Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 1102

 

 

 

 

 

 

    2018        08          01                                  2018/ШЦТ/1102

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Улсын яллагч И.Ариунсанаа,   

Хохирогч Н.Мөнхбаяр,

Шүүгдэгч Д.Э, Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт Б.Снарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806037911245 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Эрдэнэцэиэг нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан хотхоны 14-51 тоот, иргэн Н.Мөнхбаярын гэрээс гарахдаа самсунг эс 5 маркийн гар утас, нокиа маркийн гар утас болон хаан банкны виза картыг хулгайлан авч картнаас 5.505.500 төгрөг авч нийт 5.654.300 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Снь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Амгалан хотхоны 14-51 тоот, иргэн Н.Мөнхбаярын гэрээс гарахдаа Д.Э нь самсунг эс 5 маркийн гар утас, нокиа маркийн гар утас болон Хаан банкны виза картыг хулгайлан авсан гэдгийг мэдсээр байж картнаас 5 505.500 төгрөгийг авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.       

                    /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Саруулмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн 1806037911245 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Д.Э нь хулгайлах гэмт хэрэг, шүүгдэгч Б.Снь мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие нь 2018 оны 04-р сарын 24-ний оройн 22 цагийн үед найз Бямбадоржийн хамт гэрээсээ гараад цэцэрлэгт хүрээлэн дээр найзруугаа очих гээд явж байтал 16-ын Цайзаас доошоо уруудах замд Генерал баарны замын баруун талд үл таних 25 орчим насны 2 охин явж байхаар нь манай найз Бямбаа машинаа зогсоогоод "Охидоо хаашаа алхаж байгаа юм хүргээд өгөх үү? Завтай бол цэцэрлэгт хүрээлэн орох уу" гэж асуусан. Тэгтэл тэр хоёр охин тэгье гээд машинд суугаад бид дөрөв цэцэрлэгт хүрээлэн орох замдаа танилцахад өөрсдийгөө Э, С гэж нэрээ хэлсэн. Тэгээд бид дөрөв цэцэрлэгт хүрээлэн орж ганц хоёр зураг миний гар утас дээр даруулсан. Тэгээд удалгүй 23 цаг 30 минутын үед бид дөрөв зайсан ороё гээд замаараа 19-ийн үйлчилгээний төв дээр байдаг "Хулан заяа" нэртэй дэлгүүр рүү би танилцсан охин Эгийн хамт орж уг дэлгүүрээс 1 шил 0.5 граммын ЭКС архи, 2.5 литрийн нийслэл пиво 1 ширхэг, ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүн аваад би картаар гүйлгээ хийсэн. Картны код хэлэх үед би маш чангаар хэлчихсэн юм. Тэгээд дэлгүүрээс гараад би нөгөө хоёр охинтой хамт архиа хувааж уусан. Тэгээд тэндээсээ зайсан орж агаар амьсгалчихаад буцаад манай гэрлүү буюу 16-р хорооллын Амгалан хотхонд очиж суухуу гэтэл тэр хоёр охин зөвшөөрсөн. Тэгээд замаараа дэлгүүрээс 0.75 граммын Улаанбаатар архи аваад гэрлүү очсон. Тэгээд бид нар дөрөвүүлээ архиа хувааж уухад шөнийн 03 цаг болж байсан. Тэгээд би жаахан согтоод жижиг өрөөндөө ороод хэвтээд өгсөн юм. Тэр үед манай найз нөгөө хоёр охинтой юм яриад нөгөө өрөөнд үлдсэн. Тэгээд нэг мэдсэн 07 цагийн үед манай найз Бямбаа намайг сэрээгээд би ажилдаа явлаа шүү. Чи гэрээ хараад үлдээрэй. С нь нөгөө өрөөнд унтаж байгаа гэсэн. Харин миний хажууд Э гэх охин нь унтаж байсан. Тэр үед манай найз Бямбаа чи гар утсаа хямагдаарай. Наад охидууд чинь аваад гарчихвий гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би гар утас, түрийвчээ яакныхаа хармаанд хийгээд ганц цаг унтчихая гэж бодоод буцаад унтаад өгсөн. Сэртэл гэртээ ганцаараа унтаж басан. Тэгэхээр нь би гар утсаа хайхад миний хоёр гар утас, түрийвчинд байсан Хаан банкны виза карт алга болсон байсан. Тэгээд би Хаан банкруу очоод дансны хуулгаа үзтэл миний данснаас 4 удаагийн үйлдлээр 5.505.500 төгрөгийн зарлага гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Гэрч Б.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Манай найз Мөнхбаяр намайг дуудаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү яваад ажил амжуулаад ирье гэж хэлэхээр нь би машинтайгаа очиж аваад бид хоёр Цайзаас Офицер луу уруудаад явж байтал зам дагуу хоёр охин алхаад явж байсан чинь Мөнхбаяр тэр хоёр охиноос такси авах уу гээд асуудаа гэхээр нь асуутал авахгүй гэсэн. Мөнхбаяр явж байснаа зогсож бай нэгийг нь харсан охин байна гээд машины цонхоор толгойгоо гаргаад ярилцаж байгаад хамт цэцэрлэгт хүрээлэн рүү явахаар болж машинд суусан. Бид 4 цэцэрлэгт хүрээлэн орчихоод Зайсан толгой гарахаар болж замдаа дэлгүүрээс нэг архи, нэг пиво авсан байсан тэрийгээ надаас бусад нь уусан. Би машин барьж байсан болохоор уугаагүй юм. Нөгөө гурав жаахан халсан байсан тэгээд Мөнхбаяр манай гэр орж үргэлжлүүлж ууя гээд намайг чи машинаа тавьчих, хамт ууя, машин бариад уугаагүй юм чинь гэхээр нь би зөвшөөрсөн. Гэрт нь ороод дахин нэг шил архи уусан. Би зурагт үзэж байгаад өглөө 06 цагийн орчимд Мөнхбаярт явлаа гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь Мөнхбаяр надруу танихгүй дугаараас залгаад миний виза карт, Самсунг эс 5, нокиа маркийн гар утас зэрэг байхгүй байна, чи авсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би аваагүй гэхэд нөгөө хоёр охин аваад явчихсан байна гэж хэлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 40/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 07 сарын 02-ны өдрийн №БЗ1-18-931 дугаартай:

2018 оны 04 сарын 24-ний өдрийн байдлаар Самсунг эс-5 маркийн гар утас нь 132.000 төгрөгийн, нокиа гар утас 16.800 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 57-58/

 

Шүүгдэгч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Саруулмаагийн хамт найзындаа очоод ойрдоо гадуур гараагүй юм чинь гээд орой 18 цагийн орчимд гараад Офицер луу алхаж байтал танихгүй хоёр залуу машинтай араас дагаж байснаа танилцья гээд 5-10 минут орчим хажууд машинтайгаа дагаж явсан. Тэгээд гадаа жаахан сэрүүхэн байсан болохоор бид хоёр зөвшөөрч машинд нь орж суугаад хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ороод дараа нь Зайсан толгой гарахаар болоод замдаа дэлгүүрээс нэг том савтай пиво, нэг шил 750 граммын архи аваад жолоочоос бусад нь уусан. Тэгээд Зайсан орчихоод бид хоёрыг хүргээд өгье гээд манай гэр лүү явах замд хохирогч Мөнхбаяр гэх залуугийн найз нь би жолоо бариад уусангүй бүгдээрээ одоо ганц шил архи ууя гээд Мөнхбаярын гэр лүү нь явсан. Гэрт нь очоод бид дахин архи уусан. Өглөө нь босоод гэр лүүгээ явах гэтэл бид хоёрт таксины мөнгө байхгүй байсан юм. Тэгээд Мөнхбаярын унтаж байсан орон дээр нокиа гар утас, ухаалаг утас, виза карт нь байсан. Уул нь бид хоёр таксины 5000 төгрөг авья гэж бодоод картыг нь авчихсан юм. Гэрээс нь гараад бэлэн мөнгөний машинд уншуулж үзэхэд 5 сая гаран төгрөг байсан. Би өмнөх өдөр нь Мөнхбаяртай хамт дэлгүүр орохдоо картных нь нууц дугаарыг сонсоод цээжилсэн байсан болохоор картыг нь ашигласан. Бид хоёр картнаас нь нийт 5.500.000 төгрөг аваад хувцас, гар утас зэрэг эд зүйл аваад, мөн хөмсөг, сормуус, хумс хийлгэсэн. Үдээс хойш цагдаагаас гээд холбогдсон. Тэгээд бид хоёр цагдаа дээр ирээд үлдсэн 2 сая төгрөгөө буцааж өгөөд сүүлд нь нэмж 2.750.000 төгрөг, авсан 2 ширхэг гар утас, виза карт зэргийг буцааж өгсөн. Одоогийн байдлаар 750.000 төгрөг өгөөгүй үлдсэн байгаа. Үүнийгээ ажил хийж байгаад өгнө. Эхэндээ таксины мөнгө л авья гэж бодсон юм. Картыг нь үзтэл их мөнгө байсан болохоор нь авчихсан юм. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэх мэдүүлэг /хх-н 47-48/

 

Шүүгдэгч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Эийн хамт найзындаа очоод ойрдоо гадуур гараагүй юм чинь гээд орой 18 цагийн орчимд гараад Офицер луу алхаж байтал танихгүй хоёр залуу машинтай араас дагаж байснаа танилцья гээд 5-10 минут орчим хажууд машинтайгаа дагаж явсан. Гадаа жаахан сэрүүхэн байсан болохоор бид хоёр зөвшөөрч машинд нь суугаад хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ороод дараа  нь Зайсан толгой гарахаар болсон. Замдаа дэлгүүрээс нэг том савтай пиво, нэг шил архи авч жолоочоос бусад нь уусан. Тэгээд Зайсан орчихоод бид хоёрыг хүргээд өгье гээд манай гэр лүү явах замд хохирогч Мөнхбаяр гэх залуугийн найз нь би жолоо бариад уусангүй бүгдээрээ одоо ганц шил архи ууя гээд Мөнхбаярын гэр лүү нь явсан. Очоод дахин архи уусан. Өглөө нь Э намайг сэрээгээд явья хурдал гээд байхаар нь би босоод бид гэрээс нь гараад явж байтал Э би сая гарахдаа гар утас, виза картыг нь авчихсан юм гэж хэлэхээр нь картных нь нууц дугаарыг мэдэхгүй байж яагаад авчихсан юм гэж асуухад өмнөх орой нь Мөнхбаяртай дэлгүүр орохдоо картных нь нууц дугаарыг цээжилсэн байсан. Тэгээд картыг нь ашигласан. Бид хоёр картнаас нь нийт 5.500.000 төгрөг аваад хувцас, гар утас зэрэг эд зүйл аваад, мөн хөмсөг, сормуус, хумс зэрэг хийлгэсэн. Энэ мөнгөнөөс би яг хэдэн төгрөгийг нь авч ашигласнаа хэлж мэдэхгүй байна. Тэр өдрийн үдээс хойш цагдаагаас ярьж байна гээд холбогдсон. Бид хоёр цагдаа дээр ирээд үлдсэн 2 сая төгрөгөө буцааж өгөөд сүүлд нь нэмж 2.750.000 төгрөг, авсан 2 ширхэг гар утас, виза карт зэргээ буцааж өгсөн. Одоо 750.000 төгрөг өгөөгүй үлдсэн байгаа. Үүнийгээ ажил хийж байгаад өгнө. Тухайн үед хулгайлсан гэж мэдэж байсан ч гэсэн бид хоёрт мөнгөний хэрэгцээ маш их байсан учраас авсан. Э бид хоёр авсан мөнгөө хувааж аваагүй, адилхан эд зүйл авсан тооцоо хийж үзээгүй. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-4/, хохирогч Н.Мөнхбаярын дансны хуулга /хх-ийн 8/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/, эд зүйл /2.000.000 төгрөг, самсунг галакси с-5 маркийн гар утас, нокиа маркийн гар утас, Хаан банкны виза карт/ /2.750.000 төгрөг/ хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

- шүүгдэгч Д.Э, Б.С нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25, 27, 29-30/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.Саруулмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Снь гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргүүдээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Д.Эийн иргэн Н.Мөнхбаярын 2 ширхэг гар утас, банкны картыг авч, картнаас 5.505.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлаж аван нийт 5.654.300 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Б.Сгийн шүүгдэгч Д.Эийн гэмт хэрэг үйлдэж олж авсан эд хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Н.Мөнхбаярт учирсан хохиролоос гар утсуудыг биет байдлаар буцаан өгсөн, 4.755.500 төгрөгийн хохиролыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос төлөөгүй үлдсэн 750.000 төгрөгийн хохиролыг нэг сарын хугацаанд төлж барагдуулахаа шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд илэрхийлж байна.

Иймд шүүгдэгч нараас 750.000 төгрөгийн хохиролыг тэнцүү хуваан гаргуулж нэг сарын хугацаанд хохирогчид төлж барагдуулсан байхаар хугацаа тогтоон шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт шүүгдэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролоос төлж барагдуулсан байдал, хохиролыг төлж барагдуулхаа илэрхийлж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Сг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг долоон сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгигйн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг долоон сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5 дах заалтууд, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэг жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.Э, Б.С нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.С нараас долоон зуун тавин мянган төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч Н.Мөнхбаярт олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.С нарын хохирол төлөх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоосугай.

 

8. Шүүгдэгч Д.Э, Б.С нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ