Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2022/00028

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 208/МА2022/00028

 

 

Э.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.*******,

 

Хариуцагч Э.*******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай

 

Хэргийг хариуцагч Э.*******н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******, хариуцагч Э.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч Э.******* нэхэмжлэлдээ:

 

1. 34,500,000 төгрөгийг гаргуулах

2. 2021.06 сард Э.******* нь надад хэлэхдээ гадаанаас бараа орж ирж байгаа гаалийн татварын мөнгө төлөх хэрэгтэй байна гээд надаас мөнгө зээлэхийг гуйсан юм. Үүний дагуу 2021 оны 06 сарын 07-ны өдөр 6,000,000 төгрөгийг бэлнээр Э.*******д өгсөн. Түүний дараагаар барааг хүлээн авахад яаралтай хэрэглэх гээд байна. 7 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөг зээлээч гэсэн тул 2021 оны 06 сарын 15-ны өдөр Э.*******н нэр дээр эзэмшилтэй ******* тоот дугаарын данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн өдөр дахин Э.*******н 5692242661 тоот


дугаарын данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 06 сарын 18-ны өдөр Э.*******н нэр дээр эзэмшилтэй ******* тоот дугаарын данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 4 удаагийн нийт 34,500,000 төгрөг Э.*******д би зээлсэн. Э.******* надаас мөнгө зээлэхдээ 7 хоногийн хугацаатай гэж зээлсэн бөгөөд одоог хүртэл надаас зээлсэн 34,500,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна гэжээ.

 

Хариуцагч Э.******* хариу тайлбартаа:

 

1.Э.******* би нэхэмжлэгчээс 34.500.000 төгрөгийг авсан үйл баримтын хувьд маргахгүй боловч түүнээс 7 хоногийн хугацаатай зээлэх зорилгоор аваагүй бөгөөд хамтран ажиллаж ашиг олох зорилгоор тус бүр хөрөнгө нийлүүлсэн боловч бид 2 бусдад залилуулан нийт 55.510.300 төгрөгөөр хохирсон байдаг.

 

...Хууль зүйн хувьд бол зээл гэдэг нь Монгол улсын иргэний хуулийн 281.1 -д зааснаар Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлсэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон анхнаасаа ийм зорилгоор хэлцэл хийгээгүй бөгөөд ИХ-ийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ"-ний шинжийг бүрэн хангасан хэлцэл хийсэн бөгөөд үүний дагуу ашиг алдагдал, эрсдэлийг хамтран хүлээх ёстой гэж хариуцагчийн хувьд үзэж байна.

 

Иймд нэхэмжлэгч нь 34.500.000 төгрөгийг Э.******* надаас шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Э.*******гээс 34.500.000 төгрөг гаргуулан Э.*******ад олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 330,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар, мэтгэлцээн зэрэгт дүгнэлт хийхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, бодит дүгнэлт хийж чадаагүй, мөн хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг шалтгааны улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй болжээ. Тодруулбал: Э.******* анхнаасаа Э.*******д зээлийн зориулалтаар мөнгө шилжүүлээгүй гаалиар орж ирэх бараанаас нь ашиг хүртэх зорилго агуулж үргэлжилсэн олон удаагийн давтамжтайгаар бусдаас өөрийн найз Э.*******д туслаж байгаа мэтээр түүнд мөнгө өгсөн хүмүүст ойлгуулан тэднээс мөнгө авч түүнийгээ хариуцагчид шилжүүлсэн байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын фэйсбүүк чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдохоос гадна нэхэмжлэгч хариуцагч нар уг фэйсбүүк чат нь тэдний хооронд бичигдсэн захидал харилцаа мөн эсэх асуудал дээр хэн аль нь маргадаггүй, уг бичигдсэн зүйл дээр хэн аль нь ямар ашиг сонирхолтой байсан зэрэг нь тодорхой бичигдсэн байхад шүүх уг баримтыг ач холбогдолтой байх талаас нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч хариуцагч нар нь ашиг олох зорилгыг хэрэгжүүлэх үүднээс 2 талаасаа мөнгө шилжүүлж байсан үйл баримт хэрэгт цугларсан баримт болон зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргээс хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх бодит дүгнэлт хийлгүйгээр талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж буруу тодорхойлж ИХ-ийн 281-р зүйлийн 281.1-д хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй муутай болсон. Талуудын хооронд тухайн үед хийсэн хэлцэл иргэний хуулийн 476-р зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шинжийг илүүтэйгээр агуулсан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь ашиг олох зорилгод хөтлөгдөж бусдаас мөнгө зээлж нийт 55.510.300 төгрөгийг бусдад шилжүүлж хохирсон байхад шүүх дээрх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээ мөн гэж тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчөөс: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. ...Хэрэгт авагдсан дансны хуулгаар 34.500.000 төгрөгийг *******ын данснаас *******гийн данс руу орсонд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс маргадаггүй. Гэхдээ зээлийн зориулалтаар шилжүүлсэн бол Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлага хангаад гүйлгээний утга дээрээ яагаад зээл гэж шилжүүлээгүй вэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа гэхээсээ илүү 476 дугаар зүйлд заасан ашиг олох зорилгоор нэгдээд, хоёр талаасаа мөнгө шилжүүлсэн боловч тухайн гадаадын иргэнд залилуулсан.

...34.500.000 төгрөгөөс тал хувиар төлөхөд татгалзах зүйлгүй байхгүй учраас эвлэрэх саналыг шүүх хуралдааны явцад гаргасан боловч шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзээд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан. Хариуцагч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажилласан гэдгээ нотолж чаддаггүй. Энэ хуулийн зохицуулалт нь тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд хамтарч ажилладаг. Ямар зорилгоор хамтарч ажиллаад, ямар ашиг олох байсан талаараа нотлох баримтаар гаргаж өгдөггүй.

...Э.*******ын хувьд нэг ч удаа Майклтай харьцаж үзээгүй, нэг ч удаа хамтран ажиллах талаар ярилцаж үзээгүй, чатаар ч харьцаж үзээгүй. Найздаа итгээд бусдаас мөнгө зээлж өгсөн. Нэхэмжлэгч 7 хоногийн хугацаатай 30.000.000 төгрөг хэрэг болоод зээлээч гэж мөнгө хайж байсан тухай гэрч Давааням мэдүүлдэг. Хамтран ажиллах тухай асуудал тогтоогдоогүй. 30.000.000 төгрөг өгсөн авсантай маргаагүй. Хамтарч ажилласан гэдгээ нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Э.*******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 3 дугаар хэсэг 12 тоотод оршин суух Э.******* нь мөн аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 19 дүгээр байрны 25 тоотод оршин суух Э.*******д холбогдуулан 34.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг хариуцагч Э.******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч Э.*******н ...Э.******* бид хоёрын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин мөн хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн юм. Бид хоёр тал талаасаа мөнгө нийлүүлж гаднаас орж ирэх барааны татварыг төлж аваад олох ашгаа хувааж авахаар тохиролцсон байсан юм. Иймд эрсдлээ ч хамтран хүлээх ёстой гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Нэхэмжлэгч Э.******* нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 6.000.000 төгрөг бэлнээр, 06 дугаар сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөгийг Э.*******н эзэмшлийн Хаан банкан дахь ******* тоот дансанд, мөн тухайн өдөр 5.000.000 төгрөгийг Э.*******н Хаан банкан дахь 5692242661 тоот дансанд, 06 дугаар сарын 18-ны өдөр 3.500.000 төгрөгийг Э.*******н эзэмшлийн Хаан банкан дахь ******* тоот дансанд тус тус шилжүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдсон байна.

 

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ -ний харилцаа үүсэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хууль зөрчөөгүй гэж үзлээ .

 

6.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.

Хамтран ажиллах гэрээний онцлог нь хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх үүрэг, удирдлагын бүтэц эрх үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах болон гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам зэргийг нарийвчлан тохиролцсон байх ёстой бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд хамтын үйл ажиллагаа буюу хамтран өөрсдийн идэвхтэй үйл ажиллагаагаар явуулах ашигт үйл ажиллагаа байхгүй, тэдний эрх үүрэг тодорхой бус, удирдлага нь тодорхойгүй, гэрээг хэрхэн дуусгавар болгох, ашигтай ажилласан нөхцөлд ашиг алдагдлаа хуваарилах, дундын эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар тус тус тохиролцоогүй тул хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай, зөвхөн гадаадаас бараа орж ирсэн нөхцөлд хувь хишиг хүртэх зорилготой байснаараа тухайн гэрээний шинжийг агуулжээ.

Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ, 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээний харилцааны аль алины шинжийг агуулсан холимог гэрээ байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний гүйцэтгэлд анхаарч нэхэмжлэгч Э.******* 34.500.000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.*******н эзэмшилд шилжүүлсэн, тэрээр гэрээ биелэгдсэн нөхцөлд мөн хэмжээний мөнгөн хөрөнгийг эсхүл түүнээс илүү мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн байдлыг харгалзан үзсэн болно.

 

7.Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасны дагуу Э.*******ын нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 34.500.000 төгрөг гаргуулах хэргийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцааг төсөөтэй хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт зөв гэж үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.*******н давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 356 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.*******н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 330.450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ