Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/294

 

2026          03            12                                                                             2026/ДШМ/294

 

Д.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Э.Мөнхболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/672 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Мөнхболдын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар эсэргүүцэл, яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2509 00000 1556 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Д-гийн Б-, .........,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 177 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:XBД-/.

Яллагдагч Д.Б- нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Д- дугаар байрны 01 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж архи булаасан гэх шалтгаанаар өөрийн эхнэр Х.Э-ын толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокуророос Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлана. Арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй...” гэсэн. ... Гэтэл насанд хүрээгүй гэрч Б.А-ас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэг авахдаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулж, худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байна.

2. Мөн насанд хүрээгүй гэрч Б.А-ас гэрчийн мэдүүлэг авахдаа Х.О- гэх хүнийг байлцуулсан байх бөгөөд түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг мөн зөрчжээ.

3. Хэргийн үйл баримт болсон газар, цаг хугацаанд гэрч Г.А- нь өөрийн бага насны 2 хүүхдийг үлдээж явсан талаар оролцогч нар мэдүүлсэн байх тул тухайн шөнө буюу тус цаг хугацаанд болсон үйл явдлыг тодруулах зорилгоор гэрч Г.А-ийн хүүхдүүдээс гэрчээр мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байна. Тодруулбал, энэ цаг хугацаанд юу болсон талаар мөрдөн байцаалтын ажиллалагаанд шалгалгүй орхигдуулжээ.

4. ... Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0625/3024 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас шалтгаалж шинжлэн судлах боломжгүй байна.

Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргах шаардлагатай байна. Дээрх дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас шалтгаалан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу дахин хүсэлт гаргах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

5. ... 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн саналын хуулбар хувь авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дэх хэсэгт 3 дахь хэсэгт зааснаар хүчинтэйд тооцсон эсэх талаар хяналтын прокурор тогтоол үйлдээгүй байна.

6. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч Б.А-йн мэдүүлэг /хх-ийн 73-74 дэх тал/, ...сэжигтэн Д.Б-ын /хх-ийн 78 дахь тал/ мэдүүлэг авагдсан. ... Тодруулбал, сэжигтэн Д.Б-ыг гэмт хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа тухайн хэргийн насанд хүрээгүй гэрчийг сэжигтэнтэй мөрдөн байцаалтын бүхий л шатанд хамт байлгасан нь насанд хүрээгүй гэрчээс үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ талаар мөрдөгч болон прокурор нь хэн аль нь хариуцлагагүй ажилласан гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт заасан гэрчийг хамгаалах арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байжээ.

Иймд цаашид дахин мэдүүлэг авахад сэжигтэнтэй хамт байлгах нь үнэн мэдүүлэг өгөхөд нөлөөлөх эрсдэлтэй тул яллагдагч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Д--01 тоотод оршин суух хаягтай насанд хүрээгүй гэрч Б.А-тай уулзах, аливаа хэлбэрээр харилцах, тухайн хаягт очихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч шийдвэрлэв. Насанд хүрээгүй гэрч Б.А-йг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түүний эцгээс тусгаарлаж байгаа нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.4.в, 4.1.5.а-д зааснаар эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болох тул хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаагаар асран хамгаалагчийг тогтоолгохдоо насанд хүрээгүй гэрч Б.А-йн хүсэлтийг харгалзан зохих журмын дагуу даруй тогтоолгох шаардлагатай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Д.Б-ын бага насны хүүхдийн асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг яаралтай зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг прокурорт даалгаж, яллагдагч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Д--01 тоотод оршин суух хаягтай насанд хүрээгүй гэрч Б.А-тай уулзах, аливаа хэлбэрээр харилцах, тухайн хаягт очихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч, яллагдагч Д.Б-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, насанд хүрээгүй гэрч Б.А-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зохих журмын дагуу тогтоолгохыг хяналтын прокурор Э.Мөнхболдод даалгаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Э.Мөнхболд эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүх захирамждаа 1. “Насанд хүрээгүй гэрч Б.А-ас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэг авахдаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулж, худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулсан байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлах ба арван зургаан насанд хүрээгүй гэрч, хохирогчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй гэж зохицуулсан. Насанд хүрээгүй гэрч Б.А-д эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэл хавтаст хэргийн 69-70 дугаар хуудсанд авагдсан байна. Уг тэмдэглэлийг гарчигт “насанд хүрээгүй гэрчид эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэл” гэж бичигдсэн. Өөрөөр хэлбэл, эрх үүрэг тайлбарлах тэмдэглэл гэдгийг тодорхой бичсэн ба хууль сануулсан талаар дурдаагүй. Мөн тэмдэглэлийн 3.2-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан дараах хариуцлага хүлээлгэнэ” гэж дурдсан хэдий ч хаалт дотор “арван зургаан насанд хүрээгүй гэрчид санаатайгаар худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй” гэж бичсэн байна. Үүнээс үзвэл гэрчид эрх, үүрэг тайлбарлаж хууль сануулах боловч гэрч 16 насанд хүрээгүй бол хууль санаалахгүй гэдэг агуулга мөрдөгчийн тэмдэглэлээс тодорхой харагдаж байна. Уг тэмдэглэлийг гэрч Б.А-, хамт байлцсан Х.О- нар уншиж танилцан гарыг үсэг зурсан байна. Иймд шүүгч зөвхөн тэмдэглэлийн 3.2-д заасан бичвэрт үндэслэж насанд хүрээгүй гэрчид хууль сануулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн насанд хүрээгүй гэрч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даан оролцох эрх хязгаарлагдмал тул насанд хүрсэн гэр бүлийн хүн байлцуулдаг. Энэ агуулгаараа насанд хүрээгүй гэрчийн анх өгсөн мэдүүлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй.

2. “Насанд хүрээгүй гэрч Б.А-ас гэрчийн мэдүүлэг авахдаа Х.О- гэх хүнийг байлцуулсан байх бөгөөд түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг мөн зөрчжээ..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусгахаар зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч прокурорыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох хүнийг зохицуулсан. Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох этгээдэд насанд хүрээгүй гэрч хамаарахааргүй байна. Харин мөн хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулж болохоор зохицуулсан. Хавтаст хэргийн 60-77 дугаар хуудсанд авагдсан тэмдэглэлийн 4 дэх хэсэгт "Нагац эгч Х-ийн О-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн төлөөлөн оролцож байгаа оролцогчийн энэ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээлгэхийг тайлбарлан өгөв” гэсэн тэмдэглэл үйлджээ. Гэр бүлийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6 дахь заалтад зааснаар садангийн хүн гэдгийг төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор зохицуулжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авах ажиллагаанд түүний садангийн хүн болох нагач эгч Х.О-ийг оролцуулсан, түүнд эрх эдэлж, үүрэг хүлээхийг тайлбарлан өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. “Хэргийн үйл баримт болсон газар, цаг хугацаанд гэрч Г.А- нь өөрийн бага насны 2 хүүхдийг үлдээж явсан талаар оролцогч нар мэдүүлсэн байх тул тухайн шөнө буюу тус цаг хугацаанд болсон үйл явдлыг тодруулах зорилгоор гэрч Г.А-ийн хүүхдүүдээс гэрчээр мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байна. Тодруулбал энэ цаг хугацаанд юу болсон талаар мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгалгүй орхигдуулжээ..." гэжээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд насанд хүрээгүй гэрч Б.А- нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны орой н.А-, н.Ц- нартай өрөөндөө орж тоглож байгаад маргалдах болох цохих чимээгээр өрөөнөөс гарсан талаар мэдүүлсэн. Энэ үед н.А-, н.Ц- өрөөндөө байсан ба тус өдрөө хоноод өглөө нь буюу 2025 оны 09 дүгээр сарын 18-нд явсан. Харин амь хохирогч 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн орчим нас барсан. Мөн цагдаагийн албан хаагчид нь амь хохирогчийг нас барсны дараа буюу эмч үзсэний дараа ирсэн. Энэ цаг хугацаанд Б.А- нь гэртээ амь хохирогчийн хажууд байсан буюу тухайн үед юу болсон талаарх үйл баримыг үнэн зөв мэдэх боломжтой гэрч ба түүнээс мэдүүлэг авсан. Шүүгчийн захирамжид дурдсанчлан тухайн шөнө буюу тус цаг хугацаанд болсон үйл явдлыг тодруулах зорилгоор тухайн үйл явдлыг харсан гэрч Г.А-ээс мэдүүлэг авсан бөгөөд н.А-, н.Ц- нар нь хэргийн үйл баримт болох үед хажууд нь байгаагүй тул тэдгээрээс мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй байна.

4. “Хавтаст хэргийн 99-104 дэх талд авагдсан Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГО625/3024 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байгаагаас шалтгаалж шинжлэн судлах боломжгүй байна..." гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг Үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно." гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудал буюу амь хохирогчийн нас барсан шалтгааныг тодруулахаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчид эрх, үүрэг тайлбарлаж, хууль сануулж, шинжээчийн дүгнэлт гаргах тогтоол үйлджээ. Улмаар тогтоолын дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 3024 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Дээрх шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтад хамаарах ба нотлох баримтыг хууль заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй байна. Гэтэл шүүгч нотлох баримтыг шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэжээ. Хэдийгээр хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт бүдэг хэвлэгдсэн ч дүгнэлт уншигдахуйц, ойлгомжтой байна. Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийхээр харин шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийхээр зохицуулсан. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд болон шүүгч захирамждаа ямар үндэслэлээр шинжээчийн дүгнэлт нотлох баримтыг шаардлага хангахгүй байгааг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

5. "2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай Мөрдөгчийн саналын хуулбар хувь авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дэх хэсэгт 3 дахь хэсэгт зааснаар хүчинтэйд тооцсон эсэх талаар хяналтын прокурор тогтоол үйлдээгүй байна...” гэж дүгнэсэн. Мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж ирүүлэхдээ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай саналын хуулбар хувь хийж ирүүлснийг албан ёсоор санал гаргасан гэж үзэх, түүнчлэн тус саналыг прокурор шийдвэрлэх үндэслэлгүй юм. Харин Монгол улсын үндсэн хуульд хүний халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрхийг баталгаажуулж өгсөн. Тухайлбал хүний, орон байр, эд хөрөнгөд хуульд зааснаас бусад тохиолдолд халдаж үл болно. Энэ агуулгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулах буюу хүний тодорхой эрхэд халдах бол прокурорт урьдчилан мэдэгдэж хүчинтэйд тооцуулахаар заасан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэгээр хар өнгийн кейстэй гар утас 1 ширхэг, Chanel гэсэн бичиглэлтэй улаан цэцэг нь хээтэй кейстэй гар утас 1 ширхэг, шар өнгийн цус мэт зүйлээр Бохирлогдсон цамц 1 ширхэг, бор өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон Футболк 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, төмөр бариултай шилэн аяга, цус мэт зүйлээр бохирлогдсон “Агар” гэх бичиглэлтэй 0.35л архины хуванцар сав 1 ширхэг, саарал өнгийн төмөр дорцов 1 ширхэг, хар өнгийн цүнхтэй “Сапоп РС 1680” зургийн аппрат 1 ширхэг, “Zubrowka blala rex” 700ml бичиглэлтэй архины шил 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 07 дугаараар дугаарласан цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс авсан арчдас 2 ширхэг, хүрэн, шаргал өнгөтэй, суудал, түшлэг хэсгээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон эвхэгддэг сандал зэрэг эд зүйлийг хураан авсан байна. Өөрөөр хэлбэл, хэргийн газрын үзлэгийн явцад, тэмдэглэл үйлдэж хураан авчээ. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор дээрх хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлийн эд мөрийн баримтаар тооцсон тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын зөрчиж нотлох баримтыг цуглуулсан гэж үзэх үндэслэлгүй ба хэргийн газрын үзлэгээр эд зүйл хураан авсан болохыг тодотгох нь зүйтэй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй бол тухай прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэхээр заасан. Мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална.” гэж заасан. Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”, “Хавтаст хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар онцлог шинж бүхий хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тохиолдолд санал гаргаж, шүүхэд хүргүүлэхээр зохицуулсан. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйл нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, эзэмшигчид нь буцаан өгөх боломжтой байсан тул мөрдөгч 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “шар өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон цамц ширхэг, бор өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон футболк 1 ширхэг, эрээн өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн кейстэй гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлийг” хохирогчийн хууль ёсны Х.Э-т, “Chanel” гэсэн бичиглэлтэй улаан цэцэг нь хээтэй кейстэй гар утас 1 ширхэг, төмөр бариултай шилэн аяга, цус мэт зүйлээр бохирлогдсон “Агар” гэх бичиглэлтэй 0.35л архины хуванцар сав 1 ширхэг, саарал өнгийн төмөр дорцов 1 ширхэг, хар өнгийн цүнхтэй “Сапоп РС 1680” зургийн аппрат 1 ширхэг, “Zubrowka blala rex” 700 ml бичиглэлтэй архины шил 1ширхэг” зэрэг эд зүйлийг яллагдагч Д.Б-д хүлээлгэн өгсөн байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтыг хэргийн оролцогчдод хүлээлгэн өгсөн ба прокурор хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтын үндэслэл болгоогүй болно. Гэтэл шүүгч нотлох баримтыг хуульд заасан ямар аргаар цуглуулсан гэдэгт дүгнэлт өгөлгүйгээр хүчинтэйд тооцсон тогтоол үйлдээгүй гэдэгт дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

6. “Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч Б.А-йн мэдүүлэгт "... эмч нар ирээд явсны дараа цагдаа нар удалгүй ирэхэд аав Б- нь намайг хаалга цоожил, наад цагдаа нар чинь дараа нь бид нараас баахан мөнгө нэхээд унана гээд байсан. Тэгээд байж байтал А- эгч над руу залгаад Аниагийн дүү боломжтой бол гэрийнхээ хаалганы түлхүүрийг балконоороо шидчих гэхээр нь би шидэж өгсөн. Тэгээд цагдаа нар орж ирсэн..." /хх-ийн 73-74 дэх тал/ гэжээ. Сэжигтэн Д.Б-ас "... Тэгсэн үүдэнд цагдаа ирчихсэн, би цагдаа ирэхээр нь айгаад хаалгаа онгойлгоогүй юм....... цагдаа нар намайг авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн..." /хх-ийн 78 дахь тал/ гэж тус тус мэдүүлжээ. Тодруулбал, сэжигтэн Д.Б-ыг гэмт хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа тухайн хэргийн насанд хүрээгүй гэрчийг сэжигтэнтэй мөрдөн байцаалтын бүхий л шатанд хамт байлгасан нь насанд хүрээгүй гэрчээс үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хуралдааны турш энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээ авахад гэрч, хохирогчийн хувийн байдал, тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, ялгаварлан гадуурхах, бэлгийн халдашгүй байдлын эсрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзана." гэж заасан. Гэрчийг хамгаалах арга хэмжээ авахад үндэслэл бүхий баримт байх шаардлагатай. Гэтэл шүүгч гэрч нь яллагдагч буюу өөрийн төрсөн аавтайгаа амьдардаг, аав нь түүнд нөлөөлж болзошгүй гэсэн таамаглалд тулгуурлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчид нөлөөлөх, түүнчлэн гэрчийг хамгаалан үндэслэл тогтоогдоогүй ба уг ажиллагаа нь шүүх хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд хамаарахгүй. Түүнчлэн гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байсан гэж дүгнэсэн атлаа яллагдагчид гэртээ очихыг хязгаарлах, гэрч болох өөрийн хүүхэдтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг мөн хангахгүй байна. Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй буюу мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 2026/Ш3/672 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2509000001556 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрэрлэхдээ яллагдагдагч Д.Б-д насанд хүрээгүй гэрч Б.А-тай уулзах, аливаа хэлбэрээр харилцах, тухайн хаягт очихыг хязгаарлалт тогтоож таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр яллагдагчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэж байна. Тодруулбал, Д.Б- нь насанд хүрээгүй гэрч Б.А-йг мэдэдүүлэг өгөхөд хэрхэн яаж нөлөөлсөн талаар, мөн Б.А- охинд эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тодорхой баримт хэрэгт байхгүй атал дан ганц насанд хүрээгүй гэрч Б.А-йн мэдүүлгийг үндэслэн зөвхөн Б.А-ас дахин мэдүүлэг авах үндэслэлээр эцэг Б.Б-ыг охин Б.А-тай харилцахыг хориглон хязгаарлалт тогтоосон нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон “Хүүхдийн эрхийн тухай" конвенцийн 9 дүгээр зүйлийн 1-т "Оролцогч улсууд хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ.", мөн зүйлийн 3-т “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас нь салж хагацсан хүүхэд эцэг эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ.” гэж заасантай тус тус нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ насанд хүрээгүй гэрч Б.А-йг яллагдагчтай аливаа хэлбэрээр харилцах, тухайн хаягт очихыг хязгаарлалт тогтоож таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд хамаарахгүй байна. Яллагдагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, гэрчид нөлөөлсөн, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн, эрсдэлийн нөхцөл байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй. Зөвхөн дахин мэдүүлэг авах үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлгүй, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Олон Улсын гэрээ, конвенцод “хүүхдийг эцэг, эхтэйгээ байнга харилцах, хүсэл зоригийнх нь эсрэг эцэг, эхээс нь салгахгүй байх” зохицуулалтыг харгалзан үзээгүй. Эх нь нас барж, Б.А- одоо эцэгтэйгээ хамт амьдарч, эцэг нь наад захын хэрэгцээг нь хангаж, сургуульд нь хүргэж өгдөг. Тиймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.   

Яллагдагч Д.Б- тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э-ийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтыг бланк дээр бичсэн байвал үүнийг уншиж, танилцан гарын үсэг зурж байгаа. Тиймээс хууль зөрчсөн гэж үзэж байна. Амь хохирогч өглөө нь нас барж, гэрч н.А- орой нь гарч явснаар асуудал дуусаж байгаа. Б.А- өглөөний үйл явдлаас эхэлж мэдүүлсэн. Өглөө болон оройны хооронд шөнө болж байгаа үйл явдлыг шүүх нотлох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Тэнд айлын 11, 12 настай н.А-, н.Ц- нар хоносон учраас гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай. Яллагдагч болон түүний охины өгсөн мэдүүлгээр болсон үйл явдлыг тогтоох нь нотолгооны ач холбогдолтой биш хөндлөнгийн 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авах үндэслэлтэй. Амь хохирогчийн ар гэр шинжээчийн дүгнэлттэй санал нийлдэггүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үздэг.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Э.Мөнхболдын бичсэн эсэргүүцэл болон яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хамтарч гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэргийн материалыг судлахад,

1. Насанд хүрээгүй гэрч Б.А-ас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлэг авахдаа түүнд хууль сануулсан, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасан холбогдох заалтуудыг зөрчсөн,

2. Гэрч Г.А-ийн мэдүүлэгт дурдсан тухайн цаг хугацаанд хэрэг учрал болсон газарт үлдээсэн хоёр хүүхдээс мэдүүлэг авах ажиллагаануудыг хийх шаардлагатай бөгөөд анхан шатны шүүхийн захирамжид заасан процесс ажиллагаануудыг зөрчсөн зөрчлийг арилгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдана.

            Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нотлох үүрэг хүлээж, хуульд заасан бүх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог тул хуулийн дээрх зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж дүгнэсэн нь зөв байна.

          Насанд хүрээгүй гэрч Б.А- нь хэрэг учрал болсноос хойш төрсөн эцэг яллагдагч Д.Б-тай хамт амьдарч байгаа болох нь түүний өгсөн мэдүүлэгт дурдагдсан байгаа нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой тул анхан шатны шүүхээс яллагдагч Д.Б-д тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх хуулийн зорилгод нийцжээ.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримтад тооцогддог ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн цогцост үзлэг хийсэн шүүх шинжилгээний ЕГ0625/3024 дүгээр шинжээчийн дүгнэлтийг бүдэг хэвлэсэн нь хэрэгт ач холбогдолгүй, процессийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлгүй болно. 

          Иймд прокурор Э.Мөнхболдын бичсэн эсэргүүцэлд дурдсан “шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг тодорхой дурдаагүй” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг мөн яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хамтарч гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/672 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/672 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Мөнхболдын бичсэн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар эсэргүүцэл болон яллагдагч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү нарын хамтарсан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээн дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Д--01 тоотод оршин суух хаягтай насанд хүрээгүй гэрч Б.А-тай уулзах, аливаа хэлбэрээр харилцах, тухайн хаягт очихыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

 

                                                        ШҮҮГЧ                                      Ц.МӨНХТУЛГА

 

                                                       ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ