Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2022/00022

 

 

А.*******, Г.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 148/ШШ2022/00193 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.*******, Г.******* нар,

 Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 52.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай

 Хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ:

1.2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тооцооны дагуу 52.500.000 төгрөгийг гаргуулах

2. А.******* нь өөрийн хамаатны эгч болон Б.*******ээр дамжуулан түүний ажилладаг ******* ******* ХХК-д оффис менежерийн ажилд орсон. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.******* нь компанийн хөрөнгө оруулалт орж ирээгүй санхүүгийн хувьд бэрхшээлтэй байна. Удахгүй мөнгө орж ирнэ хэмээн нэхэмжлэгч А.******* Г.******* нарт итгүүлж гурван тээврийн хэрэгслийг авто ломбардад барьцаалуулсан. Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэлд зааснаар нийт 52.500.000 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 15-аас 2015 оны 08 дугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулж дууссан байхаар тохиролцсон байна. Гэтэл тохиролцсон хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй сураггүй алга болсон ... гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

1. Нэхэмжлэлийг дараах үндэслэл шалтгаанаар зөвшөөрөх боломжгүй байна.

2. Нэхэмжлэлд хавсаргасан баримт нь тооцооны тэмдэглэл болохоос тооцоо нийлсэн акт болон төлбөр тооцоотой холбоотой гэрээ баримтууд биш. Тэмдэглэл үйлдснээс хойш тооцоотой холбоотой бусад олон процессууд өнгөрсөн. Үүнд нэхэмжлэд дурдсан тэмдэглэлд үнийн дүн нь багтсан 10 гаруй орчим жил ашигласан хуучин кемп дээр байсан гэр, турк зуух, сандал, сав суулга, ширээ гэхчилэн бүх эд хогшлын хамт А.******* 2015 оны 9 дүгээр сард бүрэн авсан. Орноос бусад эд хогшлийг 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 02 дугаар сард авсан шинэ гэдгийг тэнд ажиллаж байсан бүх ажиллагсад нотолно. Авсан эд хөрөнгийн зургийг аваад нягтлан Х.*******тэй тооцоо нийлээрэй гэсэн үүрэг даалгаварыг А.******* одоог хүртэл биелүүлээгүй. Нэг үгээр хэлбэл өөрсдийн эд хөрөнгөө зах зээлийн дээд ханшаар үнэлсэн атал өөрсдийн хүлээн авсан эд хөрөнгө, түүний үнэлгээний талаар огт дурдаагүй явдалд харамсаж байна. Тухайлбал, тэмдэглэлд дурдсан гэрийн үнэ гэхэд надаас нэг бүрийг нь 3.300.000 төгрөгөөр тооцож авах Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бий. Ломбардсан гэх мөнгө нь хувааж хэрэглэсэн буюу түүнээс А.******* цалингаа бүрэн тооцож авсан буюу А.*******той хийх цалингийн ямар ч тооцоогүй болно.

...Иймд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссныг нотлох баримт нэхэмжлэлд хавсаргаагүй буюу нотлоогүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсгийг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгөхийг үүгээр хүсэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 148/ШШ2022/00193 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 466 дугаар зүйлийн 466.1-д заасныг баримтлан ******* ******* ХХК-иас 17.920.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******, Г.******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 10 өдрийн Дугаар 148/ШШ2022/00193 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...гэх тайлбарлаж байх боловч кемпэд байсан гэр буюу мөнгө болохоор эд зүйлийг ажилчид нь аваад явсан гэх тайлбараа нэхэмжлэгч талаас баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна., ...Хариуцагчаас 7 ширхэг монгол гэрийг бусдаас худалдан авч Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт барьж байсан талаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 470 дугаар шийдвэрээр нэг бүр нь 3.300.000 төгрөгийн үнэ бүхий монгол гэрийг бусдаас худалдан авч барьж байсан талаар үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбарт дурдсанаар 7 ширхэг монгол гэрийг нэхэмжлэгч нар авч явсан гэж дүгнэн үүргийг харилцан тооцож 7*3.300.000=23.100.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна..." гэжээ.

Хариуцагч компанийн захирал өөрийн эд хөрөнгө болох 7 ширхэг монгол гэрийг ямар учраас нэхэмжлэгч нарт өгсөн байх вэ? Хэрэв өгсөн бол яагаад гэр хүлээлгэж өгсөн тухай акт үйлдээгүй байх билээ? Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 7 гэрийг ажилчид авч явсан талаарх нотлох баримтыг шаардахаас илүү хариуцагчаас хэдэн төгрөгний үнэтэй хэдэн ширхэг гэрийг хэзээ хэнд хүлээлгэж өгсөн талаарх баримтыг шаардсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар 38.1-д заасанд нийцэх байсан.

-Нэхэмжлэгч нарын тайлбарт ... кемпед байсан гэрийг хариуцагч компанийн ажилчид цалингийнхаа өрөнд аваад явсан байсан. Хэд хичнээн төгрөгийн үнэтэй гэрийг хэн хэзээ авч явсныг мэдэхгүй. гэдэг л тайлбар байдаг.

Хариуцагч компанийн захирал хэзээ ямар ажилчиндаа 7 гэрийг хүлээлгэж өгсөн тухайн ажилчин нь хэнд хэзээ хүлээлгэж өгсөн, хэрэв хүлээлгэж өгөөгүй бол ямар учраас 7 гэрийн тооцоо компанийн блансаас алга болсон бэ? гэдгийг нотолж байж нэхэмжлэгч нараас дээрх гэрийг шаардах эрхтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн тайлбараар үүргийг харилцан тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Мөн гэрээний 5.Төлбөр тооцооны үлдэгдлийг шийдвэрлэх тухай протокол хэсгийн 2-д 9918 УНИ улсын дугаартай, 1200 маркийн автомашины тооцоонд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор иж бүрдэл монгол гэрийг авч хэрэглэсэн орны хамт буцаан өгөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгчээс дээрх монгол гэрийг орны хамт хариуцагчид буцаан өгөөгүй байх тул 7.500.000 төгрөгийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. гэсэн байна.

Талуудын хооронд хийгдсэн Ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл-д дурьдсан 9918 УНИ улсын дугаартай, L200 маркийн автомашины тооцоонд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор иж бүрдэл монгол гэрийг авч хэрэглэсэн орны хамт буцаан өгөхөөр тохиролцсон тохиролцоог хүлээн зөвшөөрдөг. Энэ тохиролцоонд нэг л иж бүрдэл гэрийн тооцоо яригдаж байгааг шүүх анхаараагүй.

Хэрэв хариуцагч 7 ширхэг иж бүрдэл гэрийг нэхэмжлэгч нарт өгсөн бол тэмдэглэлд тодорхой тусгагдах байсан.

Иймд хууль зүйн үндэслэлгүйгээр үүргийг харилцан тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 23.100.000 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж олгохоор шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Нэхэмжлэгч А.*******, Г.******* нар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 52.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх 17.920.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэж, 15.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяраас ...Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр үүргийг харилцан тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 23.100.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Учир нь: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлтийг хийсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй 7 гэрийг нэхэмжлэгч нарын гаргасан машины үнийн дүнтэй харилцан тооцож хасч шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч А.*******, Г.******* нар нь ******* ******* ХХК-д холбогдуулан цалингийн зөрүү болон автомашины үнэ нийт 52.500.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд цалингийн зөрүү 3.980.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 48.520.000 төгрөг нэхэмжилснээс хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл-ийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан Тооцоо нийлэх гэрээ хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.

Уг гэрээ хийгдсэнээс хойш нэхэмжлэлийн шаардлагыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн боловч нэхэмжлэгч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар, Прокурорын газарт 2015 онд гомдол гарган шалгуулж иргэд хоорондын маргаан байх тул Иргэний хэргийн шүүхэд хандах боломжтой талаар хариу авч 2018-2019 онуудад дүүргийн Иргэний хэргийн шүүхэд уг маргаантай холбоотой асуудлаар хандан нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байсан болох нь хавтаст хэргийн 10-17 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж, 76 дугаар зүйлийн 76.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж тус тус заасан байдаг ба нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох байгууллагуудад хандан гаргаж зохих хариугаа авч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гомдлын шаардлага гаргах эрх үргэлжлэн явагдсан гэж үзнэ.

 4.Хэргийг судлан үзвэл: ******* ******* ХХК-ийн захирал Ц.******* нь ... компаний хөрөнгө оруулалт орж ирээгүй байна. Санхүүжилт орж иртэл компаний үйл ажиллагаанд хэрэглэх мөнгө шаардлагатай... гэж хэлэн ажилтан А.*******од хандсаны дагуу нэхэмжлэгч А.******* нь өөрийн болон ээж Г.******* нарын 1319-УНН улсын дугаартай Марк Х маркийн машин, 9918-УНИ улсын дугаартай L200 маркийн авто машин, 9212-УНЧ улсын дугаартай Hilux маркийн авто машин зэргийг авто ломбардад тавиулж мөнгийг нь үйл ажиллагаандаа хэрэглэсэн бөгөөд уг мөнгийг хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэгч нар автомашинаа барьцаалан зээлдэх газраас буцаан авч чадаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч нараас авсан мөнгийг нь буцаан төлөөгүй тул талууд 2015 оны 05 сарын 22-ны өдөр Ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл үйлдсэн байна.

Энэхүү тэмдэглэлээр нэхэмжлэгч нараас авсан мөнгийг хэрхэн төлөх талаар талууд тохиролцон төлбөр төлөх хэмжээ болон хугацааг тогтоосон боловч тухайн хэлцлээр тогтоосон хугацаандаа хариуцагч нь төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид нь талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаантай өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс ...эргэн төлөгдөх зээлийн гэрээний дагуу хөрөнгийг шилжүүлсэн... гэдэг бол хариуцагч ...хамтын ажиллагаандаа зориулж тухайн мөнгөн хөрөнгийг хэрэглэсэн... гэж тус тус тайлбарласан.

5.Дээрхи үйл баримт болон хэрэгт авагдсан Тооцооны тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар талуудын хооронд ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагаа тооцоо нийлэх замаар Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т зааснаар талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

Тооцоо нийлэх тухай тэмдэглэлээр нийт төлөх ёстой төлбөрийг хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч нарт 2015 оны 08 дугаар сарын 10-ны дотор бүрэн барагдуулахаар үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч нарын үүргээ биелүүлэх талаар хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин тухайн баримтаар нэхэмжлэгч нарын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан зээлдэх газраас зээл авч зээлийн гэрээний барьцаанд тавьж зээлсэн мөнгөө компаний үйл ажиллагаанд зарцуулж байсан болохыг нотолсон гэж үзэхээр байна.

Хэргийн хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ...нэхэмжлэгч нар нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нарт тодорхой хэмжээний мөнгө олгосон, компаний өмчлөлийн 7 гэрийг ачиж авч явсан... гэж тайлбарлаж тус тайлбартайгаа холбогдуулан бичгийн баримтуудыг ирүүлсэн боловч тухайн баримтууд нь уг маргаанд ямар хамааралтай болох, нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг үгүйсгэж байгаа нь тодорхойгүй тул ...нэхэмжлэгч нар нь төлбөрийн барьцаанд хариуцагчийн 7 ширхэг иж бүрдэл бүхий гэрийг авсан... гэх татгалзлаа хариуцагч нотолж чадаагүй гэж үзлээ.

6.Анхан шатны шүүхээс иж бүрдэл бүхий 7 ширхэг гэрийг нэхэмжлэгч нарыг авсан гэж дүгнэн хариуцагчаас төлбөл зохих төлбөрөөс 23.100.000 төгрөгийг хасаж, харилцан үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагад тооцоолол хийхдээ ямар аргачлалаар хэрхэн тооцож шийдвэрлэсэн нь тодорхойгүй, иж бүрдэл гэрийг хэрхэн үнэлсэн талаар дурьдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч А.*******, Г.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаа цалингийн зөрүү болон автомашинуудын үнэ 52.500.000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган цалингийн зөрүү 3.980.000 төгрөгөөс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж /52.500.000-3.980.000=48.520.000/ 48.520.000 төгрөг гэж тодорхойлж, зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн Ажилтан А.*******той хийх тооцооны тухай тэмдэглэл-ээр хариуцагч нь 1319-УНН улсын дугаартай Марк Х маркийн машины үнэ, хүүгийн хамт 6.020.000 төгрөг, 9918-УНИ улсын дугаартай L200 маркийн авто машины үнэд 7.500.000 төгрөг, 9212-УНЧ улсын дугаартай Hilux маркийн авто машины үнэд 35.000.000 төгрөг нийт 48.520.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д ....Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэж заасан.

Талуудын хооронд хийсэн тооцоо нийлэх гэрээний 5 дугаар зүйлийн 2-д 9918 УНИ улсын дугаартай L200 маркийн машины тооцоонд 2015 оны 05 дугаар сарын 30-ны дотор иж бүрдэл монгол гэрийг авч хэрэглэсэн орны хамт буцаан өгөх гэж заасан байх ба гэрээний зохих заалт биелэгдээгүй, гэрээний хугацаа дууссан, хэн аль нь үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын шаардлагаас иж бүрдэл бүхий 1 ширхэг гэрийн үнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар иж бүрдэл бүхий Монгол гэрийн үнэ тодорхойгүй, гэрийн үнэлгээний талаар талууд маргаантай байх тул хэрэгт авагдсан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 470 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид ******* ******* ХХК нь Монгол гэрийн нэг бүрийн үнийг нь 7.500.000 төгрөгөөр үнэлж шийдвэрлүүлсэн байх тул тухайн захирамжид заасан үнэлгээгээр тооцох нь зүйтэй байна.

8.Хариуцагч ******* ******* ХХК нь тооцоо нийлэх гэрээгээр 48.520.000 төгрөгийн үүрэг хүлээсэн үүнээс нэхэмжлэгч нарын хариуцагчаас авч хэрэглэсэн иж бүрдэл гэрийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй буюу 1 иж бүрдэл гэрийн үнэ 7.500.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага 48.520.000 төгрөг нэхэмжилснээс 41.020.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 7.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 193 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас автомашины үнэ 41.020.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******, Г.******* нарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 7.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаас 3.980.000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан болохыг баталсугай. гэж

2 дахь заалтыг:

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420.450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 370.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 273.700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ