Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2022/00027

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2022/00027

 

О.*******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.*******

 

Хариуцагч Д.Отгончимэг, Т.******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2.900.000 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагч Т.*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч О.******* нэхэмжлэлдээ:

 

1. 2.900.000 төгрөг гаргуулах

 

2. ... Миний бие О.******* нь 2021 оны 09 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Д.*******т 2,900,000 төгрөг өгсөн.

Д.******* нь надаас авсан 2,900,000 төгрөгөө Хаан банкны өөрийнхөө 5048207233 гэсэн данс руугаа хийлгээд надаас салаад явсан. Энэ мөнгийг өгсөн шалтгаан нь Д.*******ийн аав Б.******* нь өөрийн эзэмшлийн ******* Тоёота раум маркийн тээврийн хэрэгслийг надтай хамт явж байсан Т.******* гэх эмэгтэйд худалдсан байдаг юм. Тухайн үед ******* нь чи өгчих гээд байхаар нь надад мөнгө байсан болохоор 2,900,000 төгрөгийг Б.*******гийн охин Д.*******т өгсөн. ... Тухайн үед *******ийн аавтай нь уулзаж хамт машиныг үзчихээд болох юм байна гээд ******* *******ийн аавтай нь тохирсон. Тухайн үед ******* худалдах худалдан авах гэрээ хийх гээд *******ийн аавтай нь нотариат ороход би гадаа нь хүлээж байсан. Би мөнгөө данснаас бэлнээр аваад явж байсан. *******ын данс руу нь хийе гэж бодсон боловч мөнгөө бэлнээр өг гээд байсан. Бэлэн мөнгөө *******т өгөхөд миний 2,900,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данс руу хийсэн. Дараа нь мөнгөө нэхээд Т.******* дээр очиход би чамаас мөнгө аваагүй. Чи өгсөн хүнээсээ очиж мөнгөө ав гэсэн учраас *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. гэжээ.

 

Хариуцагч Д.******* хариу тайлбартаа: Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Аавын машинийг Т.*******, О.******* нар нь худалдаж авах зорилгоор унаж үзээд таалагдсан гээд гэрээ байгуулан нотариатаар батлуулаад мөнгийг нь миний дансанд шилжүүлээд машинаа аваад явсан. Тухайн үед нь энэ хүмүүсийг нэг гэр бүлийн хүмүүс гэж бодсон. Машин зарсан мөнгөө авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Т.******* хариу тайлбартаа: Би *******гөөс 2,900,000 төгрөгийг зээлж аваагүй юм. 2,3 жилийн өмнө хувь чатаар танилцаж эхнэр хүүхэдгүй гэж орж ирчхээд 3,4 жилийн хөдөлмөрийг маань шулсан. Харин оёулж өгсөн юмныхаа хөлсийг авсан. ...Иймд энэ нэхэмжлэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 262-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.*******аас 2,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 61,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож,

 

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******т холбогдох шаардлагаас шүүх хуралдааны шатанд татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.******* давж заалдах гомдолдоо: ... О.******* нь анх Д.*******т холбогдуулан 2.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Намайг хариуцагчаар хэзээ нэмж нэхэмжлэл гаргасныг мэдэхгүй байна. Шүүгчийн туслах дуудахад очиж нэхэмжлэлийг гардаж авсан. Надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл биш Д.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардуулсан. О.*******г мэддэг учраас нэхэмжлэлийг сайн ойлгоогүй байж хариу тайлбар бичиж өгсөн нь алдаа болжээ. О.******* шүүх хуралдааны дээр Д.*******ээс биш надаас мөнгө нэхсэн. Би болсон зүйлийг хэлж тайлбарласан боловч шүүх хүлээн аваагүй.

О.******* Д.*******ээс мөнгөө нэхэхээ болиод намайг мөнгө өг гэсэн. Би ямар учиртай зүйл болж байгааг сайн ойлгоогүй анх удаа шүүхэд дуудаж, шүүх хуралдаанд орсон болохоор сандарч буруу зөрүү тайлбар хийсэн байсан. Би амьсгаа давчдах буюу хүчилтөрөгчийн аппаратанд орж эмчилгээ хийлгэдэг. Толгой их өвддөг байнгын эмчилгээтэй байдаг. Миний энэ байдлыг ашиглан шүүх О.*******д 2.900.000 төгрөг төлүүлэх шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 

Би Орхон аймагт 2015 оноос эхлэн ажиллаж, амьдарч байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар тохиролцсон зүйл бидний дунд байхгүй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснийг зөрчсөн буюу шүүх хэт нэг талыг баримталсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна. Шүүх иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч О.******* нь дээрх зардлаа шаардах эрхтэй байна гэжээ.

О.******* өөрөө мэдэж байсан бөгөөд үүнийг төлөх ёстой байсан. Би энэ хүнд ямар ч өргүй. Өөрөө надад өртэй байсан. Зардал гэдэг нь төлсөн мөнгийг биш тухайн үед гарсан унааны зардлыг хэлж байна гэж ойлгохоор байна. Шүүх эрх зүйн харилцаанд хууль зүйн дүгнэлтийг зөв хийгээгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 262-ны өдрийн 93 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагч татгалзлаа нотлоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй О.*******н нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3.Хариуцагч Т.******* нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх харьяалал зөрчсөн, намайг тус хэрэгт хариуцагчаар татан оролцуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломж шүүхээс олгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлажээ.

 

4.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Т.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* нь тус хэрэгт хамтран хариуцагчаар Т.*******ыг татан оролцуулах тухай хүсэлт гаргасан байх ба шүүгчийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 197 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, улмаар Т.*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулж нэхэмжлэлийн хувийг гардуулан шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь тайлбарлан өгч улмаар хариуцагчаас нэхэмжлэлийн талаар хариу тайлбар хүргүүлсэн байх тул хариуцагчийн хуулиар олгосон эрхийг зөрчөөгүй гэж үзнэ. / хх-ийн 24-30 /,

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Т.*******ийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргаж тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж улмаар мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр өөр орон нутагт оршин суух Т.*******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

 

О.*******н нэхэмжлэлд шүүхээс иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн хэргийг хүлээн авсан шүүх хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд 2 өөр орон нутагт оршин суух хариуцагчийн хэн нэгний оршин суугаа газрын шүүх хэргийг шийдвэрлэх нь харьяалал зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч л хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргахыг шийдвэрлэдэг бөгөөд хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлт гаргах эрх нь хуулиар нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

6. Хэргийн үйл баримтаар: Хариуцагч Т.******* нь Д.*******ийн эцэг Б.*******гээс 2021 оны 09 сарын 06-ны өдөр автомашин худалдан авсан байх ба машины төлбөр болох 2.900.000 төгрөгийг Т.*******ын хүсэлтээр нэхэмжлэгч О.******* нь Т.*******т шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын шүүхэд өгсөн тайлбарууд болон нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах тухай гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Харин нэхэмжлэгч О.*******гөөс автомашины төлбөрт шилжүүлсэн 2.900.000 төгрөгийг хэн буцаан төлөх талаар зохигчдын хооронд маргаан үүссэн байна.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.******* нь Т.******* тухайн хэрэгт хариуцагч биш харин автомашиныг худалдан авч хэрэглэж байгаа Т.******* байх тул машины үнийг түүнээс гаргуулж, хариуцагч Т.*******т холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзжээ.

 

8. Хэргийн үйл баримтаар хариуцагч Т.******* нь иргэн Б.*******гээс автомашин худалдан авч автомашины үнэ болох 2.900.000 төгрөгийг нэхэмжлэгч О.*******гөөр худалдагчид шилжүүлгэ хийлгүүлсэн байна.

 

Хариуцагч Т.*******аас нэхэмжлэгч О.*******н автомашины үнэд шилжүүлсэн 2.900.000 төгрөгийг урьдын харилцааны явцад үүссэн ажил, үйлчилгээний хөлс гэж тайлбарлаж хоорондын тооцоо гэсэн баримт ирүүлсэн боловч тухайн баримт нь зөвхөн нэг талаас тайлбар байдлаар бичигдсэн бараа материалын үнийн жагсаалт байх ба тухайн жагсаалтад байгаа үнийн дүнг нэхэмжлэгч нь ямар шалтгаанаар төлөх ёстой болох нь нотлоогүй тул хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

9.Харин нэхэмжлэгч О.******* нь хариуцагчийн худалдан авсан автомашины үнийг Т.*******ын хүсэлтээр худалдагчид Т.*******т /түүний эцэг Б.*******д/ шилжүүлсэн байна.

Иргэн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно. гэсний дагуу Т.*******аас түүний худалдан авсан автомашины үнэд шилжүүлсэн 2.900.000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч О.*******н нэхэмжлэлийн шаардлагад хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Т.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлэхгүйгээр тогтоох хэсэгтээ дурьдсан нь үндэслэлгүй тул тухайн шаардлагын талаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 93 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж Д.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.*******аас 2.900.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай. гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 61,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН