, “Монгол даатгал” ХХК нарт холбогдох       

      2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээнүүдийн дагуу хүү тооцохыг зогсоолгох, зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 3.2.1-д “зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах” тохиолдолд эрсдэлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Голомт банкинд төлж барагдуулахыг “Монгол даатгал” ХХК-д даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдох ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 124.469.197 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 38.025.499 төгрөг, нийт 162.554.463 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ЗБ1705040981 тоот ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дугаар байрны 57 тоот 93.4 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулах, нэхэмжлэгч Ж.Сувдад холбогдох ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 44.049.695 төгрөг, үндсэн хүү 13.398.459 төгрөг, нийт 57.854.812 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан Ипотекийн гэрээний барьцаалагдсан хөрөнгүүдээс хангуулах тухай хариуцагч “Голомт банк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн өмгөөлөгч, нэхэмжлэгч Ж.Сувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагч “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

   Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт: “Миний ээж Д.Алтанцэцэг нь Голомт банкны байнгын харилцагч, үйлчлүүлэгч, зээлдэгч, банктай байгуулсан гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлдэг сайн харилцагч нь байсан юм. Голомт банк ч үүнийг үгүйсгэдэггүй. Гэтэл бидэнд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нөхөж баршгүй хүнд гарз тохиолдон, миний ээж зуурдаар нас барсан. Бид нас барсан тухай нь Голомт банкны Саппоро салбарт 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр утсаар мэдэгдсэн. Мөн өөрийн биеэр очиж уулзан, зээлтэй холбоотой, амь насны болон эд хөрөнгийн даатгалын гэрээнд зааснаар зээлийг барагдуулах арга хэмжээ авахыг хүсэж, удаа дараа өргөдөл хүсэлт өгсөн боловч өнөөдрийн байдлаар шийдвэрлэсэн зүйл байхгүй, аливаа тайлбар, шийдвэрээ бичгээр гаргаж өгөхгүй, зээлээ төлөхийг шаардаж байгаа тул бидэнд үүсч болох хохирлоос сэргийлэх зорилгоор шүүхэд хандаж байна. Миний ээж 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, сэлбэ 58-104 болон 106 тоотод орших, 2 өрөө байрыг зээлээр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагааг миний ээж хариуцан эрхэлдэг байсан. Ээж маань гэнэт нас барж, өнөөдрийн байдлаар эмнэлгийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, би 2 нялх хүүхдийн хамт амьдарч байгаа, ажилгүй, төлбөрийн чадваргүй, дүү маань оюутан, дөрвүүлээ үлдсэн юм. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээгээр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/; Энхтайваны өргөн чөлөө, 68 дугаар байрны 57 тоотод орших 93.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 182.130.000 төгрөгөөр худалдан авахад зориулан 70 хувь буюу 127.490.000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай авсан. Зээл авах үед Голомт банкнаас манай ээжийг “Монгол даатгал” компанитай амь насны болон эд хөрөнгийн даатгалыг байгуул гэснээр “Монгол даатгал” компанитай “зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны” даатгалын гэрээг 2028 оны 10 сар хүртэл байгуулж, даатгалын гэрээний төлбөр болон зээлийн төлбөрийг Голомт банк шилжүүлж байсан бөгөөд гэрээний хавсралт баталгаа хэсэгт “Зээлийн хугацаа 2013 оны 10 дугаар сараас 2028 оны 10 дугаар сар хүртэл” гэж, гэрээний 3.3-т “...даатгалын хураамжийг жил бүр зээлийн үлдэгдлээс тооцож даатгагчид шилжүүлнэ. Банк хөрөнгийн үнэлгээг жил бүр тодорхойлох ба уг тодорхойлогдсон үнээр даатгалд хамрагдана.” гэж заасны дагуу банкнаас даатгалын гэрээг сунгахаар санаачлага гаргахаар гэрээнд заасан байна. Мөн Голомт банктай байгуулсан ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний хавсралт 1-ийн сар бүр төлбөр төлөх хуваарь хэсэгт амь насны даатгалын сарын төлбөр баганад сар бүр төлбөрийг суутган авахаар, эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөр баганад жил бүрийн 10 дугаар сард 1 удаа авахаар тус тус зааж өгсөн байна. Энэ төлбөрийг төлөх “Монгол даатгал” компанийн данс эсвэл даатгалын төлбөр төлөх дансыг Голомт банктай байгуулсан гэрээнд зааж өгөөгүй, зээлдэгчийн (талийгаач ээж Д.Алтанцэцэг) харилцах дансны үлдэгдэл нь эдгээр төлбөр төлөхөд хүрэлцэхүйц хэмжээтэй байсан болох нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Зээлдэгчийн хувьд анх даатгалын гэрээг Голомт банкаар дамжуулан байгуулсан, сар бүр төлөх хавсралт 1 гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөлтэйгөөр гэрээг анх байгуулсан учраас даатгалын гэрээгээ сунгагдсан гэж ойлгон гэрээг байгуулаагүй байж болохоор байна. Учир нь миний ээж аливаа ажлыг цаг тухайд нь хийж дуусгадаг. Голомт банкнаас тавьсан аливаа шаардлагуудыг бүрэн биелүүлдэг, зээлээ төлөхөөр гэрээгээр хүлээсэн үүргээ огт зөрчөөгүй. Голомт банкны хувьд даатгалын гэрээ байгуулаагүй талаар “...энэ гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулах ёстой” гэж хэлсэн нь анх зээл олгохдоо даатгалын гэрээ байгуулахыг шаардаж байсантай нь зөрчилдөж байна. Хэрэв Голомт банк гэрээний хавсралт 1-ийн төлбөр төлөх хуваарьт даатгалын төлбөр төлөхөөр заагаагүй бол бид гэрээг өөрсдийн санаачлагаар байгуулах ёстой гэж ойлгохоор байсан. Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд амь насны болон эд хөрөнгийн даатгалын төлбөрийг зээлийн төлбөртэй хамт төлөхөөр заасны дагуу цаг хугацаандаа зээл болон амь насны болон эд хөрөнгийн даатгалаа төлөөд бүр илүү төлөлттэй явж байсан зээлдэгч ээж маань гэнэт нас барж бидэнд нөхөж баршгүй гарз тохиогоод байхад Голомт банк болон “Монгол даатгал” компани 2 нийлж даатгалын гэрээ болон зээлийн гэрээг аль болох өөрт ашигтай талаас нь тайлбарлаж даатгалын нөхөн төлбөрөөр зээлийг барагдуулахгүй байгаад маш их гомдолтой байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 60 сарын хугацаатай, 200.000.000 төгрөгийн /Акуа ХХК-ийн нэрээр гэрээ байгуулсан/, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот дугаар бүхий орон сууцны зээлийн гэрээ байгуулан 127.490.000 төгрөгийн зээл авсан бөгөөд ЗГ1705017992 зээл нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар үлдэгдэл нь 44.668.695 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээл нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 126.291.573 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байгаа. Иймд эдгээр зээлүүдийн хүү бодохыг ээжийг минь нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох, “Монгол даатгал” компанийн “зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны” даатгалын гэрээний 3.2.1-д “Зээлдэгч аливаа шалтгааны улмаас амь насаа алдах” тохиолдолд эрсдэлээс бүрэн хамгаалахаар заасны дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Голомт банкинд төлж барагдуулахыг “Монгол даатгал” компанид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.

        Хариуцагч “Монгол даатгал” ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч Ж.Цолмон түүний ээж Д.Алтанцэцэг 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, Голомт банктай ЗГ1705040981 тоот гэрээ байгуулж, уг зээлээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо үйлдвэрийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөөний 68-507 тоотод орших 3 өрөө орон сууцыг зээлээр худалдан авсан. Гэтэл миний ээж Д.Алтанцэцэг нь 2015 оны 01 сарын 29-нд зуурдаар нас барсан тул орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээгээр Голомт банкны зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулахыг “Монгол Даатгал’’ ХХК-д даалгасан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн ээж Д.Алтанцэцэг нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууцны 26Р1359657, амь насны 26Р1359857 дугаартай “орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ”-г “Монгол Даатгал” ХХК-тай байгуулсан болно. Талийгаачийн орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан тул гэрээний дагуу хүлээх хариуцлага “Монгол Даатгал” ХХК-ийн зүгээс дуусгавар болсон байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 07 сарын 02-ны өдрийн 9/3319 тоот албан бичигт даатгуулагч Д.Алтанэцэгийн “Монгол даатгал” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 7.1-д “даатгалын хураамжийг даатгагчийн харилцах дансанд шилжүүлсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд тухайн даатгалын хариуцлага хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан ба гэрээний 7.2.1-д зааснаар “даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан тул гэрээгээр хүлээх хариуцлага мөн адил дуусгавар болж байна. Нэхэмжлэгч Ж.Цолмон нь нэхэмжлэлдээ “талийгаач Д.Алтанцэцэгийн 10 дугаарын 29-ний өдрийн ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ байгуулж эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар зээл авсан. Уг зээлээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 58-104 тоотод орших, 2 өрөө байрыг зээлээр худалдан авч, эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлж байсан” гэсэн байна. Энэ талаарх мэдээлэл болон мөн орон сууц, амь насны даатгалын гэрээ байгуулсан баримт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй үзэж байна. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.Цолмонгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч “Голомт банк” ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: “Голомт банк нь нэхэмжлэгчийн ээж болох Д.Алтанцэцэгтэй 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот Зээлийн гэрээг байгуулж, 200.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай олгосон. Энэхүү гэрээний хүрээнд ЗБ1705017992 Ипотекийн гэрээг байгуулж, зээлдэгчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Үүнээс гадна 2013 оны 10 сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 127.490.000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэгч Ж.Цолмон нэхэмжлэлдээ дээрх зээлүүдийн хүүг бодохыг нэхэмжлэгчийн ээж нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зогсоолгох хүсэлт гаргажээ. Монгол улсын Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т “хууль буюу гэрээгээр өв болон залгамжлах, түүнчлэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны улмаас барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд нь тухайн гэрээгээр барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна” хэмээн заасан ба зээлдэгчийн авсан орон сууцанд нэхэмжлэгч тал оршин сууж, зээлийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг нь үүнийг баталж байна. Мөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т ”Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувьд дуусгавар болно” гэсэн нь гүйцэтгэл зөвхөн тухайн нас барсан этгээдийн хувьд дуусгавар болсныг тодорхойлж буй бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн өв болон эрх залгамжлагчид хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэхийг тодорхойлж буй юм. Иймд банкны зээлийн барьцаагаар хангагдах эрх хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр үйлчилсээр байгааг тодорхойлж байх тул зээлийн хүүг зогсоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Ж.Цолмонгийн “Голомт банк”, “Монгол даатгал” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч “Голомт банк” ХХК-иас нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Иргэн Д.Алтанцэцэг “Акуа” ХХК-ийн захирал асан нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Голомт банктай ЗГ1705040981 дугаартай "Орон сууцын зээлийн гэрээ”-г байгуулан 127.490.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар авсан бөгөөд энэхүү зээл нь 180 сарын хугацаатай, жилийн 17.4 хувийн хүүтэйгээр олгогдсон. Зээлийг олгохдоо талуудын хооронд 10 дугаар сарын 11-ний өдөр Голомт банктай ЗБ1705040981 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайвны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь 2015 оны 01 сарын 29-ний өдөр нас барсан бөгөөд энэ хугацаанаас хойш зээл төлөлт зогссон. Банк нь өвийн асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хүлээцтэйгээр хандаж байсан боловч өвлөгчийн зүгээс зээлдүүлэгчийг шүүхэд хариуцагчаар татсан болно. Өвлөгчөөс Голомт банк, “Монгол Даатгал” ХХК-иудыг хариуцагчаар татан зохих нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Голомт банкнаас олгогдсон зээлийн хүүг зээлдэгчийг нас барсан өдрөөр дуусгавар болгон зогсоох шаардлага тавьсан байх бөгөөд энэхүү шаардлагыг хүлээн авах боломжгүй тул дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Нотариатын танхимаас 2016 оны 05 сарын 24-ний өдөр Голомт банкинд ирүүлсэн лавлагааны хариугаар зээлдэгчийн төрсөн охид болох Ж.Цолмон зээлийн барьцаа хөрөнгийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна. /Нотариатын танхимын 2016 оны 315 дугаартай лавлагааны хариуг хавсаргав/. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэсэн заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ1705017992 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2.3 болон 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Өвлөгч Ж.Цолмонгоос ЗГ1705040981 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 124.469.197 төгрөг, үндсэн хүү 38.025.499 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59.767 төгрөг буюу нийт 162.554.463 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ЗБ1705040981 дугаартай “Ипотекийн гэрээ”-гээр барьцаалагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энхтайваны өргөн чөлөө 68 дугаар байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулж энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч Голомт банк ХХК-иас нэхэмжлэгч Ж.Сувдад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “Акуа” ХХК нь Голомт банкинд хандан зээл авах хүсэлт гаргасныг үндэслэн талуудын хооронд 2010 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ1705017992 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулснаар 200.000.000 төгрөгийн зээлийг эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар авсан бөгөөд энэхүү зээл нь 60 сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр олгогдсон. Зээлийг олгохдоо талуудын хооронд 2010 оны 10 сарын 29-ний өдөр ЗБ1705017992 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулснаар дараах нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. “Акуа” ХХК-ийн захирал нь 2015 оны 01 сарын 29-ний өдөр нас барсан бөгөөд энэ хугацаанаас хойш төлөлт зогссон. Банк нь өвийн асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хүлээцтэйгээр хандаж байсан боловч өвлөгчийн зүгээс зээлдүүлэгчийг шүүхэд хандан хариуцагчаар татсан болно. Өвлөгчөөс Голомт банк, “Монгол Даатгал” ХХК-иудыг хариуцагчаар татан зохих нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Голомт банкнаас олгогдсон зээлийн хүүг зээлдэгчийг нас барсан өдрөөр дуусгавар болгон зогсоох шаардлага тавьсан байх бөгөөд энэхүү шаардлагыг хүлээн авах боломжгүй тул дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Нотариатын танхимаас 2016 оны 05 сарын 24-ний өдөр Голомт банкинд ирүүлсэн лавлагааны хариугаар Компаний захирлын төрсөн охин болох Ж.Сувд нь “Акуа” ХХК-ийг болон бусад зээлийн барьцаа хөрөнгүүдийн өвлөгчөөр тогтоолгон өвлөх эрхийн гэрчилгээг гардан авсан байна. /Нотариатын тахимын 2016 оны 315 дугаартай лавлагааны хариуг хавсаргав/. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ" гэсэн заалт болон талуудын хооронд байгуулсан ЗГ1705017992 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 2.3 болон 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Өвлөгч Ж.Сувдаас ЗГ1705017992 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 44.049.695 төгрөг, үндсэн хүү 13.398.459 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 406.657 төгрөг нийт 57.854.812 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна. Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан “Ипотекийн гэрээ”-ээр барьцаалагдсан хөрөнгүүдээс хангуулж энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү.” гэжээ.

           Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Ж.Цолмонгийн гаргасан хариу тайлбарт: “Голомт банкны 2016 оны 10 сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд “Акуа” ХХК-иас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 57.854.812 төгрөг, Ж.Цолмон, Ж.Сувд нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 162.554.463 төгрөг тус тус нэхэмжилжээ. “Акуа” ХХК /захирал Д.Алтанцэцэг/ нь Голомт банкнаас 2010 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот зээлийн гэрээгээр 200.000.000 төгрөг, мөн 2013 оны 10 сарын 11-ний өдөр ЗГ1705040981 тоот зээлийн гэрээгээр 127.490.000 төгрөгийн зээлийг тус тус авсан бөгөөд зээлийн буцаан төлөлтийг цаг тухайд нь хийж байсан билээ. Гэтэл зээлдэгч Д.Алтанцэцэг нь 2015 оны 1 дүгээр сард гэнэтийн шалтгаанаар нас барж зээлийн төлөлт бүрэн зогссон юм. Голомт банк Д.Алтанцэцэг нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр зээлдэгчийн амь насны даатгал хийгдсэн байсан ба дээрх зээлийн үлдэгдлийг Голомт банк, “Монгол даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээний дагуу даатгуулагч Д.Алтанцэцэгийн амь насны даатгалын нөхөн төлбөрт “Монгол даатгал” ХХК-иас Голомт банкинд төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх үндэслэлгүй юм.” гэжээ.

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Ж.Сувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан хариу тайлбарт: “Голомт банкны 2016 оны 10 сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд Акуа ХХК-иас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 57.854.812 төгрөг нэхэмжилж байна. “Акуа” ХХК /захирал Д.Алтанцэцэг/ нь Голомт банкнаас 2010 оны 10 сарын 29-ний өдөр ЗГ1705017992 тоот зээлийн гэрээгээр 200.000.000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд зээлийн буцаан төлөлтийг цаг тухайд нь хийж байсан билээ. Гэтэл зээлдэгч Д.Алтанцэцэг нь 2015 оны 1 дүгээр сард гэнэтийн шалтгаанаар нас барж зээлийн төлөлт бүрэн зогссон юм. Иргэний хуульд заасны дагуу 1 жилийн хугацаанд Д.Алтанцэцэгийн өв залгамжлалын асуудал шийдэгдсэн бөгөөд одоо “Акуа” ХХК-ийн өв залгамжлагч нь Ж.Сувд болсон юм. “Акуа” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд өв залгамжлагчийн хувьд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул компанийн үйл ажиллагаа доголдож өнөөдрийг хүртэл компанийн өр зээлийг төлж чадахгүй байна. Дээрх зээлийн хувьд зээлдэгч нас барсан өдрөөс хойш өв залгамжлалын асуудал шийдвэрлэхэд өнгөрсөн цаг хугацааны хүү төлөх боломжгүй байгаа тул хасч өгнө үү.” гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01115 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоож, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу талийгаач Д.Алтанцэцэгээс нэхэмжлэгч Ж.Цолмонгийн өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үндсэн төлбөр 124.469.197,52 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Цолмонгоос гаргуулж хариуцагч “Голомт банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ж.Цолмонгийн өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр 124.469.197,52 төгрөгийг гаргуулах үндсэн үүргийг ЗБ1705040981 тоот ипотекийн гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 57 тоот 93.4 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулж, Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2.1-д заасныг баримтлан амь насны даатгалын гэрээний дагуу үүргээ биелүүлж, орон сууцны зээлийн эрсдэлийг хүлээж, ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Голомт банкинд төлж барагдуулахыг “Монгол даатгал” ХХК-д даалгуулах, Иргэний хуулийн 451.1-д заасныг баримтлан ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 38.085.266 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Цолмонгоос гаргуулах, ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 44.049.695 төгрөг, үндсэн хүү 13.398.459,49 төгрөг, нийт 57.854.812,14 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Сувдаас гаргуулж, ЗБ1705017992 тоот ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч “Голомт банк” ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгон, хариуцагч “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.227.520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 190.426 төгрөгийг улсын төсөвт нөхөн төлүүлж, нэхэмжлэгч Ж.Цолмонгоос 780.296 төгрөгийг гаргуулан хариуцагч “Голомт банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 382 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Цолмонгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...нэхэмжлэлийн шаардлага болох “Монгол даатгал” ХХК-иас амь насны даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй талаарх үндэслэлүүд дурдагдсан байна. Зээлдэгч Д.Алтанцэцэг, зээлдүүлэгч Голомт банк хоёрын хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ” нь 180 сарын хугацаагай юм. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчтэй гэрээ байгуулж зээлийн эрсдэлээс хамгаалахын тулд амь насны даатгалыг үндсэн “Орон сууцны зээл”-ийн гэрээний хугацаанд заавал хийлгэхийг шаарддаг бөгөөд Голомт банк, “Монгол даатгал” ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 06 угаар сарын 01-ний өдрийн “Орон сууцны зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-гээр Голомт банк буюу зээлдүүлэгч дундын зуучлалын үүрэг гүйцэтгэн зээлдэгчээс амь насны даатгалын хураамжийг хураан авч “Монгол даатгал” ХХК-ийн дансанд шилжүүлж байсан бөгөөд энэ нь Голомт банкны харилцааны менежерийн ажил үүргийн хуваарь, мөн дээр дурдсан хамтран ажиллах гэрээгээр нотлогдож байгаа. Мөн ...Даатгуулагч Д.Алтанцэцэг нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай даатгалын үнэлгээний 0.12 хувиар даатгуулж 152.988 төгрөг төлсөн гэж үзжээ. Зээлдүүлэгч, зээлдэгчтэй байгуулсан “Орон сууцны зээл”-ийн гэрээний хавсралт 1-д тохиролцсоноор Орон сууцны даатгалын хураамжийг жилд нэг удаа, харин амь насны даатгалын хураамжийг зээлийн үлдэгдлийн 0.1 хувьд тооцон сар бүр өөр өөр дүнгээр 180 сарын турш хуваан төлөхөөр тохиролцож, үүний дагуу Голомт банк, “Монгол даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу харилцааны менежер даатгагч “Монгол даатгал” ХХК-ийн дансанд шилжүүлж байх үүрэг хүлээсэн билээ. Даатгагч, даатгуулагч хоёрын хооронд байгуулсан гэрээ, амь насны даатгалын баталгаагаар амь насны даатгалын хураамжаа 12 сараар орон сууцны даатгалын хураамжийн хамт урьдчилан шилжүүлсэн бөгөөд даатгалын гэрээ үүнээс хойш сунгагдан сар бүр зээлийн үлдэгдлийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний хураамжийг үндсэн зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл төлөх үүргийг даатгуулагч хүлээсэн юм. Үүний дагуу даатгуулагч Д.Алтанцэцэг “орон сууцны зээлийн гэрээ”-ний хавсралт 1-д тохиролцсоноор сар бүр үндсэн төлбөр, зээлийн хүү, даатгалын хураамжаа нийлүүлэн төлж ирсэн байдаг. Гэтэл зээлийн эдийн засагч “одооны харилцааны менежер”-ийн буруутай үйл ажиллагаанаас болж даатгалын хураамжид төлсөн мөнгийг үндсэн зээлд тооцон авсан байх бөгөөд энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн дансны хуулгаас харагдаж байгаа. Иймд гомдлыг хүлээн авч хуулийг буруу хэрэглэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Ж.Цолмон, Ж.Сувд нар нь Голомт банкны харилцагч байсан Д.Алтанцэцэгийн төрсөн хүүхдүүд буюу хууль ёсны өв залгамжлагч нь бөгөөд Голомт банк болон “Монгол даатгал” ХХК-тай Д.Алтанцэцэг агсны байгуулсан зээлийн болон зээлийн эрсдлийн даатгалын гэрээний үүрэгтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.   

Ж.Цолмон, Ж.Сувд нар нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан “Акуа” ХХК, “Голомт банк” ХХК нарын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ЗГ1705017992 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг зээлдэгч Д.Алтанцэцэг нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгох, талийгаач Д.Алтанцэцэг болон “Голомт банк” ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг мөн дээрх өдрөөр тасалбар болгуулах, "Монгол даатгал" ХХК-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ1705040981 тоот орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг амь насны даатгалын гэрээний дагуу “Голомт банк" ХХК-д төлж барагдуулахыг “Монгол даатгал” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Голомт банк” ХХК нь эс зөвшөөрч, “үүргийн гүйцэтгэгч нас барснаар үүрэг дуусгавар болохгүй, түүний өв залгамжлагчид шилжин хүчин төгөлдөр үргэлжилнэ. Иймд зээлийн хүүг зогсоох боломжгүй” гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдуулан ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 124 469 197 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 38 025 499 төгрөг, нийт 162 554 463 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ЗГ1705040981 тоот Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 57 тоот 93.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулах тухай сөрөг нэхэмжлэл, харин нэхэмжлэгч Ж.Сувдад холбогдуулан ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 44 049 695 төгрөг, үндсэн хүү 13 398 459 төгрөг, нийт 57 854 812 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Ипотекийн гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Харин хариуцагч “Монгол даатгал” ХХК “Амь насны даатгалын гэрээ” 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд энэ нь сайн дурын даатгал учир түүнийг сунгах эсэх нь даатгуулагчийн хүсэл зоригийн асуудал, даатгалын тохиолдол болох үед гэрээ дуусгавар болчихсон байсан учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэсэн байна.

          1. Нэхэмжлэгч нарын “Голомт банк” ХХК-д холбогдуулан ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг тэдний ээж Д.Алтанцэцэгийг нас барсан өдрөөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон зогсоолгох тухай шаардлага:

ЗГ1705017992 тоот зээлийн гэрээ нь “Акуа” ХХК нь болон “Голомт банк” нарын хооронд байгуулагдсан ба талууд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгийн байр худалдан авах зориулалтаар 200.000.000 төгрөгийг 1.3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, 200.000.000 төгрөгийг зээлдэгч нь бодитойгоор хүлээн авч, зээлийг зориулалтын дагуу ашигласан үйл баримтын талаар зохигчид маргахгүй байх бөгөөд энэ нь тэдгээрийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна /хх-10-13/

         Нэхэмжлэгч Ж.Сувд нь “Голомт банк” ХХК-д холбогдуулан зээлийн хүү зогсоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгч “Акуа” ХХК-ийг төлөөлж бус, талийгаач Д.Алтанцэцэгийн охин, иргэн Ж.Сувдын хувьд гаргасан байх ба нэхэмжлэгч Ж.Цолмонд “Акуа” ХХК-ийг төлөөлөх аливаа эрх олгогдоогүй байна. Иймд нэхэмжлэгч Ж.Сувд, Ж.Цолмон нарыг “Акуа” ХХК, “Голомт банк” ХХК нарын хооронд 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ1705017992 тоот зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгож зогсоохыг шаардах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1-д нийцсэн байна.

        2. Нэхэмжлэгч нар “Голомт банк” ХХК-д холбогдуулан зээлдэгч Д.Алтанцэцэг нас барсан өдрөөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний дагуу хүү тооцохыг тасалбар болгон зогсоолгох тухай шаардлага:

        Д.Алтанцэцэг болон “Голомт банк” ХХК нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдан авах зориулалттай, жилийн 17.4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, 127.490.000 төгрөгийн ЗГ1705040981 тоот зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлдэгч Д.Алтанцэцэг нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. /хх- 18-21,7/.

        Дээрх гэрээний дагуу зээлдэгч Д.Алтанцэцэгийн хүү төлөх үүрэг түүнийг нас барснаар буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг буруу тайлбарласан гэж үзэхгүй.

        Банкнаас олгосон зээлийг зээлдэгч ашигласны үндсэн дээр хүүгийн төлбөр тооцогдох бөгөөд хүү төлөх үүрэг нь зээлдэгч хувь этгээдтэй салшгүй холбоотой байх тул энэ төрлийн үүргийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 535.2-т заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгөтэй хамт өвлөгч нарт шилжих үүрэг гэж тайлбарлах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

         3.Хариуцагч “Голомт банк” ХХК нь нэхэмжлэгч Ж.Сувдад холбогдуулан талийгаач Д.Алтанцэцэгээс түүний өвлөн авсан хөрөнгөөс ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 44.049.695,52 төгрөг, үндсэн хүү 13.398.459,49 төгрөг, нийт 57.854.812,14 төгрөг /тавин долоон сая найман зуун тавин дөрвөн мянга найман зуун арван хоёр төгрөг арван дөрвөн мөнгө/ гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ипотекийн гэрээний зүйлээс хангуулах тухай шаардлага:

         Маргаан бүхий ЗГ1705017992 дугаартай зээлийн гэрээ нь зээлдэгч “Акуа” ХХК, зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээнээс үүсэх үндсэн шаардлагыг нэхэмжлэгч, хувь хүн Ж.Сувд хариуцах хууль зүйн үндэслэлгүйн зэрэгцээ уг зээлийн гэрээний үүргийг тухайлан хэн хариуцан арилгах тухай маргааныг хэргийн оролцогчдоос хальж шүүх дүгнэх боломжгүй гээд үндсэн шаардлага зөрчигдсөн эсэх асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний шаардлагыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцсэн байна.

         4. Нэхэмжлэгч нар “Монгол даатгал” ХХК-д холбогдуулан амь насны даатгалын гэрээний 3.2.1-д заасны дагуу ЗГ1705040981 тоот зээлийн гэрээний төлбөрийг Голомт банкинд төлж барагдуулахыг “Монгол даатгал” ХХК-д даалгуулах тухай шаардлага:

          Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний ерөнхий зохицуулалтад хамаарах төдийгүй амь насны даатгалын гэрээ гэж тодорхойлсон нь хуулийн 443 дугаар зүйлийн 443.16-д заасныг зөрчөөгүй байна.  

           2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Алтанцэцэгт “Монгол даатгал” ХХК нь  26Р1359857 дугаартай орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа олгосон байна. Энэ баталгаанд  зээлийн хугацаа болон даатгалын хугацааг заасан ба даатгалын хугацааг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэж заасан ба 152.988 төгрөгийн хураамж төлсөн байна /хх-25/.

Хэрэгт 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Алтанцэцэг болон “Монгол даатгал” ХХК нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнээс гадна “Голомт банк” ХХК болон “Монгол даатгал” ХХК нарын хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ” тус тус авагдсан байна. /хх-65-70/ “Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-нд Голомт банк нь даатгуулагчийг төлөөлж гарын үсэг зурсан бөгөөд гэрээ нь даатгагч, даатгуулагчийн эрх үүргийг тодорхойлсон байна. Түүнчлэн ЗГ1705040981 тоот зээлийн эргэн төлөлтийн тооцоо гэсэн график нь зээлийн хүү, үндсэн төлбөрөөс гадна амь насны даатгалын сарын төлбөр, эд хөрөнгийн даатгалын жилийн төлбөр гэсэн нэмэлт багануудтай байх бөгөөд амь насны даатгалыг сар бүр төлөхөөр графикт заасан байна.

          Даатгуулагч Д.Алтанцэцэг зээлийн гэрээнд заасан даатгалын хураамжтай тэнцэхүйц үлдэгдлийг зээлийн дансанд байнга байлгаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хавтаст хэрэгт авагдсан харилцагчийн зээлийн дансны хуулгаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзэхдээ хавтаст хэргийн 153 дугаар талд авагдсан баримтыг үнэлсэн гэх боловч дурдсан талд “Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал” авагдсан байна. Харин хэргийн 148-149 дэх талд зээлийн дансны хуулга авагджээ. “Голомт банк” ХХК болон “Монгол даатгал” ХХК нарын хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн эрсдлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ”-ний 3.5, 3.8, 3.9, 6.2.1 дэх заалт болон зээл төлөх график, нэхэмжлэгч нарын тайлбар зэргийг харьцуулан үзвэл анхан шатны шүүх Д.Алтанцэцэгийг даатгалын хураамжаа төлөөгүй, гэрээг сунгаагүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болж чадсангүй.  

Өөрөөр хэлбэл, зээлийн графикт зааснаар зээлдэгч нь даатгалын төлбөрийг сар бүр даатгуулагчид төлөх, эсхүл банкинд төлөх, түүнчлэн банк зээлдэгчийн банкинд төлсөн төлбөрөөс даатгалын хураамжийг суутган авч, нэгдсэн байдлаар даатгуулагчид шилжүүлдэг эсэх нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдоогүй байхад хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.  

           5. Хариуцагч “Голомт банк” ХХК нь нэхэмжлэгч Ж.Цолмонд холбогдуулан ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 124.469.197,52 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 38.025.499,18 төгрөг, нийт 162.554.463,74 /нэг зуун жаран хоёр сая таван зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун жаран гурван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан ЗБ1705040981 тоот ипотекийн гэрээний зүйл Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 57 тоот 93.4 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

         Шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ өгсөн ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний хувьд хүү тооцох зээлдүүлэгчийн эрх зээлдэгч Д.Алтанцэцэгийг нас барсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болох нь зүйтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т нйицсэн бөгөөд энэ гэрээний үндсэн төлбөр зээлдэгчийг нас барах өдрийг хүртэл 124.469.197,52 төгрөг байна.  

         Зээлдэгч Д.Алтанцэцэгийн төрсөн охин болох Ж.Цолмон нь талийгаачаас өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр ЗГ1705040981 дугаартай орон сууцны зээлийн гэрээний үндсэн төлбөр 124.469.197,52 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээх үндэстэй гэж анхан шатны шүүх дүгнхэдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Цолмон нь талийгаач Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 57 тоот 93.4 м2 талбай бүхий 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 104 тоот 80.72 м2 2 өрөө орон сууцыг төрсөн дүү Ж.Сувдтай хамтран өмчлөхөөр өвлөн авсан байна. Хариуцагч “Голомт банк” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг гагцхүү Ж.Цолмонд холбогдуулан гаргасан тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасны дагуу Ж.Цолмонгийн хүлээж буй үүргийг түүний өвлөн авсан байж болох бусад хөрөнгө болон дээрх хөрөнгүүдээс гүйцэтгүүлэхийг хүсвэл гагцхүү Ж.Цолмонд ногдох хэсгээс үүргийг хангах үндэстэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь өв залгамжлалын эрх зүйн зохицуулалтад нийцжээ.  

Гэвч Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д ”..өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж заасан байх тул Ж.Цолмонгийн өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээг тогтоохгүйгээр энэ маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээнд хүрэх эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг 124.469.197,52 төгрөгөөр хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01115 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 382 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                          

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН