Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1106

 

 

 

 

 

 

   2018         08          02                                   2018/ШЦТ/1106

 

                                                                                          

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батням,

Улсын яллагч О.Багшбаяр,   

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сэлэнгийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806029861242 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "NG" зочид буудлын өрөөнөөс хамт хоносон иргэн Ч.Баттөмөрийг унтсан хойгуур нь хүзүүнээс 2.554.200 төгрөгний үнэ бүхий монетон гинж, бөгж, бэлэн 200.000 төгрөг хулгайлан авч 2.754.200 төгрөгний хохирол учруулсан,

Мөн 2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг Цээнэ зочид буудалд хамт хоносон иргэн Б.Балдоржийн гар утас, Хаан банкны виза картыг нууцаар авч картнаас нь 850.000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.                            

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806029861242 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Б.С нь хохирогч Ч.Баттөмөрийн эзэмшлийн монетон гинж, бөгж, бэлэн 200.000 төгрөгийг, хохирогч Б.Балдоржийн гар утас, банкны картыг авч, банкны картнаас 850.000 төгрөгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ч.Баттөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 03 сарын 31-нд Бөхийн өргөөний арын уулзварын орчимд С гэх эмэгтэйтэй танилцсан. Хоногийн 100.000 төгрөгөөр харилцан тохиролцоод Баянзүрх дүүргийн 2-р хороонд байрлах NG буудалд орсон. Би согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан болохоор бэлгийн харьцаанд ч орж амжилгүй унтаад өгсөн байсан. С 100.000 төгрөгөө өгөөгүй байсан. Энэ хооронд нь С нь миний хүзүүнд байсан кулонтой монетон гинж, гарт байсан хийц сайтай Солонгос монетон бөгж, түрийвчинд байсан бэлэн 200.000 төгрөгийг хулгайлаад явсан байсан. Би жин граммыг нь мэдэхгүй байна. С гэх хүүхэнтэй сүүлд уулзаж асуухад гинжийг 27 грамм жинтэй байсан гэсэн. Хайгаад олоход надад санал тавьсан. Тэгээд өөрөө хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Модны хоёрын Лаки гэдэг нэртэй ломбарданд 900.000 төгрөгөөр найзынхаа нэрээр барьцаалсан. Найз Дархан хот явсан. 1 дэх өдөр ирнэ. Тэгээд аваад өгнө. Хоёулаа цагдаа дээр очихгүйгээр аваад өгъе гэж хэлсэн. Өөрөө энэ талаараа бичиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/

 

Хохирогч Б.Балдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 02 дугаар сарын 03-04 нд шилжих шөнө нэг эмэгтэйтэй танилцсан. Уг эмэгтэйн хамтаар Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, Цээнэ зочид буудлын 7 дугаартай өрөөнд орсон. Нэг сэрэхэд нөгөө хүүхэн яваад өгчихсөн байсан. Би уг эмэгтэйн өгсөн 88726571 дугаарын утасруу нь 5 цагийн үед залгаад буудалд хүрээд ир гэж хэлэхэд би нэг найзтайгаа хамт яваад очиж болох уу гэхээр нь тэг тэг гээд дуудсан. Ингээд 08:З0 цагийн орчимд эргээд нөгөө дугаарлуу нь залгахад эрэгтэй хүн гар утсыг нь аваад би таксины жолооч байна сая буучихсан гэж хэлсэн. Ингээд удалгүй өрөөнд ороод ирсэн. Бид нар буцаж гараад Хатантулга дэлгүүр орж пиво, бэлэн гоймон, ундаа гэх мэтийн зүйлс авсан. Эргээд буудалдаа ороод авсан зүйлсээ ууж идсэн. Ингээд дахин уусан пивондоо тасраад унаад өгсөн байсан. Тэгээд нэг сэргээд хартал нөгөө хоёр хүүхэн гараад явчихсан байсан. Халаасанд байсан гар утас, хаан банкны виза карт зэрэг эд зүйлүүд маань байхгүй болсон байсан. Ингээд картаа 10:00 цагийн орчимд банкруу ярьж хаалгах гэхэд 850.000 төгрөгийн зарлага гарсан байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/

 

Гэрч Ц.Отгондаваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2018 оны 02-р сарын 03-нд кино үйлдвэрийн Энх төв зочид буудалд Ганаа гэх найзтайгаа соёрхолын 0.5 гр архи хувааж уугаад сууж байхад Сэлэнгээ, Болороо гэх 2 эмэгтэй миний 88726571 дугаарлуу 00 цаг өнгөрч байхад залгаад хаана байгаа юм гэхээр нь буудалд байна гэхэд миний амарч байсан буудалд ирсэн. Ирэнгүүтээ Сээ нь ахаа утаснаас чинь зар тавьчий гээд, санхүү авна дажгүй 2 охин байна гээд 151999-дугаарлуу мессеж явуулсан. Зар тавьсанаас хойш удалгүй 04 цагийн үед "Цээнэ" гэдэг зочид буудалд 1 хүн байна гээд гараад явсан тэгээд 09:00 цаг өнгөрч байхад утсаа авий гээд залгахад байж бай удахгүй очно гээд 12 цагийн үед шинэ хувцас өмсчихсөн ирсэн. Тэгэхээр нь та 2 яаж мөнгөтэй болсон юм гэж асуухад Цээнэ зочид буудалд хамт хоносон хүний картыг авсан пин кодыг нь мэдсэн гэж хэлсэн. Яаж мэдсэнийг нь сайн мэдэхгүй. Тэгээд миний утсыг өгөөд хоолонд оруулаад за баярлалаа гээд таксины 10.000 төгрөг надад өгөөд явсан. Скартнаас нь 500.000 төгрөг авсан гэж байсан. Би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/

 

Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

Болороо бид 2 хааяа клинтэлж явдаг байсан. Сүүлд цагаан сарын үеэр уулзсан. Бид 2 хамт байж байхдаа 2 сарын орчимд байх гэж санаж байна. Дуудлагаар нэг үйлчлүүлэгч авч орсон. Тэгээд хоноод өглөө нь зүгээр л гараад явсан. Тэр хүний ямар нэг эд зүйлсийг авч гараагүй. Тэр хүн утас ч үгүй л байсан гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 02 сарын 19-ний өдрийн №БЗ2-18-334 дугаартай:

2018 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар Самсунг маркийн хуучин гар утас нь 36.000 төгрөг, Хаан банкны карт нь 5.000 төгрөгийн, нийт 41.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2018 оны 07 сарын 16-ны өдрийн №БЗ2-18-1411 дугаартай:

2018 оны 07 сарын 05-ны өдрийн байдлаар 2 талаараа эргэдэг кулонтой, кулоны нэг тал нь хар чулуун, нөгөө тал нь шанель гэсэн бичигтэй монетон гинж нь 2.322.000 төгрөг, грамм тодорхойгүй монетон бөгж /дундаж граммаар тооцов/ нь 232.200 төгрөгийн, нийт 2.554.200 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 86-87/

 

Шүүгдэгч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хөдөө аж ахуйн хуучин автобусны буудал дээр зогсож байхад нэг эрэгтэй хүн такси барьж хүрч ирээд хоногоор явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би явна, үнэ нь 120.000 төгрөг гэж хэлсэн. Бид 2 ярилцаад 100.000 төгрөгөөр явахаар болсон. Тэндээсээ уг таксинд нь суугаад Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байдаг "NG" нэртэй зочид буудлын нэг өрөөнд орсон юм. Өрөөнд ороод бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид 2 нийлээд нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэр залуу анх надтай уулзах гэж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд бид 2 бэлгийн харилцаанд 2 удаа орсон. Тэр залууг унтсаны дараа би хүзүүнд нь байсан монетан гинж, гарт нь байсан бөгжийг нь тайлж аваад гарсан. Мөн дээр нь тохиролцсон 100.000 төгрөгөө авсан. Тэр хүн өөрөө буудлын өрөөний мөнгийг өгсөн. Дээр нь карт уншуулаад идэж, уух юм аваад байсан. Би тэр буудлаас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цагийн үед гарсан. Тэндээсээ гараад хороолол орж өөрийн найз Адарсүрэнгийн Хулангийн нэрээр монетан гинж болон бөгжийг нийлүүлээд 670.000 төгрөгөөр ломбарданд тавиулсан. А.Хуланд нэг ч төгрөг өгөөгүй. А.Хулан надаас хэний эд зүйлс юм бэ? гэхээр нь манай найз залуугийн эд зүйлс байгаа юм. Мөнгөний хэрэг гарчихаад гэж хэлсэн ба надад иргэний үнэмлэх байхгүй учраас гуйж тавиулсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Дээр нь мөнгөний хэрэг байсан учраас үнэтэй зүйл харагдахаар нь авчихсан юм. Өөрийнхөө үйлдэлдээ гэмшиж байна. Хохиролоо ямар нэгэн аргаар төлж барагдуулах болно.

Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой 151999 дугаар руу санхүүгийн туслалцаа авна, 23 настай охин байна гэж 88726571 гэсэн дугаараар зар тавьсан юм. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн холбогдоод "хоногоор авах" гэсэн юм гэхээр нь би өөрөө хүрч ирээд уулз гэж хэлсэн. Би тэр хүнтэй Баянзүрх дүүргийг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэрт байдаг "Цээнэ" нэртэй зочид буудлын гадаа уулзаад уг буудлын №7 тоот өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 04 цагийн үед орсон юм. Бид 2 хоногийн 120.000 төгрөгөөр тохирсон. Мөнгөө бэлэн аваад нэг удаа бэлгийн харилцаанд орсон. Тэр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Бид 2 буудалд орохоосоо өмнө 4 шил пиво авсан ба тэрийгээ хувааж уусан. Тэгээд би өглөө 06 цагийн үед тамхинд явлаа гээд гарсан. Тэр хүн сэрүүн байсан. Би 08 цаг болж байхад буцаж орсон. Тэгж орохдоо өөрийн найз н.Болортуяатай хамт орсон. Манай найз н.Болортуяа бас мессеж зар тавьсан байсан ба өөр буудалд өөр хүнтэй орчихоод гарч ирээд надтай таарсан. Бид 3 юм яриад нэг нэг шил пиво уусан. Намайг өглөө 06 цагт гарахад надтай хамт хоносон ах өөрөө надад хаан банкныхаа картыг өгөөд нууц дугаараа хэлээд дэлгүүр ороод хатуу архи аваад ир гэж хэлсэн. Гэвч би буцаад н.Болортуяатай хамт орохдоо тэр хүний картыг уншуулж 2 шил пиво л авч орсон. Тэгээд надад карт нь байж байсан юм. Би тэр ахад буцааж өгөөгүй. Ингээд би н.Болортуяатай орчихоод буцаад гарахдаа тэр ахын куртикны халаасанд байсан сөхөгдөж онгойдог саарал өнгийн гар утсыг тэр хоёрт мэдэгдэлгүйгээр авчихсан юм. Үүнийхээ дараа би н.Болортуяаг явъя гэж хэлээд дагуулаад гарсан. Харин тэр ах унтаад үлдсэн. Тэндээсээ гарсаныхаа дараа би н.Болортуяагаас салаад гэртээ харьсан. н.Болортуяа намайг тэр ахын карт болон гар утсыг авсаныг огт мэдээгүй. Би гэртээ харьчихаад буцаж гараад Бөмбөгөр орж картыг нь уншуулж 850.000 төгрөг аваад, тэрийгээ өөртөө зарцуулсан. Харин гар утсыг нь барьж явж байгаад хаячихсан байна лээ. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөнгөний хэрэг байсан учраас үнэтэй зүйл харагдахаар нь авчихсан юм. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохиролоо ямар нэгэн аргаар төлж барагдуулах болно. Би сүүлд хамт орсон н.Болортуяаг хайсан боловч олдохгүй байна. Одоо хаана юу хийж явж байгааг нь мэдэхгүй байна. Бүтэн нэрийг нь н.Болортуяа гэдэг юм. Хэдэн оных болох, хаана амьдардагыг нь мэдэхгүй байна. Бид 2 хөдөө аж ахуй дээр хамт биеэ үнэлэж байгаад л танилцсан юм. Тэрнээс хойш бид 2 уулзаагүй гэх мэдүүлэг /хх-н 65-66, 69-70/

 

- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6-7, 46-47/ Лаки нэртэй ломбардны эзэн Очирбат нь монетон гинж, бөгжийг барьцаанд тавиагүй байна гэсэн ба баримт бичгүүдийг шүүз үзэхэд А.Хулан, Б.С гэсэн нэр бүхий хүмүүс эд зүйл барьцаанд тавиагүй байсан болохыг тэмдэглэв гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 11/,  хохирогч Ч.Баттөмөрийн монетон гинж, бөгжтэй авахуулсан гэрэл зураг /хх-ийн 23-25/, шүүгдэгч Б.Сэлэнгийн гараар бичсэн тайлбар /хх-ийн 26/, хохирогч Б.Балдоржийн дансны хуулга /хх-ийн 49/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

-Шүүгдэгч Б.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 19-22/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Сгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.  

 

Шүүгдэгч Б.С нь 2 удаагийн үйлдэлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч нарын болон гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

  

Тэрээр бусдад биеэ үнэлэх арга хэлбэрээр нийгэмд сөрөг нөлөө бүхий байдал үүсгэн улмаар согтууруулах ундаа хэрэглэсэн, согтож өөрийн үйлдлийг удирдах чадваргүй болсон эсхүл унтсан байх үед нь хохирогч нарын эд зүйлийг хулгайлан авсан байна.

 

Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй болох талаарх баримт хэрэгт авагдсан боловч хүүхдүүд нь 2013 оны 05 сарын 02-ны өдөр болон 2015 оны 05 сарын 26-ны өдрүүдэд төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч “хүүхэд харах хүн байдаггүй учир ажил хийх боломж олддоггүй... Хүүхдүүдээ харах шаардлагатай учир хорих ял авмааргүй байна. Ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тайлбарлах боловч гэмт хэрэг үйлдэгдсэн байдлаас үзэхэд тэрээр гэмт хэрэг үйлдэгдэх үед хүүхдүүдээ харж хандах үүргийг биелүүлээгүйгээр гэмт хэрэг үйлдэн хоногоор биеэ үнэлэн явж байсан нь нотлогдож байна.

Учир иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Сгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлаж авсан үйлдэлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгч Б.С нь төлж барагдуулаагүй байх тул түүнээс 891.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Балдорж, 2.754.200 төгрөг гаргуулж хохирогч Ч.Баттөмөр нарт тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролоос төлөгдөөгүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулж, ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Сгийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийг зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.С нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгээс 891.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Балдоржид, 2.754.200 төгрөг гаргуулж хохирогч Ч.Баттөмөрт тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.С цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ