Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2022/00025

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 211 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.*******,

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.*******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний үндсэн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай

 

Хэргийг нэхэмжлэгч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.******* /цахимаар/, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлдээ:

 

1.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний үндсэн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох

 

2.Би 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сургалтын менежер *******тай уулзахад чиний тушаал 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарах юм байна, чи 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ороорой гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Г.*******тэй чатаар холбогдохдоо би өөрийгөө хүний орон тоон дээр түр орж байгаа гэдгээ мэдээгүй. Тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өдрөөс эхэлж ажлаа хийгээд явж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Г.*******ийн өрөөнд ороход чиний тушаал түрээр гарсан шүү 6 сарын дараа жинхлэх байх гэсэн утгатай юм ярьсан. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бичиг хэргийн ажилтан надад хоёр хувь хөдөлмөрийн гэрээ өгсөн. Тэгээд би хөдөлмөрийн гэрээгээ нарийн бичгийн хажууд бөглөөд захирлын өрөөнд орж өгөхөд чи ******* багшийн орон тоонд ажиллана шүү гэж хэлсэн. Би тэгэхээр нь энэ хөдөлмөрийн гэрээг зөвшөөрөхгүй, хүний орон тоон дээр ажилламааргүй байна гэсэн чинь Г.******* ******* багш энэ жил ажилдаа орохгүй байх гэж хэлсэн. Надад анхнаасаа ******* багшийн оронд ажиллана гэж хэлээгүй байж хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зурсны дараа хэлсэн. Би маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дахин орж уулзахад би УИХ-ын гишүүн Ч.Ундрамд багшийн орон тоо нэмүүлэхээр хэлсэн байгаа гэсэн. Үүнээс хойш уулзалдаагүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр намайг дуудахаар нь өрөөнд нь ороход надад ажлаас халах мэдэгдэл өгсөн.

...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай тушаалд Г.******* өөрчлөлт оруулсан. Үүнийгээ тайлбарлахдаа Авлигатай тэмцэх газраас шалгалт ирээд зааварчилга өгсөн учир өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр эхний тушаалаа хүчингүй болгох ёстой байсан гэж бодож байна. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 гэсэн заалтаар анх ажилд авчихаад хүний оронд түр авсан болж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 гэсэн заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 гэсэн заалтыг тус тус нэмсэн. Энэ нь санаатай үйлдэл гэж үзэж байна. Esis систем дээр англи хэлний багш 4 байхаас 3 багш байна гэж мэдүүлсэн. ******* багштай холбогдож гэрчээр асуугдаж өгөөч гэхэд би гэрчээр асуугдах боломжгүй гээд бид хоёр чатаар харилцсан. ******* багш би үндсэн багш болсон гэдгээ мэдээгүй гэдгээ надад хэлсэн. Г.******* намайг болон өөр хүний тушаалыг ингэж дураараа өөрчилж байна. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 гэсэн эхний тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ тушаалаа хүний орон тоонд авсан болгож өөрчилж намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Г.******* хариу тайлбартаа:

1.    Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2. Англи хэлний багш *******ийн 1 орон тоон дээр буюу түр орон тоон дээр С.******* багшийг ажилд авсан. С.******* багш өөрөө над руу утсаар ярьж холбогдоод би ажилд авсан. С.******* багшийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс багшаар ажилд түр авсан. Авлигатай тэмцэх газраас 2021 оны 11 дүгээр сард манай сургууль дээр ажиллахдаа албан хэрэг хөтлөлтийн талаар зөвлөгөө өгч ажилласан. Бид өөрсдийн техникийн шинжтэй алдааг засах зорилгоор өөрчилсөн. Тэрнээс утгыг нь бол өөрчлөөгүй. *******г ******* багшийн орон тоонд түр авсан. ******* багш жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан байсан. С.******* багшийг үндсэн багшаар ажилд авах ямар ч боломжгүй. Манайх 3 англи хэлний багшийн үндсэн орон тоотой. Манай сургуулийн багш ажилчдын орон тооны төсөв цалин батлагдсан. Esis систем дээр англи хэлний багшийн 4 орон тоо гэж тавигдсан нь би англи хэлний багшийн орон тоог нэгээр нэмэгдүүлэхээр тавьсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 211 дугаартай шийдвэрээр:

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******т холбогдох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний үндсэн багшийн ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1.    Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх уйл ажиллагаанд нэхэмжлэгч би хариуцагч талтай тэгш үүрэгтэй оролцож чадсангүй. Учир нь

Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх үүргийг надад танилцуулаагүйн улмаас би хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны процесийг мэдэхгүй, шүүхэд гаргаж өгсөн хэргийн материалд нотлох баримтыг бүрэн цуглуулж чадаагүй, хариуцагч талын өөрийн давуу байдлаа ашиглан дахин үйлдсэн байж болзошгүй баримтуудыг шинжээчээр шалгуулан дүгнүүлээгүй гээд хуулийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг би өөрөө мэдээгүй, шүүх надад танилцуулаагүй.

Мөн нэхэмжлэгч би хүний орон тоон дээр ажилд ороогүй гэдгийг нотлуулах, зорилгоор сургалтын менежер *******, багш Э.Оюунчимэг, багш ******* болон багш ******* нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх уг хүсэлтийг хангасан боловч ******* багшаас гэрчийн мэдүүлэг аваагүй ээ. ******* багш гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан учир гэрчээр асуулгаагүй гэсэн. Уг нь ******* багш 2020.12 сард ******* багшийг жирэмсний амралтаа авахад тэр хүний оронд ажиллаж байсан хүн учир тодорхой хариултыг өгч нотлох баримт болох байсан. Мөн би 2022.05.11-ны шүүх хуралдаан дээр ******* багшийг онлайнаар гэрчээр оролцуулъя гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх ******* багшийг гэрчийн асуулгаас татгалзсан учир оролцуулах боломжгүй гэж шийдвэр гаргасан.

Мөн хариуцагч Г.******* болон түүний өмгөөлөгч нараас 2022.05.11-ны өдрийн шүүх хуралдаан дээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч миний зүгээс ч гэсэн уг хүсэлтийг мөн адил зүйтэй гэж үзсэн боловч шүүх уг хүсэлтээс татгалзсан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны дүгнэлтээр, миний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгч би Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд, дахин хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх, нотлох баримтыг эхнээс нь хуулийн хүрээнд цуглуулах, хариуцагч талтай эрх тэгш оролцох боломжийг хангуулах хүсэлтэй тул 2022.05.11-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан гомдолтой бол танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа ойлгомжгүй. Нэхэмжлэлдээ ...Англи хэлний үндсэн багшийн орон тоон дээр томилж өгнө үү... гэсэн шаардлага гарсан. Яг ямар англи хэлний багшийн орон тоон дээр орох гэж байгаагаа тодорхойлоогүй. Учир нь англи хэлний 3 багшийн орон тоо гурвуулаа эзэнтэй байгаа. Хэнийг болиулаад хэний оронд орох гэж байгаа юм бэ? гэж шүүх хуралдааны явцад асуухад Сарнайцэцэг багшийн оронд гэж хэлсэн. Яагаад Сарнайцэцэг багшийн оронд орох гээд байгааг сайн мэдэхгүй байна.

Эрх тэгш байдал хангаагүй гэж тайлбарлаж байна. Удаа дараа хүсэлтүүд гаргасан хүсэлтүүдийг хангаж байсан. Өмгөөлөгчтэй оролцсон атлаа шүүхийн процессын үйл ажиллагааг мэдэхгүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдаан дээр ч гэсэн эрх, үүрэгтэй танилцуулсан байгаа.

Шинжээч томилуулах асуудал ярьдаг. Юун дээр шинжээч томилуулах гээд байгаа нь тодорхойгүй. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 тушаал гарахдаа түр тушаалууд гарсан. Сүүд гарсан тушаалыг Бага дунд боловсролын тухай хуульд зүйл заалтыг нэмсэн учир тооцохгүй гээд эхний тушаал хүчинтэй байгаа. Захирал корона туссан байсан учраас 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийг нь дуудаад, гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл ажилд орсноос хойш 29 хоногийн дараа гэрээ хийгээд Мөнхгэрэл багшийн оронд түр ажиллана гэж гэрээ хийсэн. Нэхэмжлэгч мэдэж байсан, өөрөөр нь гарын үсэг зуруулаад Мөнхгэрэл гэдэг үгийг өөрөөр нь бичүүлсэн. Энэ тухайгаа шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч тайлбарлахдаа хүний оронд ажилд авсан ч гэсэн цааш үргэлжлүүлэн ажилд авна гэсэн болохоор ажилласан гэж тайлбарладаг. Гэтэл энэ хугацаанд үндсэн багшийн орон тоо гараагүй. Мөнхгэрэл багш хэзээ ч эргэж ажилдаа орж болно. Үүнийг таашгүй. Мөнхгэрэл багш 2 сарын дараа ажилдаа орсон болохоор *******ыг чөлөөлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсч чөлөөлсөн.

Гурван талт хороогоор урьдчилан шийдвэрлэх байсан гэж яриад байна. Энэ хүсэлтийг манай зүгээс шүүх хуралдаанд тавихад нэхэмжлэгч өмгөөлөгчтэйгөө хүсэлтийг хүлээж авахгүй гэж татгалзсан. Одоо шийдвэр эсрэг гарсны дараа хэлсэн ярьснаасаа буцаж байгаад гайхаж байна. Сарнайцэцэг багшийн оронд орох гэж байгаа бол яаж гэрчээр асуух гээд байгааг нь ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг 1-2 тоотод оршин суух Боржигон овогт Санжаахүүгийн ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.*******т холбогдуулан тус сургуулийн англи хэлний багшийн үндсэн орон тооны ажлын байранд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч С.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч ******* ...Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх үүргийг надад танилцуулаагүйн улмаас би хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны процесийг мэдэхгүй, шүүхэд гаргаж өгсөн хэргийн материалд нотлох баримтыг бүрэн цуглуулж чадаагүй, хариуцагч талын өөрийн давуу байдлаа ашиглан дахин үйлдсэн байж болзошгүй баримтуудыг шинжээчээр шалгуулан дүгнүүлээгүй гээд хуулийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг би өөрөө мэдээгүй, шүүх надад танилцуулаагүй.

Мөн нэхэмжлэгч би хүний орон тоон дээр ажилд ороогүй гэдгийг нотлуулах, зорилгоор ******* багшийг гэрчээр асуулгаж чадаагүй, Мөн хариуцагч Г.******* болон түүний өмгөөлөгч нараас 2022.05.11-ны өдрийн шүүх хуралдаан дээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч миний зүгээс ч гэсэн уг хүсэлтийг мөн адил зүйтэй гэж үзсэн боловч шүүх уг хүсэлтээс татгалзсан. Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх, нотлох баримтыг эхнээс нь хуулийн хүрээнд цуглуулах, хариуцагч талтай эрх тэгш оролцох боломжийг хангуулах хүсэлтэй байна... гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Нэхэмжлэгч С.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар түр хугацаанд ажиллахаар томилогдсон, мөн өдөр ажил олгогч болон ажилтан нар тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээний 4.8-д жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан багш ******* нь ажилдаа эргэн орох хүсэлт өгч ажилдаа эргэн орсон өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж заасан, тус сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаалаар ******* ажилдаа эргэн орж байгаа тул *******г ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримтууд нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан ажилд түр авах тухай Б/33 тоот, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/2 тоот тушаалууд, хөдөлмөрийн гэрээний эх хувь, болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.

 

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хууль зөрчөөгүй байна.

 

6.1999 оны Хөдөлмөрийн тухай хууль тухайн цаг хугацаанд үйлчилж байсан ба уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т ...ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл... хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж заажээ.

Хэргийн хариуцагч буюу ажил олгогч нь багш *******ийн эзгүйд багш С.*******той харилцан тохирч ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ажиллуулах, түүний оронд ажил гүйцэтгүүлэхээр тохирсон нь хууль зөрчөөгүй бөгөөд ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар тохиролцсон гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу эзгүй байсан ажилтан ажилдаа эргэн орсноор ажил олгогчийн С.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан ...талууд харилцан тохиролцсон... гэсэн үндэслэлээр ажил олгогч нь түр ажилтан С.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан, үндсэн багшийн ажлын байранд томилуулах гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

7.Нэхэмжлэгчийн ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эрх үүрэг танилцуулаагүйн улмаас би хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны процесийг мэдэхгүй, шүүхэд гаргаж өгсөн хэргийн материалд нотлох баримтыг бүрэн цуглуулж чадаагүй, хариуцагч талын өөрийн давуу байдлаа ашиглан дахин үйлдсэн байж болзошгүй баримтуудыг шинжээчээр шалгуулан дүгнүүлээгүй... гэх гомдлын хувьд:

Хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан Зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх үүрэг тайлбарласан тухай баримтад нэхэмжлэгч С.******* 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр танилцаад гарын үсгээ зурж баталгаажуулсан байх тул түүнд эрх үүрэг танилцуулаагүй гэж гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.******* нь өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэгээс хууль эрх зүйн туслалцаа авч хамтран оролцсон байх тул түүний тэгш байдлын зарчим алдагдаагүй, тайлбар гаргах, мэтгэлцэх бололцоог анхан шатны шүүх олгосон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь хуулийг дутуу буруу ойлгосны улмаас эрх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөх буюу түүнд дахин давуу эрх олгох хууль зүйн үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

8.Нэхэмжлэгчийн хариуцагч Г.******* болон түүний өмгөөлөгч нараас 2022.05.11-ны өдрийн шүүх хуралдаан дээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч миний зүгээс ч гэсэн уг хүсэлтийг мөн адил зүйтэй гэж үзсэн боловч шүүх уг хүсэлтээс татгалзсан. гэх гомдлын тухайд:

Анхан шатны шүүх 2021 онд батлагдаж 2022 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах тухай, 158 дугаар зүйлд заагдсан Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх тухай заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах зөвлөлөөр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх нь заавал урьдчилан шийдвэрлэх нөхцөл заасан хуулийн зохицуулалт биш бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж

158.2.1-д ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан

158.2.2-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус хуульчилсан ба зохигчдын хооронд үүссэн үндсэн багшийн ажлын байранд ажилд томилуулах тухай гомдолтой маргаан нь дээрх хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасан хуулийн зохицуулалттай тохирч байна.

 

9.Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 211 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 211 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж8 нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ