Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 318

 

Э.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр магадлалтай, Э.Б холбогдох 1911018910813 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Митс жапан” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 23-м байрны 25 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Эын Б.

Э.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон Бөмбөгөр” худалдааны төв дотор иргэн Г.Т “бараа материал дутаасан” гэх шалтгаанаар баруун гараараа зүүн чих рүү нь 2 удаа цохиж, биед нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Батжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол ...” гэж өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Батжаргал гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хурал дээр Г.Т нь урьд өмнө зодооны асуудалд орноос чих нь гэмтэж байсан, чихнээс юм гоождог байсан талаараа хэлсэн. Мөн үүнийг нь хамт ажиллаж байсан ажлынхан нь ч нотолдог. Г.Т ар гэрээс ах эгч авга ах, их хэмжээний мөнгө нэхэж дарамталж шантаачилж залгаж байсан бөгөөд Г.Т  нь компанийн хөрөнгийг хувьдаа завшсан асуудал байсан. Энэхүү өр төлбөрийн асуудлыг хариуцахгүйн тулд намайг түүний чихэнд цоорол бүхий гэмтэл учруулсан гэж гомдол гаргаж байгааг шүүх анхаарч үзээгүй.

Хэдийгээр миний буруугаас болсон гэмгэл нь тогтоогдоогүй ч эмчилгээний зардал болох нийт 700,000 орчим төгрөгийг тухай бүрд нь өгч шаардлагатай эмчилгээний арга хэмжээг авахуулж байсан. Үүнийг Г.Т ч хүлээн зөвшөөрдөг. Г.Т нь бараа материал дутаасан, хувийнхаа зээлийг байгууллагын бараа материалын төлбөрөөр төлдөг байснаа шүүх хурал дээр хэлсэн байдаг. Миний хувьд хүний биед гар хүрсэн буруутай үйлдэл гаргасан ч өмнө нь байсан байх магадлалтай гэмтэл гэж шинжээч эмч нарийн дүгнэлт ч заасан байна.

Тиймээс цаашид учруулаагүй гэмтэлдээ санхүүгийн болон шийтгэл хүлээж, удахгүй төрөх үр хүүхдэдээ ч нөлөөлөх, шийтгэл муу нэртэй болохыг хүсэхгүй байгаа юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал гүүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Б намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Бын гаргасан гомдлыг үндэслэн 1911018910813 дугаар бүхий эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлж, анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Э.Б нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон Бөмбөгөр” худалдааны төв дотор иргэн Г.Т “бараа материал дутаасан” гэх шалтгаанаар алгадсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт буруутгагджээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Тийн биед учирсан “зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий гэмтэл нь Э.Батжаргалын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй, хохирогчийн чих өмнө нь гэмтсэн байж болзошгүй талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нь тухайн гэмтлийг гарцаагүй Э.Бын үйлдлээс учирсан гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүссэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгаа нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчим болон хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх болсон үйл баримт, үйлдэл, үр дагаврын шалтгаант холбооны талаарх нөхцөл байдлыг тогтоож, түүнд эрх зүйн дүгнэлт хийхдээ хэрэгт холбогдсон хүн, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн үйлдэл, үр дагаварын үндсэн шинж, шалтгаант холбоо, тэдгээрийн талаарх нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй, шинжээчийн 8330 дугаартай дүгнэлтэнд зүүн чихний цоорол бүхий хөнгөн гэмтэл үүссэн цаг хугацааг тодорхойлоогүй, “Гурван гал” эмнэлгийн 02/183 тоот тодорхойлолтонд “зүүн чихний 0,1 см орчим жижиг цооролт нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн байх магадлалтай”, шинжээчийн 1033 дуугартай дүгнэлтэд ...зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт үүссэн цаг хугацааг хэзээ үүссэн эсэхийг шинжээч тогтоох боломжгүй” гэх зэргээр харилцан зөрүүтэй нөхцөл байдлуудыг дурджээ.

Түүнчлэн Г.Т нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ...2018 онд зодолдож чихээ гэмтээж байсан, ...хэнгэрэг хагарсан гэж мэдээгүй, ...бага зэрэг юм гоождог, гэхдээ би тоодоггүй байсан... гэсэн мэдүүлэг өгсний зэрэгцээ үүнийг баталж тодорхойлсон Д.Өлзийхишиг, Б.Жавзандулам нарын тайлбар бүхий баримтат мэдээлэл хэрэгт авагдсан байгаа зэрэг шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ач холбогдолтой нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу шүүх хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэхдээ хэргийн үйл баримтын талаар шууд гэрчлэх гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан баримт бүрийг үнэлэн дүгнэлт хийвэл зохих хууль ёсны шаардлагыг хангаагүй, мөн тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эх сурвалжаа заасан байдал зэргийг зөв үнэлж чадаагүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй, харин хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй.

Дээр дурдсан үндэслүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл, Э.Бын үйлдлийн улмаас Г.Т эрүүл мэндэд зүүх чихний хэнгэргийн цоорол бүхий гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ.

Иймд хяналтын шатны шүүхэд Э.Бын гаргасан “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмтлийг өмнө нь авсан байх магадлалтай, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүний цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 224 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Э.Б холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН