| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2016/0017/З |
| Дугаар | 05 |
| Огноо | 2017-01-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 05
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар В.Тайваны нэхэмжлэлтэй тус аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын даргад холбогдох 2016 оны 10 сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Тайван, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын дарга М.Гүрсэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжинням, хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Баянтэс сумын хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр томилогдсон. Мөн 2012 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс гэсэн 2 хэлтэс болж Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Баянтэс сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл намайг Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар үүрэгт ажлаас минь хууль бусаар чөлөөлсөнд гомдолтой байна. Уг тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаалыг зааж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 3. Ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, 4. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрындаргын 2016 оны 10 сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхээр Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс хоёрыг нэгтгэсэн асуудал яригддаг. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар дээр В.Тайванг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар луу шилжүүлсэн байгаа. Ингэж шилжүүлсэн байгаа учраас Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай байна гэсэн үг. В.Тайванг чөлөөлсөн тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсгийг баримталсан байдаг. Гэтэл бодит байдал дээр Нийгмийн халамжийн хэлтэс татан буугдаагүй байна. Дээрх хоёр байгууллага татан буугдаагүй, нэгдсэн учраас Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсгийг баримтлах ёстой байсан. Хоёр байгууллага нэгтгэсэн үед ажлын байрны чиг үүрэг байгаа тохиолдолд тухайн ажлын байран дээр байсан хүмүүсээс томилно гэсэн заалт байдаг. Тийм учраас маргаан бүхий тушаалыг үндэслэлгүй гаргасан байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Төрөөс 2016 онд төсвийн хэмнэлт гаргах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, нийгмийн халамжийн хүрээгхумьж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтыг хэрэгжүүлэх үүднээс халамж үйлчилгээний газрыг хөдөлмөр эрхлэлт хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад нэгтгэж, өөрчлөн байгуулсан. Дээрх ажлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/ 21 тоот Аймаг, нийслэл дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай тушаал гарсны дагуу аймгуудын Хөдөлмөр халамж, үйлчилгээний газруудын бүтэц, орон тоо өөрчлөн батлагдсан.
Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Баян-Тэс сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн В.Тайванг аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/ 23 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/ 21 тоот тушаалыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. В.Тайванг ажлаас нь чөлөөлсөн нь доорх зүйл хууль зүйн үндэслэлтэй. Үүнд: Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот Аймаг, нийслэл,дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоо батлах тухай тушаал гарсны дагуу аймгуудын Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудын бүтэц, орон тоог уг тушаалын хавсралтаар өөрчлөн баталсан бөгөөд уг хоёр байгууллага нэгдснээр сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болж , хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн гэсэн шинэ орон тоо сум бүр дээр нэг байхаар баталж энэхүү ажилтан нь сумын халамжийн чиг үүргийг хавсран гүйцэтгэхээр заагдсан учраас Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Мөн төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу хуульд заасан журмын дагуу өөр ажлын байраар хангуулах эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан. Үүний дагуу сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн В.Тайванг боломжийн хэрээр өөр ажилд томилох талаар удирдлагууд хоорондоо ярилцсан боловч Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар нийгмийн халамжийн байгууллага өөрчлөн байгууллагдаж хөдөлмөрийн хэлтэст нэгтгэгдэн байгууллагын бүтэц орон тоо өөрчлөгдөж нийт орон тооны 30 хувь нь хасагдсан тул өөр ажлын байраар хангах ямар ч боломжгүй байсан болно.
Иймд дээрх хуулийн заалтын дагуу ажилтныг өөр ажлын байраар хангах боломжгүй байсан учраас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 тоот тушаалын 2-рт аймаг,дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарт орон тооны дээд хязгаарт багтан ажиллахыг үүрэг болгосон бөгөөд энэхүү тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 4.2.1 дэх хэсэгт заасан захирах, захирагдах ёсны зарчмын дагуу заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд үүнийг зөрчин орон тоо хэтрүүлэн ажилуулах боломжгүй бөгөөд цалингийн санхүүжилт байхгүй болно. Иймд В.Тайвангийн ажиллаж байсан сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болсон тул цаашид энэ албан тушаал дээр ажиллуулах боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 67 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн үйлчилгээний хэлтэс гэж байгуулсан байдаг. Энэ бүтэц орон тоог 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Өмнө нь Завхан аймгийн хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр нийт 33 хүн ажиллаж байсан. Үүнээс хөдөлмөрийн 9, нийгмийн халамжийн 24 хүн ажилладаг байжээ. Засгийн газрын 09 дүгээр тогтоол гарсантай холбогдуулаад Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 тоот тушаалаар Завхан аймгийн хэмжээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 81 орон тоо байхаас 57 орон тоо болгон зааж өгсөн. Хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдийн хувьд 33 орон тоо байхаас 25 орон тоо болгосон. Ийм учраас орон тоог цөөрүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн барьж байгаа бодлого бол халамжийн асуудлаас татгалзъя, хөдөлмөр эрхлэлтийг дэмжье гэсэн зорилт тавьсан. Дээрх шийдвэрүүдтэй уялдуулаад Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дүрэм шинээр батлагдсан. Монгол Улсын Засгийн газрын бодлогыг тусгасан ажлын байрны тодорхойлолтод маш их өөрчлөлт орсон байдаг. Энэ ажлын байрны тодорхойлолтыг хувилаад үзвэл 70-аас дээш хувь нь өөрчлөгдсөн. Ийм учраас бид нар шинэ зорилго, шинэ бүтэц бий болсон хэмээн үзэж байгаа. Ажлын байрны орон тоо бол цөөрсөн. Орон тоо цөөрсөн учраас ажлын байран дээр тодорхой хэмжээний шалгуур тавьж сонгон шалгаруулалтаар авах нөхцөл бүрдсэн хэмээн үзсэн. Ингэж сонгон шалгаруулж авахын тулд нилээн их зүйлүүдийг судалсан, харсан, үзсэн байгаа. Баянтэс сумын хувьд хоёр мэргэжилтэн ажилладаг байсан. Үүнд хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн байв. Дээрх хоёр мэргэжилтнийг хоёуланг нь чөлөөлөөд өөр хүн авах боломжтой. Яагаад гэвэл өмнө нь хийж байсан ажил маш их өөр болсон. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын шинээр баталсан дүрэмд мэргэжилтнүүдээ томилж, чөлөөлөх нь тухайн газрын даргын эрхийн асуудал юм. Ийм учраас бид нар эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу томилж чөлөөлсөн. Тэгэхээр ажлаас чөлөөлөгдсөн мэргэжилтнүүд бол орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлд хамаарч байгаа. Ийм учраас ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг баримталсан юм. Орон тоо хасагдсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Балжинням шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгуудын бүтэц орон тоог баталсан тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс тус бүрд хүмүүс ажиллаж байсан талаар нотолж байгаа. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын Их Хурлын 12 дугаар тогтоол, үүний дараа Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол нь өмнөх 67 дугаар тогтоолоо хүчингүй болгочихсон. Тэгэхээр 67 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс татан буугдсан гэдгийг нотолж байгаа. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоол дээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар гэж шинээр байгуулагдсан. Тийм учраас нэхэмжлэгч В.Тайвангийн ажиллаж байсан байгууллага албан ёсоор татан буугдсан хэмээн үзэж байна. Дээр дурдсан тогтоолуудын дараа Ерөнхий газрын даргын Б/21 дүгээр тушаал гарсан. Энэ тушаал дээр хөдөлмөр, халамжийн нийт 81 орон тоог 57 болго хэмээн заасан байдаг. Сумдын хувьд нийт 33 орон тоо байснаас 25 тоо болгож, орон тоо цөөрүүлсэн байгаа. Баянтэс суманд хөдөлмөрийн асуудлыг н.Даваажаргал гэдэг хүн хариуцан ажиллаж, нийгмийн халамжийн асуудлыг В.Тайван гэдэг хүн хариуцан ажиллаж байв. Шинээр байгуулагдсан сумын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд дээр дурдсан хоёр хүн тэнцээгүй. Яагаад гэхээр В.Тайвангийн өмнө нь ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолт бол халамжийн асуудал дандаа орсон байсан. Харин шинээр бий болсон ажлын байрны тодорхойлолт дээр дандаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал давамгайлсан байдаг. Тэгэхээр өмнөх ажлын байрны тодорхойлолтоос шинээр бий болсон ажлын байрны тодорхойлолт 70 гаруй хувиар өөрчлөгдсөн байна. Ийм учраас шинээр бий болсон ажлын байран дээр В.Тайванг ажиллуулах боломжгүй болсон юм. Тухайн байгууллагыг татан буугдсан болон орон тоо цөөрсөн гэдгийг дээр дурдсан Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, Ерөнхий газрын тушаал нотлогдож байна. Бүтэц, орон тооны хувьд татан буугдаад, хасагдсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Тухайн төрийн байгууллагын дээд шатны эрх бүхий байгууллага шийдвэрээ гаргаж яамнаас нь эхлээд татан буулгасан байдаг. Монгол Улсын Их Хурал 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын ерөнхий газар байна гэж баталсан. Үүний дараа Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар байна гэж баталсан. Ингэж Засгийн газрын тогтоол батлагдсаны дараа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаал гарсан байдаг. Энэ тушаалын хавсралтаар аймаг, нийслэл, дүүрэг, сумдын бүтэц орон тоог баталсан. Ингэж дээд шатны байгууллагаасаа эхлээд Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу татан буулгаад, цоо шинэ байгууллага шинээр байгуулжээ. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дүрмээр нотлогдож байгаа. Тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад яривал сумын нийгмийн халамжийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг харьцуулахад 15 зорилтын зөвхөн 2 зорилт дээр нь халамжийн чиглэлийн ажил дурдагдсан байсан. Ийм учраас хөдөлмөр эрхлэлт давамгайлсан шинэ ажлын байрны тодорхойлолт гарчээ. Орон тоо хасагдсантай холбоотойгоор хөдөлмөрийн хэлтсийн 9 мэргэжилтэн, халамжийн хэлтсийн 24 сумын мэргэжилтэн нийлээд 33 бөгөөд орон тоо илүүдээд байдаг. Ийм учраас сонгон шалгаруулалт явуулсан хэмээн үзэж байна. Энэ сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийт хүмүүсийг оролцуулсан боловч асуудалтай байсан сумдын асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ гурван сумыг онцолсон байна гэж ойлголоо. Тэгэхээр орон тоо хасагдсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгон шалгаруулалт явуулжээ. Ингэж сонгон шалгаруулалт явуулахад В.Тайван гэдэг хүн хоёр шалгуураар тэнцээгүй байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа хүнийг томилох эрхтэй гэж заасан. Түүнээс биш сонгон шалгаруулалт яаж явуулах талаар тусгайлан зохицуулаагүй байдаг. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэл байхгүй. Сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлага дээр эрх зүйч, нийгмийн ажилтан, эдийн засагч гэсэн мэргэжилтэй хүн байна гэсэн. Гэтэл В.Тайван гэдэг хүн Зах зээл судлаач мэргэжилтэй болохоор тухайн ажлын байранд тавьсан шаардлагад мэргэжлээрээ тэнцэхгүй байна. Хоёрдугаарт: Нийгмийн халамжийн тухай хуулийн 24.4-т зааснаар сумын Засаг даргаас саналыг нь авахад В.Тайвантай хамтарч ажиллахгүй гэсэн байдаг. Тэгэхээр зөвхөн дээрх үндэслэлээр ч гэсэн В.Тайванг ажлаас чөлөөлөх үндэслэлтэй байжээ. Ингээд В.Тайванг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөхдөө тэтгэмжийг нь олгоод чөлөөлсөн байдал хуульд нийцсэн байна.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Чулуун овогтой Нэргүй нь Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/ 21 дүгээр тушаал, 2016 оны А/179 дүгээр тушаалаар баталсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр томилогдон ажиллаж байна. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дуудсан гуравдагч этгээдээр оролцохыг татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Тайван нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баянтэс сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэг: Завхан аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ныөдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч В.Тайванг анх Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2009 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалаар Баянтэс сумын Хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр томилсон байна. Улмаар Завхан аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тушаалаар В.Тайванг Баянтэс сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилсон байна.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийгмийн халамжийн хэлтсийг тодорхойлсонаймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолыг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоох тухай 9 дүгээр тогтоолоор хүчингүй болгосноор халамжийн хэлтэс татан буугдсан, мөн шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтцэд сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болж /хасагдаж/ сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтэн гэсэн шинэ орон тоо үүссэн тул орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар В.Тайванг ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ.
Хариуцагч төрийн байгууллага татан буугдсан гэх үндэслэлээ: Монгол улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолыг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 6 дахь заалтаар хүчингүй болгосноор нийгмийн халамжийн хэлтэс татан буугдсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй байна. Учир нь төрийн байгууллагыг татан буулгаж байгаа тохиолдолд энэ талаар Улсын их хурлаас баталсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч-ийн дагуу Засгийн газар өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тогтоол гаргаж татан буулгах төрийн байгууллагыг тухайлан тогтоохоор байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасан төрийн байгууллага татан буугдсан гэдгийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар ойлгох уг заалтад эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар хуулийн этгээд татан буугдахталаар зохицуулсан байна. Иймд нийгмийн халамжийн хэлтэс татан буугдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч орон тоо хасагдсан гэх үндэслэлээ: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаал гарч Завхан аймгийн нийгмийн халамжийн хэлтсийг хөдөлмөрийн хэлтэстэй нэгтгэснээр сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болж /хасагдсан/ хөдөлмөр эрхлэлт, халамжийн мэргэжилтэн гэсэн шинэ орон тоо үүссэнгэж тайлбарлаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэдгийг Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор ... тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгохоор заасан ба Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтэц, орон тоог тогтоосноос бус тодорхой ажил, /нэхэмжлэгчийн эрхэлж байсан сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн/ албан тушаалын ажлын байрыг хасаагүй байна.
Дээрхээс дүгнэхэд төрийн байгууллага татан буугдаагүй, орон тоо хасагдаагүй байна. Харин Монгол улсын Засгын газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсийг нэгтгэж Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар байгуулсан гэж дүгнэх үндэстэй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан халамжийн мэргэжилтний албан тушаал, одоо маргаж буй хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байранд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшлийн шаардлага ижил байна. Харин чиг үүрэгт нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж гүйцэтгэх ажлууд нэмэгдсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь заалтад: төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар заажээ. Хуулийн дээрх заалтыг тайлбарласан Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд ...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн... гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэжээ.
Хариуцагч нь В.Тайван албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан, зөрчил дутагдал гаргасан, сонгон шалгаруулалтанд тэнцээгүй гэж маргаж байна. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/02 дугаар тушаалаар ... ажлын хэсгийг байгуулж, сонгон шалгаруулалт явуулах ерөнхий чиглэлийг баталж сонгон шалгаруулалт явуулсан байна. Гэвч өмнө ажиллаж байсан мэргэжилтнүүдээс сонгон шалгаруулахгүйгээр гаднаас Ч.Нэргүйг томилсон байгаа нь сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар .... албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулжээ.Хариуцагч орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр маргаагүй ба дээрх хуулийн заалтыг тушаалынхаа үндэслэл болгоогүй тул шүүх энэ асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Түүнчлэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-г баримталсан нь үндэслэлгүй байна. Учир нь төрийн байгууллага татан буугдах, орон тоо хасагдах болон төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан тул уг хуулийг хэрэглэхээр байна.
Хариуцагч маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/23дугаар тушаалаар байгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан гэх нөхцлийг үндэслэлээ болгосон байх боловч албан тушаал /ажлын байрны орон тоо/ нь хасагдаагүй, байгууллага татан буугдаагүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг байгууллагаас олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар нэхэмжлэгчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалттай байна.
Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгч В.Тайванг Баянтэс сумын халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/23 дүгээр тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь нэхэмжлэгч В.Тайванг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч В.Тайванд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 66хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2.053.392 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу В.Тайвангийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Тайвангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/23дугаартай тушаалыг хүчингүй болгож, В.Тайванг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Баянтэс сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан В.Тайвангийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх 66 хоногийн цалин 2.053.392 /хоёр сая тавин гурван мянга гурванзуун ерэн хоёр/ төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Тайванд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР