Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/289

 

2026            03            12                                                                        2026/ДШМ/289        

 

А.В-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ихбаяр,

шүүгдэгч А.В-гийн өмгөөлөгч Ч.Нямцоож,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.В-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.В-д холбогдох эрүүгийн 2509030621599 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т- овогт А-ын В-, ........, /РД:УА-/,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/603 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон;

Шүүгдэгч А.В- нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн засмал зам дагуу Б.И-ийн баруун гуя руу өшиглөх, нүүрэн тус газар нь цохих, хавирч унагаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: А.В-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т- овогт А-ын В-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар А.В-гээс 1.250.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.И-эд, 49.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Б.И- нь энэ гэмт хэргийн улмаас хэрэгт хавсаргаснаас бусад эмчилгээ хийлгэсэн баримт, цаашид хийлгэх эмчилгээний, гэм хорын талаарх баримтаа тус тус бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.В-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн этгээдэд мөн хуульд заасны дагуу торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байхад А.В-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан нь түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдалд нийцэхгүйн зэрэгцээ ял оногдуулахдаа А.В- нь Б.И-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хот руу хүргэж өгөхийг шаардахад татгалзсан, ганцаараа явъя гэхэд нь өөрийнх нь амь  нас, эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс зүй ёсны шаардлага тавьснаас шалтгаалж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн Б.И- нь А.В-гийн бие, эрх, эрх чөлөөнд халдсан зэрэг хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт А.В- нь Их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцахын хажуугаар цагийн ажил хийж байгаагаа тайлбарлаж, хохирол төлөөгүй шалтгаанаа хэрэг шүүхэд шилжсэний дараа хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудтай 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болсон шүүх хуралдааны үед танилцсанаас шалтгаалан төлж барагдуулаагүйгээ илэрхийлсэн ба А.В-гийн хөдөлмөр эрхэлж байгааг нотолсон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг харуулсан лавлагаа хэрэгт авагдсан байгаа. Түүнчлэн А.В-гийн тухайд нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэх нь түүний хичээл, сургалтын үйл ажиллагаа цалгардахаар байгааг анхаарна уу. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 240 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагатай холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. А.В- нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлоо төлсөн. Хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч Б.И- нь А.В-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, Улаанбаатар хотоос 30 орчим км-ийн зайтай газраас явахыг шаардсанаас болж хоорондоо маргасан. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалж хэрэг гарсан.

Нөгөөтээгүүр, А.В- нь одоогоор их сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцаж байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд хичээл, сургуулийнх нь үйл ажиллагаа цалгардахаар байгаа тул хохирол төлөгдсөн байдлыг харгалзан үзэж, А.В-д торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Ихбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Улсын яллагчийн зүгээс мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт Нийтэд тустай ажил хийлгэх хугацаа нь амралтын өдөр болон үндсэн ажил, хичээлээс чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр ажил болон хичээлээс чөлөөтэй үед 2 цаг, эсхүл ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд 8 цагаас ихгүй, 7 хоногт 10 цагаас багагүй байна.” гэж заасан. Тэгэхээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг хичээлийн бус цагаар буюу өдөрт 2 цагаар биелүүлээд явах бүрэн боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.В-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.В-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.В- нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн засмал зам дагуу Б.И-тэй “гэртээ харих гэж эсэргүүцлээ” гэх шалтгаанаар баруун гуя руу нь өшиглөх, нүүрэн тус газар нь цохих, хавирч унагаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамарт зулгаралт, баруун хацарт цус хуралт, хамар, баруун хацар, баруун гуя, баруун шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.И-ийн “...би лагераас гараад засмал зам хүртэл явах замдаа А.В-тэй маргалдсан. “Такси бариа харилаа” гэхэд миний утсаар хүн рүү залгаад өгье гэж хэлээд утас авчихаад өгөхгүй байсан. Тэгээд А.В- миний баруун гуя руу 3-4 удаа өшиглөж, унагаах гэж оролдохдоо баруун хөлийн шагай хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, баруун хацар хэсэг рүү 2-3 удаа шанаадаж, хамар луу 2-3 удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг /хх 8/,

“...Б.И-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8459 дүгээр дүгнэлт /хх 16-17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.В-г хохирогч Б.И-ийн баруун гуя руу өшиглөх, нүүрэн тус газар нь цохих, хавирч унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч А.В- болон түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх юм. 

Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзан мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүгдэгч А.В- нь “гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн тул торгох ял оногдуулж өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан боловч тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.В- болон түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.В- нь2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.И-ийн эх Б.Э-гийн “Хаан” банк дахь Э- дугаарын дансанд 1.250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаарын дансанд 49.000 төгрөг тус тус шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/240 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.В- болон түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч А.В- нь 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.И-эд 1.250.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 49.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

 

                            ШҮҮГЧ                                                        Н.БААСАНБАТ

 

                ШҮҮГЧ                                                         Л.ДАРЬСҮРЭН