Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 212/МА2022/00071

 

    А.Б-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00430 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч **** оршин суух А.Б-ы /РД:********/ нэхэмжлэлтэй,  хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын цэцэрлэгт /эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ж/ холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Б сумын цэцэрлэгт цаг бүртгэгчээр эгүүлэн ажиллуулахыг хариуцагч Б сумын цэцэрлэгийн эрхлэгчид даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл:  

1.1. А.Б- би Хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд олон жилийн өмнөөс Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдсан тухай акттай. Би хэдийгээр акттай боловч ойр зуурын хөдөлмөр эрхлэх чадвартай.

1.2. Би бага байхдаа гал түймрийн улмаас гарч чадалгүй баруун гараа түлснээс болж баруун гар татанхай болж түүнээс болж өвчний группт гарсан. Хэдийгээр эмзэг бүлгийн гэж тэтгэмж авдаг ч гэсэн бусдаас ялгаварлагдахгүй гэж мэрийн, мөн ялгаварлан гадуурхахыг үл тэвчин сайн сайхан амьдарч явахыг хүсдэг. Тэгээд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэн түрүүнд ажилтай болгох, ахуй амьдралд нь туслах тухай төрөөс их анхаарч байгаа болохоор би 2020 оноос Б сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, байгууллагын дарга нарт олон удаа ажилд оруулж өгөх талаар өргөдөл хүсэлт гаргаж байсан бөгөөд байгууллагаас цэцэрлэгийн эрхлэгч И.А намайг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр урьд нь уг цэцэрлэгт цаг бүртгэгчээр ажиллаж байсан Мийн Ды оронд цаг бүртгэгчээр эрхлэгчийн Б/10 дугаартай тушаалаар ажилд авсан.

1.3. М.Д нь тус цэцэрлэгийн цаг бүртгэгч, доторх зохион байгуулалт, хүүхдүүдийг өглөө хүлээн авах, орой тарахад эцэг эхэд нь өгөх зэрэг ажил хариуцаж хийдэг байсныг би ажилд ороод хийдэг болсон. М.Д нь мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан, 2021 оны 11 дүгээр сарын 28-нд өвчнөөр нас барсан бөгөөд анх М.Дыг сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолтуудыг үндэслээд уг ажилд авсан гэсэн. Тэгээд энэ орон тоонд адилхан хөгжлийн бэрхшээлтэй өмнө нь олон удаа өргөдөл, хүсэлт гаргаж байсан намайг авсан.  

1.4. Гэтэл эрхлэгч маань өндөр насны тэтгэвэрт гарч явсан, сумын Засаг дарга, удирдлага хоёр нам болж талцаж байгаад өөрийнхөө хүнийг энэ албан тушаалд авч чадаагүйдээ харамсаж цэцэрлэгийн эрхлэгч Б.Жд дарамт үзүүлж намайг ажлаас чөлөөлүүлж байна гэж үзэж байна.

1.5. Би 2019 оноос эхлэн 3 жил энэ орон тоо албан тушаалд ажиллаж байгаад нас барсан М.Ды оронд цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар бүр томилогдсон. Орон тоо цомхотгосон, ажилтны тоог цөөрүүлсэн гэх шалтгаан намайг ажлаас халах байсан бол хуульд зааснаар урьдчилан мэдэгдэх ёстой боловч мэдэгдээгүй. 2021 оны 11 дүгээр сард Б сумын хүүхдийн цэцэрлэгт цаг бүртгэгчээр ажиллаж байсан М.Д нас барсан учраас тус цэцэрлэгийн тухайн үеийн эрхлэгч А.Б-ы хүсэлтийг хүлээн авч түүнийг цаг бүртгэгчийн ажилд томилсон. Хэрэв энэ томилгоонд ашиг сонирхлын зөрчил байгаа, Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэж үзсэн ч гэсэн эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Шүүхээс шийдвэр гаргаагүй байхад энэ талаар урьдчилсан байдлаар дүгнэлт хийх боломжгүй.

1.6. Тус цэцэрлэг 31 хүний орон тоотой гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. М.С гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 2012 оны 01 дүгээр сард анх жижүүрээр томилж түүний эрүүл мэндийн байдалд тохирсон ажлыг хийлгэж байсан. Дараагаар нь М.Сыг 2012 оны 10 дугаар сард эмчийн ажилд томилсон. Гэрчээс мэдүүлэг авахдаа Б сумын хүүхдийн цэцэрлэгт эмчийн нэг орон тоо байгаа, тухайн орон тоонд М.С ажиллаж байгаа талаар мэдүүлсэн. Тийм учраас М.Сыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж үзэх боломж байхгүй. Гэрч манаач нарыг цалинжуулах төсвийг орон нутагт өгсөн гэж мэдүүлэг өсгөн. Орон нутгийн удирдлагууд зохицуулалт хийгээд 4 манаач-жижүүрийн нэгийг цаг бүртгэгчээр томилоод үлдсэн 3 манаач-жижүүрийг ажиллуулж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэн тэргүүнд ажлаар хангах ёстой байсан. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын цэцэрлэгт цаг бүртгэгчээр эгүүлэн ажиллуулахыг хариуцагч Б сумын цэцэрлэгийн эрхлэгчид даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал: 

2.1. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 16 дугаар тогтоолоор Б сумын хүүхдийн цэцэрлэг нийт 31 ажилтны цалингийн төсвийг баталсан.

2.2. Гэтэл төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан И.А нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн тус цэцэрлэгийн батлагдсан цалингийн сар, орон тооны хязгаарыг хэтрүүлж 4 хүнийг бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон байсан. Эдгээр хүмүүсийн нэг нь А.Б-ыг цаг бүртгэгч гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон байсан.

2.3. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар давуу байдал гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүнд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор хуульчилсан. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээдэг. Миний бие уг зөрчлийг илрүүлмэгц хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж хууль бусаар гарсан тушаалуудын бүгдийг нь хүчингүй болгон шийдвэрлэж, уг хууль бус үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын газарт гомдол, мэдээлэл гаргасан.

2.4. Авлигатай тэмцэх газраас уг асуудлаар буюу тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.Ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, одоогийн байдлаар мөрдөн шалтгах ажиллагаа явуулж байгаа. Түүнээс биш тус цэцэрлэгт цаг бүртгэгч гэх орон тоо байсныг хассан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн асуудал байхгүй.

2.5. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч А.Б- тус цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан И.Аийн төрсөн охин болох нь нотлогдож байна. И.Аийн А.Б-ыг ажилд томилсон нь холбогдох хууль тогтоомжуудыг маш ноцтойгоор зөрчсөн тохиолдол болно.

2.6. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж тус тус заасан байдаг. Мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасан. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нийтийн албан тушаалтан мөн ба тус цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А нь дээрх хууль тогтоомжуудыг ноцтой зөрсөн болох нь тогтоогдож байна.

2.7. Нэхэмжлэгч А.Б- нь хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн даатгалын шимтгэл төлөгч болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн кодоор нотлогдож байна. Тус цэцэрлэгт М.С гэх хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа юм байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөрийн тухай зохицуулсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 144.2-т хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн тухай зохицуулалт байгаа. Эдгээр хуулиудад өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулна гэсэн хатуу хуулийн зохицуулалт байгаа ба хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажиллуулаагүй тохиолдолд зохих төлбөр хураамжийг төлөх ёстой. Б сумын хүүхдийн цэцэрлэг нь 31 ажилтантай учраас 1 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах ёстой.

2.8. Ажил олгогч 2012 оноос хойш М.Сыг ажиллуулж хуульд заасан үүргээ биелүүлсэн. Энэ тохиолдолд заавал бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах шаардлага байхгүй. Ажил олгогч нэхэмжлэгчийн мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзаад ажлаас чөлөөлөөгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө түүнийг анх ажилд томилсон хууль бус тушаалыг хүчингүй болгосон. Ажил олгогч одоогийн байдлаар батлагдсан төсвийн хүрээнд 31 хүний орон тооны цалингийн сантай төсвийг зарцуулах боломжтой. Тийм учраас илүү хүнийг авч ажиллуулах ямар нэгэн боломжгүй байна. Мөн тус цэцэрлэгт цаг бүртгэгч гэсэн орон тоо байхгүй бөгөөд тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А хууль зөрчиж М.Д гэх хүнийг байхгүй орон тоонд ажиллуулж байсан байна. Түүнээс биш тус цэцэрлэгт цаг бүртгэгч гэх орон тоо байсныг хассан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн асуудал үгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00430 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Б сумын цэцэрлэгт цаг бүртгэгчээр эгүүлэн ажиллуулахыг хариуцагч Б сумын цэцэрлэгийн эрхлэгчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. А.Б- би хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд амьдаръя гэж мэрийж дээд сургуульд сурч Нийгмийн ухааны багш мэргэжил эзэмшсэн '"Идэр" дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй. Би 2016 онд тус сургуулийг төгсөөд Б сумын Засаг дарга, сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг байгууллагуудын эрхлэгч нарт ажилд оруулж өгөхийг хүсэж олон удаа очиж өргөдөл өгсөн. Хамгийн сүүлд сумын Засаг дарга намайг 2022 оны 12 дугаар сарын 02-нд өрөөндөө дуудуулж "Цэцэрлэгт жижүүр, цаг бүртгэгчээр ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй М.Д нас барсан тул чи өргөдлөө цэцэрлэгийн эрхлэгчид өг, би түүнд хэлж өгье гэснээр энэ цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй М.Ды оронд орсон. Учир нь байгууллага нь ажилчдын тоо 20 гишүүнээс 11 их болбол нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байгууллагад хөнгөн ажилд авах ёстой бөгөөд энэ хуулийн дагуу намайг ажилладаг гэж Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчид хэлснээр эрхлэгч нь намайг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/10 дугаартай тушаалаар би талийгаач М.Ды оронд цаг бүртгэгч, жижүүрээр авч ажиллуулсан.

4.2. Орон тоогоор бол 4 манаач ажиллах ёстой байтал 3 нь ээлжээр манаач хийдэг ба нэг манаачийн орон тоонд өдрийн 8 цагаар үүдэнд жижүүр, цаг бүртгэж дотоод зохион байгуулалт болон гаднын эд хөрөнгийг хариуцсан манаачид хүлээлгэж өгөх журмаар М.Дыг цэцэрлэгийн эрхлэгч нь 2012 оны 10 дугаар сард 35 дугаар тушаалаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ажилд авчээ.

4.3. Хариуцагч тал эмч байсан М.Сыг хөгжлийн бэрхшээлтэй гэж авсан гэж хэлдэг. Гэтэл М.С нь 2012 оны 01 дүгээр сард анх орж байгаад М.Д орох үед цэцэрлэгийн эмчээр бүр мөсөн 2012 оны 10 дугаар сард орсон болохоор хөгжлийн бэрхшээлтэй орон тоонд ажилладаггүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болох Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймгийн төсөв батлах тухай 16 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/154 дүгээр захирамжаас үзэхэд, тухайн цэцэрлэгийн бүтэц орон тоонд цаг бүртгэгч бөгөөд жижүүр, хаалгачин гэдэг орон тоо байхгүй.

5.2. Уг цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.А нь ийм байхгүй орон тоонд Д гэдэг этгээдийг ажиллуулж байгаад дараа нь Д нас барснаар өөрийнхөө төрсөн охин болох А.Б-ыг уг албан тушаалд томилсон байсан.

5.3 Мөн тухайн цэцэрлэгийн орон тоонд байхгүй 3 иргэнд томилгоо хийсэн байсныг шинээр томилогдсон эрхлэгч Ж илрүүлж, уг 4 ажилтны тушаалыг хүчингүй болгосон. Түүнээс биш орон тоо цомхотгох, цөөрүүлэх, хасах гэдэг байдлаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй. Энэ 4 иргэнийг томилсон тушаал нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байдлаар Авлигатай тэмцэх газарт хандсанаар эрхлэгч асан Ад одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэрэг нь прокурорт байна.

5.4. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Үүнээс үзэхэд, А.Б-ы орон тоо анхнаасаа байх ёсгүй орон тоо байсан. Энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст ажилладаг Аийн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. 2020, 2021, 2022 оны байдлаар Б сумын хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тоонд байхгүй орон тоог бий болгож ажиллуулж ирсэн нь өөрөө хууль бус.

5.5. Тийм учраас давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулийг зөрчиж А.Б-ыг байхгүй орон тоонд ажиллуулах боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна.

 

ХЯНАВАЛ:

            6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А.Б-ы давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзээд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч А.Б- нь Баян-Өлгий аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгт цаг бүртгэгчээр эгүүлэн ажиллуулахыг хариуцагч Б сумын цэцэрлэгийн эрхлэгчид даалгах тухай гомдол гаргажээ.

 

8. Баян-Өлгий аймгийн Б сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай А.Б-ыг тус цэцэрлэгт цаг бүртгэгч бөгөөд жижүүр, хаалгачаар томилсон тушаалыг тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ж нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 03 дугаартай тушаалаар Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.8, 16 дугаар зүйлийн 16.5.2, 16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэл болгон Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төсөв батлах тухай 16 дугаар тогтоолоор Б сумын цэцэрлэгт нийт 31 ажилтны цалингийн төсвийг баталсан атал төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан И.А нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж иргэн А.Б-ыг тус цэцэрлэгт “цаг бүртгэгч бөгөөд жижүүр хаалгач” гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд байхгүй ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзээд  хүчингүй болсонд тооцжээ.   

9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Б-аас “Б сумын цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн М.Д нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс нас барсан өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цаг бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд би түүний оронд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй намайг томилсон тул би тус цэцэрлэгийн байнгын ажилтан” гэж тайлбарлах боловч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны “Баян-Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах тухай” 72 дугаар тогтоолын хавсралтын 7-д  Б сумын цэцэрлэг нь удирдах ажилтан-1, гүйцэтгэх ажилтан 17, үйлчилгээний  ажилтан-10 нийт ажиллагсдын тоо 28, мөн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/154 дугаартай захирамжаар Б сумын цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан ба уг захирамжийн хавсралтад “эрхлэгч-1, арга зүйч -1, эмч-1, дуу хөгжмийн багш-1, бүлгийн багш-6, туслах багш-9, нярав-1, тогооч-1, гал тогооны туслах /сав суулга угаагч,туслах/-1, үйлчлэгч-1, манаач жижүүр-4, уурын зуухны галч-2, сантехникч-1” гэж нийт 28 орон тоогоор баталсан, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай 2021 оны төсөв батлах тухай тогтоол болон энэ тогтоолын 19-р хавсралт “Баян-Өлгий аймгийн сургуулийн өмнөх боловсролын 2021 оны батлагдсан төсөв”-ийн нэрсийн жагсаалтын 8-д Б сумын цэцэрлэг-удирдах ажилтан-1, гүйцэтгэх ажилтан-20, үйлчлэх ажилтан-10, нийт ажиллагсдын тоо-31 гэж орон тоог баталсан дотор хариуцагч байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнд “цаг бүртгэгч бөгөөд жижүүр, хаалгач” гэх орон тоо байхгүй, энэ нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст Сургуулийн өмнөх боловсролын салбарын төсөв хариуцсан мэргэжилтэн Ж.Аийн гэрчийн мэдүүлгээр давхар батлагдсан байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10. Баян-Өлгий аймгийн Б сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А нь өөрийн төрсөн охин А.Б-ыг ажилд томилох тухай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай тушаал гаргасан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8.6-т “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” гэж тус тус заасныг зөрчсөн гэх агуулгатай хариуцагчийн тайлбар үндэстэй байна.

10. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/10 дугаартай А.Б-ыг цаг бүртгэгч бөгөөд жижүүр хаалгагчаар томилсон тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гарсан, А.Б-ыг ажиллуулахаар томилсон ажлын байр байхгүй болох нь баримтаар илэрхий тогтоогдож байх тул хариуцагчийн түүнийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаартай тушаалыг үгүйсгэх, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

11. Б сумын Хүүхдийн цэцэрлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын жагсаалтад нэхэмжлэгч А.Б-ы нэр байхгүй ба тэрээр 2021 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл төлж байсан нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 252 дугаартай лавлагаагаар нотлогдож байх тул нэхэмжлэгч А.Б- болон Б сумын хүүхдийн цэцэрлэгийн хороонд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

12. Нэхэмжлэгчээс “...хөгжлийн бэрхшээлтэй М.Ды оронд цаг бүртгэгч, жижүүрээр авч ажиллуулсан. 4 манаач ажиллах ёстойгоос 3 нь ээлжээр манаач хийдэг ба нэг манаачийн орон тоонд өдрийн 8 цагаар үүдэнд жижүүр, цаг бүртгэгчээр М.Дыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж ажиллуулсан...” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, 3 манаач ажилладаг, 4 дэх манаачийн оронд хөгжлийн бэрхшээлтэй М.Д ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүйгээс гадна гомдолд дурдсан нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангах, зөвтгөх үндэслэл болохгүй.

 

13. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч А.Б-ы  давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хангахгүй орхиж, Б сумын цэцэрлэгт цаг бүртгэгчээр эгүүлэн ажиллуулахыг хариуцагч Б сумын цэцэрлэгийн эрхлэгчид даалгахыг хүссэн тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2022/00430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ