| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2406005732158 |
| Дугаар | 2026/ДШМ/276 |
| Огноо | 2026-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/276
2026 03 11 2026/ДШМ/276
Ц.Б-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэбаяр,
хохирогч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Энхболд,
шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Г.Жалбуу,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Г.Жалбуу нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн Ц.Б-ад холбогдох эрүүгийн 2406005732158 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Ц-ын Б-, ......, /РД:ШЦ-/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 30.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон;
Шүүгдэгч Ц.Б- нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртад “амралтын газар барьж өгнө” хэмээн Э.А-тай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах “Ц-” тауэрт “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний урьдчилгаанд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд “Голомт” банкин дахь өөрийн дансаар 6 удаагийн гүйлгээгээр нийт 129.000.000 төгрөгийг,
2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 36.351.875 төгрөгийн үнэлгээ бүхий Ц- УАУ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийг,
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 114.757.387 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Ц- дугаар байрны 141 тоотод байрлах 41.31 мкв, 2 өрөө орон сууцыг,
2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Э.А-ыг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Метро молл” худалдааны төвд байхад нь 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 283.609.262 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Ц-ын Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.Б-ын цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Б-аас 177.609.262 төгрөгийг гаргуулан хохирогч Э.А-д олгож, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хохирогч Э.А- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ц.Б-ад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Э.А-тай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан амралт, сувиллын газар барьж өгөхөөр гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа залилан мэхлэх санаа, зорилго агуулаагүй. Манай байгууллагын үйл ажиллагаанд бизнесийн зарчмын хүрээнд алдаа гарч, санхүүгийн түр зуурын хүндрэл үүссэн. Үүний улмаас гэрээт ажил удаашрал үүсэж, цаг хугацаа алдсандаа маш их харамсч байна. Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах боломжтой тул өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал, Г.Жалбуу нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх прокуророос шилжиж ирсэн Ц.Б-ад холбогдох хэргийг хүлээн авсан даруйд өмгөөлөгч Г.Жалбуу хуульд заасан хугацаанд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоосон. Харин тухайн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Жалбуу нь эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байсан тул хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, улмаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй атлаа хүсэлт гаргасан хэргийн оролцогч болох яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, улмаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. ...Хавтаст хэрэгт хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ц.Б-, Б.Ж- нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Ц.Б-ын Э.Б-, Ц.Б- нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтууд авагдсан. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б- нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Э.А-ын эзэмшлийн Гачуурт дахь газарт амралтын газар барих зорилгоор Ц.Б-тай 8 ширхэг шовгор, нэг ширхэг рестораны байшингийн суурь болоод бохирын шугамын ажлыг хийж гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, улмаар Ц.Б- нь гэрээний дагуу дээрх ажлыг гүйцэтгэхээр Б.Ж-гоор суурь болон бохирын нүхийг ухуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх газар шорооны ажлыг гүйцэтгэхтэй холбоотой гарсан зардлыг хөндлөнгийн барилгын салбарын шинжээчээр тогтоогоогүй, энэ талаар өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хүлээн авахаас татгалзсан буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоож чадаагүй. Хэрэгт мөрдөгч Б.Баттулгын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилсон тогтоол, “Дамно үнэлгээ” ХХК-ийн тайлан авагдсан. Мөрдөгчийн тогтоолтой шинжээч Ц.Түвшинцэнгэл танилцсан, харин туслах үнэлгээчин С.Гантуул танилцаж, гарын үсэг зураагүй, шинжээч нарт эрх, үүрэг танилцуулж, хууль сануулаагүй.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хууль зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасантай нийцэхгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт ямар асуудал хэлэлцүүлэх нь тодорхойгүй байхад тухайн өмгөөлөгчийг оролцуулалгүй урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн. Энэ шийдвэр нь мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг татгалзан гаргах, өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт оролцох эрхийг тус тус зөрчсөн. Ц.Б- нь өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцъё гэсэн байхад өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр нь хангаагүй. ...Альфард автомашины үнэлгээг тогтоолгоогүй ба 19.000.000 төгрөг нь уг автомашины зах зээлийн үнэлгээтэй тохирч байгаа эсэх нь тодорхойгүй. ...Албаны даргын тогтоолгүйгээр уг хэрэгт хэд хэдэн мөрдөгч ажиллагаа явуулсан. ...Өмгөөлөгч Г.Жалбуугийн зүгээс Д.МөнхБ-, М.Т- нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг прокурорт гаргахад хангаж шийдвэрлэсэн боловч биелэгдээгүй. М.Т-ыг хоёр удаа дуудахад ирээгүй гэдэг ч түүнийг албадан ирүүлэх боломжтой байсан. СүхБ- дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Д.МөнхБ-аас Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, “Кинг тауэр” хотхонд байрлах кофе шопт гэрчээр мэдүүлэг авч, гарын үсэг зуруулаад явсан байх боловч энэ мэдүүлэг хэрэгт авагдаагүй.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Жалбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн магадлал зэрэг авагдсан. Өөрөөр хэлбэл, Д.МөнхБ- гэдэг хүний газар дээр газар шорооны ажил эхлэнгүүт иргэдээс эсэргүүцэл үзүүлж, Д.МөнхБ-ын ажлыг зогсоосон байдаг. Ц.Б-ын хувьд Э.А-аас орж ирсэн мөнгийг бизнесийн зарчмаараа Д.МөнхБ-ын үйл ажиллагаа руу оруулж, Д.МөнхБ-тай тохирсон байсан ажил нь явагдаж, мөнгө нь орж ирэх байсан боловч дээрх шалтгаанаас үүдэн зогсонги байдалд орсон нь залилах гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-ад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.” гэв.
Хохирогч Э.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх шүүгдэгчид бага ял оногдуулсан гэж үзэж байна. Миний хувьд маш их хохирсон, хангалттай хүлээсэн. Үлдэгдэл мөнгийг өдий болтол өгөөгүй байгаа. Тухайн газар дээр шороо ухснаас өөр зүйл байхгүй.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Жалбуу өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч хэргийг хэлэлцэх хугацаа нь болсон байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэж ойлгосон. Анхан шатны шүүх хэрэгт нотолбол зохих байдлууд нотлогдсон гэж үзсэн болоод шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Альфард автомашиныг хохирогч, шүүгдэгч нар хоорондоо тохиролцоод өгч, авалцсан асуудал байдаг тул хохирлын хэр хэмжээ тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтэд С.Гантуул нь туслах шинжээч бөгөөд тухайн дүгнэлтийг боловсруулахад оролцсон байсан, мөн тогтоолын хойд талын нүүрэнд эрх, үүрэг тайлбарласан заалт байсан. Тэгэхээр үндсэн шинжээч нь шинжээч томилсон тогтоолтой танилцсан тул дүгнэлт үндэслэл бүхий байна. Албаны даргын тогтоол хэрэгт байгаагүй. Гэхдээ энэ тогтоолыг нөхөж хийх нь хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй. Д.МөнхБ- гэдэг хүний ажилтай холбоотой зүйл ярьж байсан. Ц.Б- нь Э.А-ын л ажлыг хийх ёстой. Гэтэл Э.А-аас авсан мөнгийг Д.МөнхБ-ын ажил руу оруулсан гэдэг зүйлийг ярих ба энэ нь харин ч залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байгаа нөхцөл болно. Д.МөнхБ-аас мэдүүлэг авах шаардлагагүй, тэр хүний ажил бол тусдаа асуудал, Э.А-тай хамааралгүй. М.Т-т байшин барих дүнз захиалсан гэж байгаа юм бол Ц.Б- холбогдох баримтаа өөрөө гаргаж өгөх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогчийн газарт нөхөн үзлэг хийхэд нэг ширхэг ч шовгор байшин байхгүй, хоосон нүх ухсан газар байсан. Тэгэхээр үүн дээр эдийн засгийн шинжээч томилж, хохирол, хор уршгийн хэмжээг тогтоолгох шаардлагагүй. Шинжээч томилсон тогтоолоор шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, харин хуульд туслах үнэлгээчин шинжээч томилсон тогтоолтой танилцана гэсэн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, Д.Г- нь туслах шинжээч ба тайлан бэлтгэгчээр оролцсон, Ц.Т- нь гарын үсгээ зурж, дүгнэлтээ гаргасан тул хууль зөрчөөгүй. Г.Жалбуу өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг гаргаж, эмчийн магадлагаа хавсаргасан боловч уг магадлагаанд онош тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Альфард автомашины тухайд хохирогчоос мэдүүлэг авч, 19.000.000 төгрөгөнд тооцож авсан гэснээр нь тооцож, хохирлын дүнг тооцоолсон. Мөрдөгч томилсон тогтоол байхгүй хэдий ч уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх нь хэрэгт ач холбогдолгүй. Мөрдөгч нар хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. Д.МөнхБ-аас мэдүүлэг авсан гэж ярих боловч хэрэгт түүнээс мэдүүлэг авсан гэх баримт байхгүй. М.Т-аас заавал мэдүүлэг авах шаардлагагүй, үнэхээр М.Т-аас дүнз авсан юм бол Ц.Б- нь холбогдох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Ц.Б- хохирогчоос авсан мөнгөө Д.МөнхБ-ын компанийх нь үйл ажиллагаанд зарцуулсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ц.Б-ад холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Б- нь үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртад “амралтын газар барьж өгнө” хэмээн Э.А-тай 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэсгэрт байрлах “Ц-” тауэрт “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний урьдчилгаанд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд “Голомт” банкин дахь өөрийн дансаар 6 удаагийн гүйлгээгээр нийт 129.000.000 төгрөгийг,
2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 36.351.875 төгрөгийн үнэлгээ бүхий Ц- УАУ улсын дугаартай “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслийг,
2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 114.757.387 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Ц- дугаар байрны 141 тоотод байрлах 41.31 мкв, 2 өрөө орон сууцыг,
2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Э.А-ыг СүхБ- дүүргийн 6 дугаар хороо, “Метро молл” худалдааны төвд байхад нь 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 283.609.262 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Э.А-ын “...гэрээ байгуулж, 525.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Урьдчилгаа 265.000.000 төгрөг авна, бартер байж болно гэхээр нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 129.000.000 төгрөгийг Ц.Б-ын эзэмшлийн “Голомт” банкны данс руу шилжүүлсэн. Мөн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ц- УАА улсын дугаартай “Toyota Harrier” загварын автомашиныг 40.000.000 төгрөгөнд бодож өгөөд, 19.000.000 төгрөгийн зөрүүнд нь “Toyota Alphard” загварын автомашиныг авсан. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ээж Н.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Сэнгүр горхи” хотхоны 41.31 мкв байрыг 130.000.000 төгрөгөнд тооцож Ц.Б-ад өгсөн бөгөөд тухайн байрыг өгснөөр 280.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч дууссан. Тэр үеэс эхлээд огт барилгын ажил хийж гүйцэтгээгүй, барилгын суурь ухаад, 2 автомашин дүүрэн дүнз мод авчирч буулгачихаад ажлаа хийхгүй байж байгаад 2023 оны 11 сард буулгасан моднуудаа буцаад ачаад явчихсан байсан. Одоогийн байдлаар миний газар дээр ухсан нүх байгаа, өөр ямар нэгэн хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй. Мөн надаас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 3.500.000 төгрөг нэмж авсан бөгөөд тухайн үедээ юу гэж хэлж авсныг нь санахгүй байна. ...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1 ширхэг 100 мкв үйлчилгээний зориулалттай байшин, 24 мкв амралтын газрын байр, 4200 мкв урт хашаа зэрэг бариулахаар дахин гэрээ байгуулсан. ...” /1-р хх 51-52, 4-р хх 8/,
гэрч Ц.Б-ын “...2023 оны 04 дүгээр сард 398 мкв газарт амины орон сууцны газар ухсан. Тухайн ажил гүйцэтгэж, нүх ухсан газарт өөр ажил хийх нөхцөл, бололцоо байхгүй байсан. ...Би зөвхөн суурийн газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн. ...” /3-р хх 154/,
гэрч Б.Ж-гийн “...Тамираа гэх инженер “газар шорооны ажил байна” гэхээр нь 2023 оны 05 дугаар сард Гачууртад 8 ширхэг байшингийн суурь, 1 ширхэг бохирын шугам соруулах том нүх ухаж өгсөн. Би 3 хоногийн дотор хийж өгчихөөд, буцаад хот руу явсан. Үлдэгдэл 1 сая төгрөгийн тооцоо байгаа, одоог хүртэл авч чадаагүй байна. Тэрнээс хойш дахин газар шорооны ажил хийгээгүй. ...” /4-р хх 29/,
Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “...Компанид өөр ажил орж ирэхэд тэндээс орсон санхүүжилтийг өөр ажил руу оруулж, маневрлаж байсан асуудал байгаа. Э.А-ын ажилтай зэрэгцээд цуг явж байсан ажлаас 400-500 сая төгрөг орж ирэх ёстой байсан тул санхүүжилтээ жаахан яаруулахын тулд тэр ажил руугаа шахаад орчихсон. ...” /2-р хх 31/ гэсэн мэдүүлгүүд,
“Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” /1-р хх 15-29, 4-р хх 11-18/, Э.А-ын “Хаан” банк дахь 5Н- дугаартай дансны хуулга /2-р хх 7-13/, Э.А-ын “Худалдаа хөгжлийн банк” дахь Н- дугаартай дансны хуулга /1-р хх 41/, Ц.Б-ын “Голомт” банк дахь 1Н- дугаартай, “Хаан” банк дахь Н- дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх 158-168/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх 179-183/, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх 194, 202/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 69/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 142-149/, хохирогч, шүүгдэгч нарын харилцаа холбооны хэрэгслээр харилцсан талаархи баримт /3-р хх 215-250, 4-р хх 1-5/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ын хохирогч Э.А-тай Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гачууртад “Амралтын газар барьж өгнө” гэж “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний урьдчилгаанд бэлэн мөнгө болон эд хөрөнгө авсан атлаа гэрээнд заасан ажлаа хийлгүйгээр мөнгийг нь өөр зүйлд зарцуулж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал нар “...Д.МөнхБ-, М.Т- нарыг гэрчээр асуугаагүй, ...Газар шорооны ажил хийхэд гарсан зардал, зөрүүнд авсан гэх “Toyota Alphard” автомашины зах зээлийн үнэлгээ зэргийг тогтоогоогүй, ...Шинжээч томилсон тогтоол, эрх, үүргийг туслах үнэлгээчинд танилцуулаагүй, ...Албаны даргын шийдвэргүйгээр өөр, өөр мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, ...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хүсэлт гаргасан өмгөөлөгчийг оролцуулалгүй явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
1. Хохирогч Э.А- нь шүүгдэгч Ц.Б-тай 2023 оны 02 дугаар сард холбогдон, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Гачуурт”-д байрлах амралтын газрын зориулалттай 4200 мкв газар дээр үйлчилгээний зориулалттай 100 мкв байшин, тус бүр 24 мкв хэмжээтэй амралтын газрын байшин 8 ширхэг, нийт талбайг тойрсон 324 м урттай дүнзэн хашаа зэргийг хийж гүйцэтгүүлэхээр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, гэрээний урьдчилгаанд 132.500.000 төгрөгийг дансаар, 36.351.875 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, 114.757.387 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө орон сууц буюу нийт 283.609.262 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн боловч Ц.Б- нь тухайн газарт 8 ширхэг байшингийн суурь, 1 ширхэг бохирын шугам соруулах нүх ухаж өгсөнөөс өөр үйл ажиллагаа явуулалгүй, хохирогч Э.А-ын ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгсөн мөнгийг өөр үйл ажиллагаанд зарцуулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар хохирогч Э.А- “...гэрээ байгуулж, 525.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 129.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн “Toyota Harrier” загварын автомашиныг 40.000.000 төгрөгөнд бодож өгөөд, 19.000.000 төгрөгийн зөрүүнд нь “Toyota Alphard” загварын автомашиныг авсан. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Сэнгүр горхи” хотхоны 41.31 мкв байрыг 130.000.000 төгрөгөнд тооцож Ц.Б-ад өгсөн бөгөөд тухайн байрыг өгснөөр 280.000.000 төгрөгийн урьдчилгаа өгч дууссан. Тэр үеэс эхлээд огт барилгын ажил хийж гүйцэтгээгүй, барилгын суурь ухаад, 2 машин дүүрэн дүнз мод авчирч буулгачихаад ажлаа хийхгүй байж байгаад 2023 оны 11 сард буулгасан моднуудаа буцаад ачаад явчихсан байсан. Одоогийн байдлаар миний газар дээр ухсан нүх байгаа, өөр ямар нэгэн хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй. ...” гэж мэдүүлж, энэ мэдүүлэг нь гэрч Ц.Б-, Б.Ж- нарын мэдүүлэг, “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, хохирогч болон шүүгдэгч нарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн “...тухайн газрын зүүн урд хэсэгт хоёр ширхэг байшингийн хэлбэртэй суурь, 7 ширхэг шороо овоолсон хэсгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд бохирын хоолой болох гүн нь 25 см орчим ухсан газар, түүний ойр орчим овоолсон шороо харагдаж байгааг зураг хэлбэрээр бэхжүүлж авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар давхар нотлогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул Д.МөнхБ-, М.Т- нарыг гэрчээр асуух болон хийгдсэн газар шорооны ажлын зардлыг шинжээчээр тогтоолгох зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, хохирогч Э.А-аас авсан мөнгийг Д.МөнхБ-тай хамтран явуулж байсан ажилдаа зарцуулж, Д.МөнхБ-тай тохирсон ажил нь явагдаж, мөнгө орж ирэх байсан боловч газрын маргаанаас болж ажил нь зогссон гэх нөхцөл байдал нь Э.А-ыг хуурч, залилсан гэх үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүйгээс гадна М.Т-аас дүнз мод худалдан авсан гэх боловч энэ нь хохирогчийн “...Барилгын суурь ухаад, хоёр автомашин дүүрэн дүнз мод авчирч буулгачихаад, ажлаа хийхгүй байж байгаад 2023 оны 11 сард буулгасан байсан моднуудаа буцаад ачаад явчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн, Ц.Б- нь Э.А-аас авсан гэрээний төлбөрийг өөр ажил гүйцэтгэх гэрээний үйл ажиллагаанд зарцуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. “Н-” ХХК-ийг төлөөлж Ц.Б-, нөгөө талаас “Н-” ТББ-ыг төлөөлж Э.А- нар нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, хохирогчоос “Toyota Harrier” автомашиныг 40.000.000 төгрөгөнд тооцож, бартерт өгсөн талаар тусгасан, мөн хохирогч “...2020 онд худалдаж авч байсан “Toyota Harrier” загварын автомашиныг 40.000.000 төгрөгөнд бодож өгөөд, 19.000.000 төгрөгийн зөрүүнд “Toyota Alphard “загварыг автомашиныг авсан. ...” /1-р хх 51/ гэж мэдүүлсэн зэргийг шүүгдэгч үгүйсгэж маргаагүй тул хохирлоос 19.000.000 төгрөгийг хасаж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
3. СүхБ- дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Б.Баттулга “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг шинжээч Ц.Т-д танилцуулж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжээчийн эрх, үүргийг танилцуулсан байх бөгөөд улмаар “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн СБ1-24-1460 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчоос шүүгдэгчид шилжүүлэн өгсөн улсын бүртгэлийн Ү-Н- дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Ц- байрны 141 тоотод байрлах 41.31 мкв 2 өрөө орон сууц, 2010 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон “Toyota Harrier” маркийн автомашин зэргийн зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор туслах үнэлгээчин С.Гантуул тайланг бэлтгэж, шинжээч Ц.Т- дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т заасан шаардлагад нийцжээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.
Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт СүхБ- дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Баттулга, мөн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Анхсайхан нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх бөгөөд хэргийг мөрдөгч Б.Баттулгаас Н.Анхсайханд шилжүүлсэн Мөрдөн шалгах ажиллагаа явуулах Албаны даргын шийдвэр авагдаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн шинж чанарыг үгүйсгэх нөхцөл болохгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож чадсан, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөгч хуульд заасан арга, хэрэгслээр мөрдөн шалгаж, гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэлд үндэслэн нягтлан тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.
Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Жалбуу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаж, 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр явуулсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тэрээр “эрүүл мэндийн шалтгаантай тул хуралдааныг хойшлуулах” агуулга бүхий хүсэлтээ “Эмнэлгийн магадлагаа”-ны хамт ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх тухайн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд нэрлэн заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тус тус хамаарахгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин хэрэгт хавсаргагдсан буюу “Хаан” банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий СиДи-г эд мөрийн баримтаар тооцоогүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, Ц.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, СүхБ-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи...” гэснийг “...Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СиДи...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Л.Батжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН