Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/293

 

2026          03            12                                                                             2026/ДШМ/293

 

А.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Д.Рэгзэдмаа,

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2813 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2508 01065 1729 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт А-ын Б-, .......,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн /РД:ХА-/.

Шүүгдэгч А.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, А- дүгээр Цэргийн ангийн 01 дүгээр гудамжны 63 тоотод хохирогч Б.Б-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, газар унахад нь дэвсэж, биед нь давсагны арын урагдал, нарийн гэдэсний дээд 1/3 хэсгийн саажилт, дээд уруулд шарх бүхий амь насанд нь аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Б-ийг "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д заасны дагуу шүүгдэгч А.Б-ээс 2,123,200 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч А.Б- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч А.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А- овогтой Б- миний бие 12 сарын 17-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/28132 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие хохирогч Б.Б-тэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байгаа бөгөөд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2.123.200 төгрөгийг төлсөн болно. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн боловч нөхцөл байдал өөрчлөгдөж миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, өндөр насны тэтгэвэр сүүлд 2.400.000 авдаг бөгөөд эрүүл мэндийн хувьд тааруу тул анхан шатны шүүхээс надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 15.000 нэгжээр торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдол гаргахаасаа өмнө А.Б-тэй уулзаж, тодруулсан. А.Б-ийн гаргасан гомдлыг дэмжиж байна. А.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, даатгалын санд учруулсан хохирлыг төлсөн. Шүүгдэгч А.Б- нь өндөр насны тэтгэвэрт гарсан, сард 2.000.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсвэл хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлж, “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, А- дүгээр Цэргийн ангийн 01 дүгээр гудамжны 63 тоотод хохирогч Б.Б-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, газар унахад нь хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь давсагны арын урагдал, нарийн гэдэсний дээд 1/3 хэсгийн саажилт, дээд уруулд шарх бүхий амь насанд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Б-ийн “... архиа хувааж уугаад би Г-тай маргалдсан. ... Г-тай маргалдаад доошоо тонгойгоод сууж байх үед Г- миний уруул руу 1 удаа цохиход би хойшоо орон дээр саваад унасан. Намайг унасны дараа Г- миний гэдэс хэрэг рүү 3-4 удаа дэвсэхээр нь би босож ирээд “чи яаж байгаа юм” гэж хэлээд Төмөрөөгийн гэрээс гараад гэр рүүгээ харьсан. Хариад орон дээр хэвтэхэд Г-гийн дэвссэн хэсэг буюу гэдсээр өвдөөд байхаар нь өөрийн дүү Б-д “түргэн дуудаад өг” гэж хэлээд түргэн дуудуулсан... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, ... би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” /хх 15, 17, 77/,

гэрч Б.Б-гийн “... Би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орой 22 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байх үед гаднаас манай төрсөн ах Б-ийн уруул сэтэрч, нүүр хэсэг цус болсон байдалтай орж ирээд “Төмөрөөгийнд архи ууж байгаад Г- гэх залууд зодуулчихлаа, ... түргэн дуудаад өг, миний цээж өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан... Г- миний цээжин дээр дэвссэн гэж хэлсэн....” /хх 19/,

гэрч Д. Т-гийн "... 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ Б- бид хоёр “Шүншиг” нэртэй архи хувааж уугаад Б- гараад явсан. Би юу болсон талаар санахгүй байна... манай найз Б-ийг Г- гэж дууддаг...” /хх 23/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0725/2932 дугаартай "...Б.Б-ийн биед давсагны ар хананы урагдал, нарийн гэдэсний дээд 1/3 хэсгийн саажилт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо..." /хх 32-33/ гэх дүгнэлт, 

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан “...Б- нь зүс таних хүнд зодуулсан...” гэх тэмдэглэл /хх 9, 10/, дуудлагын лавлагааны хуудас /хх 11/, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 36-44/, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан лавлагаа /хх 79/, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх 80-83/ болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо зөрчилдөж эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч А.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учрууласан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Б-ээс “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, өндөр насны тэтгэвэр авдаг, эрүүл мэндийн байдал муу зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд А.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг 1 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Анхан шатны шүүх А.Б-ээс 2.123.200 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчээс “...хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 86 /наян зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2813 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай....” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай....” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.....” гэснийг, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 86 /наян зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, А.Б- нь Эрүүл мэндийн даатгалын санд 2.123.200 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН

 

 

                          ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА

 

 

                          ШҮҮГЧ                                                           Н.БААСАНБАТ