Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1110

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

   2018        08           03                                    2018/ШЦТ/1110                                           

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мд холбогдох эрүүгийн 1806054101341 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Ш.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 46-1046 тоотод өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Чинарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                   

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Ш.М нь хохирогч гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Чинарын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл урчруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Чинарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 06 сарын 09-ний орой 23 цагийн үед манай нөхөр гаднаас архи уучихсан халамцуу орж ирээд хоол идэж байгаад чи намайг мартсан, өөр хүнтэй явалдаад байгаа гэхээр нь би юу гэж тийм асуудал байх юм. Хажуу айлын хүмүүс хүртэл мэдэж байгаа би гэртээ хүүхдээ хараад л байж байгаа гэж хэлээд орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад гараараа зүүн гарын булчин луу хоёроос гурван удаа цохисон. Тэгээд намайг уйлаад чи намайг хүнтэй хардлаа гээд нөхөр Мыг хоёр алгадаад уйлахад нөхөр маань за ханийгаа уучлаарай би буруу ойлгосон байна гэж хэлээд байж байхад гаднаас манай хадам ээж Алтанцэцэг орж ирсэн. Хадмыг орж ирэх үед бид хоёрын хэрэлдэж муудалцсан мэдэгдээгүй. Тэгсэн манай нөхөр хоёулаа дэлгүүр орчхоод ирье гээд би хоёр хамт гэрээс гараад хашааны булан тойроод хоёулаа ярилцъя гээд суухаар нь би чи одоо тэнэг юм уу гэхэд өөдөөс чи өөр хүнтэй яваад байгаа юм уу гэж асуухаар нь би уурандаа явсан ч яадаг юм гэж хэлсэн чинь газраас чулуу аваад надруу шидээд оноогүй. Дахин чулуу аваад шидэхэд нь миний зүүн нүдний хажууд оноод би айгаад тэр эрчээрээ гүйж байгаад приус маркийн машинтай ах эгч хоёртой дайралдаад манай нөхөр намайг зодоод байна гэж хэлээд тэр хоёр цагдаа дуудаад би цагдаа нартай ирэхэд нөхөр маань гэртээ байхад нь цагдаа нар авч явсан. Миний зүүн нүд жаахан хавдсан.Тухайн гэмтлүүдийг манай нөхөр М гараараа болон чулуу авч шидэж миний биед учруулсан. Надад гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №7397 дугаартай:

Б.Чинарын биед зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний гадна булан, зүүн бугалга, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/

 

 Шүүгдэгч Ш.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр найз Гомбоогийн ажлаар нь ороод бид хоёр дэлгүүрээс нэг шил 0,5 л-ийн хараа архи аваад гудамжинд хувааж уучхаад гэртээ очисон. Тэгээд эхнэр Чинарыг хардаад орон дээр хэвтэж байхад нь зүүн гарлуу нь гараараа хоёр удаа цохиод байж байхад гаднаас манай ээж орж ирэхээр нь бид хоёр дэлгүүр орох гэж гараад гудамжинд чи намайг яагаад хуураад байгаа юм гэж асуусан чинь манай эхнэр ер нь чамайг хуурсан ч яадаг юм гээд цаашаа яваад өгөхөөр нь би хойноос нь газраас чулуу аваад шидсэн чинь яая гэж хэлээд цаашаа гүйгээд яваад өгөхөөр нь би буцаад гэртээ ороод байж байхад цагдаатай хамт манай эхнэр орж ирээд би цагдаагийн газар хүргэгдсэн..., Би гараараа гарлуу нь хоёроос гурван удаа цохиж мөн чулуу шидэж хөмсгийг нь гэмтээсэн гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

 

-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 3-4/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ш.Мы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 18-23/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ш.М нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болон эхнэр Б.Чинарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ш.Мы гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Чинарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй байх учир шүүгдэгч Ш.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ш.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ