Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1098

 

 

 

 

 

 

    2018       08         01                                        2018/ШЦТ/1098

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Прокурор И.Ариунсанаа,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шинжээч Ц.Ганболд,

Шүүгдэгч С.Н, С.Н, тэдний өмгөөлөгч Ш.Базаррагчаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н, С.Н нарт холбогдох эрүүгийн 1738001441098 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н С.Н нар нь бүлэглэж 2017 оны 7 дугаар сарын 12-ны шөнө Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг дэвсгэрт, Байгал нэртэй амралтын газар амарч байхдаа Б.Азбилэг нарын зүй бус үйлдлээс үүдэн маргалдаж, улмаар харилцан зодолдож, ноцолдох явцдаа Л.Азжаргал, Б.Өлзийбуян нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

 

 

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Н, С.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч С.Н, С.Н нар нь хохирогч Л.Азжаргал, Б.Өлзийбуян нарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Л.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 07 сарын 11-12 нд шилжих шөнө хажуу гэрт амарч байсан 2 эмэгтэй орж ирээд чи хүүхэдтэй айлаас гал асуудаг хэн бэ гэж Азбилэгрүү дайрч маргаан эхэлсэн. ... Өндөр шивээстэй хүүхэн намхан эгч гэх эмэгтэйтэй нийлээд Өлзийбуянг үсдэж дараад өшиглөж хазсан. Би гүйж очоод салгах гээд намхан эмэгтэйг нь татаад та болиоч хүмүүс амарч байна гэхэд намайг үсдэж дараад баруун чихнээс хазсан. Тэр үед Төгөлдөр намайг татаж тэр хоёроос салгасан.  Чих сэтэрч унжиж цус гарч байсан. Бид нар гэр лүүгээ орсон. Өлзийбуянгийн зүүн гуя, зүүн мөр, баруун суганаас хазаж гэмтээсэн байсан. Жавхлантөгөлдөртэй хамт эмнэлэг явж сэтэрсэн чихээ оюулсан. 7 оёдол тавьсан. Цагдаа дуудсан боловч ирээгүй. Нөгөө хүмүүстэй очиж уулзахад явах гээд юмаа бэлдэж байсан. Явж болохгүй гэдгийг хэлхэд хүүхэд өвдөөд уйлаад байна. Яаралтай хот орохгүй бол болохгүй байна гэхээр нь миний чих ийм болсон, оюулсан гэхэд яанаа уучлаарай бид нар хариуцлагаа хотод очоод хүлээнэ. Очоод залгаарай гээд дугаараа үлдээгээд жолооны үнэмлэхний зурагаа авахуулаад явсан. ... цагдаад өгнө гэж мсж бичихэд ирж уулзсан. Хазаснаа хүлээн зөвшөөрөхгүй гэж өндөр хүүхэн нь мэлзээд хэдэн төгрөг хэрэгтэй юм тохиролцоё гэсэн. Эмнэлгээр яваад эмчлүүлээд өгчих гэхэд 500.000 төгрөг өгөе гэхээр нь эмчлүүлж өг гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 39-45/,

 

Хохирогч Б.Өлзийбуянгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... намхан эмэгтэй нь чи энэ залуугийнхаа доор хэвтэж байхдаа таарсан янхан байна гэж хэлээд намайг үсдээд авсан. Би тэр эмэгтэйг зөрүүлж үсдсэн. Би газар унасан. Тэр эмэгтэй миний дээр гараад суучихсан. Нэг мэдэхэд хоёулаа болчихсон намхан нь үсдээд өндөр нь миний зүүн гуя, зүүн мөр, баруун суганаас хазсан. Бас миний хүзүү хацрыг маажсан. Тэр үед Азжаргал намайг тэр хоёроос салгах гэж оролдсон. Миний дээрээс босоод Азбилэгийг хөөгөөд байсан. ...Азжаргал чих тасарчихсан байна гэж орилоод уйлж байсан. Тэгээд бид нар гэрлүүгээ орсон. Азжаргалын баруун чих сэтэрч тасарсан байсан. Миний хазуулсан газруудад цус шүүрч шүдний ором гарсан байсан. Азжаргал, Жавхлантөгөлдөр хоёр эмнэлэг явсан. Маргааш өглөө Азжаргал нөгөө хүмүүстэй очиж уулзсан. Хүүхэд өвдөөд байна Улаанбаатар хотод уулзая гээд явцгаасан. Хотод ирээд Нтой уулзахад Азжаргалыг хазаснаа хүлээн зөвшөөрөөд мөнгөөр тохирохоор болсон. Мөнгөн дүн дээрээ тохироогүй учир цагдаад хандсан. Намайг хазаснаа хүлээхгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-54/,

 

Гэрч Г.Азбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Азжаргал орилсон. Чих хазчихлаа гэж уйлаад байсан. Намайг нөгөө залуутай ноцолдож байхад Өлзийбуянг бас хазсан гэж байсан. Салаад гэр рүү ороход Азжаргалын баруун чихнээс цус гарч доод хэсэг нь санжигнасан байсан. ... Өлзийбуянгийн нүүр маажигдсан шарх, гуя, хүзүү, суганд хазагдсан шарх үүсч цус шүүрч байсан. Маргааш нь уулзахад хотод очоод асуудлыг шийдэе. Цагдаа шүүх гээд яахав гэж ээж нь хэлээд бичиг баримтаа үзүүлээд, утасны дугаараа өгөөд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 66/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №9137 дугаартай:

Азжаргалд баруун чихний дэлбэнгийн гэдэсэн урагдсан шарх, хуйханд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75/

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №9138 дугаартай:

Б.Өлзийбуянд зүүн гуя, мөр, баруун суганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79/

 

Шүүгдэгч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүлэглэж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Азбилэг гэх залуутай маргалдаж байхад тэр намайг  түлхсэн. Эгч Н гарч ирсэн. Өлзийбуян гэх эмэгтэй гарч ирээд Ныг үсдсэн. Би болиоч гэхэд намайг үсдсэн. Азжаргал араас ирээд намайг үсдэхээр би тавиач гээд буцаад Азжаргалын үснээс зулгаасан. Би хэн нэгнийг хазсан зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 103/,

 

Шүүгдэгч С.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Азжаргал, Өлзийбуян нарын биед гэмтэл учруулсан асуудал байхгүй. Би гэрээс хөл нүцгэн гарч ирсэн. Азбилэг гэх залуу гүйж ирээд миний хавирга руу өшиглөсөн. Өлзийбуян үснээс зулгааж цохиж өшиглөөд байсан. Миний нүүр маажигдсан, хөл, гар хөхөрсөн, үс халцарсан байсан. Би Өлзийбуянгийн үснээс зулгаасан. Би босож чадахгүй хальтарч унаад байсан. Энэ үед Азжаргал, Н нар хажууд үсдэлцээд байсан. Азжаргал хажуугаас орж ирж үсдэж зодоод байсан. Газарт дөрөвүүлээ унаад байж байхад салгах гэж Азжаргалын хувцаснаас татаж байсан. Цохиж зодсон асуудал байхгүй. Өөрөө зодуулчихаад яллагдагчаар татагдаж байгаад гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 95/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 31-34/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

Хэрэг бүртгэлийн хугацаа сунгах тухай тогтоолууд /хх-ийн 2-9/, шүүгдэгч С.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-84/, хохирогч Л.Азжаргалд учирсан гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85-87/, шүүгдэгч С.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-110/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Н, С.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Н, С.Н нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Н, С.Н нарын иргэн Л.Азжаргал, Б.Өлзийбуян нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг болно.

Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 07 сарын 12-ны өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцалга оногдуулахгүйгээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч нар нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч С.Н, С.Н нарыг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Хохирогч нар нь хохиролын талаарх нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас хохирол нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Н, С.Н нарыг бүлэглэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Н, С.Н нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч С.Н, С.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Н, С.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ