| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 2504 00256 0276 |
| Дугаар | 2026/ДШМ/297 |
| Огноо | 2026-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/297
2026 03 13 2026/ДШМ/297
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Халиунгоо,
хохирогч Д.А-ийн өмгөөлөгч И.Түвшинжаргал,
шүүгдэгч Б.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Цолмон /цахимаар/,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмоны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2504 00256 0276 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-ийн Б- /РД:УБ-/, ......., урьд
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.
Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар хохирогч Д.А-ийн үснээс зулгааж газарт унаган чирэн, түүний биед тархины доргилт, баруун болон зүүн өвдөгний ил шарх, зулайн орой хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Б.Б-д мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-эс гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.728.200 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 7.920.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.А-т олгож, уг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ууттай үсний хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх дүгнэлтдээ “...хохирогчийг чамайг алаагүйд баярлаарай, гүйцээнэ гэх зэргээр айлган сүрдүүлж дарамталсан зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 7.920.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй” хэмээн дурдаж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 7.920.000 төгрөг гаргуулахаар тогтоосон. Дүгнэлтэд дурдсан “...хохирогчийг чамайг алаагүйд баярлаарай, гүйцээнэ гэх зэргээр айлган сүрдүүлж дарамталсан” гэх үндэслэл нотлогдоогүй. Хохирогчтой уулзсан, утсаар ярьсан үндэслэл шалтгаан, ярианы агуулгаа Б.Б- сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ /хх 45-46/ тодорхой дурдсан. Өөрийн ажлын хуваарь болон ажил дээр очоод хаана ямар гэмтэл гарсан талаар мэдээлэл яаралтай авах хэрэгцээ шаардлагаар гар утсаа авах зорилгоор ярихад хохирогч “ямбий утсаа нэхлээ, миний дугаар руу залгалаа, дарамталлаа” гээд орилоод тайлбарлах боломжгүй байдалтай байсан учир утсаа тасалсан, цагдаа дээр уучлалт гуйсан, биеийг нь асууж вайбераар холбогдсон болохоо ярьсан. Хохирогч зууралдаад тавихгүй байснаас шалтгаалж урагдсан гэх цамцаа шүүгдэгч нь одоо ч оёулсан хэвээр өмсөөд явж байна. Өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны үед өмгөөлөгчийн туслалцаа аваагүй байснаас өөрийн мэдүүлгийг нотлох, хохирогчийн зарим асуудлыг илт худал мэдүүлж байгааг нотлох ажиллагаа хийлгэх санал хүсэлтээ гаргаагүй байдаг. Хохирогчийн мэдүүлэг хүч нэмэгдүүлсэн шинжтэй, зарим асуудлыг илт гуйвуулж ярьсан байдаг. Гэнэт нүүр лүү алгадсан, автобусны ард талын жалганд ...өшиглөөд гүйцээчихье гэж хэлж байсан, толгой руу хөлөөрөө өшиглөсөн, ямар ч шалтгаангүй зодсон гэх мэдүүлэг нь гэрч Б.Гантуяагийн мэдүүлэг /хх 43/, гэрч У.Алтангэрэлийн мэдүүлэг /хх 40-41/, сэжигтний мэдүүлэг /хх 45-46/ зэргээр үгүйсгэгдэнэ. Хохирогчийн мэдүүлэг нь тогтвортой бус, зарим асуудлыг хүч нэмэгдүүлж, бодитой бус мэдүүлсэн, “...алаагүйд баярлаарай, гүйцээнэ гэх зэргээр айлган сүрдүүг дарамталсан” гэх мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй бөгөөд энэ байдлыг шүүгдэгч үгүйсгэж байхад шүүх нотлогдсон хэмээн дүгнэж, энэхүү үндэслэлээр сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг өндөр тогтоож байгаа нь хууль болон холбогдох тогтоолд нийцэхгүй байна. Шүүгдэгчийг машинд зорчиж явахад хохирогч нь согтуугаар жолоо барьж яваад шүүхээр орж эрхээ хасуулсан, удаа дараа шүүхээр явж байгаа талаараа ярьсан ба үүнийг сонссон шүүгдэгч согтуу жолоо барьж болохгүй талаар хэлэхэд “чаддаг юм бол цагдаа дуудчих” гээд уурлаад байсан, дараа нь ардаас нь ирж машинаасаа орилж гарч ирээд “би наадахын чинь нүүрийг маажаад хаячихъя” гээд Б- рүү дайрсан /гэрч У.А-ийн мэдүүлэг хх 40-41/ нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчийн гэм буруутай байдал хэрэг үйлдэгдэх гол нөхцөл болсон. Мөн тухайн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байхад сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг харьцангуй өндөр тогтоож байгаа нь үндэслэлгүй юм.
Шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дугаартай дүгнэлтээр /хх 51-52/ хохирогчид тархи доргилт, өвдөгний шарх, зулайн зулгаралт гэмтэл ...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон гэж дүгнэсэн. Эдгээр гэмтлээс тархи доргилт гэмтэл нь шинжилгээ, оношлогоогоор нотлогдож тогтоогдоогүй байна. Дүгнэлтэд ГССҮТ-ийн эмч тархины доргилт хэмээн оношилсон гэх бичилт байх боловч энэхүү онош нь дүрс оношилгооны шинжилгээгээр /хх 53/ нотлогдоогүй. Тус шинжилгээнд тархинд хаван болон бусад ямар нэг эмгэг өөрчлөлтгүй харагдана. 254 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтлүүдээс аль гэмтлээр нь хөнгөн хохирол тогтоогдсон нь ойлгомжгүй, тус дүгнэлт бүрэн бус эргэлзээтэй байна. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Б-ийн хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг өндөр тогтоосон гэж үзэж багасгуулах хүсэлтэй байгаа болно. Иймд хохирогчийн гэм буруутай байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон, мөн тухайн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийн хэмжээг багасган тогтоож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Утсаар ярьсныхаа дараа ...намайг зогсоол дээрээс машинтайгаа өөрсдөө ирж авч, хамт цагдаа руу явсан. Тухайн үед уучлалт гуйгаад, ярилцсан. Вайберыг нь аваад, вайбераар нэг удаа бичсэн. Вайбер дээр бичсэн зүйлс өөрт нь байгаа байх.” гэв.
Хохирогч Д.А-ийн өмгөөлөгч И.Түвшинжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх дээр ямар нэгэн байдлаар хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй, төлөхөө илэрхийлдэггүй. Шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 7.920.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүнээс учирсан хор уршигт тохирсон гэж үзэж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор шүүгдэгчийн зүгээс хохирогчид толгойн хаван үүсээгүй гэх мэтээр тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт хохирогчийн зулайн хэсгийн зулгаралт, үс зулгаагдсан байдал зэрэг гэмтлийг тогтоосон нотлох баримтууд бүрэн авагдсан байна. Ийм төрлийн гэмтэл учруулсан атлаа өөрийгөө буруугүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч гомдолдоо хохирогчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан тул шаардлага тавьсан гэж дурдсан боловч тухайн өдөр хохирогчийн согтолтын зэргийг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Б.Халиунгоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарах тухай тогтоосон дүгнэлт гарсан. Үүний дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх аргачлалын дагуу Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.920.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь, шүүх шийтгэх тогтоолд дүгнэхдээ тус аргачлалын 3.8-д заасан үндэслэлүүдийг тодорхой дурдсан. Зөвхөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад буй хохирогчийн “…намайг алчихъя гэж хэлээд, чирсэн...” гэх үйл баримтыг дурдахаас гадна шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, мөн хохирогчийн толгойн үс зулгарсны улмаас хохирогчийн гоо сайханд сөрөг үр дагавар үзүүлж буй байдал зэргийг харгалзан 3.8-д заасан шаардлагыг хангасан болохыг дүгнэсний эцэст 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр олгохоор тогтоосон нь үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүхийн эрх хэмжээний асуудалд өмгөөлөгч гомдол гаргах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтийн тухайд, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд, мөн шүүхийн шатанд хэргийн оролцогчоос хэн алинаас шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаагүй. Шинжээчийн дүгнэлт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд буюу хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан. Үүнийг шүүгдэгч шүүх хуралдаанд болон прокурорын шат, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч аваагүй байсан учраас буруу ойлголттой яваад байгаа мэтээр тайлбарлаж бичсэн байна. Шүүгдэгчээс мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд, шүүхийн шатанд өмгөөлөгч авах эрхээ эдлэх талаар тодруулж асуусан. Шүүгдэгч өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн. Бүх хэргийн оролцогч нар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Б-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.
1. Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 9 дүгээр сарын 14-ны шөнийн 04 цагийн орчимд хохирогч Д.А-тэй “архи уусан байж машин жолоодлоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсэж, улмаар Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.А-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд хүч хэрэглэн халдаж, үснээс нь зулгааж газарт унаган чирч хүний биед тархины доргилт, баруун болон зүүн өвдөгний ил шарх, зулайн оройн хэсэгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Д.А-ийн “...2025 оны 9 дүгээр сарын 14-ны орой 21 цаг өнгөрөөд 22 цаг өнгөрч байсан байхаа хамт ажилладаг ажлын газрын хүн болох А-, Г- нартай Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 7 дугаар байрны тэнд уулзалдсан. Тэгэхэд тэр хоёртой хамт Б- гэх залуу ирсэн юм. Тэнд уулзалдаад дөрвүүлээ М бааранд орцгоосон. Тэнд караокед сууж байгаад баар руу нь ороод 1 цаг хэртэй болж байгаад тэндээс гарсан. Баарнаас гараад Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тогос уулын 1-1 тоот хашааны гадна очсон. Г- гэх эгчийнх юм. Нөхөр нь хүний асаргаанд байдаг болохоор мэнд мэдэх гээд орох гэсэн юм. Тэгтэл А- нь Б- гэх залуутай цаашаагаа зам руугаа алхаад явсан. Г- эгч тэр хоёр дээр очоод зөвхөн А-ийг аваад ир ах дээр нь ирж мэнд мэднэ гээд хэлчихсэн орохгүй бол болохгүй гэхээр нь би тэр хоёрын араас очоод Тогос уулын засмал замын тэнд А-ийн гараас бариад орчихоод гаръя чи явж бай гээд Б- гэх залууд хэлээд тэр залууг цааш нь түлхсэн тэгтэл гэнэт нүүр дээр тас гээд Б- гэх залуу алгадаад авсан. Тэр залуу баруун гараараа миний зүүн хацарт нэг удаа алгадсан. Тэгээд шууд цамцны энгэрээс татаад хоолой боогдоод би газар унасан. Тэгээд ухаан алдчихсан байсан нэг сэртэл би Тогос уулын автобусны буудлын хойд талын жалганд хэвтчихсэн Б- нь үснээс гараараа зулгаасан байдалтай хөлөөрөө толгойны орой хэсэг рүү өшиглөөд байсан” /хх 32-33/,
гэрч У.А-ийн “...Б- А- эгч хоёр согтуу машин барьсан асуудал дээрээс болоод дахиад маргалдаад байсан. Тэгэж байхад Г- эгч гэр рүүгээ орчихсон юм. Б- бид хоёр цаг орой болчихсон байна айл руу орохгүй гээд машинаас буугаад харих гээд Тогос уулын баруун талын автобусны буудлын доошоо нэлээн алхаад уулзвар дөхөж явж байтал араас А- эгч машинаасаа орилж гарч ирээд бид хоёр дээр ирээд би наадахын чинь нүүрийг маажаад хаячихъя гээд Б- рүү дайрсан. Тэгтэл Б- нь А- эгчийн үснээс зулгаагаад газар унагаас үснээс нь татсан чигээрээ нааш цааш татаж чангаагаад өвдгөөр нь чирээд байх шиг байсан...” /хх 40-41/,
гэрч Б.Г-гийн “...Гэрэлийн гаднаас хөдлөхөөс эхлээд Б- гэх залуу А- хоёр жоохон маргалдаад байх шиг байсан. Тэгээд манай гэрийн гадаа очоод би нөхөртөө хүн орж ирэх гэж байна гэж хэлээдхье гээд түрүүлээд гэртээ орсон. Машинд А-, А-, Б- гэх залуу гурав үлдсэн. Би гэртээ ороод нэлээн байж байгаад гэрээс гараад иртэл замын цаад талд нэлээн зайтай А- газар хэвтчихсэн Б- гэх залуу үснээс нь зулгаачихсан А- орилоод байж байхаар нь би гүйгээд очсон. Манайхаас нэлээн зайтай замд жалга юмаар гарсаар байтал Б- гэх залуу цаашаагаа яваад өгсөн. ...Намайг харахад яах аргагүй үснээс нь зулгаачихсан А- газар хэвтэж байсан” /хх 43/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дугаартай Д.А-ийн биед тархины доргилт, баруун болон зүүн өвдөгний ил шарх, зулайн орой хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 51-52/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЕГ0825/3878 дугаартай Д-ын А-ийн сэтгэцэд 2025 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарах тухай тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 59-61/,
хохирогчийн биед учирсан шарх гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 19-20/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар буюу хуульд заасан төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулжээ.
4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон “...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг өндөр тогтоосон тул багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
“Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч” гэж шинжлэх ухааны тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн, эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийг; “шинжээчийн дүгнэлт” гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг тус тус ойлгох ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 254 дугаартай хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЕГ0825/3878 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн, яаж, үзлэг, шинжилгээг хийж тогтоосон талаар дүгнэлтэд дурдсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмон нь давж заалдах гомдолдоо шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй талаар дурдаж, тайлбарлаж байх хэдий ч эргэлзээтэй болохыг ямар нэгэн баримтаар үгүйсгэж чадаагүй тул уг давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой асуудлаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Шүүхийн шинжилгээний байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журамд” зааснаар гэмт хэргийн хохирогч Д.А-т учирсан гэм хорыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЕГ0825/3878 дугаар дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлд хамаарч буй талаар дүгнэлт гарчээ.
Хэргийн үйл баримт, хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, хохирлоос гарсан үр дагаврыг харгалзан үзэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоохоор хуульчилсан ба хохирогч Д.А-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар шинжээчийн дүгнэлтэнд дүгнэсэн, мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батласан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал тогтоох журмын Дөрөв дэх хэсэгт заасан жишгээр сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хохирогч Д.А-т гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон нь дээрх журамд заасан хэмжээ хязгаарын дотор байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-эс 7.920.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг мөн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Харин хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1.728.200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хохирол төлбөрийг тооцохдоо “Мед траума” эмнэлэгт дүрс оношилгооны шинжилгээ хийлгэсэн баримтыг давхар тооцож буюу 160.000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан нэг баримт гурван янзаар авагдсныг анхан шатны шүүхээс 2 баримтыг нь хохирол төлбөрт тооцож 320.000 төгрөгийг /хх 96/ гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул энэхүү магадлалаар зөвтгөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Б-эс 1.728.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-т олгохоор шийдвэрлэснийг 1.568.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож хохирогч Д.А-т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/14 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 5 дахь заалтын “...1.728.200 /нэг сая долоон зуун хорин найман мянга хоёр зуу/ төгрөгийг...” гэснийг “...1.568.200 /нэг сая таван зуун жаран найман мянга хоёр зуу/ төгрөгийг....” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР