| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 2515000000009 |
| Дугаар | 2026/ДШМ/06 |
| Огноо | 2026-03-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/06
Ц.Г*******, Б.Ц******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц*******,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Д*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б******* нарыг оролцуулан, Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнийн даргалж хийсэн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Г******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймаг Г******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х******* овогт Цэ*******гийн Г******* /РД:Г/,
Монгол улсын иргэн 1995 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Г******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, 1 хүүхдийн хамт Булган аймаг Г******* сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ******* овогт Бын Ц******* /РД:ГГ/
Урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заанаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Шүүгдэгч Ц.Г******* нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагийн орчимд Булган аймгийн Г******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Н” гэх газарт бэлчиж байсан адуун дээрээ очиход адуун сүрэгт нь нийлсэн байсан тус сумын иргэн Ц.Агийн 1 тооны хээр зүсмийн, шүдлэн насны байдсыг идшиндээ хэрэглэх зорилгоор хулгайлж, өөрийн түр амьдарч байгаа гэх Булган аймгийн Г******* сумын 3 дугаар багийн нутагт орших “С” гэх газарт нутаглах иргэн П.Бын өвөлжөөн дээр адуугаа авчирч, мөн өдрийн 14-15 цагийн орчимд Б.Ц*******тай бүлэглэн, түүнтэй хамтран махалж, бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ц******* нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 14-15 цагийн орчимд Булган аймгийн Г******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “С” гэх газарт нутаглах өөрийн төрсөн эцэг П.Бын өвөлжөөн дээр Ц.Г*******гийн хулгайлж авчран махалж идшиндээ хэрэглэх гэж байсан 1 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдсээр байж түүнтэй бүлэглэн адууг махлахад тусалж дэмжин хамжигчаар хамтран оролцож хохирогч Ц.Ад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Ц.Г*******, Б.Ц******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолоор:
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х******* овогт Цэ*******гийн Г*******, ******* овогт Бын Ц******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Мал” хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц*******, Ц.Г******* нарыг тус бүр 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц*******, Ц.Г******* нарын цагдан хоригдсон 15 хоногийн 1 хоногийг 15 /арван таван/ нэгжээр тооцож эдлэх ялаас 225.000 /хоёр зуун хорин таван мянган/ төгрөгийг хасаж, торгуулийн ялыг 775 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 775.000 /долоон зуун далан таван мянга/ төгрөгөөр тогтоож,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц*******, Ц.Г******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 15 хоногтой болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Шүүгдэгч Б.Ц*******, Ц.Г******* нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхээ ашигласан уналга болох 1 тооны сартай хүрэн зүсмийн, шүдлэн насны адууны үнэ болох 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлсэн тус бүр 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн толгой хэсгийг нь 6 сураар сүлжиж хийсэн, төмөр амгаатай, мяндсан жолоотой хазаар 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Бд тус тус даалгаж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхтуяа нь эрүүгийн ******* дугаартай, Б.Ц*******, Ц.Г******* нарт холбогдох хэрэгт 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд шилжүүлсэн.
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн байна.
Шийтгэх тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудад заасныг зөрчсөн байх тул эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан байдгаараа мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “бусдын алдуул малыг завших” гэмт хэргээс ялгаатай.
Тодруулбал, ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малыг өөрийн эзэмшилдээ байлгаж буй этгээд Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэг”-ээ биелүүлсэн эсэхээс шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай тогтоолд тодорхой тусгаж, хууль хэрэглээний жишиг тогтоосон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогч Ц.А, гэрч Б.Б, П.Болбаатар, Б.Г нарын мэдүүлгээр П.Бын адуун сүргийг түүний хүү Б.Ц*******, хамаатны хүн болох Ц.Г******* нар нь ээлжлэн хариулж байсан, хохирогч Ц.Агийн эзэмшлийн 1 тооны хээр байдас нь Б.Бийн адуун сүргээс 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тасарч улмаар Ц.Г*******гийн адуун сүрэгт нийлсэн байсныг2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.Г******* нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үүргээ биелүүлэлгүйгээр шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг мэдсээр байж, хууль бусаар завших зорилгоор, шууд санаатай үйлдлээр тэр даруй өөрийн хариулж байсан адуун сүргийн хамт туун П.Бын өвөлжөөн дээр авчран улмаар Б.Ц*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэж махалсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нар нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй адууг /800,000 төгрөгөөр үнэлэгдсэн/ өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсан /махалсан/ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлээ.
Иймд хууль хэрэглээтэй холбогдуулан Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Прокурор Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүйгээр бусдын мал гэдгийг мэдсээр байж ашигласныг хулгайн гэмт хэрэг гэж үзэх жишиг тогтсон гээд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолуудад тодорхой тусгасан гэж тайлбарласан. Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэрэгтэй холбоотой хэргүүдийг Улсын Дээд Шүүхээс хэлэлцсэн олон шийдлүүд байдаг. Тухайн шийдвэрүүд янз бүр байна. Жишээлбэл Улсын Дээд Шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 653 дугаар тогтоолоор шийдсэн энэ төрлийн гэмт хэрэгт хулгайлах ба завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс нь далд аргаар үйлддэгээрээ хоорондоо төсөөтэй боловч хууль ёсны эзэмшигчээс гэмт этгээдийн эзэмшилд шилжин ирж буй аргаараа өөр гэдгийг тайлбарласан байна. Нөгөө талаас гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайлах гэмт хэрэг харин гэмт этгээдийн ямар нэгэн оролцоогүйгээр өөрөөр хэлбэл мал хөлөөрөө гүйж ирж бусдын эзэмшилд шилжиж байгаа нь завших гэмт хэрэг гэж тайлбарласан байна. Мөн завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжиж ирсэн байхыг ойлгоно, шилжиж ирсний дараа түүнийг ашиглан шамшигдуулж байгаа нь завших гэмт хэрэг гэж тайлбарласан. Улсын Дээд Шүүхийн дээрх тайлбараас үзэхэд Ц.Г*******гийн тухайн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авч ашигласан үйлдэл нь завших гэмт хэрэг байна гэж анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан. Дээрх нөхцөл байдал нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр адуучин тэмцээн болж, адуунаасаа тасарч алга болсон, хойноос нь хайгаад олоогүй, жинхэнэ эзэнд нь хэлсэн гэх байдлаар тайлбарласан хохирогч гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Г*******гийн гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
....Мал хулгайлах гэмт хэргийн обьектив талын шинж болох хулгайлах ойлголтыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан гэж тодорхойлсон. Энэ зүйлд заасан хулгайлах гэсэн ойлголтод Иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүй өөрийн эзэмшилдээ байлгаж, улмаар ашигласан шинжийг хамааруулахгүй гэж тайлбарласан. Эрүүгийн хуульд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарахгүй шинж болох Иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүй, алдуул малыг ашигласан гэх шинжээр нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг Улсын дээд шүүх хийсэн. Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болох нь тогтоогдож байна.
Мөн энэ хэрэгт Б.Ц*******ыг хамжигч гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэж үзнэ гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ц******* нь Ц.Г*******гийн үйлдлийг дэмжиж, урьдчилан амласан нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, шүүгдэгч нар тухайн малыг хулгайлж авч ирээд завших санаа сэдэл байсан эсэхийг анхаарч үзэх нь зүйтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Г******* буюу Б.Ц*******ын нагац ах нь өнөөдөр идшээ хийнэ гээд малдаа явсан, ирээд тухайн адууг төхөөрч эхэлсэн, түүний дараа Б.Ц******* очиж үйлдэлд нь нэгдсэн нөхцөл байдал тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Анх-Ирээдүй шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Тус 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцэлд дээд шатны прокуророос хууль хэрэглээтэй холбогдуулан эсэргүүцэл бичсэн талаар дурдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар өмнөх тайлбартаа дурдсан. Өөрөөр хэлбэл П.Болбаатарын адуун сүргийг Ц.Г*******, Б.Ц******* нар нь ээлжлэн малладаг, Ц.А нь өөрийн морийг найз Б.Бийн адуун сүрэгт нийлүүлсэн байсан. Б.Б нь адуучин тэмцээнд адуугаа оролцуулах үед тус сүргээс Ц.Агийн адуу салж явсан. Ц.А Б.Бөөс өөрийнхөө адууг асуухад адуучин тэмцээн болох үед чиний адуу салж явсан, П.Б, Ц.Г*******, Б.Ц******* нарын адуу байгаа зүг рүү адуу чинь явсан гэж 15-ны өдөр хэлсэн. Үүний дагуу хохирогч Ц.А өөрийнхөө алдуул малыг хайж, малыг махалж байх үйлдэл дээр нь очсон. Улмаар Ц.А өөрийнхөө адуу мөн эсэхийг шинжиж гуяыг нь сөхөж үзэхэд өөрийнх нь адуу мөн болох нь тогтоогдсон. Ц.А шүүгдэгч нараас өөрийнхөө адууг асуухад хараагүй, үзээгүй гэж хэлсэн. Ингээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухай этгээдүүдийн үйлдэл нь илэрсэн нөхцөл байдал тогтоогддог. Мөн П.Бын адуун сүргийг Ц.Г*******, Б.Ц******* нар ээлжлэн маллаж байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл тухайн адуун сүрэгт өөр адуу ирсэн байхад мэдэлгүйгээр, өөрийн адуу мэтээр ойлгох боломжгүй. Малыг тухайн мал сүрэгт нийлсэн тохиолдолд Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэх ёстой байсан боловч тус үүргээ биелүүлэлгүйгээр шууд завшсан байна. Улсын Дээд Шүүхээс 2022, 2025 онд хэргийг шийдвэрлэж, зүйлчлэлийг тодорхой тайлбарлаж, урьдчилан сэргийлэх үүднээс цахим сайт дээрээ байршуулсан байна. 2025 оны 171 дүгээр тогтоолтой хэргийн тухайд үйлдлийн арга нь өөр байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3.Шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Г******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Н” гэх газарт бэлчиж байсан адуун сүрэгт нь нийлсэн байсан Ц.Агийн 1 тооны хээр зүсмийн алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нь:
-Хохирогч Ц.Агийн мэдүүлгүүд,
-Гэрч Б.Б, П.Б, Б.Г нарын мэдүүлэг,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн О3 дугаартай “...шүдлэн байдас 800,000 төгрөг. Шүдлэн үрээ /унаж явсан/ 700,000 төгрөг...” гэх дүгнэлт, ,
-2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эд зүйлд /адууны маханд/ үзлэг хийсэн тэмдэглэл,
-2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эд зүйлд /хохирогчид өгсөн моринд/ үзлэг хийсэн тэмдэглэл,
-2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,
-2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйлд /унаж явсан моринд/ үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй төдийгүй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.Дээд шатны прокуророос “ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малыг өөрийн эзэмшилдээ байлгаж буй этгээд Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэг”-ээ биелүүлсэн эсэхээс шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай тогтоолд тодорхой тусгаж, хууль хэрэглээний жишиг тогтоосон. Шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нар нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан хүлээлгэсэн үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй адууг /800,000 төгрөгөөр үнэлэгдсэн/ өөрийн өмчийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулсан /махалсан/ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна” гэж эсэргүүцлийн үндэслэлээ тайлбарлажээ.
6.Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүд нь гэмт хэргийн обьектив шинжийн обьект, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг шинжээрээ ижил боловч халдлагын зүйл, обьектив талын шинж болон өмч нь хууль ёсны өмчлөгчөөс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ.
Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.
Тухайлбал хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдлээр авсан байхыг шаарддаг бол алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулж, захиран зарцуулдаг болно.
7.Шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарын үйлдлийн тухайд тэд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн, бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Г******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Н” гэх газарт бэлчээрт байсан адуун сүрэгт нь нийлсэн Ц.Агийн 1 тооны хээр зүсмийн адууг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж махалж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нар нь адуун сүрэгт нь нийлсэн Ц.Агийн 1 тооны хээр зүсмийн адууг өөрсдийн өмч биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хийж, Ц.Ад 800,000 төгрөгийг хохирол учруулсан нь “Алдуул мал завших” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзэх тул анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй.
8.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжид Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан алдуул мал олсон этгээдийн үүргийг онолын хувьд тусгаагүй бөгөөд хувийн эрх зүйн харилцаагаар зохицуулсан зохицуулалтыг нийтийн эрх зүйн харилцаанд хэрэгжүүлэх ёстой гэж үзэн гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Иймд дээд шатны прокурорын шүүгдэгч нар нь Иргэний хуулийн 117 дугаар зүйлд заасан үүргийг эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй адууг өөрийн өмчийн адил хууль бусаар шунахай сэдэлтээр захиран зарцуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Г*******, Б.Ц******* нарыг “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн нэг дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан бүх гэмт хэргийг тоочин бичиж хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул зөвтгөж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ
Л. ХИШИГДЭЛГЭР