Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2022/00020

 

 

Н.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.*******

 Хариуцагч Б.*******, Р.******* нарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах тухай 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа Н.*******ын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай

 Хэргийг хариуцагч Б.******* түүний өмгөөлөгч Г.Амартүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагч Р.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлдээ:

1.Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах

2.... Миний бие өөрийн гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 172 тоот хашаанд 2003 оноос хойш гэр бүлийн хамтаар амьдарч байна. Гэтэл миний орон сууц, хашааны газрын гэрчилгээнүүдийг надад огт мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хотын харьяат иргэн Б.******* гэх хүн өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан байна.

... Би 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн гэр бүлийн амьдран суудаг үл хөдлөх эд хөрөнгөө хэн нэгэнд тухайлбал Б.*******ад огт худалдаагүй, хэн нэгнээс байр худалдсаны мөнгө гэж нэг ч төгрөг хэзээ ч авч байгаагүй.

Иймд миний эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжих үндэслэл болсон дээрх орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Р.******* хариу тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Мөнгө хэрэг болоод М.*******ыг мөнгө зээлдэг гэдгийг интернэтээс мэдэж холбоо бариад уулзсан. Барьцаа хөрөнгө хэрэгтэй гэсэн тул өөрийн хүү Н.*******оос орон сууцаа зээлийн барьцаанд тавих зөвшөөрөл авсан. Ингээд барьцааны гэрээ хийх үү гэтэл худалдах худалдан авах гэрээ нь амар байдаг тэгээд би танай хашаа байшингаар яах вэ. Зээлээ төлөөд буцааж аваарай гэж М.******* хэлээд 5.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би авсан зээлээ төлсөн. Гэтэл одоо нэмж мөнгө нэхээд өгөхгүй бүр хашаа байшинг худалдсан гэж гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа. Худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй гэжээ.

Хариуцагч Б.******* хариу тайлбартаа: Миний бие нь Н.*******оос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий байрыг 2014 оны 01 сарын 09-ний өдрийн гэрээгээр худалдан авсан ба энэ гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан учраас л одоо миний нэр дээр орон сууцны болон газрын гэрчилгээ нь гарсан байгаа. Миний зүгээс хууль бус юм хийгээгүй. Нэхэмжлэгч Н.******* нь өөрийн ээж Р.*******д надад худалдах итгэмжлэлийг хийж өгсөн ба тэр итгэмжлэл нь Н.******* болон түүний ээж Р.******* нарын хоорондын сайн дурын үндсэн дээр хигдсэн. Миний зүгээс энэ асуудалд нөлөөлөөгүй. Хэрвээ надаас түүний ээж Р.******* нь мөнгө зээлсэн гэж үзэх юм бол бидний хооронд зээлийн гэрээ хийгдэх ёстой. Гэтэл зээлийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн үед хүү Н.******* нь хэрэгт холбогдоод мөнгөний хэрэгцээ гараад байна, байшингаа зармаар байна гэсний дагуу би худалдаж авсан. Би өөрийн ахад тухайн хашаа байшинг авч өгөх зорилгоор худалдан авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: Хашаа байшинг худалдаж авсан. Үүнээс хойш Н.******* нь эзэмшиж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс хашаа байшинг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндсэн нэхэмжлэлээ дэмжинэ гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаар шийдвэрээр:

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Р.*******, Б.******* нарын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.*******ын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 172 тоот /одоогийн 8 дугаар баг 2 хэсэг/ орон сууцыг хууль бусаар амьдарч байгаа Н.*******ын эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн улсын бүртгэлийн Ү-131700385 дугаартай Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 172 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөгчид нь буцаан шилжүүлж,

-Хариуцагч Б.******* өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг дурдан,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөг, хариуцагч Б.*******ын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах гомдолдоо:

... Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад...миний орон сууц, газрын гэрчилгээнүүдийг надад мэдэгдэлгүйгээр Б.******* гэх хүн өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан байна...миний тухайд өөрийн төрсөн ээж Р.*******д мөнгө төгрөгийн хэрэгцээ гараад байна гэхээр нь зээлийн барьцаанд эд хөрөнгөө тавих итгэмжлэл өгч байсан... гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримаас үзэхэд нэхэмжлэгч Н.******* нь өөрийн ээж Р.*******д тухайн маргаан бүхий хашаа байшинг бусдад барьцаанд тавих, арилжах зориулалтаар итгэмжлэл олгосон байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь дээрхи нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ...зөвхөн барьцаанд тавих итгэмжлэл өгсөн, надад мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй,

Мөн дээрхи нэхэмжлэгчээс өгсөн итгэмжлэлийг нотариатч гэрчилж, үүний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц худалдах худалдах авах гэрээ нь мөн нотариатаар батлагдан улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдснээр тухайн байшингийн өмчлөгч нь хариуцагч Б.******* болсон.

Энэ дээрхи ажиллагаанууд нь бүгд Иргэний хуульд заасан эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчөөгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна.

Гэтэл дээрхи анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан ямар баримтуудыг үндэслэж зээлийн гэрээг халхавчилсан гэрээ байна гэж үзсэн нь тодорхойгүй байна.

2.Анхан шатны шүүх 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн орон сууц худалдах худалдах авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3 дах хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч Р.******* болон Б.******* нарын хооронд амаар хийгдсэн зээлийн гэрээг халхавчилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлсон.

Гэтэл Р.******* болон Б.******* нарын хооронд зээлийн гэрээ амаар хийгдсэн гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Р.*******гаас 2014 оноос эхлэн Б.*******ад зээл болон зээлийн хүү төлсөн нэг ч баримт хэрэгт хавсрагдаагүй байхад шүүх ямар баримтыг үндэслэж зээлийн гэрээ байгуулсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Р.******* болон нэхэмжлэгч Р.******* нарын хооронд хийгдсэн итгэмжлэлийг хүчинтэй хэлцэл байсан гэдгийг дүгнээгүй хэрнээ дараагийн үр дагавар болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

-Шүүх хэрэгт байгаа нэхэмжлэгчийн ээж Р.*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгийг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бүрэн тусгасан хэрнээ хариуцагч Б.*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг огт тусгаагүй нь зохигчид шүүх хуралдаанд тэгш эрхийн хүрээнд мэтгэлцсэн байдал нь харагдахгүй хэргийн оролцогчийн нэг талд давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр хэрэгт анхнаасаа хариуцагч Б.*******ын эсрэг сонирхолтой байсан, өмнө нь энэ асуудлаар нэхэмжлэл гаргаж байсан нэхэмжлэгчийн ээж Р.*******г хамтран хариуцагчаар татаж, түүний мэдүүлгийг зөвхөн нотлох баримтын үндэслэл болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...40.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...гэсэн заалттай нийцэхгүй, бусад нотлох баримтаар зээлийн гэрээ хийсэн гэдгийг давхар нотлоогүй байна.

-Хариуцагч Б.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг дээрээ... гэрээ хийснээс хойш 3 жил орчмын дараа Р.******* ирж... хүүхдийн минь гал голомт юм байгаан байраа буцааж 15.000.000 төгрөгөөр худалдаж авах хүсэлт тавьсныг миний зүгээс тухайн хүмүүсийг бодож хүлээн зөвшөөрсөн ба 15 сая төгрөгт тааруулж итгэмжлэл хийж өгсөн боловч мөнгөө бүрэн шилжүүлээгүйгээр хүү Б.*******од бэлэглэж намайг хуурч мэхэлсэн учраас Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн байгууллагад ирж хязгаарлалт тогтоолгосон... гэсэн нь хэрэгт авагдсан дараахи баримтуудаар тогтоогдож байна.

-Хэрэгт авагдсан Б.*******аас 2018 онд Р.*******д олгосон итгэмжлэл дээр үнийн дүнг 15.000.000 төгрөг гэж дурьдсан,

Мөн Р.*******гаас Б.******* руу 2018.03.24-ний өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөгийн гүйлгээний утга нь ******* байр гэсэн утгаар шилжсэн нь зээлийн гэрээтэй холбоотой гэдэг нь үгүйсгэгдэж харин Б.******* буцааж зарж байрныхаа мөнгийг авсан нь гэдэг нь нотлогдож байна.

Зрт: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт... энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй....гэж заасан... Гэтэл шүүх орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзсэн хэрнээ шийдвэрт төлбөр мөнгөний асуудлыг огт дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ амаар хийгдсэн гэж үзсэн юм бол хэдэн төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн эсэх, хэдийг нь ямар хугацаанд буцааж төлсөн эсэх, энэ олон жилийн хугацаанд хүү тооцож төлсөн эсэхийг тодорхойлоогүй байна.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн банкны хуулганд дурьдагдсан төлбөр мөнгө нь хариуцагч Б.******* гэдэг хүний дансанд бүгд ороогүй мөнгө ба Энхбаатар, Дүгэрсүрэн гэх хүмүүсийн дансанд хийсэн мөнгө нь Б.*******ад ямар хамааралтай эсэх, байрны мөнгөө буцааж өгсөн мөнгө юм уу эсхүл хүү юм уу гэдгийг нарийн тодорхойлоогүй, шүүх хуралдаанд мөн энэ асуудлыг тодруулаагүй байна.

4рт:Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дах хэсэгт ...хариуцагч Б.******* нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй.. гэж заасан нь ойлгомжгүй байна.

Хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон учраас буруутай этгээд нь хүү Н.*******ыгоо хуурсан ээж Р.******* юм уу, эсхүл ээждээ байшингаа зарах итгэмжлэл өгч Б.*******ыг Н.******* хуурсан юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

Хамгийн гол нь энэ нөхцөл байдлын улмаас хариуцагч Б.******* нь хохирсон гэж харагдахаар байна. Учир нь 2014 онд 10.000.000 төгрөгийг Р.*******д өгч байрыг худалдаж авсан мөртлөө буцааж тухайн мөнгийг 4 жилийн дараа бүрэн аваагүй байдал хэргээс харагдаж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ээж мөнгө хэрэгтэй байна зээлийн барьцаанд тавина гэсэхээр нь манай нөхөр зөвшөөрч итгэмжлэл өгсөн. Гэтэл худалдсан тухай асуудал гарсан тул бид шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Анхнаасаа талуудын хооронд худалдах худалдах авах хүсэл зорин байгаагүй. Харин зээлийн гэрээний барьцаа хэлбэрээр хөрөнгөө шилжүүлсэн гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Өнөөдрийг хүртэл Н.******* нь хашаа байшиндаа амьдарсаар байгаа. Иймд анхан шатны шүүх хэрэг авагдсан үйл баримт нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хариуцагч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Би болсон үйл явдлын талаар мэдүүлсэн. Зээлийн гэрээгээр авсан мөнгөө шилжүүлсэн. Одоо нэмж мөнгө нэхээд өгөх боломжгүй болохоор энэ маргаан үүссэн. Би хангалттай мөнгө өгсөн гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Н.*******ын нэхэмжлэлтэй М.*******ад холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******тай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.*******ад холбогдуулан гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.******* нь орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн 2 өөр зохицуулалтыг хооронд нь хольж буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж тайлбарлажээ.

3.Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн зохигчдоос нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авсан боловч нотлох баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс тухайн алдааг залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

4.Хэргээс судлан үзвэл: Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, өмчлөх эрхийг сэргээж улсын бүртгэлд бүртгүүлэх, хариуцагч Б.******* нь маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 172 тоот орон сууцыг Н.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Р.*******г хамтран хариуцагчаар татан оруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байна.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас урьд тус шүүхээр шийдвэрлэсэн хадгаламжийн нэгж бүхий Р.*******гийн нэхэмжлэлтэй Б.*******ад холбогдох иргэний хэргээс нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай хүсэлтийг 2022 оны 03 сарын 18-ны өдөр /хх-ийн 138/ гаргасан байх ба шүүх хүсэлтийг хүлээн авсан эсэх тодорхойгүй боловч тус шүүхийн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 195 дугаартай албан бичгийг Шүүхийн тамгын газарт ирүүлж, Шүүхийн тамгын газар нь тухайн албан бичгийн дагуу 2022 оны 04 сарын 29-ний өдөр 148/2019/00187/И индекстэй хадгаламжийн нэгжтэй, 168 хуудас бүхий 1 хавтас иргэний хэргийг шүүхэд хүргүүлжээ.

Гэтэл шүүхээр шийдвэрлэгдсэн архивын хадгаламжийн нэгж бүхий иргэний хэргийг бүтнээр нь нотлох баримтад тооцож шинээр хэрэгт хавсаргасан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 56 дугаартай тогтоолоор батлагдсан Шүүхийн архивын ажиллах журмыг зөрчсөн, ийнхүү шүүхээр урьд шийдвэрлэсэн хэргийг бүтнээр нь нотлох баримтаар хэрэгт хавсаргаж уг хэргээс ямар нотлох баримтыг шүүх хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ тодорхой заагаагүй байна.

Тухайн хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүх үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шүүх оролцогчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй тул оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Мөн шүүх шийдвэртээ хариуцагчийн татгалзал, түүнтэй холбоотой тайлбарыг тусгаагүй байгаа нь талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болох тул цаашид анхаарах нь зүйтэй.

6.Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.*******аас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН