Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0500

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 12 өдөр   

  Дугаар 221/МА2018/0500

Улаанбаатар хот

 

 

“С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Д.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.А нарыг  оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0017 дугаар шийдвэртэй, “С б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч М.Анарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0017 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн зүйлийн 26.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, мөн зүйлийн 73.1.2 дахь заалт, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С б” ХХК-д холбогдох, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.А нар давж заалдах гомдолдоо: “... “С б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Болдхүү бүртгэгдэж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа “С б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бямбадорж гэж гаргасан нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлгүйгээр захиргааны хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу Засаг даргын өргөн мэдүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд ийнхүү батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу нийтийн ашиг сонирхол хөндөөгүй байсан учраас сонсох ажиллагааг хийгээгүй болно. “С б” ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар үйлдвэрийн зориулалтаар 26 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үйлдвэрийн зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэх ёстой. Уг үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн улсын гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэдэг. “С б” ХХК нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгээгүй байгаа нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар газар эзэмших гэрээ байгуулах эрх үүсээгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн улсын гэрчилгээг авснаар газар эзэмших эрх нь үүсэх атал “С б” ХХК-ийн хувьд бол хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн улсын гэрчилгээг аваагүй байгаа нь газар эзэмших эрх үүссэн гэж үзэхгүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглодог. Уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай тогтоолоор нотолж байхад шүүх үүнийг анхаарч үзсэнгүй.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. “С б” ХХК-ийн 2017 оны 5 дугаар сард хүргүүлсэн төсөл нь 2016 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт ирүүлсэн байхад төслийн саналыг хүлээн авсан гэж үзэж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн уг захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчсөн.

Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0017 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.А нар гаргасан гомдолдоо “...Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжууд цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй болсонтой холбогдуулан гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж, үлдэх “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй” болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

“С б” ХХК нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалтыг, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С б” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, түүний өмгөөлөгч М.А нар “...Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжууд цаг хугацааны хувьд хэрэгжих боломжгүй болсонтой холбогдуулан гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж, үлдэх “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй” болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гаргасан гомдлоо дэмжиж байна” гэж тайлбарласны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С б” ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С б” ХХК-д тус сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг гэх газарт үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 26 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 дугаар захирамжийн хавсралтын холбогдох заалтаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг зөрчсөн гэж үзэн “С б” ХХК-д эзэмшүүлсэн дээрх газрыг хүчингүй болгосон байна.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна”, 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33 дугаар зүйлийн 33.4-т “Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаж буй тус сумын 1 дүгээр баг 4 дүгээр зөрлөг гэх газарт оршуулгын зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгаагүй төдийгүй нэхэмжлэгчээс эзэмшихийг хүсэж буй газар нь 26 га тул дээрх хуулийн зохицуулалтаар сумын Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэхээр зохицуулсан байтал анхан шатны шүүх “...хариуцагч “С б” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу юм.

Өөрөөр хэлбэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт зарлах боломжгүй бөгөөд нийтэд энэ талаар мэдэгдээгүй байхад ганц “С б” ХХК-иас ирүүлсэн төсөл /нарлаг энгэр төсөл/-ийг үндэслэн нэхэмжлэгч компанийг газрын тухай хуульд заасны дагуу төсөл шалгаруулалтаар газар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй.

“С б” ХХК-д эзэмшүүлсэн 26 га газарт оршуулгын газар буюу нийтийн эзэмшил газар багтаж байгаа нь хэргийн оролцогч нарын тайлбар, Нарлаг энгэр төсөл-2 зэрэг баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид нийтийн эзэмшил газрыг үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн зорилго, зохицуулалттай нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчтай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээгээ аваагүй, газрын нэгдсэн мэдээллийн санд кадастрын зураг бүртгэгдээгүй байх тул “С б” ХХК-ийг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй юм.

Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, ...ыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор хуульчилсны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн А/444 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул хариуцагч өөрийн гаргасан захирамжаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим буюу бусдын эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчим энэхүү тохиолдолд хариуцагч хэрэгжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд “С б” ХХК нь маргаан бүхий газрын хууль ёсны газар эзэмшигч биш тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.    

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2018/0017 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.2, 74 дүгээр зүйлийн 74.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн дүн, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 32 дахь заалт, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгон, үлдэх “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “С б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч М.Ариунболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА