Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 208/ма2022/00026

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2022/00026

 

12 02

Ё.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 00206 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ё.*******

 

Хариуцагч С.******* холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 22,469,791 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагчийн өмгөөлөгч М.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч Ё.******* нэхэмжлэлдээ:

 

1.    Гэм хорын хохиролд 22,469,791 төгрөг гаргуулах

 

2. ... миний нөхөр Улаанбаатар Төмөр замын вагон Депод токирчноор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хийснээрээ цалинждаг цалин өндөртэй сард гар дээрээ 2.000.000-2.500.000 төгрөг авдаг байсан. Миний нөхөр А.******* нь 2021 оны 03 дугаар 08-ны орой иргэн С.******* гэгчид хутгалуулж амь насаа адсан харамсалтай хэрэг гарсан. Миний нөхөр А.******* бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа нөхөр цалингаа барьцаалж Төрийн банкнаас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 24000000 төгрөгийн зээл авч сарын төлөлт нь 949.375 төгрөгийг цалингаасаа тогтмол сар бүрийн 08-ны өдөр төлж байсан юм. Миний нөхөр А.******* нь бусдын гарт амь насаа алдаагүй бол цалингийн зээлээ ямар ч асуудалгүй цаг хугацаандаа төлөөд явах бүрэн боломжтой байсан. Ялтан С.*******ын гэм буруутай үйлдлээс миний нөхөр амь насаа алдаж хэзээ ч хэдийд ч нөхөж баршгүй гарз надад болон хүү бид хоёрт учир ч дээр нь банкны олон сая төгрөгийн өртэй үлдэж сэтгэл санаа болон эд материалын хохирол амсаж явна. Иймд гэм буруутай ялтан С.*******аас талийгаач нөхрийн банкны зээл 22.469.419 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.******* хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хамт байсан нэг нөхрийнхөө амь насыг бүрэлгэсэндээ туйлын их гэмшиж байгаа. Шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялыг эдэлж байгаа. Миний бие нь шүүхийн тогтоолд дурдсан оршуулгын зардал 4.400.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, нийт 6.400.000 төгрөгийн хохирол барагдуулах ёстойгоо ойлгож байна. Харин хохирогчийн эхнэр Ё.*******гийн шүүхэд гаргасан цалингийн зээлийн үлдэгдэл 22.469.419 төгрөгийг надаас гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Талийгаач ******* нь амьд ахуйдаа хэзээ хэнтэй зээлийн гэрээ байгуулсан, худалдаа наймаа хийсэн хэнд ямар өр төлбөртэй байсныг мэдэх боломжгүй билээ. Иймд Ё.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 00206 дугаар шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ы *******аас 22.469.419 /хорин хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******ы *******д олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ё.******* нь 270.297 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.*******аас 270297 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа:

 

... Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч С.*******аас гэм хорын хохирол гэж тодорхойлон талийгаач С.*******ын банкнаас авсан зээлийн үлдэгдэл 22.469.419 төгрөгийг нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс шаардлагадаа холбогдуулан нотлох баримтууд шүүхэд ирүүлсэн байх ба тухайн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх тухайн баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

Мөн хариуцагч нь шүүхийн шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан байгаа тул нотлох баримт бүрдүүлэх эрх нь хязгаарлагдмал байгааг шүүх анхаараагүй түүнчлэн шүүх хуралдаанд даргалагчаас хариуцагчтай харьцаж байгаа байдал хурлын тэмдэглэлээс харагдана.

Иймд анхан шатны шүүх шүүх хуралдаан мэтгэлцэх зарчмын хүрээнд явагдана гэдгийг тус тус зөрчсөн байгаа тул хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талийгаач С.******* нь амьд сэрүүн ахуйдаа нэр бүхий банктай зээлийн гэрээний харилцаа үүсгэн зээл авсан байна. Зээлдэгч нас барснаар түүнтэй холбоотой харилцаа дуусгавар болох учиртай. Банкнаас зээлтэй холбоотой маргаан гаргаагүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд талийгаач нь Төмөр замын байгууллагад ажиллаж байсан тогтмол орлоготой иргэний хувьд банкнаас зээл авч зээлийг тогтсон хугацаанд төлбөрөө хийж байсан. Энэ хүний амь нас эрсдсэнээс тухайн гэр бүлд хүнд цохилт болсон. Одоо ч эхнэр нь энэ сэтгэлийн хүнд шаналлаасаа гарч амжаагүй байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Зээлийг хэдийгээр ахуй амьдралдаа хэрэглэсэн боловч хариуцагчийн буруутай үйлдлээс болж энэ хүн амь насаа алдсан. Хохирогч нарт хүнээ алдсан гуниг шаналлаас гадна эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон гэдгийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна.

Талийгаачийн авсан тухайн зээлийг төлөх үүрэг эхнэр дээр нь ирсэн, тус зээлийг төлөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлж байгаа гэдгээ нотлохын тулд ирүүлсэн баримтууд байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

2.Нэхэмжлэгч Ё.******* нь хариуцагч С.*******ад холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл 22.469.419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...ахуй хэрэглээндээ зарцуулсан тул гэм хорын хохиролд хамаарахгүй... гэсэн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

 

3.Хэргийн үйл баримтаар: Нэхэмжлэгч Ё.*******гийн нөхөр А.******* нь 2021 оны 03 сарын 08-ны өдөр хариуцагч С.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас нас барсан байх ба шүүхээс С.*******ыг гэм буруутайд тооцож түүнийг хорих ялаар шийтгэсэн байна. С.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны болон амь хохирогч А.*******ын банкнаас авсан зээлийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлж А.*******ад холбогдуулан амь хохирогч А.*******ын банкнаас авсан зээлийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг ханган, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үндэслэлээ зохигчдын маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийн гэм буруу тогтоогдсон, шүүхээс иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан, талийгаачийн банкнаас авсан зээл нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хор уршиг гэж үзнэ гэж тайлбарласан байх ба хариуцагч ...талийгаачийн цалигийн зээл нь гэмт хэргийн хохиролд хамаарахгүй ... гэж маргажээ.

 

5.Хэрэгт авагдсан нотлох баримтаар: Нэхэмжлэгчийн нөхөр А.******* нь 2020 оны 09 сарын 29-ний өдөр ирээдүйд олох орлого буюу цалингаа барьцаалан Төрийн банкнаас 24.000.000 төгрөгийг зээлийг 30 сарын хугацаатай авч сар бүр 949.376 төгрөг төлөхөөр тохиролцсоны дагуу төлөлт хийсэн байна. Талийгаач нь 2021 оны 03 сарын 08-ны өдөр гэмт хэргийн улмаас нас барсан, түүний зээлийн төлбөр тухайн үедээ 22.469.419 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан төрийн банкны 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 133/202 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, талийгаач А.*******ын зээлийн дансны харилцагчийн хуулга, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

6.Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно., гэж 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. гэж заажээ.

Тухайн зээлийг талийгаач нь амьд сэрүүн байхдаа авч ахуй хэрэглээндээ зарцуулсан байх боловч зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг бүхлээрээ хамтран зээлдэгч Ё.*******д шилжсэн нь хариуцагч С.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой үүссэн хор уршиг гэж үзэх тул тухайн хор уршгийг арилгуулахаар гаргасан Ё.*******гийн /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдад учруулсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж заасан тул С.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хор уршгийг арилгах үүрэгтэй.

 

7.Амь хохирогч А.*******ын Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээнд нэхэмжлэгч Ё.******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зурснаар тухайн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох бөгөөд гэрээнд зээлдэгч нарын хүлээх үүргийг нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хамтран үүрэг гүйцэтгэгч тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан.

Гэрээгээр Ё.******* нь амь хохирогч А.*******тай тэнцүү үүрэг хүлээсэн гэж үзэн хариуцагч С.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гаргуулахдаа зээлийн гэрээний үндсэн төлбөр 22.469.419 төгрөгөөс амь хохирогчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 11.234.710 төгрөгийг гаргуулан Ё.*******д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын талаар давж заалдах шатны шүүхээс дараах тайлбарыг хийж байна.

а. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэх гомдлын хувьд хэрэгт авагдсан хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан болон эрх үүрэг тайлбарлан өгсөн баримтаар хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан өгсөн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх үед хариуцагчаас өмгөөлөгч авах хүсэлт гаргах эсэх талаар тодруулсан боловч өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан байх тул хариуцагчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

б.Нэхэмжлэгчээс шаардлагадаа холбогдуулан шүүхэд ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангаагүй гэх гомдлын хувьд:

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хэргийн 4-16, 19-24 хуудсанд байгаа баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан ... бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэсэн хуулийн шаардлага хангаагүй нь тогтоогдсон энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс дээрхи баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх талаар тайлбар гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс тухайн бичмэл баримтуудыг үнэлээгүй болно.

в.Шүүх хуралдаан даргалагчаас хариуцагчтай илтэд хүндэтгэлгүй хандсан гомдлын хувьд давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх хуулийн үндэслэлгүй байна.

 

9. Хариуцагч С.******* нь шүүгчийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн 149/ШЗ2022/00999 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 00206 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт *******ы *******аас 11.234.710 төгрөгийг /арван нэгэн сая хоёр зуун гучин дөрвөн мянга долоон зуун арван / төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогт *******ы *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.234.710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтыг:

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг зааснаар хариуцагч С.*******аас 184.771 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төрийн сангийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН