| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0130/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/127 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч П.Ууганбилэг, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Ууганбилэгт холбогдох эрүүгийн 1836000000122 дугаартай, 178/2018/0130/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 06 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 31 настай, хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн манхан сумын Улаанхүрээ багт оршин суух, Цалинчынхан овогт Пүрэвнямын Ууганбилэг
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч П.Ууганбилэг нь 2018 оны 07 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-1 тоот хашаанд гэртээ эхнэр Б.Отгон-Эрдэнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Ууганбилэгийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Ууганбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би эхнэр Б.Отгон-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Отгон-Эрдэнэ нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2018 оны 07 сарын 12-ны өдөр манай ах дүү нар бүгдээрээ салхинд гарч би нөхрийнхөө хамт гарсан. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ харих замд манай нөхөр чиний ах дүү нар намайг өр зээлэнд орсон байхад тоосонгүй мөнгө төгрөг өгсөнгүй гэж хэлэхээр нь би дуугараагүй. Тэгтэл миний нүүр лүү цохихоор нь би гарыг нь барьж аваад чамайг эрүүл болохоор энэ талаар ярилцъя гэж хэлээд гэрийн гадна гараад машинаас буугаад авч явсан юмнуудаа буулгаж байтал миний нуруу руу нэг удаа нударчихаад гэрлүүгээ орсон. Тэгээд араас нь яваад ороход бас л нөгөө юмаа хэлээд хэрүүл хийгээд миний нүүр, гэдэс рүү хэд хэдэн удаа цохиод чамайг ална гээд хоолны шкаф руу явах хооронд би гарч зугтаагаад цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг./хх-17-18 дугаар хуудас/
Шинжээч эмчийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 395 тоот дүгнэлтэнд:
Б.Отгон-Эрдэнийн биед тархи доргилттой, баруун дээд болон доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн доод зовхинд хөх ягаан туяатайцус хуралттай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
Б.Отгон-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна.
Иргэн Б.Отгон-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
Иргэн Б.Отгон-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл ба цаг хугацааны хувьд тохирсон гэмтэл байна.
Иргэн Б.Отгон-Эрдэнийн урьд өмнө үүссэн хуучин гэмтлүүд тогтоогдоогүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/ дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Шүүгдэгч П.Ууганбилэг нь 2018 оны 07 сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-1 тоот хашаанд гэртээ эхнэр Б.Отгон-Эрдэнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч П.Ууганбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Ууганбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.
Шүүгдэгч П.Ууганбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Б.Отгон-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн эмчийн 395 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.
Шүүгдэгч П.Ууганбилэг нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох БНХАУ-д үйлдвэрлэсэн Чиленгер маркийн хөлдөөгч, Япон улсад үйлдвэрлэсэн TCL маркийн 24 инчийн зурагтыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 5/99 тоот тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цалинчынхан овогт Пүрэвнямын Ууганбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Пүрэвнямын Ууганбилэгийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ууганбилэг нь 500000 / таван зуун мянга / төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч П.Ууганбилэгт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Шүүгдэгч П.Ууганбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, торгох ял биелэгдэх хүртэл 2018 оны 08 сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч П.Ууганбилэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС