Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Д.Интэрбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Интэрбишэд холбогдох эрүүгийн 1836000000127 дугаартай, 178/2018/0128/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 06 сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа ачааны машин барьдаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-4 тоотод  оршин суух, Олхонод овогт Дэнзэнгийн Интэрбиш

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.Интэрбиш нь 2018 оны 08 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт эхнэр Б.Отгонсүрэнг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Интэрбишийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Интэрбиш нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр Б.Отгонсүрэнг зодож хохирол учруулсандаа харамсаж байна хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв. 

Хохирогч Б.Отгонсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: манай нөхөр Д.Интэрбиш нь 2018 оны 08 сарын 10-ны өдөр 22 цагийн орчимд гэрээсээ гарчихаад буцаж орж ирээд намайг үсдэж аваад орон дээр дарж аваад 4-5 удаа гараараа хацар луу цохисон. Тэгээд тавихаар нь би хажууд нь сууж байтал ширээн дээр байсан шаазан аяга аваад надруу шидтэл миний эрүүн тус газар онож хагараад хагархай нь миний хүзүүг зүссэн. Тэгээд цус гараад тогтохгүй байсан чинь манай нөхөр үхэж магадгүй ах дүү нараа дууд гэж хэлээд гараад явсан. Тэгээд би ах дүү нартаа хэлээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг./хх-10-11 дүгээр хуудас/

Шинжээч эмчийн 2018 оны 08 сарын 15-ны өдрийн 443 тоот дүгнэлтэнд:

Б.Отгонсүрэнгийн биед гэмтэл учирсан байна.

Б.Отгонсүрэнгийн биед эрүүнд 2х2 см, хүзүүнд 4х2 см, зүүн эгэмэнд 1х1см , баруун бугалганд 3х3 см, зүүн даланд 1х1 см, 2х2 см тус бүр цус хуралтууд, хүзүү, зүүн мөр, эгэм, дал, 2 гуяны урд хэсгүүдээр 1х0.5-5х0.5 см хэмжээтэй олон тооны зураас бүхий зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

Б.Отгонсүрэнгийн биед учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

Б.Отгонсүрэнгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна  гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/  дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч Д.Интэрбиш нь 2018 оны 08 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт эхнэр Б.Отгонсүрэнг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч Д.Интэрбишэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Интэрбишэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Интэрбишэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Б.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн эмчийн 443 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.

Шүүгдэгч  Д.Интэрбиш нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

 Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар прокурорын санал болгосон 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эхнэр Б.Отгонсүрэнгийн амьдарч байгаа Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 01-04 тоотод очих, эхнэр Б.Отгонсүрэн, хүү И.Тэмүүлэн, охин И.Азжаргал нартай уулзах эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох “Оюу” чулуун хөөргийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/104 тоот тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олхонод овогт Дэнзэнгийн Интэрбишийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Дэнзэнгийн Интэрбишийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 650000 / зургаан зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Интэрбишийн 650000 / зургаан зуун тавин мянга / төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Д.Интэрбишэд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Д.Интэрбишийг эхнэр Б.Отгонсүрэнгийн амьдарч байгаа Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 01-04 тоотод очих, эхнэр Б.Отгонсүрэн, хүү И.Тэмүүлэн, охин И.Азжаргал нартай уулзах эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарласугай.

6. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Д.Интэрбишийг шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7.Шүүгдэгч Д.Интэрбиш нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, торгох ял биелэгдэх хүртэл  2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/104 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Интэрбишэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС