Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/283

 

2026            03            12                                                                        2026/ДШМ/283        

 

А.Э-эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Батзаяа,

шүүгдэгч А.Э-,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2305037812163 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А- овогт А-ийн Э-, .........,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1054 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 510 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УА-/;

 Шүүгдэгч А.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А-” худалдааны төвийн 112 дугаар лангуун дээр ажлаа хийж байсан Б.Б-г “гар утсаар чинь хүнтэй яриад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 465.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung A73 загварын гар утсыг нь авч залилсан,

мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамжинд Л.М-ийн “Хаан” банкны виза картыг авч, улмаар картнаас нь 730.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: А.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А- овогт А-ийн Э-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт, “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, А.Э-эд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.Э-ийн цагдан хоригдсон 46 хоногийг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь хохирогч Л.М-эд төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Э-ээс 465.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э-эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруу дэрээр маргахгүй бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хоригдож байх хугацаандаа гэм буруугаа ухааран ойлгож, үнэхээр их гэмшиж байна. Би ээж, охин дүү нарын хамт амьдардаг бөгөөд тэднийг минь асран хамгаалах хүнгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, эсхүл торгох ялаар сольж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү.” гэв.

Прокурор М.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..анхан шатны шүүх хуралдааны үед хохирогч Б.Б-гийн хохирол 465.000 төгрөг төлөгдөөгүй байсан. А.Э-эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсныг нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн үйлдсэн хоёр үйлдэлд тус бүр 6 сарын хорих ял оногдуулж, нийт 1 жилийн хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн. Энэ хэрэгт Д.Батзаяа прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид гардуулах гэсэн боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, улмаар цагдан хоригдож байсан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А-” худалдааны төвийн 112 дугаар лангуун дээр ажлаа хийж байсан Б.Б-г “гар утсаар чинь хүнтэй яриад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 465.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung A73 загварын гар утсыг нь авч залилсан,

мөн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамжинд Л.М-ийн “Хаан” банкны виза картыг авч, улмаар цахим картыг АТМ машинд уншуулж, түлхүүр кодыг тайлан банкны харилцах дансанд хууль бусаар нэвтэрч улмаар 730.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-гийн “...А.Э- “таны утсаар хүнтэй яриад өгье” гэж хэлээд, хоёр удаа миний утсаар ярьсан. Дараа нь дахиж хүнтэй ярьж байгаад хоёр лангууны урдуур хоёр тийшээ холхиод байсан. Тэгээд гэнэт миний утсыг аваад алга болсон. Хүлээгээд ирэхгүй байхаар нь хүний утсаар залгахад эхлээд дуудаж байснаа дараа нь дуудахаа больчихсон. ...” /хх 102/,

хохирогч Л.М-ийн “...А.Э- бид хоёр үлдээд, дараа нь болсон явдлуудаа санахгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 06-ны орой 19 цаг 30 минутад миний “Хаан” банкны данснаас 730.000 төгрөгийн зарлага гарсан мэдээлэл гар утсанд ирсэн. ...” /хх 17/,

А.Э-ийн яллагдагчаар өгсөн “...тухайн ахтай хамт дэлгүүр орсон ба надад картаа өгөөд би архи худалдаж авсан. Би банкных нь картыг буцааж өгөөгүй. Дараа нь хорооллын эцсийн АТМ ороод картнаас мөнгө авсан, хэдэн төгрөг авснаа санахгүй байна. ...Б.Б- эгчийн утсыг гуйж авч, хүнтэй утсаар ярьж байгаад аваад явсан. ... ” /хх 21, 132/ гэсэн мэдүүлгүүд,

дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 42-45/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 46-52/, хохирогч Л.М-ийн эзэмшлийн “Хаан” банкин дахь М- дугаартай дансны хуулга /хх 64/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 110/ зэрэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Э-ийн ”утсаар чинь ярьчихаад өгье” гэж хохирогч Б.Б-г хуурч утсыг нь залилж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  мөн Л.М-ийн “Хаан” банкны виза картыг авч, уг картыг АТМ машинд уншуулж, түлхүүр кодыг тайлан банкны харилцах дансанд хууль бусаагр нэвтэрч улмаар 730.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.Э- нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчилж, шүүгдэгчийн оршин суух Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, шүүгдэгч А.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тусад нь эдлүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын хугацаа дуусмагц эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч А.Э-ийн “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч А.Э- нь шийтгэх тогтоол гарсан 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсон байгааг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Шүүгдэгч А.Э- нь хохирогч Б.Б-д 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 465.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/ШЦТ/207 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч А.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлж, хорих эдэлж дуусмагц зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э-эд сануулсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч А.Э- нь хохирогч Б.Б-д 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 465.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           Н.БААСАНБАТ

 

ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН