Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 212/МА2022/00061

 

   Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ды

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00315 дугаар  шийдвэртэй, нэхэмжлэгч  Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух  ** овогт Х.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух ** овогт З.Ды нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар багт оршин суух ** овогт И.Сад холбогдох,  

И.С-ын амбаар, гарааж, малын хашааг албадан буулгаж газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Ахмерей нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Х.А нь тус аймгийн **** тоотод оршин суудаг. Тэр эцэг, эхийн хамт ***** тоотод оршин сууж байсан ба эцэг, эх нас барсны дараа тухайн газар түүний өмчлөлд өв залгамжлалаар шилжсэн.

1.2. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түүний газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон. Х.Аын ах Х.Р нь 2012 онд эцэг, эхийн эзэмшил газраас 750 м.кв газрыг И.С гэдэг хүнд худалдсан ба И.С нь Х.Аын өмчлөлд байгаа 750 м.кв газарт өөрийн эзэмшлийн амбаар, малын хашаа, гарааж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг байлгаж байна.

1.3. Х.А нь өөрийн өмчлөлийн газрыг зохих журмын дагуу ашиглаж, захиран зарцуулахад И.Сын дээрх үйлдэл нь саад болж байгаа учир түүнд өмчлөлийн газарт байгаа дээрх хөрөнгүүдийг буулгаж авахыг удаа дараа шаардсан боловч хүлээж авахгүй байна.

1.4. Х.А нь энэ асуудлыг газар дээр нь очиж шалгаж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа И.Сын дээр дурдсан эд хөрөнгүүдийг нүүлгэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж Ө сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Ө сумын Засаг дарга түүний өргөдлийг хүлээн авч хянаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/515 дугаартай албан бичгээр шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.

 

1.5. И.С нь Х.Аын өмчлөлийн газарт байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийг буулгаж авахгүй байгаагаас түүний хууль ёсны эрх ашгийг зөрчигдөж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Иймд И.Сын амбаар, гарааж, малын хашааг албадан буулгаж газар чөлөөлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Би 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Х.Роос хашаа байшин худалдаж авч гэрээний дагуу үл хөдлөх өмчлөх эрхийг нотариатаар шилжүүлээд авсан. Нэхэмжлэгч 11 жилийн дараа газар давхардсан гэсэн агуулгатай ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.

2.2. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд З.Д нь надад давхардсан газар байгаа гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би анх өөрийн авсан газрыг сунгаад сул байгаа газарт хашаа татаж газрын нөхөн сэргээлт хийгээд тухайн газраас 1-2 портер өвс хадаж авч газрыг ашиглаж байсан.

2.3. 2021 оны 10 дугаар дугаар сард нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа З.Д газар давхардсан гэсэн агуулгатай маргаан гаргаснаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамлаар ажилладаг Т.З нарын хүмүүс ирээд сул газраас Х.Ад газар олгосон. Гэтэл нэхэмжлэгч талаас заавал миний амбаар, гарааж, малын хашааг албадан буулгахыг санаархаж байгаа нь үндэслэлгүй.

2.4. З.Д нь намайг газрын даамал Т.Зт их хэмжээний хахууль өгсөн гэж худал гүтгэж байгаад гомдолтой байна. Амбаар, гарааж, малын хашааг би тухайн хашаа байшинг Х.Роос худалдаж авах үед хамт худалдаж авсан. 2011 онд тухайн амбаар, гарааж, малын хашааг би худалдаж авсан учраас эдгээр үл хөдлөх хөрөнгүүд миний өмч гэж үзэж байна. Би тухайн үед худалдаж авсан байшингаа буулгаад шинээр барьсан болохоос Х.Роос хашаа байшин худалдаж авахад маргаан бүхий амбаар гарааж, малын хашаа бүгд байсан. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд нэхэмжлэгч Х.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нар нэг ч удаа надад ирж надаас үл хөдлөх эд хөрөнгөө буулгаж авахыг шаардаж байгаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00315 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Аын хариуцагч И.Сын амбаар, гарааж, малын хашааг албадан буулгаж газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч ** овогт Х.А нь тус аймгийн **** тоотод оршин суудаг. Ам бүл 1, ганц бие. Тэр эцэг, эхийн хамт **** тоотод оршин сууж байсан ба эцэг, эх нас барсны дараа тухайн газар түүний өмчлөлд өв залгамжлалаар шилжсэн. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр түүний газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон. Х.Аын ах Х.Р нь 2012 онд эцэг, эхийн эзэмшил газраас 750 м.кв газрыг Е.С гэдэг хүнд худалдсан ба Е.С нь Х.Аын өмчлөлд байгаа 750 м.кв газарт өөрийн эзэмшлийн амбаар, малын хашаа, гарааж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг байлгаж байсан.

Х.А нь өөрийн өмчлөлийн газрыг зохих журмын дагуу ашиглаж, захиран зарцуулахад Е.Сын дээрх үйлдэл нь саад болж байгаа учир түүнд өмчлөлийн газарт байгаа дээрх хөрөнгүүдийг буулгаж авахыг удаа дараа шаардсан боловч хүлээж аваагүй. Х.А нь энэ асуудлыг газар дээр нь очиж шалгаж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа Е.Сын дээр дурдсан эд хөрөнгүүдийг нүүлгэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж Ө сумын Засаг даргад өргөдөл гаргасан. Ө сумын Засаг дарга түүний өргөдлийг хүлээн авч хянаад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/515 дугаартай албан бичгээр шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг зөвлөсний дагуу эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан.

4.2. Тухайн шүүхээс Х.Аын нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад Ө сумын газрын даамал Т.З өмнө байсан кадастрын зурагт дур мэдэн өөрчлөлт оруулж, Е.Сын эд хөрөнгө байгаа газрыг түүний эзэмшил газарт оруулж, надад цаашид ашиглах боломжгүй нарийхан гудамж хэлбэртэй газрыг өмчлүүлсэн байдлаар дахин кадастрын зураг гаргаж өгсөн байсан.

4.3. Х.А нь газар өмчлөх эрхээ 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж эрхийн гэрчилгээ авсан байхад Т.З нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр кадастрын зургийг дур мэдэн өөрчилсөн нь өмчлөгчийн эрхэд шууд халдаж байгаа асуудал.

4.4. Х.А нь энэ шийдвэрийг огт зөвшөөрөхгүй байгаа ба Т.Зын дээрх хууль бус үйлдлийн улмаас түүний эрх ашиг нь хохирох нөхцөл бүрдээд байсан учир кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Газрын кадастртай холбогдсон маргааныг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана” гэж зохицуулсны дагуу 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Газар зохион байгуулалт, геодезийн зураг зүйн газарт гомдлыг гаргасан. Дээрх гомдол шийдвэрлэгдээгүй байхад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан зарласан учир 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр газар зохион байгуулалт, геодезийн зураг зүйн газраас хариу ирэх хүртэл шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн боловч миний хүсэлтийг хүлээж авахгүйгээр 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

4.5. Х.А нь маргаантай асуудлыг эхлээд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Газар зохион байгуулалт, геодезийн зураг зүйн газраар шийдвэрлүүлэх, тухайн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд хандаж газрын даамал Т.Зын дур мэдэн өөрчилсөн кадастрын зургийг хүчингүй болгуулсны үндсэн дээр маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой байсан.

4.6. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх арга хэмжээ авах ёстой байтал хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

4.7. Иймд энэ гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00315 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүчингүй болгох, анхан шатны шүүх ямар хуулийг буруу тайлбарласан үндэслэлийн талаар дурдаж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.   

 

8. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн, бусдын хууль бус эзэмшлээс  газар чөлөөлүүлэх тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв дүгнэн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч Х.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх дээрх шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр С.Х  /нэхэмжлэгч Аын эцэг/ нэр дээрх ******* нэгж талбарын дугаартай, Баян-Өлгий аймгийн Ө сум, Нисэх-** гудамж, ** тоот **-р баг гэсэн кадастрын зургийг /хэргийн ** дахь тал/ гаргаж өгсөн, энэхүү кадастрын дагуу миний өмчлөлийн газарт И.Сын амбаар, малын хашаа, гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгүүд байгаа ба өөрийн өмчлөлийн газрыг зохих журмын дагуу ашиглаж, захиран зарцуулахад саад учруулж байна гэж маргасан боловч энэхүү кадастрын дагуу нэхэмжлэгч Х.А нь дээрх газрын өмчлөгч нь мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

10. Аймгийн Засаг даргын 2008 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 86 тоот захирамжаар Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 750 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар С.Х, Х.С, Х.А нарт олгосон газрыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цахим мэдээллийн санд оруулахдаа хариуцагч И.Сын газарт /Х.Рын И.Сад худалдсан газартай/ давхцуулан буруу оруулснаас кадастрын зураг давхацсан, үүнийг залруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д, хариуцагч И.С нарыг байлцуулан Ө сумаас комисс очиж давхацсан зэргийг өөрчилсөн гэх үйл баримт аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 601 тоот албан бичиг /хэргийн 21 дэх тал/, газрын даамал Т.Зыг гэрчээр асуусан тэмдэглэл /хэргийн 86-90 дэх тал/, одоо хүчин төгөлдөр гэх кадастрын зураг /хэргийн 91-93 дахь тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

11. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэж, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах  эрхтэй” гэж хуульчилсан тул хэрвээ нэхэмжлэгч тухайн газрыг өөрийн өмч гэдгийг нотолсон тохиолдолд энэхүү шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч Х.А нь хууль ёсоор эзэмшиж, өмчилж байсан, эсхүл гэрээгээр ашиглаж байсан газарт нь хариуцагч байшин, хашаа, малын хашаа барих зэргээр халдсан буюу түүний өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд нь саад учруулсан ямар нэгэн үйлдэл хийсэн, үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал хэргээс тогтоогдохгүй байна.

 

12. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дугаар баг, Харасай Нисэх-** гудамж ** а тоот газарт 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “...Хэмжилтийн нийт талбайн хэмжээ 2048.7 м.кв бөгөөд уг нийт талбайгаар хариуцагч И.С нь хашаа татсан байв. Хэмжилт хийсэн нийт талбайн дотор хариуцагч И.Сын газрын мэдээллийн санд байгаа гэр бүлийн хэрэгцээнд авсан 750 м.кв талбайн газар, нэхэмжлэгч Х.Аын газрын мэдээллийн санд байгаа гэр бүлийн хэрэгцээнд авсан 750 м.кв талбайн газар, мөн 564,2 м.кв газар мэдээллийн санд ороогүй газар багтсан байна. Хариуцагч И.Сын мэдээллийн санд байгаа гэр бүлийн хэрэгцээнд авсан 750 м.кв газарт хариуцагчийн өвлийн байшин, мэдээллийн санд ороогүй 564,2 м.кв талбайн газрын хойд талд 14,6 м.кв хэмжээтэй гарааж, баруун хойд талд 47,1 м.кв хэмжээтэй амбаар, амбаарын зүүн талд буйр мөн нурсан нэг талын хана байв. Нэхэмжлэгч Х.Аын мэдээллийн санд байгаа гэр бүлийн хэрэгцээнд авсан 750 м.кв талбайн газрын хойд талд хариуцагч И.Сын цемент блокоор барьсан малын хашаа байна” гэснээс үзэхэд нэхэмжлэгч Х.Аын гэр бүлийн хэрэгцээнд авсан 750 м.кв газарт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй, хариуцагч И.Сын барьсан гэх байшин, гарааж, малын хашаа нь нэхэмжлэгч Х.Аын эзэмшлийн газарт баригдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Аын өмчлөх эрх зөрчигдсөн, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар хариуцагч И.Сын үйлдэл саад болсон нь нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

 

13. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч Х.А нь хариуцагч И.Сын байшин, гарааш, малын хашаа барьсан гэх газрыг өөрийн өмч, эсхүл хууль ёсны эзэмшигч мөн болохыг нотлоогүй тохиолдолд тэрээр уг шаардах эрхийг И.Сад холбогдуулан хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

14. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй, эсхүл түүний уг эрхээ хэрэгжүүлэхэд нь хариуцагчийн дээрх үйлдэл саад учруулсан гэх нөхцөл байдал бодитой тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит, жинхэнэ байдалд нийцсэн байна.          

 

15. Иймд дээрх үндэслэлүүдээр Х.Аын хариуцагч И.Сад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 сарын 28-ны өдрийн 130/ШШ2022/00315 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ды давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ