| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1079/Э |
| Дугаар | 1111 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 1111
2018 08 03 2018/ШЦТ/1111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Б.Ганбулган,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Шүүгдэгч М.Шнарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Шийлэгдоржид холбогдох эрүүгийн 1706038061157 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
М.Шнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, хогийн баазын орчимд иргэн А.Алтанцөгцийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Шийлэгдоржид холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад М.Шнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч А.Алтанцөгцийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...тэр хоёрын хажуугаар гарсан чинь эрэгтэй нь хөөе пизда минь гэж хэлээд татаад нүүр лүү цохиж зодсон. Хамт байсан эмэгтэй нь араас дэгээдэж унагаасан. Тэр үед надтай зөрөөд явсан нэг эмэгтэй, 2 залуу эргэж ирээд хоёр эмэгтэй нь дээр суугаад нөгөө залуучууд нь хэдэн талаас өшиглөж, хоёр эмэгтэй нь гар барьчхаад дээрээс цохисон. Тэр залуу ямар шалтгааны улмаас намайг цохиж, зодох болсныг мэдэхгүй. Миний хувьд тэр залууг танихгүй, ямар нэгэн өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Өөрсдөө хоорондоо зодолдож байгаад салаад тэр уурандаа над руу дайрч намайг барьж аваад зодож, цохисон. Би тэр залуустай маргаж, цохиж, зодсон зүйл байхгүй. Намайг нүд нь хөхөрсөн залуу эхэлж барьж аваад зодож цохисон. Эмнэлэгт ирэхэд нүд нь хөхөрсөн залуу над руу дайраад байсан. Уг нүд нь хөхөрсөн Шгэх залуу унахдаа л хөл энэ тэрийгээ юманд цохиж гэмтээсэн байх. Тэр шар куртиктай эмэгтэйг бодоод байхад бид хоёрыг салгах гээд л унаж тусаад гүйгээд байсан юм шиг байсан. Харин бусад нь өшиглөсөн талаар намайг гэмтээгээгүй, оноогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Ш гэх залуу миний хохирлыг барагдуулж, надаас уучлал гуйсан учир уг хэргийг аль хөнгөн хялбар аргаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 16, 48/
Гэрч Н.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 04 цаг 30 минутын үед би өөрийн 75-19 убч улсын дугаартай приүс-20 маркийн авто машинаар халтуур хийж байхад Офицероос Улаанхуаран явах замд гудамжинд 8-9 согтуу хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Тэгсэн нэг эмэгтэй намайг цагдаа дуудаад өгөөч манай нөхрийг зодоод байна гэж гуйхаар нь би цагдаа дуудчихаад машиндаа хүлээгээд сууж байтал цаанаас хөх куртигтай нэг ах ирж явсан чинь нөгөө зодолдож байсан хүмүүс чинь нөгөө ахыг шууд барьж аваад зодоод байсан. Миний бодож байгаагаар л тэр хүмүүс андуурч зодсон байх нөгөө ах би ганцаараа явж байгаа хүн байна ш дээ та нар хүн андуураад байна гээд бархираад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3182 дугаартай
А.Алтанцөгцийн биед тархи доргилт, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алталтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/,
Шүүгдэгч М.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Намайг Мөнхсолонго, Балжинням нар татаж аваад бид гурав явсан. Караокены гаднаас холдоогүй. Би үл таних залууг Дэлгэрдалай байна гэж андуурч хэрүүл эхлээд, улмаар Дэлгэрдалай биш гэдгийг нь мэдсэн боловч хэрүүл эхэлчихсэн учир би уг залууг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж унагаасан. Энэ үед манай найзууд дундуур орж салгасан. Тэгээд уг асуудал дуусаад би Мөнхсолонго, Балжинянм, Баярмөнх, Бат-Эрдэнэ нарын хамт такси бариад Баянзүрх дүүргийн 9-р хороо, Шархадны эцэс рүү явж байхад эмнэлгийн тойрог гэх газарт замын цагдаа зогсоогоод улмаар бид нарыг шалгаж байхад цаанаас нь хэв журмын цагдаа нар авч явсан. Надад санал хүсэлт байхгүй, би архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас ийм хэрэг үйлдсэндээ их гэмшиж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-5/, хохирогч А.Алтанцөгцийн хохиролын баримтууд /хх-ийн 41-42/ хохирогч А.Алтанцөгц нь өөрт учирсан хохиролыг барагдуулж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон гэх хүсэлт /хх-ийн 59/,
М.Шийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт /хх-ийн 38-40/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Шийлэгдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Шнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч М.Шийн иргэн А.Алтанцөгцийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
М.Шнь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч А.Алтанцөгцөд учирсан, түүний нэхэмжилсэн хохиролыг төлж барагдуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул М.Шийлэгдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Ш нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ