Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/244

 

2026           03           03                                                                         2026/ДШМ/244

 

Р.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

хохирогч Ч.Э-,

шүүгдэгч Р.Д-,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2275 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406 02474 0962 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Х- овгийн Р-ын Д-, ........, /РД: ИР-/,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 187 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 437 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;                        

Шүүгдэгч Р.Д- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын Р- тоотод хохирогч Ч.Э-тай хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний баруун шилбэ рүү өшиглөж, толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн байнга буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын Р- тоотод, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын Р- тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Э-ын биед халдаж, зодсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Р.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 8 сарын хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 19 хоногийг хорих ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Р.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн хэргийг хариуцаж авсан байцаагч нь над руу холбогдохгүй байж байгаад 1 жил өнгөрсний дараа гэнэт холбогдоод “би таны хэргийг мартчихжээ” гээд дуудсан. Тухайн үед миний бие мал төллөөд ирэх боломжгүй байхад дуудсан тул ирж чадаагүйн улмаас эрэн сурвалжилсан байсан. Би эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ар гэрийн амьжиргаагаа мал маллаж залгуулдаг. Би өөрийн гэм буруутай үйлдэлд маргахгүй. Миний өөрийн эх болох Г.Л- нь элэгний хорт хавдартай маш хүнд байгаа. Иймд шүүхээс надад оноосон хорих ялыг хөнгөрүүлэх буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ч.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ".. Хэлэх тайлбаргүй...” гэв.

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: "...  Шүүгдэгч Р.Д- нь урьд 2 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан. Анхан шатны шүүх түүний хувийн байдал, гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нийт 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгчид урьд хорихоос өөр төрлийн ял шийтгэж байсан боловч өөрийн үйлдэлдээ гэмшихгүй, удаа дараа дээрх гэмт хэргийг үйлдсэн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Р.Д- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын Р- тоотод хохирогч Ч.Э-тай хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний баруун шилбэ рүү өшиглөж, толгой хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн байнга буюу 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын Р- тоотод, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын Р- тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Э-ын биед халдаж, зодсон гэж хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Э-ын “... Би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цэцэрлэгийн хүүхдийн хуралд суугаад өдөр 11 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Д- намайг “хаашаа яваад ирсэн юм, гэр орондоо яагаад байдаггүй юм бэ” гэхээр нь би “хүүхдийн цэцэрлэгийн хуралд суугаад ирлээ, чи тэгээд өөрөө хүүхдээ аваад цэцэрлэгт хүргэж өгөөд, хуралд суухгүй яасан юм бэ” гэж хэлээд орон дээр сууж байх үед миний баруун хөл рүү 3 удаа өшиглөж, толгой хэсэгт гар утсаараа 2 удаа цохисон. Тэгээд би орой 20 цагт ажилдаа яваад өглөө 09 цагт ажлаас буугаад ирэхэд манай төрсөн ах болох Ч.Д- намайг нөхөртөө зодуулсныг мэдэж, цагдаад дуудлага өгсөн...” /хх 27/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Ч.Э-ын биед дух, зүүн хацар, бугалга, баруун шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5738 дугаартай дүгнэлт /хх 32-33/,

Аюулгүй зэргийн үнэлгээ /хх 20/, шийтгэл оногдуулсан шийтгэврийн хуулбар /хх 84-89/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Р.Д- нь  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгчийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч Р.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцох буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Р.Д-аас “...ар гэрийн нөхцөл байдлын харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

Шүүгдэгч Р.Д- нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Р.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолыг хэргийг оролцогчдод /шүүгдэгчид 1 сарын дараа гэх мэт/ хугацаа алдаж гардуулсан, давж заалдах гомдлыг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хүлээн авсан атлаа хэргийг давж заалдах шатны шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүргүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт удаан явуулсныг цаашид анхаарвал зохино. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Р.Д- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 153 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2275 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.Д- нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 153 /нэг зуун тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                         Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                         П.ГАНДОЛГОР

 

            ШҮҮГЧ                                                                         М.АЛДАР