| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0123/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/121 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Ш.Гульнар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Гульнарт холбогдох эрүүгийн 1836000000123 дугаартай, 178/2018/0051/Э/ индекстэй хэргийг 2018 оны 08 сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 06 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, яс үндэс-казак, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 7-3 тоотод оршин суух, Жантекей тасбике овогт Шошайгийн Гульнар
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.Гульнар нь 2018 оны 07 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “хан-Орд” хүнсний зах дотор Х.Алтангүлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ш.Гульнар шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Ш.Гульнарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 07 сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд зах дээр зогсож байхад манай ээжийн ногоо зарж байсан газар дээр хүн хүрч ирээд ногоо худалдан авах гэтэл Х.Алтангүл нь ирээд худал хэлээд дуудаад дагуулаад явсан юм. Тэгэхээр нь би Х.Алтангүлийг чи надаас ногоо авах гэж байсан хүнийг худал хэлээд замаас нь дагуулаад яваад өглөө боль гэтэл битгий хуцаад бай чи эрт бууж шоудах гээд байна гэж хэлээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би Х.Алтангүльд юу ч хэлэлгүй зогсож байтал Х.Алтангүл нь би чамайг цагдаагийн газарт дуудлага дуудаж мөнгө салгаж авна гэж хэлээд аман дотороо үглээд хараал хэлээд байсан юм. Тэгээд би сүүдрэвчний уяагаа тайлах гэтэл тайлуулахгүй байхаар нь би нүүрлүү нь нэг удаа алгадсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан. Би Х.Алтангүлийг цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, / хх-08-09 хуудас/
Хохирогч Х.Алтангүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 07 сарын 27-ны өдөр би Ургамал зах дотор ногоо зарж байтал Ш.Гульнар ногооны ханш унагаалаа чиний нөхөр байхгүй чи өөр хүнтэй явсан, чиний нөхөр шоронгийн хадаас гэж хэлэхээр нь юу гэсэн үг юм, би охин байхдаа хүнтэй сууж хүүхэд гаргасан гээд хэрэлдэж байтал надруу манжин аваад шидсэн тэгээд миний хөл гар луу цохихоор нь цагдаа дуудсан. Миний хохирлыг Гульнар төлж уучлал гуйсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-12-13 хуудас/
Гэрч Х.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: би 2018 оны 07 сарын 27-ны өдөр зах дээр наймаа хийгээд зогсож байхад Ш.Гульнар нь Х.Алтангүлийг чи битгий миний урдуур ороод бай, битгий ногооны ханш унагаагаад бай гээд орилоод байсан. Х.Алтангүл нь Ш.Гульнарыг архичин чиний хүүхэд дагавар гэх мэтчилэн казак монгол хэлээр хэрэлдээд байсан. Тэгээд Х.Алтангүлийн хацар луу Ш.Гульнар нь алгадсан гэх мэдүүлэг /хх 14-15 дугаар хуудас/
Гэрч Ц.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2018 оны 07 сарын өдрийг нь санахгүй байна сарын сүүлчээр байсан санагдаж байна. Х.Алтангүл, Ш.Гульнар нар нь хоорондоо ногоо зарах асуудлаас болоод хэрэлдээд байсан. Х.Алтангүл нь Ш.Гульнарыг цохилоо гээд цагдаад дуудлага өгсөн яг цохиж байхыг нь хараагүй гэх мэдүүлэг... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
2018 оны 08 сарын 01-ний өдрийн 416 дугаартай шинжээчийн: 1.Х.Алтангүлийн биед гэмтэл учирсан байна.
2. Х.Алтангүлийн биед тархи доргилт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт 1.5х1 см, 3х2 см цус хуралт, зүүн гарын шууны дотор хэсэгт 5х4 см, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсэгт 4х2 см цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.
Х.Алтангүлийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.
Х.Алтангүлийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарна, цусс хуралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
Х.Алтангүлийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Х.Алтангүлийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.
Х.Алтангүлийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэх дүгнэлт / хх 23 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.Гульнар нь 2018 оны 07 сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан-Орд” хүнсний зах дотор Х.Алтангүлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Гульнарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Гульнар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” –аар /хх 31 дүгээр хуудас/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Х.Алтангүлийн “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Гульнарын хувийн байдлын талаар гэрч Ц.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Гульнар нь аливаа зүйлд хүлээцтэй, муу зуршил байхгүй, тайван ханддаг, хүнийг ялгаж харьцдаггүй, нийтэч зантай...” гэх мэдүүлэг /хх-18-19 дүгээр хуудас/
Гэрч Г.даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ш.Гульнар нь муу зуршилгүй, хүнд тусархуу, шударга даруу зантай, эхийнхээ хамт амьдардаг. Гэр бүл ах дүү найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-20-21 дүгээр хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгдсэн авагдсан байна.
Шүүгдэгч Ш.Гульнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Гульнар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөр байхгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн Голомт банкны 5605110619 тоот дансыг битүүмжилсэн 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 5/100 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр зүйл, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Жантекей тасбике овогт Шошайгийн Гульнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жантекей тасбике овогт Шошайгийн Гульнарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гульнар нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Ш.Гульнарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
5.Шүүгдэгч Ш.Гульнар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Гульнарын эзэмшлийн Голомт банкны 5605110619 тоот дансыг битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 5/100 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.Гульнарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС