Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00612

 

Ц.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар магадлалтай,

         Ц.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй,

         “Хүдэртэйн буян” ХХК, Б.Пүрэврэнцэн нарт холбогдох         

         Зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 21.538.950 төгрөг, замын зардалд 300.000 төгрөг нийт 21.838.950 төгрөг гаргуулах тухай үндсэн, 16.700.000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Нэхэмжлэгч Ц.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие Б.Пүрэврэнцэнд холбогдуулан 21.538.950 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна. Учир нь: Б.Пүрэврэнцэн миний эзэмшилд байсан цагаан өнгийн “Хино” маркийн 48-71 УНР улсын дугаартай ачааны автомашиныг 33.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингэхдээ Б.Пүрэврэнцэн нь Ц.Алтангэрэл миний тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор “Капитал” банкнаас зээлсэн 45.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцон тэнцүүлж гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсны үндсэн дээр хариуцагч нь зээлийг төлж барагдуулахаар, зээлийг төлсөн төлбөр нь авто машины үнийг төлсөнд тооцогдохоор бид тохиролцсон. Гэрээний үүргийн дагуу Ц.Алтангэрэл миний бие тээврийн хэрэгслийг тухайн өдрөө Б.Пүрэврэнцэнд хүлээлгэн өгсөн, дараагаар Б.Пүрэврэнцэн нь хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрөөс 15.4000.000 төгрөгийг цувуулан төлснийг “Капитал” банкан дахь зээлийн дансанд хийсэн. Тодорхой бус шалтгааны улмаас Б.Пүрэврэнцэн нь төлбөрийг цаг тухайд нь төлөөгүйтэйгээр холбоотойгоор хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 21.538.950 төгрөгийг миний бие төлж барагдуулсан. Хариуцагч тухайн үед хүүхдээр дамжуулан бусдаас зээл авахуулж зээлийг хаалгах талаар ярилцаж байсан тул энэ талаар тодорхой мэднэ. Нэхэмжлэгчийн дүүгээс өмнө хугацаанд удаа дараа холбогдон зээлийг төлсөн мөнгийг нэхэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа тул хариуцагч Б.Пүрэврэнцэн, хамтран хариуцагч “Хүдэртэйн буян” ХХК-иас гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 21.538.950 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагч Б.Пүрэврэнцэнгийн гаргасан хариу тайлбарт: “...“Хүдэртэйн буян” ХХК-д холбогдуулан гаргасан Ц.Алтангэрэлийн нэхэмжлэлтэй холбогдуулан тус компанийн захирал би хариу тайлбар гаргаж байна. …2015 оны 04 дүгээр сард Ц.Алтангэрэлийн төрсөн охин Э.Оюун-Эрдэнэ надруу залган та компанидаа “Хино” машин авах уу гэж асуусан. Өмнө нь Хүдэр суманд модны компанитай болохыг тэр мэдэж байсан. Машин ямар үнэтэйг асуухад “Бид нар ломбардаас 50.000.000 төгрөгөөр авсан юм. 28.000.000 төгрөгөөр өгчихнө” гэж хэлсэн. Би ч иймэрхүү машины үнэ тэр хавьцаа байх л гэж бодсон. Өмнө нь 2015 оны 2 дугаар сард Э.Оюун-Эрдэнэтэй уулзахад манай “Хино” машины хий нум эвдрээд засуулна” гэж ярьж байсан. Ингээд машиныг авахаар болтол уг машин Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Төрийн банканд барьцаатай байсан. Энэ талаар Э.Оюун-Эрдэнээс лавлахад “бид төлөөд, таны нэр дээр шилжүүлчихнэ” гэж байсан. Энэ талаар гэрээнд тусгасан байгаа. …Төрийн банкны Ц.Алтангэрэлийн зээлийн дансанд нийтдээ 16.400.000 төгрөг тушаасан байсан. Дээр нь Ц.Алтангэрэлд бэлнээр 150.000 төгрөг, Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нь улсын тэмдэгтийн хураамжид 150.000 төгрөг өөрөөсөө гарган төлсөн. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд уг машиныг 28.000.000 төгрөгөөр худалдаж авснаас 16.700.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл 10.000.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг хасагдаад 7.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Хариуцагч Б.Пүрэврэнцэнгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: “...Тухайн автомашин нь ...Төрийн банкны өмчлөлтэй байна. Хэдийгээр гэрээ хийх үед уг автомашины өмчлөл Төрийн банкны нэр дээр боловч гэрээ ёсоор уг автомашиныг барьцаанаас гаргаж миний нэр дээр шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл шилжүүлсэнгүй, би харин их мөнгө төллөө. Одоо Төрийн банк зээлийн барьцаанд байгаа автомашинаа нэг өдөр ирж авахаар дарамт шахалт үзүүлж байна. Үүрэг гүйцэтгүүлэх гэрээгээр автомашины элэгдэл, доголдол, гэмтлийг арилгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл арилсангүй. Энэ доголдлын улмаас уг машин тээвэрлэлт хийхэд учир дутагдалтай. Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ хийсэн боловч анхдагч тал болон Капитал банк үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул гэрээ бүхэлдээ хүчингүй болж байна. Иймд нэхэмжлэгчид миний өгсөн 16.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

        Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: “...сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар Б.Пүрэврэнцэнгээс /Хүдэртэйн буян ХХК-иас/ 11.750.401 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Алтангэрэлд олгож, үлдэх 10.088.549 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, Б.Пүрэврэнцэнгийн Ц.Алтангэрэлээс 16.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 275.350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11.750.401 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамжинд 202.956 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар Б.Пүрэврэнцэнгийн сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 241.450 төгрөгийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.  

          Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч Ц.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...магадлалыг зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Магадлалд намайг Хино маркийн автомашиныг бусдад худалдах эрхтэй мөн эсэх нь тодорхойгүй гэсэн байна. Би том оврын автомашин худалдан авч Замын-Үүд суманд амьдардаг өөрийн охин, хүргэн хоёртоо хариуцуулж ажиллуулан ашгийг нь хуваан авахаар тохиролцож орон сууцаа барьцаалан Капитал банкнаас 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 45.000.000 төгрөгийн зээл авч Хино маркийн 48-71 УНР улсын дугаартай автомашиныг худалдаж авсан. Уг автомашиныг Замын-Үүд-Эрээн хотын хооронд болон орон нутагт ачаа тээвэрлэх зориулалтаар ашиглаж байсан. Би тухайн автомашиныг худалдаж авахдаа Капитал банкнаас авсан зээлийн мөнгөөрөө үнийг бүрэн төлсөн бөгөөд зээлийн барьцаанд орон сууцаа тавьсан тул уг автомашиныг барьцаанд аваагүй. Иймд уг автомашин нь миний орон сууцаа барьцаанд тавин байж худалдаж авсан миний өмчийн машин байсан юм. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгсөн. Гэтэл Б.Пүрэврэнцэн энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж давж заалдсан байсан. Би ар гэрийн шалтгаанаар давж заалдах шатны шүүх хуралд оролцож чадаагүй. Гэтэл хариуцагч Хино маркийн автомашиныг Ц.Алтангэрэлийн охин, хүргэн хоёрын машин. Тэд эзэмшигч нь тул машинтай холбогдох авлагын асуудлыг тэд л нэхэмжлэх ёстой гэсэн зүйл ярьж, бичсэн байсан. Б.Пүрэврэнцэн уг автомашиныг Капитал банкнаас авсан зээлээр намайг худалдаж авсан, зээлийн барьцаанд байр маань байгаа гэдгийг сайн мэдэж, ойлгож байсан бөгөөд надтай тохиролцсоны дагуу 33.000.000 төгрөгөөр уг машиныг худалдан авахаар болж 16.400 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг миний Капитал банкнаас уг машиныг худалдан авахаар авсан зээлийн дансанд сар бүр төлөхөөр тохиролцсон боловч хугацаанд нь төлөөгүй тул зээлийн үлдэгдэл төлбөр болох 21.538.950 төгрөгийг би төлсөн. Тэрээр банкны маань зээлийг сар бүр төлж дуусган машины үнийг барагдуулах саналыг өөрөө санаачлан надад тавьсан бөгөөд би итгээд саналыг нь зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэтэл одоо болохоор яагаад миний машин биш гээд байгааг ойлгохгүй байна. Машиныг маань худалдаж авна гэж тохиролцон машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан хирнээ машины үнийн үлдэгдэл мөнгийг өгөхгүй иргэн намайг хохироож байгаа “Хүдэртэйн буянт” ХХК-ийн захирал Б.Пүрэврэнцэнгээс машин худалдаж авсан мөнгөө нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны магадлалд намайг машиныг худалдах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байгаа тул гомдолтой байна. Мөн миний гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийдвэрт “Б.Пүрэврэнцэн нь Ц.Алтангэрэлтэй Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч нь Ц.Алтангэрэл мөн гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр “Хүдэртэйн буян” ХХК-ийн захирал Б.Пүрэврэнцэн машины үнийг бүрэн төлөөгүй боловч 2016 оны 06 дугаар сард машиныг түүнд хүлээлгэн өгч, нэр дээр нь шилжүүлсэн. Б.Пүрэврэнцэнтэй байгуулсан Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээнд машиныг худалдах, худалдан авахтай холбогдох харилцааг зохицуулсан гэрээний талуудын хүлээх гол үүргийг тусгасан тодорхой заалтууд байгаа бөгөөд үүний дагуу худалдагч үүргээ бүрэн биелүүлж машиныг худалдан авагчийн өмчлөлд бүрэн шилжүүлж өгсөн. Миний гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийдвэрт хэдийгээр зохигчдын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч Хино маркийн автомашиныг Б.Пүрэврэнцэн өөрийн эзэмшилд авч машины үнэд 16.700.000 төгрөг төлсөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн машиныг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банкнаас Б.Пүрэврэнцэнгийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу төлбөр төлөгдөж дуусаагүй боловч эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд бүрэн шилжсэнээр зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй ба уг гэрээ нь бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй боловч хөрөнгийг хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, энэ талаар маргаангүй гэсэн байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар “худалдан авагч нь хүү төлөхгүй гагцхүү эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байна” гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Би автомашинаа худалдаж, үнийг нь Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээг Б.Пүрэврэнцэнтэй байгуулсан. Дараа нь түүний хүсэлтээр Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээг “Хүдэртэйн буян” ХХК-тай дахин байгуулсан. Би эхлээд л Б.Пүрэврэнцэнтэй гэрээ байгуулж, автомашины үнийг түүнээс нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд “Хүдэртэйн буян” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагч тодорхой юм. Гэтэл магадлалд хариуцагч тодорхой бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гомдолтой байна. Машины         үнийг миний Капитал банкнаас авсан зээлийн үлдэгдлийг оролцуулан нийт 33.000.000 төгрөгөөр тохирсон. Гэтэл 16.400.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг төлөөгүй тул би арга буюу орон сууцаа алдахгүйн тулд Капитал банкны зээлийн үлдэгдэл болон хугацаа хэтрүүлсэн хүүгийн хамт 21.538.950 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь Б.Пүрэврэнцэнгийн тохиролцоогоо зөрчсөний улмаас надад учруулсан хохирол юм. Мөн Б.Пүрэвцэрэнтэй байгуулсан Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай гэрээгээр түүний хүлээсэн үүрэг тодорхой байгаа боловч үүргээ биелүүлээгүй. Иймд түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, биелүүлээгүй үүргийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжилж, нөхөн төлүүлэх шаардлага тавьж шүүхэд хандсан. Гэтэл тус аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд Б.Пүрэврэнцэнд холбогдуулж иргэн миний гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Ц.Алтангэрэл нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаагаа явуулж буй “Хүдэртэйн буян” ХХК болон Б.Пүрэврэнцэн нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 21.583.950 төгрөг, гэрээнээс учирсан хохирол, замын зардалд 300.000 төгрөг, нийт 21.838.950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдан авсан машины үнэнд төлсөн 16.700.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Алтангэрэл нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Б.Пүрэврэнцэн, “Хүдэртэйн буян” ХХК-тай тус тус “Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай” хоёр гэрээ байгуулж, тус гэрээгээр “ХИНО” маркийн улсын бүртгэлийн 48-71 УНР дугаартай автомашиныг 33.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах, автомашины үнийг Ц.Алтангэрэлийн Капитал банк дахь зээлийн төлбөрт хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох “ХИНО” маркийн улсын бүртгэлийн 48-71 УНР дугаартай автомашиныг иргэн Б.Ууганзориг, түүний хамтран зээлдэгч Э.Оюун-Эрдэнэ нар нь Төрийн банкны 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ29/36 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр худалдан авч тус автомашинаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгөө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан улмаар 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн банкны өмчлөлд бүртгүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ. /хх- 180-183/

Тус барьцаат зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд хэргийн зохигчдыг гэрээ байгуулах үед худалдах-худалдан авах гэрээний зүйл болох “ХИНО” маркийн автомашин нь иргэн Б.Ууганзориг, Э.Оюун-Эрдэнэ нарын эзэмшилд, Төрийн банкны өмчлөлд байсан гэж үзэхээр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Алтангэрэл нь тухайн автомашиныг бусдад худалдах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Б.Пүрэврэнцэн, хамтран хариуцагч “Хүдэртэйн буян” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Алтангэрэл нь 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч нартай “Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх тухай” хоёр гэрээ байгуулсан бөгөөд аль гэрээгээр нь автомашиныг бусдад худалдсан, аль гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь тодорхойгүй бөгөөд автомашиныг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн гэх боловч 2 хариуцагчийн хэнийх нь өмчлөл эзэмшилд шилжүүлсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, мөн хариуцагч Б.Пүрэврэнцэн нь “Хүдэртэйн буян” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа иргэнийх нь хувьд уу эсхүл түүний ажил үүрэгтэй нь холбогдуулан хариуцагчаар татан оролцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар шүүх тодруулаагүй бөгөөд мөн хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын эрх зүйн байдал тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.  

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, зохигчдын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.5-т нийцсэн байна.  

Иймээс нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Алтангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Нэхэмжлэгч Ц.Алтангэрэлийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.956 /хоёр зуун хоёр мянга есөн зуун тавин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                             ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН