Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2022/00023

 

 

 

******* ******* ХХК, ******* ХХК,

Д.******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 293 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, ******* ХХК, Д.******* нар

 Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь ******* ******* гүйцэтгэх газарт холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай

 Хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Насанбуян /цахимаар/, нэхэмжлэгч ******* ХХК, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч ******* ХХК-ний захирал Ё., Д.******* нар нь нэхэмжлэлдээ:

1....2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ******* " ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах,

Нэхэмжлэлийн үндэслэл: Нэхэмжлэгч Ё., Д.******* бид ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбараас 2018 оны 03 сарын 28 өдөр 1.100.000.000 төгрөгийн зээл авч газар тариалангийнхаа үйл ажиллагаанд зарцуулсан. Гурван жил дараалан байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж ургац алдан бид *******наас авсан зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрсэн. Ингээд ******* ******* ХХК нь биднээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлүүдийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. 2019 оны 09 сарын 20-ны өдөр ...шүүхийн дугаар 404 тоот Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан.

Шүүгчийн захирамжийн дагуу бид зохих хэмжээний төлбөрийг төлбөр авагч компанид төлсөн боловч эвлэрлийн гэрээнд заасан хугацаандаа төлбөрийг бүрэн барагдуулж чадаагүй учир төлбөр авагч компани шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт биднийг өгсөн.

Сэлэнгэ аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгч бидний өмчлөлийн барьцаанд байсан эд хөрөнгийг битүүмжлэн биднээс үнийн санал авсан. Тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч биднийг төлөөлж Т.Сайнбаяр өмгөөлөгч оролцож байсан бөгөөд түүний шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж өгч байсан үнийн саналыг эх хувиар нь нотлох баримтаар хавсаргасан байгаа.

Гэтэл манай үнийн саналыг төлбөр авагч эс зөвшөөрч үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бидний дараах эд хөрөнгийг ******* " ХХК-аар үнэлгээ хийлгэсэн байдаг.

...бидний хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний "******* " ХХК нь 1.859.320.000 /нэг тэрбум найман зуун тавин есөн сая гурван зуун хорин мянга/ төгрөгөөр үнэлсэн байна.

Бидний дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханшаар /10.494.000.000 төгрөгийн үнэлгээтэй/ биш хэт багаар үнэлсэн байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ******* ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нэхэмжлэлдээ:

1.******* ХХК-ийн 2022 оны 01 сарын 20-ны үнэлгээ нь бодитой бус болох нь илэрхий байх тул үнэлгээг эс зөвшөөрч, үнэлгээний тайлангийн хоёр хэсгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгүүлэх

2.... хөрөнгийг үнэлэхдээ шинжээч нь хуульд заасан үнэлгээ хийх нөхцөл журмыг баримтлаагүй байна. Тодруулбал:

1. дугаартай 366 м.кв барилга, дугаартай 374 м.кв гаражийн зориулалттай барилга, нэгж талбарын дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай 2880 м.кв газрын эзэмших эрхийн хамт үнэлэхдээ одоогийн ашиглалтын зориулалт, нөхцөл байдал, барилгын эвдрэл, ашиглагдсан байдлыг талаар тодорхой шинжилж судлаагүй буюу үнэлгээнд нөлөөг тусгаагүй байна. Тухайн барилгыг үнэлэхдээ үйл ажиллагааны одоо ашиглаж байгаа зориулалт, эдийн засгийн олж болох орлого, зардал, эдийн засаг зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлага зэргийг үнэлгээнд тооцоогүй. Өөрөөр өмнө уг үл хөдлөх хөрөнгийг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашигладаг байсан боловч цар тахлын нөхцөл байдал болон хил гаалийн ажиллах нөхцөл байдлаас шалтгаалж сүүлийн 2 жилд үйл ажиллаагаа... үр ашиггүй эрэлт хэрэгцээгүй болсон нөхцөл байдлыг тооцоогүй үнэлгээ алдаатай болсон байна. Мөн зах зээлийн үнэлгээг харьцуулалтын аргаар тооцоохдоо харьцуулалт хийсэн байршлыг Дархан хот, Сэлэнгэ аймгийн төвийн Сүхбаатар суманд байршилтай харьцуулсан нь илт буруу болж үнэлгээ хэт өндөр болжээ. Хэдийгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум нь хилийн бүс боловч Алтанбулаг сумын төв байх хөрөнгийг Дархан уул аймгийн Дархан сум буюу Дархан хот, Сэлэнгэ аймгийн төвийн Сүхбаатар хотод байрлах үл хөдлөх хөрөнгийн дунджаар авсан нь эдийн засгийн эрэлт хэрэгтэй, хүн ам, байршлын зэргээс шалтгаалан үнэлгээний хувьд харьцуулж хийсэн нь алдаатай болжээ.

2. дугаарт бүртгэгдсэн 576 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай барилга. дугаартай тус бүр 364 м.кв, 162 м.кв болон 196 м.кв нийт 722 м.кв талбайтай худалдааны зориулалттай барилгыг нэгж талбарын дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай 10,000 м.кв газрын эзэмших эрхийн хамт зах зээлийн үнэлгээг харьцуулалтын аргаар үнэлэхдээ харьцуулалт хийсэн байршлыг Архангай аймгийн төв буюу Цэцэрлэг хот, Сэлэнгэ аймгийн төвийн Сүхбаатар суманд байршилтай харьцуулсан нь илт буруу болж үнэгээ хэт өндөр болжээ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямаа хариу тайлбартаа:

1.    Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах

2. ******* гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ******* шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагаанууд хийгдэж 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгчид эрх үүрэг танилцуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21180282/06, 21180282/07, 21180282/08, 21180282/09, 21180282/10, 21180282/11, 21180282/12, 21180282/13, 21180282/14, 21180282/15, 21180282/16 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 21180282/17, 21180282/18, 21180282/19, 21180282/20, 21180282/21, 21180282/22, 21180282/23, 21180282/24, 21180282/25, 21180282/26, 21180282/27 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авч, эд хөрөнгийн үнэлгээг тохиролцуулах ажиллагаа хийсэн боловч тохиролцоогүй тул 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот шинжээч томилох тухай тогтоолоор ******* " ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин С.Цэвээнроломыг томилж, эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус газар хүлээн авч, талуудад үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайлантай танилцуулсан.Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ний үнэлгээний тайлантай танилцахад:

1.Хувийн сууцны зориулалттай дээрх эд хөрөнгүүд болон газар тариалангийн зориулалттай газар зэргийг зах зээлийн болон өртгийн хандлагаар үнэлгээний тооцооллыг хийсэн байсан.

2.Үнэлэгдэж буй эд хөрөнгийг ашиглалтад орсон хугацаа, барилгын хийц, зориулалт, байршил, давхрын тоо, өрөө танхимын тоо, инженерийн дэд бүтцэд холбогдсон байдал, дотор засал, гадна орчны тохижилт, цэцэрлэгжилт, авто зогсоол, тариалангийн газрын байршил, хэмжээ, үржил шимтэй хөрсний байдал зэргийг сайтар судалж үнэлгээний гол хүчин зүйл болгосон.

3.Тухайн барилгын ашиглалтад орсон бөгөөд халаалт цахилгаан, бохир, цэвэр усны төвлөрсөн шугамд холбогдсон бөгөөд барилгын цэвэр талбай нь 2038 м.кв бөгөөд нэгж м.кв-ын үнэлгээг 686,9 мянган төгрөгөөр, газар тариалангийн нийт-2035 га газрыг нэгж м.кв-ын үнэлгээг 234,1-488,6 мянган төгрөгөөр бодогдсон байгаа нь тухайн бүсэд тухайн эд хөрөнгөтэй төстэй үл хөдлөх эд хөрөнгө болон газар тариалангийн газар зарах тухай хэд хэдэн зар дээр тавигдсан үнийн дунджаар гаргасан нь үнэлгээний тайлангийн 38- 44 дахь хуудсанд тодорхой тусгасан байна.

Дээрх үзүүлэлтүүдээс харахад үнэлгээ бодитой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 293 дугаартай шийдвэрээр:

- ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ний захирал Ё., Д.******* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг, тус үнэлгээний зарим хэсэг болох Ү- 1301000536 дугаартай 366 м.кв барилга, дугаартай, 374 м.кв гражийн нэгж талбарын дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай 2880 м.кв газрын эзэмших эрхийн хамт 339,125,000 төгрөгөөр, дугаартай 576 м.кв хувийн сууцны зориулалттай барилга, дугаарт 364,162,196 м.кв, 722 м.кв талбайтай худалдааны зориулалттай барилга, нэгж талбарын дугаарттай худалдаа үйлчилгээний зориулалттай, 10.000 м.кв газрыг эзэмших эрхийн хамт 891,634,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 293 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч *******-Ундрага ХХК, Даваахүүгийн ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

1. ...Нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээний ******* ХХК нь тариалангийн газрын үнэлгээг хийхдээ 2018.06.20 өдрийн Засгийн газрын Дугаар 182 Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын Хавсралт-4-д заасан үнэлгээг үндэслээгүй гэж маргасан.

Уг тогтоолын хавсралтад Сэлэнгэ-Орхоны хөндийн тойргийн тариалангийн 1 га газрын суурь үнэлгээг 4.000.000 төгрөгөөр тогтоосон байдаг.

Гэтэл хөрөнгийн үнэлгээчин Засгийн газрын Дугаар 182 тогтоолын тариалангийн газрын суурь үнэлгээг яагаад баримтлаагүй, анхан шатны шүүх уг тогтоолыг үндэслээгүй хийгдсэн хийгдсэн хөрөнгийн үнэлгээний тайланг хэрхэн зөвтгөж байгаа талаар шийдвэртээ огт дурдаагүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл боллоо.

Нэхэмжлэгч нар Хөрөнгийн үнэлгээний талаар маргасан болохоос шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар огт маргаагүй.

2. ...Анхан шатны шүүх яагаад шүүхийн шийдвэртээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасныг дурдсан нь ойлгомжгүй байна.

Учир нь ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эд хөрөнгийн үнэлгээ хийгдэж ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасныг шүүхийн шийдвэртээ дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 293 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ээж мөнгө хэрэгтэй байна зээлийн барьцаанд тавина гэсэхээр нь манай нөхөр зөвшөөрч итгэмжлэл өгсөн. Гэтэл худалдсан тухай асуудал гарсан тул бид шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...талуудаас үнийн санал авч, эд хөрөнгийн үнэлгээг тохиролцуулах ажиллагаа хийсэн боловч тохиролцоогүй тул 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 тоот шинжээч томилох тухай тогтоолоор ******* ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин С.Цэвээнроломыг томилж, эд хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус газар хүлээн авч, талуудад үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайлантай танилцуулсан. ...үнэлгээ бодитой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Насанбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх үндэслэл болгосон хуулийн үндэслэлээ буруу авсан. Үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Хэрвээ бид энэ зүйл ангиар гомдол гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиараа гомдол гаргах хугацаа нь дуусна. Өөрөөр хэлбэл 55 дугаар зүйлд зааснаар хугацаа нь дуусах учраас энэ хуулийг хэрэглэх нь буруу юм.

******* *******ны зүгээс үнэлгээнд хэсэгчлэн гомдол гаргаж байгаа. Хөрөнгийн үнэлгээнд харьцуулалтын аргыг хэрэгдэхдээ буруу хэрэглэсэн. Архангай боон Сэлэнгэ аймгуудын төвд байдаг жишиг үнэлгээг авсан нь ажиглалтын утгыг буруу хийсэн.

Орлогын хандалтын огт авч үзээгүй байна. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлээс нотлогдоно. Өөрөөр хэлбэл объектыг яагаад орлогын хандалтаар авч үзээгүй вэ гэдгийг үнэлгээний тайланд дурдаагүй байна. Үнэлгээний тайлан нь өөрөө алдаатай болсон. Өөрөөр хэлбэл стандартын шаардлага хангахгүй, бичвэрүүд хоорондоо зөрүүтэй, үнэлгээ хийсэн дэлгэрэнгүй хуудас болон үнэлгээ хийсэн нэгтгэлийнх нь үнэлгээ зөрдөг. Тиймээс үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна гэж ******* *******ны зүгээс хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Сэлэнгэ аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэгтгэсэн иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр нь ...******* шийдвэр гүйцэтгэх газраас томилсон ******* ХХК нь тариалангийн газарт үнэлгээ хийхдээ Засгийн газрын 182 дугаартай тогтоолын тариалангийн газрын суурь үнэлгээг яагаад баримтлаагүй талаараа тайлбарлаагүй байхад анхан шатны шүүх хэрхэн зөвтгөж байгаа талаар дүгнэлт огт хийгээгүй, нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээний талаар маргасан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар маргаагүй байхад шүүх анхаараагүй, мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт заасан нь хуулийн үндэслэлгүй... гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий... байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтад давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Хэргээс судлан үзвэл: ******* ХХК, Д.******* нар нь 2022 оны 01 сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй гэсэн гомдлыг, мөн ******* ******* ХХК нь 2022 оны 02 сарын 07-ны өдөр ******* шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дээрхи үндэслэлээр тус тус шүүхэд гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 404 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны төлбөр авагч болон төлбөр төлөгч нар байх бөгөөд нэг хариуцагчид холбогдуулан нэг шаардлага буюу эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргасан гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх нэг ажиллагаагаар хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой гэсэн хариуцагчийн хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх тухай хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 637 дугаартай захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.

5.******* ******* ХХК нь ******* ХХК болон Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.182.343.302 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 20-ны өдрийн 404 дугаартай захирамжаар хэргийг шийдвэрлэсэн байх ба тухайн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэг үүсгэн ажиллагаа явуулжээ.

******* гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* ХХК -ны хөрөнгө болох орон сууц, худалдааны үйлчилгээний зориулалт бүхий 4 үл хөдлөх хөрөнгө түүнчлэн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий эзэмших эрхтэй 2 газар, газар тариалангийн зориулалтай эзэмших эрх бүхий 5 газар зэргийг худалдан борлуулж төлбөр барагдуулах зорилгоор ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авчээ.

Ийнхүү ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээний саналыг авсан боловч төлбөр төлөгч болон авагч нараас үнийн санал дээр тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байна.

Шинжээчээр ******* ХХК нь томилогдон үнэлгээний тайлангаа ирүүлсэн байх ба тус үнэлгээний тайланг төлбөр төлөгч болон авагч нарт тус тус танилцуулсан боловч тэдгээрийн хэн аль нь үнэлгээний тайлангийн зохих хэсгийг зөвшөөрөхгүй байгаа талаар тус тус шүүхэд гомдол гаргажээ.

6. ******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талуудад хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж болохоор хуульчилсан байх тул төлбөр авагч болон төлбөр төлөгч нар гомдол гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүх зөвхөн эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхээр хуулиар зохицуулсан.

7.Хөрөнгө үнэлгээний ******* ХХК- ийн үнэлгээний тайланг талууд зах зээлийн болон өртгийн аргаар үнэлэхдээ дутуу судалгаа хийсэн, үнэлгээ нь Үнэлгээний тухай хуульд заасан дүрэм журмын дагуу зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, аргачлалын дагуу харьцуулалтын зүйлүүдийг зөв сонгож хийгээгүй гэж тайлбарлажээ.

8.Хэрэгт авагдсан талуудын гомдлын шаардлагын агуулгаас үзэхэд үнэлгээ нь зохих журмын дагуу хийгдээгүй гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байхад анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж дүгнэн талуудын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Эд хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

10.Хэрэг авагдсан ******* ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин С.Цэвээнроломын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хөрөнгийн үнэлгээний аргачлалын дагуу хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй, тайландаа тодорхой тусгаагүй, шүүх хуралдааны явцад хөрөнгийн үнэлгээчин үнэлгээ хийсэн аргачиллаа тайлбарлаж чадаагүй, үнэлгээг  жишиг үнийн аргаар хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн орон нутагт ижил төрлийн шинж чанартай барилга байгууламж, газар, тухайн хөрөнгийн ижил төстэй зүйлүүдтэй харьцуулаагүй байгаа тул тухайн үнэлгээ бодитой гарсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Үнэлгээчин нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний үр дүнг хэрэглэх зорилго, зориулалттай уялдуулан тохиромжтой үнэ цэнийн суурийг сонгож, тухайн сонгосон үнэ цэний суурьт тохирох үнэлгээний хандлага болон аргыг сонгож хэрэглэсэн талаараа тайландаа дэлгэрэнгүй бичих, эд хөрөнгийн үнэлгээнд хэрэглэх үнэ цэнийн суурийн сонголт, түүнийг сонгох болсон учир шалтгааны талаар тайландаа тус тус тодорхой бичих үүрэгтэй. Гэтэл үнэлгээчин нь тайландаа дээрхи зүйлийг тодорхой дурьдаагүй нь тайлан үндэслэл бүхий болоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн эд хөрөнгийг үнэлэх харьцуулалтын аргыг хэрэглэхдээ объектоо зөв сонгосон гэж үзэхэд учир дутагдалтай болжээ. Түүнчлэн ... газар тариалангийн зориулалтай газрыг үнэлэхдээ өмчлөх эрхтэй газрыг 1-ээр авч, эзэмших эрхтэй газрыг 0.088-аар авдаг үзүүлэлт бидний үнэлгээний тооцоололд ашигладаг зүйл, эзэмших, өмчлөх эрхтэй газрыг ялгамжтайгаар үнэлдэг... гэж тайлбарласан байх боловч ямар үндэслэлээр ийнхүү зөрүүтэй тооцоолдог талаар тайландаа тодорхой тусгаагүй байна.

11. Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн гомдлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээч томилсон тухай тогтоолыг ирүүлээгүй байх тул эд хөрөнгөд үнэлгээ хийх зорилго, түүний зориулалт, тодорхойлох үнэ цэнийн талаар шинжээчид хэрхэн захиалга өгсөн нь тодорхой бус байх бөгөөд хариуцагчаас талуудын гомдолд гаргасан хариу тайлбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

12. Иймд талуудын хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдол нь үндэслэлтэй байх тул гомдлыг шүүх хүлээн авч шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор ******* ХХК-ий үнэлгээчин С.Цэвээнроломын эд хөрөнгөд үнэлгээ хийсэн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн СҮХХҮ-22/01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь ******* шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад баталгаажуулах арга хэмжээ авагдсан хөрөнгүүдэд дахин шинжээч томилж үнэлгээ тогтоолгохыг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 293 дугаар *******ийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.******* шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д зааснаар талуудын эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдлыг хангаж, ******* ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломын эд хөрөнгөд үнэлгээ хийсэн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн СҮХХҮ-22/01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай. гэж өөрчлөлт оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д зааснаар ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН