Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2026/ДШМ/271

 

2026             03            10                                                                       2026/ДШМ/271        

Д.П-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ц.Мөнхтулга,  шүүгч Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Д.П- /цахим/, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, 

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2903 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.П-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2511004150307 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Галбадарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн Д-гийн П-, .........., /РД:РД-/, урьд:

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

 

Шүүгдэгч Д.П- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан сангийн Д- тоотод хохирогч Х.М-ийн Хаан банкны М- тоот интернет банкны данс руу нэвтэрч, улмаар түүний данснаас 800.000 төгрөгийг Э.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 4Б- тоот данс руу шилжүүлэн авсан,

мөн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Х.М-ийн эзэмшлийн Хаан банкны данс руу түүний зөвшөөрөлгүй нэвтэрч М- тоот данснаас 1.500.000 төгрөгийг Э.Т-ын Хаан банкны Т- тоот данс руу шилжүүлэн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Д-гийн П-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бага хэмжээнээс дээш буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.П-ад 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Д.П-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Д.П-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хорих ял, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 3000 нэгжээр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, шүүгдэгч Д.П-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.П- давж заалдах гомдолдоо: “... би цагдан хоригдох хугацаандаа хийсэн үйлдэлдээ гэмшиж, засал хүмүүжил авч байна. Миний бие хохирогчид учруулсан 2.300.000 төгрөгийг 4 хоногийн дотор төлж барагдуулсан. Би 4 сартай жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг бөгөөд надаас өөр хүн ажил хийдэггүй. Эхнэр маань тонус өгөөд байдаг тул ажил хийх боломжгүй. Намайг цагдан хоригдсоныг мэдээд биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн. Иймд миний эрх зүйн байдал, ар гэрийн байдал болон учруулсан хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү .:..

Шүүгдэгч Д.П- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм байдал давтагдахгүй. Хорих ялыг маань өөрчилж, өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж гуйж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П- зам тээврийн хэрэгт  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг дээр өмнө ялаа эдэлчихсэн. Энэ ялыг биелүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа. Энэ талаарх баримтыг шийдвэр гүйцэтгэх газраас авч чадсангүй. Өнөөдрийн хэрэг дээр зорчих эрхийг эрхийг хязгаарлах  болон нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцууд байгаа. Энэ хүн өөрийнхөө байдал, ар гэрийнхээ байдлыг хэлж байгаа. Эхнэр нь эмнэлгийн байгууллагаар явж байгаа талаар утсаар дүү нь ярьж хэлсэн. Энэ дээрх байдлуудыг харгалзан үзээд 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхээс Д.П-ын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзсан үзсэн.  Анхан шатны шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь 2024 онд насанд хүрээгүй охин М-ийн эсрэг эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдээд эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүний дараа зам тээврийн хэрэгт холбогдоод шүүхээс 3,000,000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн Дахиад М-ийн өмчлөх эрхэд халдсан бөгөөд 2 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгтгээд Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирлоо хэдийгээр төлсөн гэдэг боловч насанд хүрээгүй хохирогч М-ийн эсрэг 2 удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал байдаг. Өмнө бас гэмт хэрэг үйлдээд ухаарч ойлгохгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүхээс цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх ялыг шүүхээс оногдуулсан байдаг.Шүүхээс ял оногдуулахдаа хамгийн бага буюу 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан энэ бусад нөхцөл байдлыг харгалзсан үзсэн байна. Ялын хувьд 2025 оны 12 дугаар сарын 18-нд шийтгэх тогтоол гарсан байна, хохирол төлөгдсөн учраас Эрүүгийн хуулийн 6.12.1-т зааснаар эдлэх ёстой ялынхаа бараг 2/1 эдэлсэн учраас магадланд 03 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр гэхэд орчихоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүгдэгч Д.П-ад холбогдох эрүүгийн 2511004150307 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.П-ын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ. 

Шүүгдэгч Д.П- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө Чингэлтэй дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Усан сангийн Д- тоотод хохирогч Х.М-ийн Хаан банкны М- тоот интернет банкны данс руу нэвтэрч, улмаар түүний данснаас 800.000 төгрөгийг Э.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 4Б- тоот данс руу шилжүүлэн авсан,

мөн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Х.М-ийн эзэмшлийн Хаан банкны данс руу түүний зөвшөөрөлгүй нэвтэрч М- тоот данснаас 1.500.000 төгрөгийг Э.Т-ын Хаан банкны Т- тоот данс руу шилжүүлэн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч нийт 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч А.М-ийн “...Би одоогоор хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг караокед зөөгчөөр ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийн цалин авсан. Тэгээд цалингаасаа 500,000 төгрөгийг нь зарцуулчихаад өнөөдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн Д- тоотод гэртээ байж байтал надад 21:56 цагт миний данснаас 1,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ гарчихлаа гэх дансны мэдээлэл ирсэн. Би гайхаад гар утсаараа интернет банк руугаа ороод үзсэн чинь “Хаан” банкны М- тоот данснаас 1,500,000 төгрөг “Хаан” банкны Т- тоот данс руу 21:56 цагт миний оролцоогүйгээр шилжсэн байсан. Би миний дансруу нэвтэрч зөвшөөрөлгүй 1,500,000 төгрөг авсан байж магадгүй нагац эгч Н- болон ээж Х-гийн нөхөр П- нарыг сэжиглэж байна”

“...2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 22:18 цагт миний данснаас мөн 800,000 төгрөг шилжүүлэн авч байсан. ...дансыг анх манай ээж 5-6 сарын өмнө нээлгэж өгч байсан” /хх13-14, 99-100/,

гэрч Э.Т-ын “...”надад Хаан банкны Т- тоот данс байдаг. Би уг дансыг 2018 онд нээлгэж байсан. Анх нээлгэсэн өдрөөс хойш би өөрөө ашиглаж байгаа. Надаас өөр энэ дансыг ямар нэгэн хүн ашигладаггүй, зөвхөн би ашиглаж байгаа. ...Тус өдөр 21 цаг 30 минутын үед Улаанбаатар хотод хамт ажиллаж байсан Б- ах надруу фэйсбүүк чатаар залгаад манай найз эхнэрээсээ мөнгө авах гэсэн чинь болохгүй байна, чиний данс руу мөнгө хийлгээд авчихая гэсэн, учир нь өмнө бас найзынхаа эхнэрээс өөрийнхөө дансаар мөнгө авсан болохоор дахиж авч болохгүй байна гэсэн. Тэгээд “за тэгье” гээд зөвшөөрсөн. Тэгээд удаагүй Б- ах руу явуулсан. Тэгсэн миний данс руу 1,500,000 төгрөг гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэгдэн орж ирсэн. Тэгээд удаагүй дахиж Б- залгаж одоо энэ 5Х- тоот Хаан банкны данс руу хийчих гэсэн. Тэгээд би өөрийн Хаан банкны Т- тоот данснаас Хаан банкны 5Х- тоот данс руу 1,500,000 төгрөг гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн” /хх32-34/

гэрч А.Х-гийн “...Би охин М- болон хүү Тэмүүлэн нарын хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Усан сангийн Д- тоотод амьдраад 27 жил болж байна. Би 3 жилийн өмнөөс П- гэх залуутай хамтран амьдарч байгаа юм. Манай гэрт амьдардаг. Харин анх миний охин болох М- нь М- гэх данстай бөгөөд манай охин насанд хүрээгүй байгаа болохоор энэ дансны дугаарыг хамтран эзэмшигч нь би явдаг юм. Тэгсэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны орой манай охины данснаас 4Б- гэх дугаарын данс руу 800,000 төгрөг гарсан байсан. Тэгээд энэ талаар хамтран амьдрагч болох П-аас асуухад аваагүй гэж хэлэхээр нь тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед манай охин М- нь ирэх боломжгүй байсан болохоор дээр нь тухайн данс буюу М- гэх дансыг манай охин болон би ашиглаж мөнгө авч болдог байсан болохоор охиныхоо өмнөөс би мэдүүлэг өгсөн байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагаас шалгаж үзээд тухайн 800,000 төгрөгийг надтай хамтран амьдардаг П- гэх залуу авсан болж таарсан. Авсан шалтгаан нь гэвэл миний хамтран амьдрагч Д.П- миний хаан банкны нэвтрэх нэр, нууц дугаарыг мэддэг байсан юм. ...хамтран амьдрагчийн цэнхэр өнгөтэй Nova 8i маркийн гар утсаар би зарим үед данснаа ашиглан мөнгө шилжүүлж байсан юм. Тэгээд миний нэвтрэх нэр нууц дугаарыг мэдээд авсан байх гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө гар утсаар орж ашиглаад мөнгө авсан байх. Миний нэр дээр бүртгэлтэй дансны дугаар нь манай насанд хүрээгүй охин болох М-ийн данстай холбоотой нэг интернэт банкаар ороод мөнгөн гуйвуулга хийж болдог юм. ...Мөн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мөн адил миний интернэт банкаар орж миний данстай холбоотой М-ийн данснаас 1,500,000 төгрөг дахин хулгай хийсэн байсан. ...нийт 2,300,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд энэ мөнгийг нь бага багаар өгч сар шинийн өмнө бүрэн гүйцэд хүлээлгэж өгсөн байгаа”  /хх 50-51/

гэрч Э.Б-ийн “...миний 5Х- гэх Хаан банкны данс руу 1 сарын 27-ны орой 1,500,000 төгрөг манай дүү Т- гэх залуу шилжүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 30-нд П- миний данс руу 800,000 төгрөг хийгээд бэлэн болгоод өг гэхээр нь би зөвшөөрч данс руугаа мөнгийг хийлгэж АТМ-ээс бэлнээр 800,000 төгрөг гаргаж П-ын гарт нь өгсөн” /хх116-117/ гэх мэдүүлгүүд,

 

Худалдаа хөгжлийн банкны 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 6/796 дугаартай албан бичиг, Э.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 4Б- тоот дансны хуулга, нэвтэрсэн төхөөрөмийн мэдээлэл IP хаяг зэрэг, /хх23-25/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Д.П- нь насанд хүрээгүй хохирогч Х.М-ийн төрсөн эх А.Х-тай хамтран амьдарч байх хугацаандаа түүний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг мэддэг болсноо ашиглан улмаар А.Х-гийн зөвшөөрөлгүйгээр, түүнд болоод насанд хүрээгүй хохирогч Х.М- нарт мэдэгдэхгүйгээр, А.Х-гийн интернэт банкны эрхээр нэвтрэн орж 2024 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 800,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг нийт 2,300,000 төгрөгийг өөрийн гэмт үйлдлийг нууц далд байлгах, нуун далдлах зорилгоор өөр бусад этгээдүүдийн данс руу шилжүүлэх замаар өөртөө дамжуулан авч бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, бэлэн бус гүйлгээ хийх замаар өөртөө эдийн ашигтай байдал бий болгож, хүч хэрэглэхүйгээр бусдын эд хөрөнгө болох мөнгийг авсан үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдсон байхын зэрэгцээ хэргийн үйл баримтанд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад тулгуурлан үнэлж дүгнэн  анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг тооцож, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэрч А.Х- нь хохирол төлсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхийн зэрэгцээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.П-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.П-ад урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байсан хувийн байдалтай байна. Үүнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, дараа нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг /хх 83-85, 178/ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг хэрэглэн шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тус заалтад нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.П-ын “...хорихоос өөр төрлийн ялаар сольж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 82 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2903 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.П-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-ын цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХӨӨ

                                              ШҮҮГЧ                                   Ц.МӨНХТУЛГА

                                              ШҮҮГЧ                                     Л.ГАЛБАДАР