Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/20

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, хийсэн шүүх хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2518000000738 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн, тоотод түр оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан. хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч ******* ургийн овогт ************** хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахыг хориглохоор тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, иргэний нэхэмжлэгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оролцогч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

...Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2026/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл баримтын талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлэг өгсөн. Нэг удаа өшиглөх үйлдэл хийсэн болохоо хүлээн зөвшөөрдөг, энэ үйлдлээ зөвтгөхгүй байгаа. Гэвч энэ үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдох буюу гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн талаасаа үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлээгүй, цагаатгах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна. Ам бүл-8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг. Гомдлыг минь хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцохыг мэдэгдэж байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар бүрэн гүйцэд үнэлээгүй, цагаатгах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Гэмт хэрэг зөрчил үйлдэгдэхээс, түүнд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хамгаалуулах санаа, зорилгоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч өнөөдөр ингээд шүүхийн танхимд гэмт хэрэгтэн болоод зогсож байгаа нь харамсалтай байна. Иймд гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул шүүгдэгч ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Би эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг. 6 хүүхдээ тэжээхийн тулд орон нутгаар явж ажил хийдэг. Би өөрийн хийсэн үйлдлээ зөв гэж зөвтгөхгүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Цагдаагийн албан хаагч зохих журмын дагуу шаардлагаа тавихад эсэргүүцсэн, биед нь халдсан үйлдэл байгаа. Энэ гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг учраас заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Үйлдлээрээ хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Эдгээр нөхцөл байдлаас харахад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлтийг зөв хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багт байрлах “*******” буудалд хууль сахиулагч, цагдаагийн байгууллагын алба хаагч Х.Орхонтамирыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж өшиглөсөн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч “...тухайн хүмүүсийн мэдээллийг авах зорилгоор регистрийн дугаар, овог нэрийг тодруулан асуухад нэг эрэгтэй нь регистрийн дугаартай гэх хүн байсан, харин нөгөө эрэгтэй нь өөрийн мэдээллийг хэлэхгүй бид хоёрын бие рүү ойртоод доромж үгээр харааж доромжлоод, хашхираад байсан. Мөн буудлын ресейпшнтэй зодолдсон гэсэн тул тухайн хүнийг хэн гэдгийг тогтоох зорилгоор төв цагдаа руу тээвэрлэхээр болсон. Ингээд тухайн залуус хашхираад зогсохгүй байсан тул өрөөнөөс гаргах гэхэд эсэргүүцэл үзүүлээд бусдын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул гав хэрэглэсэн. Ингээд өрөөнөөс авч гараад буудлаас гарах гэхэд миний араас регистрийн дугаар, овог нэрээ хэлэхгүй байсан эрэгтэй хүн миний баруун гарын шуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн, энэ үед миний барьж байсан албан хэрэгцээнд ашигладаг Galaxy Tab A7 загварын таблет газар унасан.уг таблетыг газраас аваад харахад дэлгэц хэсэг нь цуурсан байсан” гэх мэдүүлгээр /хх 32-33/,

Гэрч Ж.ын “...тухайн 2 хүн нь доромж үгээр харааж, тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр биед ойртож дахин зөрчил гаргаж болзошгүй байсан тул нэг бүрийн тусгай хэрэгсэл буюу гавыг хэрэглэж хөдөлгөөнийг нь хориод төв цагдаа руу тээвэрлэх гээд буудлаас гарах гэж байхад коридор хэсэгт миний хажууд явж байсан саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн баруун гар руу нэг удаа өшиглөхөд түүний барьж байсан албан хэрэгцээнд ашигладаг Galaxy A7 төхөөрөмж газарт унасан” гэх мэдүүлгээр /хх-50-51/,

Гэрч “...цагдаа нар ирээд 301 тоот өрөө рүү ороход тэр 2 хүн цагдаа нарын өөдөөс хэрүүл хийгээд, хэл амаар доромжлоод байсан. ...өрөөнд яригдаж буй яриа сонсогдож байсан бөгөөд цагдаа нарыг п элдэв янзаар хэлээд доромжлоод байсан “ гэх мэдүүлгээр /хх45-46/,

Гэрч Ө.ын ”...өрөөндөө ороод 0.75 литрийн Хараа нэртэй архийг ууж дуусгаад, 2.4 литрийн хэмжээтэй сэнгүүр пивоноос 1 савтайг ууж байхад буудлын ресейпшн гэх эрэгтэй хүн өрөөнд орж ирсэн санагдаж байна. Архи ууж дуусгаад ер нь бол тасарчихсан байдалтай байсан. Өглөө эрүүлжүүлэх байранд сэрсэн” гэх мэдүүлгээр /хх-50-51/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас Дархан сумын нутаг дэвсгэрт 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шөнийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хуваарь, томилгоо /хх-142-144/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дуудлага мэдээллийн бүртгэл /хх146-147/,

Энгэрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Бичлэгийг үргэлжлүүлэхэд ... “ Хар өнгийн цамцтай, саравчтай малгайтай эрэгтэй хүн, саарал өнгийн цамцтай эрэгтэй нар өндөр дуугаар орилж, ярьж байх бөгөөд уг хүмүүсийг чимээгүй байх талаар Цагдаагийн алба хаагч нар шаардлага тавьж байна. Камерын бичлэгийн 3 минут 17 секундэд саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн цагдаагийн алба хаагч руу хашхичиж байгаа байдал болон хар өнгийн цамцтай, саравчтай малгайтай хүн цагдаагийн албан хаагчийн биед хүрч байгаа байдал харагдаж байна. Камерын бичлэгийн 4 минут 31 секундэд саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн цагдаагийн алба хаагч руу “Битгий шаа” гэж хэлэхэд цагдаагийн алба хаагч тухайн хүнд биеийн хүч хэрэглэж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн 2025092301000” нэршилтэй 2 дахь бичлэгийн 5 минут 49 секундэд саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн цагдаагийн алба хаагч руу салаавч гаргаж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. 08 минут 03 секундэд цагдаагийн алба хаагч нар нүцгэн эрэгтэй хүнийг гавласан, 08 минут 23 секундэд цагдаагийн алба хаагч нар тухайн хоёр хүнийг өрөөнөөс гаргаж байгаа байдалтай байна.  3 дахь бичлэгийн 00 минут 21 секундэд саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн урдаа явж байсан цагдаагийн алба хаагчийн баруун гар орчимд нэг удаа өшиглөхөд ямар нэгэн зүйл унаж байгаа чимээ гарч байна. 00 минут 31 секундэд цагдаагийн алба хаагч газраас хар өнгийн зүйл авч байгаа байдалтай харагдаж байна” гэх тэмдэглэл /хх18-28/ / зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо...”Миний бие ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон үйл баримтын талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлэг өгсөн. Нэг удаа өшиглөх үйлдэл хийсэн болохоо хүлээн зөвшөөрдөг, энэ үйлдлээ зөвтгөхгүй байгаа. Гэвч энэ үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдох буюу гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн талаасаа үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлээгүй, цагаатгах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна. Ам бүл-8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг. Гомдлыг минь хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасны заримыг хүлээж авч шийдвэрлэлээ.

Учир нь: Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол хор уршиг шаардахгүй, гэмт үйлдлийг хийснээр төгсдөг гэмт хэрэг юм. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн, шүүхээс хийсэн дүгнэлтийг үгүйсгэн няцаах үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Харин шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг, улирлын чанартай түүхий эдийн бизнес эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй байгааг харгалзан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан  6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч *******, өмгөөлөгч *******ийн давж заалдах гомдлын заримыг хангав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг:

-“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай гэж,

-“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                          З.ТӨМӨРХҮҮ