Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/295

 

2026          03            12                                                                             2026/ДШМ/295

 

И.С-ид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Т.Амарзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-, түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.С-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2403 00834 1069 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овогт И-ын С-, ......., урьд ял шийтгэлгүй /РД:ГИ-/.

Шүүгдэгч И.С- нь Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд замд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20 цаг 08 минутын үед “J3 Enduro” маркийн И- ДАЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно, б/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 11.10. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээгээр байрлан явахыг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.А-ийг мөргөж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газрын прокуророос И.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс: Шүүгдэгч Х- овогт И-ын С-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох" зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.С-оос 99,000,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.С-оос 5,996,560 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц- нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч И.С- давж заалдах гомдолдоо: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/31 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасан гэм буруугийн дүгнэлтийн хувьд маргахгүй бөгөөд эрүүгийн хариуцлагын хувьд 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын хугацааны хувьд дээд шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. И.С- миний хувьд МУИС-ын Бизнесийн сургуулийн 4 дүгээр дамжааны маркетингийн ангийн оюутан бөгөөд сургуулиа төгсөхөд нэг жилийн хугацаа үлдсэн ба сургууль Сүхбаатар дүүрэгт байрладаг. Миний ажиллаж байгаа “А-” кофе шоп нь Сүхбаатар дүүргийн 01 хорооны Парисын гудамж-32 буюу “А-” төв 1 давхарт байрладаг тул шүүхийн шийдвэрээр тогтоосон хязгаарлалтын дагуу миний хувьд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөж бусдад учруулсан гэм хорын хор уршигийг нөхөн төлөхөд хүндрэлтэй байгааг харгалзан үзэж хязгаалалтын бүсийг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт заасны дагуу хор уршигийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн дагуу Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын дагуу хор уршигийн хэмжээг тогтоох учиртай байхад шүүх тогтоолыг баримтлахгүйгээр иргэний журмаар иргэний шүүхэд хэрэглэгддэг хуулийн зохицуулалтыг баримталж хор уршигийн хэмжээг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээр хянуулахыг хүсэхийн хамт хохирогчид Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.996.560 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаарх баримтууд байгаа эсэх нь тодорхой бус байхад уг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдалд ч гомдол гаргаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие И.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч И.С- нь Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан баримт, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлагдахгүй, хэргийг бүхэлд нь хянадаг учир шүүгдэгчийн сурч боловсрох, хөдөлмөрлөх эрх хязгаарлагдаж байгаа энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгчийн ажилладаг кофе шоп нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрладаг талаарх ажлын газрын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлөх хүсэлтэй, мөн хор уршгийг төлөх талаар илэрхийлж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг ажил хөдөлмөр эрхэлж төлөх учраас энэ байдлыг харгалзан үзнэ үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэл тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд Иргэний хуулийг баримтлах уу, Улсын Дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолыг баримтлах уу гэдэг дээр эрхийнхээ хүрээнд маргаж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид үзүүлсэн эмчилгээ, үйлчилгээний зардал, баримтуудтай санал нийлэхгүй байгаа. Энэ асуудлыг гомдолд дурдсаны дагуу шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч хохирол төлбөрийг төлсөн, хохирогч талаас уучлалт гуйж, гэмшиж байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч тал гэм буруу, эрүүгийн хариуцлагын тухайд хүнлэг, шударга байр суурийг илэрхийлж байсан. Өнөөдөр ч бас энэ байр суурь өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа байх гэж итгэж байна. Шүүгдэгч 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлын агуулгыг харгалзан үзэж, шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-ын өмгөөлөгч Ч.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбараас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэж ойлголоо. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримтын талаар нэг бүрчлэн ярьсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцсэн гэж үзэж байна. Хохирол, хор уршгийн хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хүндэвтэр гарсан гэж тайлбарлаж байх шиг байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Хүний амь насыг үнэлэх боломжгүй учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний гэр бүлд нэг удаагийн шинжтэй нөхөн төлбөр гэдэг агуулгаар шийдвэрлэсэн. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99.000.000 төгрөг гэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гээд хохирол төлбөрийг гаргуулахаар заасан. Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай тогтоолд хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд зааснаар хохирол төлбөрийг тогтооно гэж заасны дагуу анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 99.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хуульд заасны дагуу тус гэмт хэрэгт 1-5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах зохицуулалттай. Анхан шатны шүүх шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.1 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаантай бол зорчих эрх хязгаарлах ялын бүсийг түр өөрчлөх, мөн тус хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт ажил хөдөлмөр эрхлэх, суралцах шаардлагатай болсны улмаас оршин суугаа газраа өөрчлөх шаардлагатай бол зорчих эрх хязгаарлах ялыг шийдвэр гүйцэтгэгчийн саналын дагуу прокурор өөрчлөх талаар хуульчилсан. Тиймээс хүсэлт гаргаж, энэ талаар шийдвэрлүүлэх боломжтой учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Хохирогч нас барахаасаа өмнө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирол төлбөрийн баримтыг үндэслэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч И.С-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.С- нь Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд замд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 20 цаг 08 минутын үед “J3 Enduro” маркийн И- ДАЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.А-ийг мөргөсний улмаас амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /1 хх 4-5/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-11/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /2 хх 18/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-ын “... Осолд ордог өдөр намайг гэртээ байхад өдөр 12 цагийн үед ээж ажилдаа гараад явсан. ...Нийт зардалд 25.693.737 төгрөг ажил явдлын зардалд гарснаас жолоочийн зүгээс 20.000.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Маш их гомдолтой байна, хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” /1 хх 26-27/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.Б-ын “И.С- миний эзэмшлийн мотоциклийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Ослоос болж мотоциклийн урд гэрэл хагарсан, урд дугуйны шаврын хаалт хагарч эвдэрсэн байсан. Гэхдээ би мотоцикльд үнэлгээ хийлгэхгүй. Ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Би найзаасаа 2021 онд 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би "J3 Enduro" маркийн И- ДАЗ улсын дугаартай мотоциклийг унах зөвшөөрлийг И.С-ид өгсөн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”

“Тухайн мотоцикл нь миний эзэмшилд байдаг. Миний өөрийн мотоцикл байгаа юм. Би И.С-ид “хичээл сургууль, гэр орондоо унаж ашиглаж байгаарай” гэж хэлээд өгсөн байсан юм. Би А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг нь асуугаагүй, миний зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулах эсэхээ хэлж мэдэхгүй байна.” /1 хх 30, 2 хх 14/,

гэрч В.Е-ийн “2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А- бид хоёр 16 цагийн үед хорооллын эцэст байрлах Загас ресторанд уулзсан. Би А- эгчийг 30 минут хүлээсэн, удаад байхаар гар утас руу нь 21 удаа залгасан боловч утсаа авахгүй, түргэний машин тэр хэсэгт зогссон байсан. Би санаа зовоод арай машинд мөргүүлсэн юм биш биз дээ гэж бодоод яваад очтол А- эгч түргэний машин дотор хэвтэж байсан. ... Бид хоёр тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид хоёр хамтдаа замын хойд талаас явган хүний гарцгүй газраар шууд хайсны хажуугийн онгорхой хэсгээр хөдөлгөөнд оролцож байгаа машиныг харж байгаад эгц зам хөндлөн гарсан. Талийгаач анх зам хөндлөн гарсан шигээ хоол идэж дуусаад буцаад машин руу явахдаа зам хөндлөн гарсан байх гэж бодож байна.” /1 хх 37-38/,

шинжээч С.Мөнхдалайн ““J3 Endurо” маркийн мотоциклийн гэрлийн эвдрэл нь зам тээврийн ослоос буюу тухайн ослын үед үүссэн байх боломжтой эвдрэл. Осол гарах үед “J3 Enduro” маркийн мотоциклийн гэрэл асаж байсан эсэх талаар тогтоох боломжгүй. Мотоцикльд гарсан эвдрэл гэмтлээс үзэхэд мотоциклийн жолооч явган зорчигчийг харах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй. Стандартад гэрлийн тусгалын чадлыг заасан байдаг. Харин гэрлийн тусах метрийн хэмжээг заасан заалт байдаггүй. Зарим уралдааны мотоцикль гэрэлтүүлэггүй байдаг. “J3 Enduro” маркийн мотоциклийн хувьд гэрэлтүүлэгтэй байсан." /1 хх 167-168/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13209 дугаартай: "Д.А-ийн биед дух, суман заадас, дагз ясны үргэлжилсэн шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цус хуралт, тархины аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун тохой, шилбэнд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, хамар зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна." /1 хх 43-45/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5616 дугаартай: "Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "А-” гэж хаягласан цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй.” /1 хх 52-53/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3267 дугаартай: "Шинжилгээнд ирүүлсэн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд талын гэрэлтүүлэх хэрэгсэл салж унжсан, дохионы гэрэл хугарч салсан, авцуулах холбооны базуур уг хэсгээрээ хугарсан, урд дугуйн тоормозны базуур хугарч салсан, шингэн дамжуулах гуурс тасарч салсан, урд дугуйн обуд гулзайсан, хойд талын болон хажуугийн хуванцар хаалтууд цуурч хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Урд талын гэрэл салсан, дохионы гэрэл хугарсан, шингэн дамжуулах гуурс тасарч салсан зэрэг гэмтлүүд нь үүсээд удаагүй, бусад эд ангид гарсан хуванцарууд хагарч цуурсан гэмтлүүд нь үүсээд удсан гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл тоормосны шингэн дамжуулгатай, урд дугуйн тоормосны битүүмж алдагдсан тул ажиллагааг шалгах боломжгүй байна. Хойд дугуйн тоормосны механизм ажиллаж байна. Хойд дугуйн тоормосны механизм ажиллаж байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж 250 см байна. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс гэрэлтүүлэх хэрэгслийн ажиллагааг шалгах боломжгүй байна. Уг мотоцикл техникийн хяналтын үзлэгт орсон эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй хариулах боломжгүй байна." /1 хх 64-74/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3523 дугаартай: “Амь хохирогч Д.А-ийн цогцост орой ясны суман заадас дагуу дагз яс гавлын том нүхний хойд ирмэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа (20 мл), тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр талын дух чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн талын 9, 10 дугаар хавирганы хугарал, хуйхны цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт, зүүн бугуйд зулгаралт, баруун бугалга, баруун гуя, баруун ташаа, нуруунд цус хуралт, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой гэмтлүүд байна. Амь хохирогчид үхэлд хүргэсэн өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх орой ясны суман заадас дагуу дагз яс гавлын том нүхний хойд ирмэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цусан хураа, тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр талын дух чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас комын байдалд орж нас баржээ. Амь хохирогч нь 2024.10.16-ны 14 цаг 45 минутад нас барсан байна. Амь хохирогч нь О (I) бүлгийн цустай байна. Амь хохирогчид спиртийн зүйл илрээгүй.” /1 хх 80-90/,

мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1961 дугаартай: “”J3 Enduro” маркийн Е- ДАЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч И.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган зорчигчийн үүргийг 5.6 ... гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. “J3 Enduro” маркийн Е- ДАЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч И.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дахь заалтыг зөрчсөн нь зөрчлийн шинжтэй үйлдэл байна. Явган зорчигч Д.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. Явган зорчигчийн үүрэг: 5.6. дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна." /1 хх 141-142/,

Техникийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08/148 дугаартай: "Дээрх нөхцөл байдалд явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалтыг баримтлан ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараагаар зам хөндлөн гарна. “J3 Enduro” маркийн Е- ДАЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч И.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. заалт буюу "Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Явган зорчигч Д.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалт буюу "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Явган зорчигч Д.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-р заалт, “J3 Enduro” маркийн Е- ДАЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч И.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна." /1 хх 158-159/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/40 дугаартай: "“J3 Enduro” маркийн Е- ДАЗ улсын дугаартай мотоциклийн жолооч И.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 11.10, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дараах тооцоолол, дүгнэлт гарахаар байна. Тодруулбал: Зам тээврийн осол болсон эгнээний өргөн 4.2 метр, осол болсон А цэг зорчих хэсгийн баруун захаас 1.7 метр байх бөгөөд явган зорчигч тухайн эгнээнд 2.5 метр зам туулаад мотоциклд мөргүүлжээ. Онолын хувьд явган зорчигч 2.5 метр зайг ямар хугацаанд туулахыг тогтоовол: 50 настай эмэгтэй хүний алхааны хурд 2.8 км/цаг буюу 0.78 метр/секунд, t=S/V явган зорчигч 2.5 метр замыг 3.2 секундэд туулна. t-явган зорчигчийн тухайн эгнээгээр явсан хугацаа, S-явган зорчигчийн тухайн эгнээгээр явсан зам 2.5 м, V-явган зорчигчийн хурд 0.78 метр секунд, жолооч И.С- 30 км/цаг хурдтай явсан гэж үзвэл явган зорчигчийг 26.7 метр зайнаас харах боломжтой гэж үзэхээр байна. Тухайн ангиллын жолоодох эрхийн үнэмлэх нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох чадамжийг баталсан баримт бичиг бөгөөд “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодлогын дадлага хийгээд жолоодох чадвараа шалгуулж, тэнцвэл (Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгөхгүйгээр) "А" ангиллын механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх авдаг. Иймээс мотоцикль жолоодох чадваргүй байдал нь осолд хүргэсэн гэж үзэхээр байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтууд (зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэх мэт)-аас үзэхэд тухайн ослын газарт тоормосны мөргүй байх тул зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэв. Мотоцикль унаад гулгаж зогссон байна. Явган зорчигч Д.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн “5.6 дахь заалтыг зөрчсөн. Жолооч И.С- нь чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр мотоцикл явахыг хориглосон байхад явсан, явган зорчигч ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүй байна. Энэ нөхцөлд явган зорчигч ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй боловч мотоциклийн жолооч хурдаа хасаж тойрон гарах, зогсоох арга хэмжээ авахад мөргөхгүй байх боломжтой гэж үзэхээр байна. Мотоциклийн эзэмшигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчсөн нь ослын шалтгаан болсон гэж үзэж байна." /1 хх 214-216/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГО825/3260 дугаартай: “А.Ц-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас удаан хугацаанд үргэлжилсэн уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна." /1 хх 227-228/ гэсэн дүгнэлтүүд,  

иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.А- нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 5.996.560 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь MN090090100900020080 дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү." /2 хх 9/ гэсэн нэхэмжлэл, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээний хуулбар /1 хх 98, 100-101/ болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч И.С-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч И.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэйгээр яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн мэдүүлэг тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоохдоо, хохирогчоос гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд заасантай тус тус нийцсэн байна.  

Шүүгдэгчээс “... 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарласан ялын хугацааг хөнгөрүүлэх, ... сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөж бусдад учруулсан гэм хорын хор уршигийг нөхөн төлөхөд хүндрэлтэй байгааг харгалзан үзэж хязгаалалтын бүсийг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, ... хор уршигийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн дагуу Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолын дагуу тогтоох учиртай байхад иргэний шүүхэд хэрэглэгддэг хуулийн зохицуулалтыг баримталж хор уршигийн хэмжээг шийдвэрлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас 5.996.560 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн талаарх баримтууд байгаа эсэх нь тодорхой бус байхад уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хэм хэмжээ тогтоосон нь зөвхөн гэмт хэрэг үйлдгдсэн үед хэрэглэгдэх утгыг шууд заасан  болно. Анхан шатны шүүх уг заалтыг зөв хэрэглэсэн байх ба гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байгаа энэ хэргийн нөхцөлд дээрх хуульд заасны дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж тооцох нь ашигтай байдалд хамаарч байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлж амь хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн талаарх хэрэгт авагдсан баримт, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргийг анхан шатны шүүх үндэслэлтэйгээр тайлбарлаж гэм буруутай этгээдээс гаргуулсан нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.С-ид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох" зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй хэдий ч хохирогчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчсөн болон шүүгдэгч И.С-ийн сурч боловсрох эрхийг хангах, гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж чанар зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд И.С-ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын зорчих хүрээ хязгаарыг тэлж “оршин суугаа газар, ажил хөдөлмөр эрхлэх газар болох Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” гэсэн өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчээс гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох" зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 (долоо) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох" зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай ...” гэж өөрчилсүгэй.   

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.С-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН

 

 

                          ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА

 

 

                          ШҮҮГЧ                                                           Н.БААСАНБАТ