Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 212/МА2022/00024

 

М.Х-н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00058 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух М.Х-н нэхэмжлэлтэй, хариуцагч *** оршин суух А.М, М.С нарт холбогдох, 

Баян-Өлгий аймгийн ***** байрлах нэгж талбарын ******** дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч А.М-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч М.Хулбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч А.М, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:    

 

1.1. Миний бие М.Х нь 2021 онд Баян-Өлгий аймгийн ********байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 740 м.кв газрыг иргэн Х.Ш-ээс худалдаж авсан.

1.2. Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх газар эзэмшүүлэх тухай” захирамжаар хоорондоо тохиролцон хууль, журмын дагуу гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн ******** багийн нутаг дэвсгэрт байрлалтай Х.Ш-ийн худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй 470 м.кв газрын эрхийн гэрчилгээг Өлгий сумын ** дугаар багийн оршин суугч ** регистрийн дугаартай М.Х-т үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд тус аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 тоот шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн ******** баг, ******** хаягт байрлах, нэгж талбарын ******** дугаар бүхий 740 м.кв /га/ газрыг Худалдаа, үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэж, Монгол Улсын Иргэний газар эзэмших эрхийн ***** дугаартай гэрчилгээ олгосон. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баян-Өлгий аймгийн ***** 45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул *** дугаарт бүртгэж, *** дугаартай Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад олгосон.

1.3. Би Баян-Өлгий аймгийн ********байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газраа бусдад түр ашиглуулахаар иргэн А.М-тай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Үйлчилгээ явуулах гэрээ”-г тохиролцож байгуулсан. Гэтэл А.М нь гэрээний дагуу түрээсийн төлбөрийг тогтоосон тарифын дагуу түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээний 2.1.3-т зааснаар түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу тухайн сарын 20-ны дотор түрээсээ төлөхгүй өнөөдрийг хүрлээ. “Үйлчилгээ явуулах гэрээ”-ний “Хүлээх хариуцлага” хэсэг буюу 3.2-т гэрээний 2.1.3-т заасан заалтыг зөрчвөл тухайн сарын төлбөрийн үнийн дүнгээс өрийг бүрэн төлж дуустал календарийн хоног тутамд 0.5% алданги төлөх буюу 2-оос дээш удаа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нөхцөлд тус гэрээг хүчингүй болгож эзэмшил газрыг чөлөөлүүлэн гарсан хохирлыг бүрэн барагдуулж тус гэрээний 2.1.8-д заасны дагуу түр ашиглуулахаар өгсөн газрыг чөлөөлөхөөр хүлээх хариуцлагыг тусгасан. Тухайн газарт үйлчилгээний зориулалттай барилга барьсан тул уг газар нь өөртөө шаардлагатай болсон.

1.4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмнөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-т “энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан. Иймд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт байрлах нэгж талбарын ******** дугаар бүхий 72 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай М.Х-н газрыг А.Мы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ханган шийдвэрлэж өгнө үү.  

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

 

2.1. Хариуцагч А.М миний бие Баян-Өлгий аймгийн ***** байрлах нэгж талбарын ******** дугаар бүхий 72 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг А.М-ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч М.Хн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий түүний баялаг, ой, усны нөөц, амьтан төрийн өмч мөн”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн заалттай бөгөөд тухайн маргаан бүхий газар иргэн Х.Ш, М.Х нарт өмчлүүлсэн газар биш учраас иргэн М.Х, Х.Ш нар нь эзэмшилд байгаа газрыг худалдан борлуулсан бол холбогдох хуулийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл.  

2.3. Х.Ш нь  эзэмшил газрыг бусдад худалдсан бол энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Аймгийн төвд иргэнд өмчлүүлэх газрын дээд хэмжээ /үнэ төлбөргүй/ 0.35 га, аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхэд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар "төрийн хяналтад худалдаж өмчлүүлэх" мөн хуулийн 5.1.6.2-т зааснаар дуудлага худалдаа явуулах замаар өмчлүүлэх журамтай юм. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах" журмыг баталсан.      

2.4. А.М миний бие 2009 онд Өлгий сумын иргэн Б.Лс "Ак дам" захад байрлалтай 72 м.кв талбайтай 2 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээг өмчлөгч А.М, М.С нарын хамтран өмчлөх дундын хөрөнгөөр бүртгүүлж, улсын бүртгэлийн Ү-**** дугаар бүхий гэрчилгээ авсан. Энэхүү 72 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.М, М.С нар бид "хууль ёсны өмчлөгч" тул тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил газар болох 72 м.кв талбай бүхий газар нь бидний өмчийн газар болно. Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д зааснаар "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна" гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийг ойлгоно." гэсэн заалтаар бидний Эд хөрөнгө өмчлөх эрхийн 2009 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 111 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ ёсоор өмчилж авсан 72м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар нь хамтран өмчлөгч А.М, М.С бид хоёрын өмч учраас бидний өмчлөх эрхэд М.Х нь халдах эрхгүй юм. 

2.5. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх...уг үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно" гэж заасан. Иймд нэхэмжлэгч М.Хн нэхэмжлэлийн шаардлага болж байгаа 72м.кв талбайтай "Ак дам" захад байршилтай эмийн сангийн зориулалтаар ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч А.М, М.С нар болох нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 111 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. Иргэний хуулийн 101,103,106 дугаар зүйлүүдэд зааснаар өмчлөгч А.М, М.С бидний өмчлөх эрхэд халдаж шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

2.6. Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэн эзэмшүүлэх тухай" А/204 дугаартай захирамжаар эзэмшиж байгаа 740м.кв талбай бүхий газарт А.М, М.С бидний өмчлөлийн 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар хамаарч байгаа бол энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан "Бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна" гэдгийг зөрчсөн, Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газрын хэсэг нь" хууль бус эзэмшсэн " газар болох юм.

2.6. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар мөн хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэхэд Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмаар эзэмшүүлэх хуультай. Гэтэл Х.Ш, М.Х нарт тухайн газрыг хууль зөрчиж үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Энэ асуудлыг "бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг гэж үзэхээр байх тул зохих журмаар АТГ-т хандаж шалгуулах болно.

2.7.Нэхэмжлэгч М.Х нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус "Үйлчилгээ явуулах гэрээ" нэртэй "Газар түрээслүүлэх" гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн хууль бус гэрээ юм. Учир нь газар эзэмшигч нь газар түрээслүүлэх эрх огт байхгүй бөгөөд харин Иргэний хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэх бөгөөд М.Х нь дан ганц эзэмшил газрыг түрээсэлж, ашиг олж байгаа нь хууль бус хөрөнгөжиж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. Эзэмшил газрыг хэрэглэгдэхүүний хамт түрээслэхдээ Төрийн эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийг авч, төрийн холбогдох байгууллагын хяналт доор түрээслэх учиртай. Иймд иргэн М.Хн тус шүүхэд гаргасан 72м.кв талбай бүхий нэгж талбарын ******** дугаар бүхий газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хамтран хариуцагч М.Сийн тайлбар, татгалзал:

 

3.1. Миний бие маргаан бүхий объектод эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг. Бид 2009 онд Б.Лс 72 м.кв бүхий объектыг үл хөдлөх хөрөнгийн хамт худалдан авсан. Тухайн үед өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин гаргуулж, уг байранд эмийн сангийн үйл ажиллагаагаа 12 дахь жилдээ тасралтгүй явуулж байгаа. Бид анх 2010 оноос эмийн бөөний үйл ажиллагаа явуулсан ба 2017 оноос эмийн сан болгож өргөжүүлж, өнөөдөр хүртэл 4 хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байгаа.

3.2. Бид анх газрыг худалдаж авахад тухайн үеийн захын эзэн байсан Ш гуайгаас өөрийн гарын үсэгтэй гэрчилгээ авч байсан. Тухайн үед та нар цаашид энэхүү барилгыг нураагаад шинээр барилга барьж болно, бидний зүгээс ямар нэгэн байдлаар татгалзах зүйлгүй хэмээн тамга тэмдэг дараад, гарын үсгээр баталгаажуулж өгсөн. Анх уг газрыг Б.Л гуайгаас худалдаж авахад уг объект амбаар мэт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байр байсан. Уг байранд эмийн сангийн үйл ажиллагаа явуулахын тулд стандартын байр байх ёстой болохоор уг барилгад их засвар хийсэн. Энэ их засварт эхний удаа 10-аас 15 сая төгрөг зарцуулж байсан. Тэгээд 12 жилийн турш цаг тухайд нь засвар хийсэн. Учир нь эмийн сангийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлагыг хангах ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн энэхүү газрыг чөлөөлж өг гэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

3.3. Анх нэхэмжлэгч уг газрыг худалдаж авахдаа манай эмийн санд орж ирэн гэрээ байгуулахыг шаардсан. Тухайн гэрээний үнийн дүнг бид огт төлөх боломжгүй байсан. Учир нь тухайн үед ковид цар тахалтай холбоотой эдийн засаг хямарсан үе байсан. Уг гэрээний цаад шалтгаан нь төлөх боломжгүй үнийн дүнтэй гэрээг байгуулаад бид төлж чадахгүй болсон үед биднийг зайлуулах төлөвлөгөөтэй байжээ гэж бодож байна. Тэгээд тухайн үед би тэр гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зураагүй. Тэгсний дараа манай нөхрийг цайллага, дайллагад уриад аргадаж байгаад гэрээнд гарын үсэг зуруулсан байна.

3.4. Мөн биднийг гэрээний төлбөрийг төлөөгүй гэсэн байна. Би 7 дугаар сарын эхэнд ковид-19 халдварт өвчнөөр өвдөөд 7 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтээд тэрний дараа дахиад гэртээ тусгаарлагдсан. Ингээд 1 сарын хугацаа өнгөрсөн. Түүнээс биш бид бүх төлбөрөө төлж байсан. Гэрээ байгуулахад М.Х нь 2020 оны 5 дугаар сараас эхлээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх сарын төлбөр 90000 төгрөг буюу нийтдээ 720000, 2021 оны 01 дүгээр сараас 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх сарын төлбөр 90000 төгрөг буюу нийтдээ 270000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх сарын төлбөр 150000 төгрөг буюу нийтдээ 300000 төгрөг болсон ба энэ хугацааны нийт төлбөр 1290000 төгрөгийг надаас урьдчилаад авчихсан байгаа. Төлбөрөө төлсөн байхад төлөөгүй гэж байгаад нь гомдолтой байна.

3.5. Хавтаст хэрэгтэй танилцахад М.Х нь өөрт байгаа гэрээнд сарын төлбөр 360000 төгрөг гэж бичсэн атлаа 150000 төгрөгөөр манай нөхөртэй тохиролцсон нь гэрээг хууран мэхэлж, залилан, шууд тулган гэрээ байгуулж байсан. М.Х эмийн санд орж гарах хаалгагүй, орлогогүй болгоод үүний дараа бид нарыг уг газраас явуулах сонирхолтой байсан. Тиймд М.Х нь нэг сарын төлбөрийг төлөөгүй, хожимдуулсан хэмээн шүүхэд өгч бидний хувийн өмчийг үнэгүйдүүлэн зальт арга хэмжээ хэрэглэсэнд бид маш их гомдож байна. Нэгэнт хийгдсэн гэрээний сарын төлбөр болох 150000 төгрөгийг төлж чадаагүй шалтгаан нь бидний дэлгүүрт орж ирэх иргэдийн гарцыг бүрэн хааснаас болж манай эмийн сангийн орлого огцом буурсан. Мөн дараа нь нөхөр бид хоёр ковид-19 өвчнөөр өвчилсөн. Үүний дараа аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн төвд 10 хоног хатуу хөл хорио тогтоосон зэрэг нөхцөл байдлуудаас болж манай орлого огцом буурсан. Иймд шүүхээс хүсэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00058 дугаар шийдвэрээр:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан М.Хн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн ******** баг, ***** байрлах, нэгж талбарын ******** дугаар бүхий 740 м.кв газрын зарим хэсэг болох 72 м.кв газрыг А.М, М.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.М, хамтран хариуцагч М.С нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Хт олгож шийдвэрлэжээ.  

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:  

 

5.1. Хариуцагч А.М би нэхэмжлэгч М.Хн нэхэмжлэлтэй "******** байрлах нэгж талбарын ******** дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай" иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00058 дугаартай шийдвэрийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, Монгол Улсын Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2,161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн "давж заалдах гомдол" гаргаж байна.

5.2. Хариуцагч А.М, М.С бид 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж иргэн Б.Л, А.А нарын өмчлөлийн 72м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө болох 2 өрөө байрыг тухайн үеийн ханшаар 8000000 /найман сая/ төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлийн Ү-***** дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г гардан авч өмчлөх эрхийг баталгаажуулсан.

5.3. Мөн энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдан хөрөнгө худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар тухайн 72м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.М, М.С бид хоёр олж авч, 2009 оноос эхлэн эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн дагуу "Эмийн сан" ажиллуулж тасралтгүй 13 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж өмчлөх эрхийг хэрэгжүүлж байгаа билээ. Мөн энэхүү үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг Х.Ш гэгч нь М.Хт зарсан нь үндэслэлтэй гэж шүүхийн шийдвэрт дүгнэсэн нь буруу гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ газар нь аймгийн төвийн "А" зэрэглэлд байрлалтай учир дуудлага худалдаа явуулалгүйгээр Х.Ш гэгч иргэн төрийн мэдлийн газрыг бусдад худалдах эрх байхгүй. Би энэ талаар шүүх хурал болохоос өмнө нотлох баримтаа хавтаст хэрэгт авхуулсан боловч анхан шатны шүүх зөвхөн нэг талыг барьж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж бидний энэхүү хөрөнгө эзэмших эрхтэйгээ баталсан Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байсаар байтал ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5.4. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна" гэж заасан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүснэ" гэж зааснаар А.М, М.С бид 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авснаар тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бидэнд шилжсэн тул бид эд хөрөнгийн өмчлөгч мөн юм.

5.5. Хариуцагч А.М , М.С бид хоёр ********байрлах "А Д" ХХК-ны хүнс, техникийн захын хажууд байршилтай үйлчилгээний зориулалттай "К" нэртэй Эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа 72 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай гэрчилгээ ёсоор өмчлөгч гэдэг нь батлагдаж байх тул Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар тухайн 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн байршил газар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч А.М, М.С бидний "Эзэмшлийн газар" байх ёстой бөгөөд Иргэний хуулийн 87.1-т заасан 72 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс салангид бие дааж хэрэгжих боломжгүй салгаж үл болох эрх юм. Үүнийг анхан шатны шүүх шийдвэр гаргахад нотлох баримтад буруу дүгнэлт хийснээс болж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг хэрэглээгүй орхиж, буруу шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байна.

5.6. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Тухайлбал: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар маргаан бүхий 72 м.кв талбайтай байр нь А.М, М.С бидний өмчлөлд 2009 оны 8 сарын 05-ны өдөр шилжсэн байхад нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 дугаартай захирамжаар эзэмших эрх олж авсан зэрэг цаг хугацааны талаар харгалзаж судлаагүй баримтыг харьцуулж судлаагүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  

6.1. ********байрлалтай 740 м газрыг миний бие хууль журмын дагуу эзэмшдэг. Өөрийнхөө эзэмшил бүхий газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд иргэн А.М, М.С нарын үл хөдлөх хөрөнгө саад учруулж байна.

6.2. Би тухайн эзэмшил газарт 3 давхар үл хөдлөх барьж байна. Одоогийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгөө ашиглалтад оруулахын тулд газраа чөлөөлж, орох гарах гарцыг нээж явган хүний гарц болон авто зогсоол нээх шаардлагатай байна.  Тиймээс А.М, М.С нарын миний газарт түр хугацаагаар барьсан үл хөдлөх хөрөнгө холбогдох стандарт шаардлагын дагуу баригдаагүй. Авто зогсоол болон явган хүний гарцаас 7 метрийн зайтай байх ёстой.

6.3. Гэтэл А.М, М.С нар үл хөдлөх хөрөнгөө зам дээр тулж барьсан. Орох гарах гарц байхгүй. Мөн хууль зөрчиж газар эзэмших гэрчилгээгүй байхад үл хөдлөх хөрөнгө барьсан. Би өөрийнхөө эзэмшил газраа ашиглаж чадахгүй байгаа болохоор газраа чөлөөлж өгөхийг хүсэж байна. 

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:  

 

7.1. Иргэний хуулийн 150 дугаар зүйлд заасан бусдын эзэмшил бүхий газарт барилга байгууламж барих асуудалд анхнаасаа тохиролцоо байхгүй. Барилга байгууламж барих эрх олгосон шилжүүлсэн гэрээ огт хийгдээгүй. Анх Акомпанийг Ш, Ш, Ш гэдэг хүмүүс нээж үүсгэн байгуулж байсан. Тухайн хүмүүс газрыг захын худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн зах дотроос иргэн Л нь түрээсээр газар авч, одоогийн байгаа аптекийг өөрчилж барьсан. Тэр газарт аптекийг түрээсийн гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлж ашиглаж ирсэн. Түрээсийн гэрээ байгуулсан учраас  10 хэдэн жилийн хугацаанд тогтвортой түрээслүүлж ирсэн. Акомпани эзэмшил газраа өөрийнх нь компанийн үүсгэн байгуулагчдад хувааж өгсөн.

7.2. Нэхэмжлэгч М.Х нь Шн  хууль ёсны төлөөлөгч бол Шд ногдох 740 метр газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Эзэмших эрхийг шилжүүлэн авсантай холбоотой ямар нэгэн хууль зөрчсөн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад хариуцагч талаас хууль бус гэмт хэрэг, энэ байх ёсгүй гэдэг байдлаар хандаж байгаа нь үндэслэлгүй. Шийн төлөөлөгчөөр М.Х нь уг газрыг хууль журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэж нэр дээр шилжүүлж эзэмшиж байна. М.Х уг газрыг эзэмшиж авсны дараа тухайн газарт түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэн А.М, М.С нарын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах, түрээслүүлэх гэрээ хийсэн.

7.3. Түрээсийн гэрээ хийгдсэний дараа 2-3 сар түрээсээ төлж байсан. Гэтэл 3 сар өнгөрсний дараа  түрээсээ төлөхөөс татгалзсан. Татгалзсан шалтгаанаа тайлбарлахдаа “...та нар хууль бусаар энэ газрыг худалдаж авсан, та нарыг Авлигатай тэмцэх газарт өгнө, та нарын шийдвэрийг хүчингүй болгоно, бид нар үл хөдлөх хөрөнгөтэй учраас доорх газрыг та нар биш бид нар эзэмших ёстой. 10 хэдэн жил бид нар та нарт дэмий түрээс төлж ирсэн байна, түрээсийн гэрээ чинь хууль бус, хуульд заасан шаардлагыг хангахгүй ” гэдэг байдлаар газар эзэмшигчийг үгүйсгэсэн.

7.4. Газар эзэмшигч өөрийнхөө эзэмшил газрыг өөрөө ашиглая, бусдын үл хөдлөх хөрөнгийг байлгаад байх шаардлага байхгүй гэж холбогдох байгууллагуудад зураг төслөө батлуулж, үл хөдлөх хөрөнгө барих үйл ажиллагаагаа эхлүүлж, одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгө нь 70 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

7.5. Нэгэнт түрээсийн гэрээгээ түрээслэгч өөрөө үгүйсгэж татгалзсан учраас тухайн түрээсээр үл хөдлөх хөрөнгө барьсан этгээд газрыг хууль ёсоор эзэмшиж байсан газрыг чөлөөлүүлэх үүрэгтэй. Иргэний хуулийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн. Эрхийн гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшинэ.

7.6. Харин хариуцагч тал бид үл хөдлөх хөрөнгөтэй учраас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доор байгаа газрыг бид нар эзэмших ёстой гэсэн нь Газрын тухай хуулийг зөрчиж байна. Хариуцагч тал хууль бус үндэслэлгүй тайлбар гаргаж байна.

7.7. Хорио цээрийн үед бид аптекийн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй учраас түрээсийн төлбөрөө төлж чадаагүй гэж байна. Тэрнээс хойш удаан хугацаа өнгөрсөн учраас түрээсээ нөхөн төлж, газар эзэмшигчтэй эвлэрэх боломжтой байсан боловч өнөөдрийг хүртэл маргаж байна.

7.8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, үгүйсгэх, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

7.9. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00058  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэгч М.Хн  хариуцагч А.М, М.Снарт холбогдуулан гаргасан “********байрлах 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

3. Гэтэл анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн, түрээсийн гэрээтэй холбоотой, түрээсийн гэрээний зүйл болсон нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг  чөлөөлүүлэх тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв дүгнээгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг  буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих түрээсийн гэрээтэй холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй, түрээсийн гэрээтэй холбоотой мөн хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, М.Хн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийн 1409 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр “А” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.А нь тус компанийн 12903 м.кв газрыг бусдад шилжүүлэхээр гэрээ байгуулж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/393 дугаартай захирамжаар “А” ХХК-ийн эзэмшлийн газраас 740 м.кв газрыг Х.Шд шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд Засаг даргын энэхүү шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Х.Шд Баян-Өлгий аймгийн 11-р баг, ******** хаягт байрлах, 740 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 36 жилийн хугацаатай эзэмшүүлж гэрчилгээ олгосон байна. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр М.Хт Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/204 тоот захирамжийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р баг, ***** байрлах 740 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 35 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрчилгээ олгожээ.  

Хариуцагч А.М нь худалдах-худалдан авах гэрээгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний байрыг Б.Лазатханаас худалдан авч 2009 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас А.М,  М.С нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг “А” ХХК-ийн хүнс техникийн захын байранд байршилтай үйлчилгээний зориулалттай 72 м.кв талбайтай, хоёр өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. Нэхэмжлэгч М.Х хариуцагч А.М нар 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 29 дугаартай  түрээсийн гэрээгээр үйлчилгээний зориулалттай 72 м.кв байрын суурь болох нэхэмжлэгчийн эзэмшил газрыг гэрээнд заасан хугацаанд түр ашиглуулж, сарын 360000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, гэрээг  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулж, хариуцагч А.М нь түрээсийн төлбөрт 4, 5, 6 дугаар сард сар бүр 150000 төгрөг төлсөн нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 6-7 дахь тал/

 

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Түрээсийн гэрээний нэг тал болох түрээслүүлэгч М.Х нь түрээсэлж буй газрыг ашиглах, эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. 

Харин түрээсийн гэрээний зүйл болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р баг, ******** хаягт байрлах, нэгж талбарын ******** дугаар бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай 72 м.кв талбай бүхий эмийн сангийн барилга байрлаж буй  газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт багтаж байгаа нь ***** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, кадастрын зураглал зэргээр тогтоогджээ. /хавтаст хэргийн 4 дэх тал/

Хариуцагчийн өмгөөлөгчийн зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-д заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар, анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа тул уг гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч М.Х өөрийн эзэмшлийн 740 м.кв газрын эзэмших эрхийг өөртөө хэвээр байлган, газрын тодорхой хэсэг буюу 72 м.кв газрыг хариуцагчид ашиглуулсан ба газар түрээслэх гэрээгээр хариуцагчид ашиглуулсан нэхэмжлэгчийн эзэмшлийн 72 м.кв газар нь бие даасан газрын гэрчилгээгүй, түүний нийт эзэмшиж байгаа 740 м.кв газрын нэг хэсэг байх тул дээрх түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэх шаардлагагүй, хэрэв бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байх тухай Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан зохицуулалт тухайн харилцаанд хамааралгүй байна.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зөрчиж түрээсийн төлбөрөө тогтоосон тарифын дагуу, тогтоосон хугацаанд төлөөгүй тул гэрээг хүчингүй болгож, эзэмшил газрыг чөлөөлүүлэн, гарсан хохирлыг бүрэн барагдуулах тухай тусгасан бөгөөд хариуцагч тогтоосон хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдсон тул түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ. Дээрх зөрчлийн улмаас гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн, мэдэгдсэн үйл баримт тогтоогдоогүй байхад хариуцагч гэрээний үүргийг зөрчсөн гэж  нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан үндэслэл Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Х нь хариуцагч А.Мтай 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 29 дугаартай түрээсийн гэрээг гэрээний дуусах хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэг сарын дотор цуцлах эрхтэй буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-ний дотор нэг талын санаачилгаар гэрээг дуусгавар болгох боломжтой байх тул, хуулийн уг заалтаар тогтоосон тусгай журмыг хангаагүй хариуцагчийн гэрээг цуцалсан үйл ажиллагаа буюу түрээслэгчийн ашиглаж буй газрыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1,  320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсэгт заасантай нийцэх юм.

            Өөрөөр хэлбэл газар түрээслүүлэгч М.Х нь түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах, гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг зөрчиж 2021 оны 9 дүгээр сарын 29-нд гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй ба хуулийг уг зохицуулалтыг анхан шатны шүүх анхаараагүй, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байна.

 

7. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг, тодруулбал талуудын хооронд байгуулагдсан газар түрээслэх гэрээний хууль зүйн агуулгыг оновчтой зөв дүгнээгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, газар түрээслэх гэрээг цуцлах талаарх мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх хэсгийг маргааны үйл баримтад хэрэглээгүй орхигдуулсан, хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүйгээс шүүхийн дүгнэлт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”. Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11-р баг, ******** хаягт байрлах, нэгж талбарын ******** дугаар бүхий 740 м.кв газрыг эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа эзэмшил газраа бусдын хууль бус эзэмшлээс шаардах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа бусдын үйлдлийг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч нар М.Х-н эзэмшлийн 72 м.кв газрыг түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байх тул бусдын газрыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхгүй. Тиймээс анхан шатны шүүхийг энэ маргаанд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг  буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

             9. Нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 320.4-д заасныг зөрчсөн байхад  анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтад Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн ********байрлах нэгж талбарын ******** дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.  

 

            10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “А.М нь гэрээний дагуу түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу төлбөрөө төлөөгүй, гэрээний 2.1.3-т түрээсийн хураамжийг тогтоосон тарифын дагуу тухайн сарын 20-ны дотор төлөх ёстой байтал төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Тиймээс ...2-оос дээш удаа төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нөхцөлд тус гэрээг хүчингүй болгож, эзэмшил газрыг чөлөөлүүлэн, хохирлыг барагдуулж, гэрээний 2.1.8-д зааснаар түр ашиглуулахаар өгсөн газрыг чөлөөлүүлэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг нотлох баримтаар хуульд заасан журмаар үнэлээгүйгээс нэхэмжлэлийн дээрх үндэслэлийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, харин нэхэмжлэлийн үндэслэлд үл хамаарах асуудлаар “нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдээс эзэмшүүлэхээр олгосон газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу өөрийн мэдэлд байлгах үүднээс бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах мэтгэлцэх зарчим болон талуудын зарчимд нийцээгүйг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 130/ШШ2022/00058 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 318 дугаар зүйлийн 318.1, 320 дугаар зүйлийн 320.3, 320.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Хн хариуцагч А.М, М.С нарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн ********байрлах нэгж талбарын ******** дугаар бүхий 72 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Мы  давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Хн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК  

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ